Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Э.Болор, 

Шүүгдэгч Д.Отгонцацрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Даваажавын Отгонцацралд холбогдох эрүүгийн 1720000650023 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хоёр хүүхэд, ээжийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг 17-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигон овогт Даваажавын Отгонцацрал /ЕО87120767/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Отгонцацрал нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр  Замын-Үүд сумын 2 дугаар баг Борхойн гудамжны 17-07 тоот хашаанд П.Өөдөөг түлхэхэд хураалттай байсан блок нүүрэн дээр нь унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Д.Отгонцацралын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн орчимд намайг гэртээ байхад П.Мөнхшүр, П.Өөдөө, Оюунчимэг нар ирээд манай гэрт П.Мөнхшүр, П.Өөдөө, Оюунчимэг мөн манай нөхөр Батбаяр бид нар нийлж 2,5 литрийн Нийслэл пиво гурвыг хувааж уусан. Пиво ууж байхад ямар нэгэн хэрүүл маргаан гэх зүйл болоогүй. Харин пиво ууж дуусаад унтаж амарахаар болсон чинь манай дүү П.Мөнхшүр манайд хонохгүй найзынх руугаа явна гэхээр нь яах гээд байгаа юм гэсэн чинь чамд хамаагүй гээд хэл амаар доромжилж маргалдаж байгаад хоорондоо зодолдсон. П.Мөнхшүр бид хоёрыг зодолдож байхад П.Өөдөө дундуур орж ирээд намайг цохих гэж оролцоход би бултаж Өөдөөг түлхэж унагасан ба унахдаа хойно байсан хураалттай байсан блокийг гараараа унагахад уг блок П.Өөдөөгийн нүүрэн тус газар унаж хамарнаас нь цус гарахаар нь би түргэн тусламж дуудсан. Өөрийн болгоомжгүй үйлдлээс болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/,

- Хохирогч П.Өөдөөгийн мөрдөн шалгах ажиллагаанд: “...2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр...П.Мөнхшүр харина гэхэд нь Д.Отгонцацрал түүнийг харанхуй шөнө явж яах гээд байгаа юм бэ гэж хэлснээс болж тэд хоорондоо маргалдаж улмаар бие биенээсээ зууралцахаар нь тэднийг салгах гээд голоор нь ортол Д.Отгонцацрал намайг түлхсэн би газар унахад хажууд хураалттай байсан блок нүүрэн дээр унаж би ухаан алдсан эмнэлэгт ухаан орсон ... Д.Отгонцацрал миний биед санаатай үйлдлийн улмаас гэмтэл учруулаагүй болгоомжгүй байдлаас миний биед гэмтэл учирсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

-Гэрч П.Мөнхшүр мөрдөн шалгах ажиллагаанд: “...Д.Отгонцацрал бид хоёрыг зууралдаж байхад П.Өөдөө эгч дундуур орж ирээд салгах гэж байгаад хоошоо савж унасан...арагшаа савж унахдаа уг блокыг мөргөж унахад дээрээс нь тал блок нүүрэн тус газар нь унаж хамар амнаас нь цус гарч духны баруун хэсэг, хамар уруул нь дээрээс доошоо чиглэлийн зулгаралт үүссэн. Тэгээд цусыг нь тогтоож байхад цагдаа болон түргэн тусламж ирж П.Өөдөөд анхан шатны тусламж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, 

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 07 дугаар сарын           27-ны өдрийн 234 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. П.Өөдөөгийн биед хацар яс, хамар ясны далд хугарал, нүүрээр зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрхи гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрхи гэмтлүүдийн хацар ясны хугарал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамар ясны далд хугарал, нүүрээр зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна.
  4.  Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 21/,

- Д.Отгонцацралын иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 29-30/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтуудаар 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн орой 21 цагийн үед Д.Отгонцацралынх буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг 17-07 тоотод П.Өөдөө, П.Мөнхшүр, Оюунчимэг нар нь очиж улмаар тэд пиво ууцгаасан. П.Мөнхшүр нь найзынх руугаа явна гэснээс болж шүүгдэгч Д.Отгонцацрал, П.Мөнхшүр нар нь зодолдсон тэднийг П.Өөдөө нь салгах гэтэл П.Отгонцацрал нь түлхэж, П.Өөдөө нь түлхэхэд нь унахдаа хураалттай байсан блокыг налж унаж нүүрэн дээр нь блок унаснаас түүний хацар яс, хамар ясны далд хугарал, нүүрээр зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Д.Отгонцацрал нь согтуугаар 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Замын-Үүд сумын 2 дугаар баг Борхойн гудамжны 17-07 тоот хашаанд П.Өөдөөг түлхэхэд хураалттай байсан блок нүүрэн дээр нь унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Д.Отгонцацрал нь согтуурсан үедээ П.Өөдөөгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч П.Өөдөө, гэрч П.Мөнхшүр нарын мэдүүлгүүд, шинжээчийн 234 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 Шүүхээс шүүгдэгч Д.Отгонцацралд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзэж түүнийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Отгонцацралд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

Шүүгдэгч Д.Отгонцацрал нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Даваажавын Отгонцацралыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Даваажавын Отгонцацралыг таван зуун нэгжтэй тэнцэх буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Даваажавын Отгонцацралыг таван зуун нэгжтэй тэнцэх буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаан/ сарын дотор багтаан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Даваажавын Отгонцацрал нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Отгонцацрал нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Отгонцацралд урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Б.НАРМАНДАХ