Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2023/0583

 

 

 

 

          

 

 

 

   2023           07          04                                      128/ШШ2023/0583

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Эрдэнэчимэг  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б**********” ХХК /РД:5********/;

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Б.Э********;

Хариуцагч:Нийслэлийн Засаг дарга;

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч:Ж.**********;

Гуравдагч этгээд:Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар;

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:Т.********** нарын хооронд үүссэн “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” ********** дугаар захирамжийг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И**********, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Т.**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б********** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            1.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

   1.1.Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа "Нийслэлийн Засаг даргын 2022 оны ** дугаар сарын **-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” **********дугаар захирамжийг хүчингүй болгуулах" гэж тодорхойлсон.

1.2.Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, өөрчилсөн, багасан зүйл байхгүй.

1.3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар төрийн өмчит хуулийн этгээдийг шүүх татан оролцуулсан бөгөөд тус байгууллагын өмчид бүртгэлтэй “Элит” төвийн барилга, газар, бетон хашааг “Э***** *******”  ХХК-ийн  блансад шилжүүлж авах, өгөх хүсэлтийг эдгээр этгээдүүд гаргасан байсан боловч уг асуудлыг нь эрх бүхий байгууллагаас бүрэн шийдвэрлээгүй, албажиж гарсан аливаа нэг шийдвэр байхгүй байсан тул  Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар болон “Э******* м******” ХХК-ийн зөвшөөрснөөр[1] гуравдагч этгээдийг солиогүй болно.

            2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл,  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай компанид Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ********** тоот захирамжаар Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1********** /********** дугаар бүхий ***** метр квадрат газрыг зочид буудлын зориулалтаар, 15 жилийн хугацаанд эзэмших эрхийг авч, улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон.

Манай компани нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр https://egazar.gov.mn/map вэб хуудсаар дээрх газар эзэмших эрхээ нэгж талбарын дугаараар шалгахад газар эзэмших эрхийг өөр этгээдэд шилжүүлсэн байсан.

Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.********** 2022 оны 09  дүгээр  сарын 20-ны өдөр ********** дугаартай хүсэлт илгээсэн боловч уг хүсэлтийн хариуг өнөөдрийг хүртэл ирээгүй байна. Улмаар дээрх хүсэлтийн хариуг ирүүлээгүй тул Нийслэлийн газрын албанд 2023 оны 01 сарын 03-ны өдөр ********** дугаартай хүсэлт илгээсний хариуг 2023 оны 01 сарын 30-ны өдөр 01********** дугаартай "Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр ирүүлсэн.

Тус хариуд "... Дээрх шийдвэрт холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэлээр нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******** дугаарын захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийн гэрчилгээг дуусгавар болгосон байна" гэсэн хариу ирүүлсэн.

Нийслэлийн Засаг дарга нь төрийн үйл ажиллагааг хэрэгжүүлэгч болохын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэж заасны дагуу Засаг даргын аливаа шийдвэр, үйл ажиллагаа гагцхүү хууль дээдлэх зарчмын дагуу хуульд үндэслэсэн байх учиртай бөгөөд төрөөс үндэслэлгүйгээр иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдахгүй байх баталгаа болох учиртай.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь ******** дугаар захирамжийг гаргахдаа захиргааны шийдвэр гаргах ажиллагааны зарчмыг зөрчсөн. Тодруулбал, Судлан тогтоох зарчим:Захиргаа нь гарч болох гомдол шаардлагыг урьдчилан тооцоолон аль болох боломжит судалгааг хийж нөхцөл байдлыг тодорхой болгох ёстой бөгөөд тухайн тохиолдолд ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлыг нарийвчлан судалсан байх ёстой.

            Гэтэл Нийслэлийн Засаг даргын А/***** дугаартай захирамжид "434 метр квадрат газрыг зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай "**********” ХХК-д эзэмшүүлсэн нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байх тул" гэсэн үндэслэлээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нөхцөл байдлыг нарийвчлан судлан тогтоогоогүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нь нөхцөл байдлыг нарийвчлан судлахдаа өөрт байгаа нотлох баримтыг болон оролцогчдын гаргасан баримтыг үндэслэн шийдвэр гаргаагүй.

