Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Э.Болор, 

Шүүгдэгч С.Түвшинзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Сайханбаярын Түвшинзаяад холбогдох эрүүгийн 201710010127 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Эрүүл мэндийн 1 дүгээр гудамж 25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Боржигон овогт Сайханбаярын Түвшинзаяа /ЕО96062314/

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч С.Түвшинзаяа нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг, Усны гудамжинд Г.Хатанбүүвэйтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.Түвшинзаяагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвд өөрийн найз Д.Намхайнямбуу, Э.Ган-Эрдэнэ нарын хамт тус сумын иргэн Н.Өсөхбаяр, Г.Хатанбүүвэй нартай маргалдаж улмаар Г.Хатанбүүвэйг 2 удаа цохисон. Хамар луу нь би цохисон, хамарнаас нь намайг цохиход цус гарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Г.Хатанбүүвэйгийн биед хөнгөн хохирол учруулсан, хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 67/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.Хатанбүүвэйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн найз болох Н.Өсөхбаярын хамт дэлгүүр орчихоод гэр лүүгээ явах замдаа дугуй засварын гадна талд 1 залуу машинтайгаа хурдтай хүрч ирээд бид хоёрын урд тулаад зогссон юм. Тэгээд би дайрлаа ш дээ гэж хэлээд цаашаа алхсан ба бид хоёрын хойноос тэр 3 залуу хашгираад үлдсэн. Тэгтэл гудамжаар машинтай орж ирээд машинаа бид 2-ын хажуу талд зогсоож С.Түвшинзаяа гэх залуу миний нүүрэн тус газар хэд цохисныг санахгүй байна. Хэд хэдэн удаа цохьсон. С.Түвшинзаяаг намайг цохисны дараа саарал хувцастай Д.Намхайнямбуу миний нүүрэн тус газар 1 удаа цохьсон. Тэгээд тэр үед нь би газар унасан ба босоод иртэл миний хамарнаас цус гарч байсан. Тухайн үед Э.Ган-Эрдэнэ гэх залуу манай найз Н.Өсөхбаяртай бид нараас тусдаа цаад талд нь зууралдаад байж байсан. Тэгээд би Н.Өсөхбаярыг босгоод гэрийнх нь зүг алхаад тэр 3 машиндаа суугаад явсан. Бид 2 Н.Өсөхбаярын гадна зогсож байтал машинтайгаа гудамжаар яваад төв зам руу орж байхад нь бид хоёр хойноос нь хөөе байж бай гэж дуудсан. Цагдаа дуудна гэж хашгирсан тэгтэл буцаж ирээд Э.Ган-Эрдэнэ, С.Түвшинзаяа 2 машинаас бууж ирээд дахиж дуудвал ална шүү гэж Э.Ган-Эрдэнэ хэлтэл Н.Өсөхбаяр тэгэлдээ харъя гээд хэлтэл Э.Ган-Эрдэнэ хүрч ирээд хойноос нь хөөсөн. Татаж унагаасан эсэхийг би сайн мдэхгүй байна. Ямар ч байсан дээр нь гарчихсан байсан. Тэгээд би найз Н.Өсөхбаярыгаа очиж салгаж аваад эмнэлэг рүү явсан. Ийм л зүйл болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13/,

- Сэжигтэн Э.Ган-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн эзэмшлийн 08-45 ДГА улсын дугаартай Приүс 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй өөрийн найз болох Д.Намхайнямбуутай уулзах гээд оччихсон байхад Д.Намхайнямбуу над руу залгаад би С.Түвшинзаяатай алсын замын үүдэнд байна гэж хэлэхээр нь би та хоёр усны гудамжны үзүүр дээр байж бай би яваад очъё гэж хэлсэн юм. Тэгээд бид 3 уулзаад би машин дотроо ганцаараа С.Түвшинзаяа, Д.Намхайнямбуу хоёр машины гадаа зогсож байтал танихгүй хоёр хүүхэд зөрсөн юм. Зөрөхдөө нэг юм хэлэх шиг болсон. Тэгээд би айн гээд хэлтэл зайлаачээ гээд гүйгээд яваад өгсөн. Тэгээд Д.Намхайнямбуу, С.Түвшинзаяа 2 миний машинд суугаад бид 3 Д.Намхайнямбуугийн гэр лүү явахаар болж Усны гудамж руу эрэгтэл нөгөө 2 хүүхэд таарсан. Тэгээд би машинаа зогсоотол С.Түвшинзаяа машинаас гараад буусан юм. Тэгээд би буутал С.Түвшинзаяа, Г.Хатанбүүвэй хоёр заамдалцаад зогсож байсан ба тэр үед Г.Хатанбүүвэйгийн хамарнаас нь цус гоожиж байсан. Тэгээд би Н.Өсөхбаяр дээр очтол Н.Өсөхбаяр нь зугтаагаад байсан ба саяны хашгираад байсан чи мөн биз дээ гэж асуутал мөн тэгээд чи яах гээд байгаа юм гэж хэлтэл би очоод бариад авсан. Тэр үед Д.Намхайнямбуу бид хоёрыг салгасан юм. Тэр үед Н.Өсөхбаяр над руу дайраад байхаар нь би толгойг нь дараад гэдэс рүү нь гараараа 2 удаа цохиод дараад унагаагаад салсан ба тэгээд нөгөө 2 хүүхэд усны гудамжны үзүүрээр цаашаа яваад өгсөн. Бид нар машиндаа суугаад усны гудамжаар эргээд гараад ирсэн чинь араас дуудсан. Тэгээд С.Түвшинзаяа бид 2 буугаад яасан гэж хэлсэн чинь байж бай би одоо хүн дуудна гээд утсаараа залгаад байсан. Тэгээд машиндаа ороод суусан чинь дахиад араас дуудаад байхаар нь би дахиад дуудвал ална шүү гээд хэлтэл дахиад дуудсан. Тэгээд би машинаасаа буугаад гүйгээд очтол Н.Өсөхбаяр цаашаа зугтаасан. Тэгээд хальтарч унахаар нь би өгзөг рүү нь 2 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-54/,

