Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2024/01547

 

 

 

 

 

 

 

 

                  2024           03            21     

                                      184/ШШ2024/01547

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ************************тоот хаягт оршин суух, ************ овогт ************* *************** /РД:************/-ын нэхэмжлэлтэй,

 

 Хариуцагч: ************************ тоот хаягт оршин суух, ************* *************** /РД:*************/-д холбогдох,

 

 Зээлийн гэрээний үүрэгт 55,219,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баасанжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлдээ:

“...2023 оны 9 сарын 29-ний өдөр миний танил ах Баянмөнх залгаад уулзая гэсэн. Тэгээд уг өдрийн 17 цагийн үед Хан-Уул дүүргийн “Бармаш” компанийн урд Сод Монгол ШТС дээр очиход У.*************** гэдэг залуутай хамт ирсэн. У.*************** нь долоо хоногийн хугацаатай 50 сая төгрөг зээлье, 55 сая төгрөг болгож өгье гэсэн. Өөрөөр хэлбэл надад 10 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Иргэн Б.*************** миний бие У.***************тай харилцан тохиролцсоны дагуу өөрийн Хаан банкны *************** дугаарын данснаас У.***************гийн *************** тоот данс руу 2023 оны 9 сарын 29-ний өдөр 20 сая, 20 сая, 10 саяар нийт гурван удаагийн гүйлгээгээр нийт 50 сая төгрөгийг шилжүүлсэн. Ингээд барьцаанд нь машинаа үлдээе гэсэн. Тэгээд Тоёото клугер маркийн 0807УНА улсын дугаартай автомашиныг үлдээсэн. Автомашиныг нь би 2023.10.6-нд танилын хашаанд байрлуулж, харуулж, өдөрт 3000 төгрөгөөр тооцож, төлөхөөр болсон бөгөөд одоогоор 219,000 төгрөгийг төлсөн. Гэтэл У.*************** нь одоог хүртэл мөнгийг буцаан өгөөгүй бөгөөд мөнгөө төлөхийг шаардахад удахгүй өгөхөөр амладаг боловч төлдөггүй. Зээлүүлсэн мөнгө 55,000,000 төгрөг, автомашиныг бусдын хашаанд байрлуулан 219,000 төгрөг төлж хохирсон бөгөөд нийт 55,219,000 төгрөгийг Уртнасангийн ***************гаас гаргуулж өгнө үү” гэжээ.

 

2. Нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлсэн нотлох баримт - Улсын тэмдэгтийн хураамж 434,045 төгрөг төлсөн баримт, Б.***************аас Б.Баттөмөрт олгосон итгэмжлэл, Б.***************ын Хаан банкны дансны хуулга, 219,000 төгрөгийн Хаан банкны орлогын мэдүүлэг, У.***************гийн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Хаан банкны орлогын мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.***************аас хариуцагч У.***************д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 55,000,000 төгрөг, хохиролд 219,000 төгрөг, нийт 55,219,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасны дагуу хангаж шийдвэрлэв.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь хэргийн оролцогчийн үүрэг ба хариуцагч У.*************** нь нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гардаж авсан боловч хариу тайлбар болон нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг шүүхэд гаргаагүй байна.

 

3. Хариуцагч У.*************** хуульд заасан хугацаанд шүүхэд ирж хариу тайлбараа өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэл болох бөгөөд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна”, хуулийн 116.3-т “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэснийг тус тус баримтлан мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

4. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.***************ын Хаан банкны *************** дугаарын данснаас хариуцагч У.***************гийн Хаан банкны *************** дугаарын данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны хуулгаар, барьцаанд тавьсан гэх 0807УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч У.*************** болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр,  *************** данс эзэмшигч Уртнасангийн *************** болох нь Хаан банкны дансны хуулгаар, автомашиныг бусдын хашаанд байршуулан хадгалсны зардалд 219,000 төгрөг төлсөн гэх тайлбар нь “0807УНА 73 хоног” гэх гүйлгээний утга бүхий Хаан банкны баримтаар тус тус тогтоогдож байна.

 

5. Дээрх үйл баримт болон нэхэмжлэгчийн тайлбараас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, талууд хүсэл зоригоо илэрхийлж аман хэлбэрээр хэлцэл байгуулсан байх ба Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

6. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасны дагуу зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй ижил хэмжээний мөнгийг буцаан шаардах эрхтэй, мөн Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7-д “Үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй” гэж заасны дагуу хохирлоо шаардах эрхтэй болно.

 

Энэ нь гэрээгээр хүлээсэн үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх, үүргийн гүйцэтгэлийг шаардсан хугацаанд нэн даруй үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 208 дугаар зүйлийн 208.2-т заасан үүргийн зарчимд нийцнэ.

 

7. Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй буюу хүү тохиролцсон талаар бичгийн баримт байхгүй хэдий ч нэхэмжлэгч талын ...50 сая төгрөг зээлсэн, 10% хүү өгнө гэсэн, нийт 55 сая төгрөг буцааж өгье, барьцаанд нь машинаа тавья гэж хариуцагч хэлсэн гэх тайлбарыг хариуцагч тал эс зөвшөөрсөн тайлбар болон баримтыг гаргаагүй тул тухайн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөнд тооцов.

 

Түүнчлэн, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс автомашины хадгалалт хамгаалалтад 219,000 төгрөгийг бусдад төлж хохирсон тул хохиролд 219,000 төгрөг нэхэмжилнэ гэх тайлбарыг хариуцагч мөн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

 

8. Иймд шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн тайлбар, баримт гаргаагүйг харгалзан хариуцагч У.***************гаас 55,219,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***************т олгож, нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг 434,045 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.***************гаас 55,219,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.***************т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.***************гаас улсын тэмдэгтийн хураамжид 434,045 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.***************т олгож, нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 434,045 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.АМИН-ЭРДЭНЭ