Сонсох ажиллагаа: Захиргааны акт батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга ********** дугаартай захирамжийг гаргахдаа манай компаниас тайлбар мэдээлэл аваагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй, сонсох ажиллагаа явуулах журмыг зөрчиж үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Нотлох зарчим:Хуульд заасан журмын дагуу захиргааны байгууллага нь нөхцөл байдлыг тогтоохдоо шаардлагатай нотлох баримтыг цуглуулах үүрэгтэй.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга нь маргаан бүхий ********** дугаар захирамжид "манай компанид газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ олгосон нь холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн байх тул" гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хууль бус бөгөөд ямар хууль тогтоомж зөрчсөн бусдын ашиг сонирхлыг хэрхэн, яаж хөндсөн гэдгийг баталж нотлоогүй, манай компаниас тайлбар мэдээлэл аваагүй, нөхцөл байдлыг тодруулаагүй, үндэслэлгүй шийдвэр гаргасан.

Тиймээс Нийслэлийн Засаг даргын хууль зөрчсөн, хууль бус үйл ажиллагаа явуулан үндэслэлгүйгээр манай компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь манай компанийн эзэмших эрхэнд халдаж, хуулиар тогтоосон журмыг зөрчиж эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байна.

Иймд "Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай" A******* дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2003 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “**********” ХХК-шинэчлэл тохижилтын ажлын тендерт "А********** т**********” ХХК шалгарсан бөгөөд 2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамтран ажиллах гэрээг байгуулсан байдаг.

            Нийслэлийн Засаг даргын 2009 оны 216 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3********** метр квадрат газрыг үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай, Төр, засгийн амралт үйлчилгээний цогцолбор ТӨААТҮГ-т эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 100 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 434 метр квадрат газрыг зочид буудлын зориулалтаар “А********** т********** ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн гэрээ байгуулан гэрчилгээ олгосон билээ.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн А/508 дугаар захирамжаар "А********** т**********" ХХК-д холбогдох заалтыг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн шийдвэрийн дагуу уг газар эзэмших эрхийн гэрчилгээг сэргээн шийдвэрлэсэн.

Үүний дараа "А********** т**********" ХХК нь  тус албанд хандан 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 1/18 тоот албан бичгээр эзэмших газраа “Б****** а****** м****** м*******” ХХК-руу газар эрхээ шилжүүлэхээр хүсэлт ирүүлсний дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дэргэдэх "Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн хурлаар хэлэлцэж Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн A**** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг “Б****** а******* м******** м********” ХХК-д шилжүүлж шийдвэрлэснийг үндэслэн тус компанитай гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ********** дугаарын захирамжаар “Б****** а******* м******* м******" ХХК-д эзэмшүүлсэн захирамжийг Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь хэсэг, мөн Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож газар эзэмших эрхийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Засаг Даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А***** дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4, дэх хэсэг 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсгийг үндэслэн Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3**** метр квадрат газрыг конторын зориулалтаар 15 хугацаатайгаар Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборт эзэмших эрх олгосон шийдвэр нь ямар нэгэн хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4.Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан бичгийн тайлбар, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 1***** дүгээр тогтоолоор Засгийн газрын байруудыг тогтоон, хуучнаар Эрчим хүч, геологи, уул уурхайн яамны байрлаж байсан байрыг Засгийн газрын 4 дүгээр байр болгон Төрийн хянан шалгах хороо, Төрийн өмчийн хороо, Үнэт цаасны хороо, Үндэсний татварын ерөнхий газар гэсэн байгууллагуудыг нүүлгэн байрлуулж, тус байрыг тусгай хамгаалалтад оруулж, байрны эргэн тойрон 25 метр газрыг төрийн тусгай хамгаалалтын бүсэд хамааруулж байсан.