- Сэжигтэн Д.Намхайнямбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр С.Түвшинзаяа бид хоёр эгч Эрдэнэцэцэгийн хүүхдийг гэрт нь харж байсан юм. Тэгээд манай дүү Намхайсүрэн хичээлээсээ ирэхээр нь бид хоёр гарсан. Тэгээд харьдаг юм уу гээд алхаж байтал би Э.Ган-Эрдэнэ рүү залгасан ба Э.Ган-Эрдэнэ манай гэрийн энд байна гэж хэлэхээр нь би хүрээд ирээ гэж хэлсэн ба та хоёр усны гудамжны үзүүр дээр байж бай би одоо очлоо гэж хэлсэн. Тэгээд Э.Ган-Эрдэнэ машинтайгаа ирээд бид хоёрын хажууд ирээд зогссон тэгтэл хажуугаар 2 хүүхэд гүйж байсан ба дайрлаа ш дээ гэж хэлсэн тэгтэл Э.Ган-Эрдэнэ энэ сая юу гэсэн бэ гэж хэлтэл цаанаас нь Н.Өсөхбаяр гээд хүүхэд зайлаа гээд яваад өгсөн. Тэгээд байж байтал бид 2 Э.Ган-Эрдэний машинд суугаад усны гудамж руу эргэтэл нөгөө хүүхэд явж байсан. Тэгээд хажууд нь очоод зогстол С.Түвшинзаяа буугаад хойноос нь Э.Ган-Эрдэнэ буусан тэр үед С.Түвшинзаяа, Г.Хатанбүүвэйгийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон тэгээд заамдалцаад байж байтал би яах гээд байгаа юм бэ боль гээд салгасан. Тэгтэл Н.Өсөхбаяр үсрээд ороод иртэл Э.Ган-Эрдэнэ хойноос нь татаж аваад цаашаа явсан. Тэгтэл Г.Хатанбүүвэйгийн хамарнаас нь цус гоожиж байсан ба тэр үед Н.Өсөхбаярын гэдэс рүү нь 2 удаа гараараа цохисон ба би мөн энэ хоёрыг салгасан. Тэгээд нөгөө 2 хүүхэд яваад та гурвыг алуулнаа гэж орилж байсан. Бид нар машиндаа суугаад явах гэж байтал та 3 наанаа байж бай би та нарыг алуулна гэж хойноос хашгираад байсан. Тэгтэл Э.Ган-Эрдэнэ одоо дуугүй бай гэж хэлтэл дахиад хашгираад байсан. Тэгээд Э.Ган-Эрдэнэ, С.Түвшинзаяа хоёр буусан тэгээд юу болсон талаар би мэдэхгүй байна машиндаа суугаад үлдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-60/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын  26-ны өдрийн 173 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Г.Хатанбүүвэйгийн биед хамар ясны хугарал, зүүн чихний ард цус хуралт, зүүн чихний омогны ирмэг хэсгээр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтлүүдийн хамар ясны хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн чихний ард цус хуралт, зүүн чихний омогны ирмэг хэсгээр зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогоогдохгүй болно.
  4.  Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 33/,

- С.Түвшинзаяагийн иргэний үнэмлэхийн хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 82-83/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85-86/,

- Насанд хүрээгүй хохирогч Г.Хатанбүүвэйгийн хууль ёсны төлөөлөгч Д.Наранцэцэгийн шүүхийн шатанд гаргасан: ”...Сайханбаяр овогтой Түвшинзаяад холбогдох энэ хэрэгт миний хүү Ганболд овогтой Хатанбүүвэй нь хохирогчоор тогтоогдсон. Хүү Улаанбаатар хотод суралцдаг учир, мөн С.Түвшинзаяа хохирлоо бүрэн барагдуулж эвлэрсэн тул ямар нэгэн гомдол саналгүй. Шүүх хуралдаанд оролцохгүй хүсэлтэй байна. Энэхүү хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү. С.Түвшинзаяад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн хүсэлт /хх-ийн 128/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч С.Түвшинзаяа нь 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 21 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг, Усны гудамжинд Г.Хатанбүүвэйтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч С.Түвшинзаяа нь Г.Хатанбүүвэйтэй маргалдаж улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Хатанбүүвэйгийн “...Тэгтэл гудамжаар машинтай орж ирээд машинаа бид 2-ын хажуу талд зогсоож С.Түвшинзаяа гэх залуу миний нүүрэн тус газар хэд цохисныг санахгүй байна. Хэд хэдэн удаа цохьсон...” гэсэн,  Э.Ган-Эрдэнийн “...би буутал С.Түвшинзаяа, Г.Хатанбүүвэй хоёр заамдалцаад зогсож байсан ба тэр үед Г.Хатанбүүвэйгийн хамарнаас нь цус гоожиж байсан...” гэсэн, Д.Намхайнямбуугийн “...тэр үед С.Түвшинзаяа, Г.Хатанбүүвэйгийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 173 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч С.Түвшинзаяаг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Түвшинзаяад ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч С.Түвшинзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Сайханбаярын Түвшинзаяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Сайханбаярын Түвшинзаяаг 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Түвшинзаяад оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Түвшинзаяа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Түвшинзаяад урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Энэ шийтгэх тогтолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