Тухайн үеийн Нийслэлийн Засаг даргын 1999 оны А****** дугаартай захирамжаар Чингэлтэй-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойрогт Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар (Засгийн газрын 4 дүгээр байр)-т 3,486 метр квадрат талбай бүхий газрыг конторын зориулалттайгаар 5 жилийн хугацаатайгаар ашиглуулсан байдаг.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2003 оны "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийг баталгаажуулах тухай" 248 дугаартай захирамжаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд 3,397 метр квадрат талбай бүхий газрыг үйлчилгээний зориулалтаар Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2003 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 28 дугаартай тушаалаар Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт шилжиж ирсэн Төрийн өмчийн 4 дүгээр байранд "Э*****" төвийг байгуулж, үйл ажиллагааг нь Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газарт шилжүүлсэн болно. Иймд Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын зүгээс 2003 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 92 дугаартай албан бичгийг Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газарт хүргүүлж Төр, засгийн үйлчилгээний "Э******" төвийн байршиж буй газрыг баталгаажуулж өгөхийг хүссэн бөгөөд Нийслэлийн хот байгуулалт, газрын харилцааны газрын зүгээс тухайн газрыг баталгаажуулж өгч байсан.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2008 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 42 дугаартай тушаалаар Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Элит төвийг тус газрын харьяа Амралт, үйлчилгээний цогцолборт нэгтгэн зохион байгуулж шийдвэрлэсэн бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2009 оны 216 дугаартай Газар эзэмшүүлэх, ашиглуулах нэр шилжүүлэх тухай захирамжаар Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байршилтай үйлчилгээний зориулалттай, 3,486 метр квадрат талбай бүхий газрыг Амралт, үйлчилгээний цогцолбор ТӨААТҮГ-т шилжүүлж, 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Амралт, үйлчилгээний цогцолборыг Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 457 дугаартай тогтоолоор Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор болгон өөрчлөн зохион байгуулсан болно.

Улмаар, Нийслэлийн Засаг даргын 2022 оны ****** дугаартай захирамжаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,486 метр квадрат газрыг конторын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборт эзэмшүүлсэн байдаг байна.

Засгийн газрын 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 400 дугаартай тогтоолоор Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор (“Э*****” төв) төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг татан буулгаж, чиг үүргийг нь Төр, засгийн үйлчилгээг эрхлэх шилжүүлсэн болно.

            Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборт эзэмшүүлэх эрх эрхтэй Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 3,486 метр квадрат газрыг конторын зориулалттай газар болон Элит төвийг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, конторын зориулалттай, 3,486 метр квадрат газрыг Засгийн газрын хуралдаанаар Эрдэнэс монгол ХХК-д шилжүүлэх гэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/445 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

                                             ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйлийн талаар:

Энэ хэргийн маргааны зүйл нь “нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг дуусгавар болгосон үйл баримт”  болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/422 дугаар захирамжаар “Авзага трейд” ХХК-ийн эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах, зочид буудлын зориулалттай, 434 метр квадрат газрын эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг “Б****** а******* м******* м******” ХХК-д шилжүүлсэн байна. /ХХ-1-н 34-37 дахь тал/

            2.2.Уг захирамжийг үндэслэн  “Бэст англо монголиан майнинг” ХХК нь 000323988 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилийн хугацаатай  олгож /ХХ-1-н 9 дэх тал/, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаагаар  байгуулж /ХХ-1-н 90 дэх тал/, Газрын кадастрын мэдээллийн санд нэгж талбарын 1********** (15**********) дугаараар бүртгэжээ. /ХХ-1-н 103 дахь тал/

2.3.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” ********** дугаар захирамжаар “... холбогдох хууль тогтоомж зөрчсөн” гэх үндэслэлээр “Б******** а******** мо******* м*******” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэжээ. /ХХ-1-н 120 дахь тал/

2.4.Хариуцагчаас дээрх захирамжийн “холбогдох хууль тогтоомж зөрчсөн” гэх үндэслэлээ Нийслэлийн газрын албанаас “Бэст англо монголиан майнинг” ХХК-д хүргүүлэхээр үйлдсэн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 0********** дүгээр, мөн сарын 15-ны өдрийн 0**********1 дүгээр албан бичигт “... тухайн газрыг анх эзэмшүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Төрийн өмчит болон төрийн өмчийн талаар авах арга хэмжээний тухай” 38 дугаар тогтоолын 6 дахь заалтад заасны дагуу шийдвэр гаргаагүй буюу төрийн өмчит байгууллагын газрыг Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүй шилжүүлсэн, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас удаа дараа төрийн өмчит байгууллагын газраас аж ахуйн нэгжид шилжүүлсэн шийдвэрээ эргэж хянахыг шаардсан” гэх тайлбарыг гаргасан.

2.5.Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/445 дугаар захирамжийнхаа зэрэгцээ ********** дугаар захирамжийг гарган, уг захирамжаараа Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборт 3486 метр квадрат газрыг конторын зориулалтаар, 15 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

2.7.Нэхэмжлэгч нь Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ********** дугаар захирамжид холбогдуулан гомдол, нэхэмжлэл гаргасан талаараа шүүхэд мэдүүлээгүй болно.

2.8.Энэхүү Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолборын эзэмшиж буй 3486 метр квадрат газрын хувьд газрын эрх зүйн харилцаа үүссэн түүхээс үзвэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр “Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын эзэмшил газраас 434 метр квадрат газрыг “А********** т**********” ХХК-д  шилжүүлж эзэмшүүлсэн гэх шийдвэрээ Нийслэлийн Засаг даргаас өөрөө хүчингүй болгож шийдвэрлэсэн захиргааны акт”-ыг хянаж, маргаан бүхий акт болох Нийслэлийн Засаг даргын 2013 оны ********** дугаар захирамжийг шинээр акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэжээ. /Шүүх хуралдаанд уг хэргийг Шүүхийн төрөлжсөн архиваас татан авч бүхэлд нь судлав/

2.9.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн ********** дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахын хамт, шийдлийг хэвээр үлдээж, “... шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүчин зүйлийг харгалзахын зэрэгцээ, уг шийдвэрт дурдсан нөхцөл байдлыг тодруулснаар газар эзэмших эрхийн зөрчил байвал залруулж, давхцалгүй хэсгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан захирамж дахин шинээр гаргаж шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж” шийдвэрлэсэн байна.

2.10.Иймд энэхүү хэрэгт дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг Нийслэлийн Засаг дарга биелүүлж гаргасан шийдвэрээс хойших эрх зүйн үйл баримтыг хэлэлцэж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

2.11.Тухайлбал, Нийслэлийн Засаг дарга нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, шинэ акт буюу “А********** т**********” ХХК-ийн 434 метр квадрат газрын эзэмших эрхийг сэргээсэн 2014  оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/1015 дугаар захирамжийг  гаргахдаа Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын эзэмшил газрын оролцоог хангаагүй, түүнчлэн тус газрын эзэмшил газраас 434 метр квадратыг хасаж олгож байгаа эсэх, эсхүл тус эзэмшил газарт хамааралгүй газрыг шинээр олгосон эсэхээ тодорхойлоогүй атлаа “А********** т**********” ХХК-д  434 метр квадрат газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2.12.Тодруулбал, шүүхийн даалгасны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2014  оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А********** дугаар захирамжаар “А******** т********” ХХК-ийн газар эзэмших 434 метр квадрат газар эзэмших эрхийг сэргээсэн байгаа боловч /ХХ-1-н 134-135 дахь тал/, уг захирамжид болон өөр бусад байдлаар  Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын эзэмших 3486 метр квадрат газраас 434 метр квадрат газрыг нь хасаж шийдвэрлээгүй, ийм эрх зүйн акт гаргаагүй байгаа тул уг газар нь одоогийн байдлаар Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар /одоогийн нэрээр/-ын эзэмшил газартай давхцаж байгаа болох нь Газрын кадастрын мэдээллийн сангийн бүртгэлийн мэдээллээр нотлогдож байна.

2.13.Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг дарга нь анхнаасаа Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын эзэмших 3486 метр квадрат газраас 434 метр квадрат газрыг давхардуулан олгосон болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын эрхлэн хариуцдаг  Газрын кадастрын сангийн түүхчилсэн мэдээллээр тодорхой байсан байхад энэ тодорхой үйл баримтыг урьд өмнө шүүхэд мэдүүлээгүй хэргийг шийдвэрлүүлж, шүүхэд нотлох баримтыг үнэн, зөв гаргах үүргээ биелүүлээгүй хууль бус ажиллагаа явуулсан  байжээ.

            2.14.Мөн үүнээс гадна Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь  2018 оны Х**********, 2019 оны  Х********** дугаар албан бичгүүдээр Нийслэлийн Засаг даргад хандан “... Засгийн газраас Элит төвийн эзэмшлийн газарт аливаа үйлчилгээний объект, барилга барихыг дэмжихгүй, “Авзага трейд” ХХК-д олгосон шийдвэрээ судлах, танилцуулахыг” мэдэгдсэн, 2020 оны ХЭГ********** дугаар албан бичгээр “... төрийн байгууллага өөрийн эзэмшиж, ашиглаж байгаа газрыг бусдад шилжүүлэх, ашиглуулах эрхгүй, төрийн байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа газрыг бусдад эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэр гаргах эрхгүй, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А********** дугаар захирамжийг хүчингүй болгохыг чиглэл болгож байгаагаа мэдэгдсэн” зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /ХХ-2-н 14 дэх тал/

            2.15.Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/445 дугаар захирамжаа гаргахдаа Нийслэлийн газрын албаар дамжуулан 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 03-********** дүгээр албан бичгээр сонсох ажиллагаа явуулж буйгаа мэдэгдэж, тайлбар нотлох баримт гаргах бол 03 дугаар сарын 04-ний дотор хандахыг  “Б******* м********** м**********” ХХК-д мэдэгдэхээр шуудангаар хүргүүлсэн  боловч уг албан бичгийг нэхэмжлэгч хүлээн аваагүй болох нь шуудангийн Магадалгаагаар нотлогдсон. /ХХ-2-н 715 дахь тал/

            2.16.Ийнхүү Нийслэлийн Засаг даргаас сонсох ажиллагаа явуулахгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан журмыг зөрчсөн байгаа боловч шүүхээс энэхүү зөрчлийг арилгуулснаар  Нийслэлийн Засаг даргын гаргасан актын зорилгыг өөрчлөх хууль зүйн үр дагавар авчрахгүй юм байна гэж үзлээ.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:

3.1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т “Газар эзэмшигч дараахь эрхтэй” гээд мөн зүйлийн 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, мөн зүйлийн 35.1.6-д “газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгөөр тухайн газраа бүгдийг нь буюу зарим хэсгийг бусдад ашиглуулж болно” гэж, мөн зүйлийн 35.2-д “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэж тус тус заасан байна.

3.2.Ийнхүү шинэ акт болох Нийслэлийн Засаг даргын 2014  оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А/********** дугаар захирамжаар “А********** т**********” ХХК-д 434 метр квадрат газрыг эзэмшүүлэх шийдвэрийг гаргахад Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-д зааснаар төрийн байгууллага болох Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар /одоогийн нэрээр/  нь өөрийн эзэмшил, ашиглалтад буй газрын 434 метр квадратыг тус компанид шилжүүлэхийг зөвшөөрөөгүй болох нь  уг шийдвэрийг гаргахдаа тус байгууллагын оролцоог хангаагүй гэдгээр нотлогдсон гэж үзлээ.

3.3.Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2003 оны 79 дүгээр тушаал, тус газрын харьяа  Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газрын Зөвлөлийн хуралдаанаар шийдвэрлэсэн асуудал нь Элит төвийн дэргэд зочид буудлыг бариулахыг зөвшөөрсөн болохоос бус төрийн байгууллага эзэмшил газраасаа  “А********** т**********” ХХК-д шилжүүлэхээр гаргасан шийдвэр биш байна.

3.4.Иймд Нийслэлийн Засаг дарга нь 2010 оны 100 дугаар захирамжаараа Төр засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газартай давхцуулан 434 метр квадрат газрыг “А********** т**********” ХХК-д эзэмшүүлсэн нь дээрх хуулийг зөрчсөн байжээ.

3.5.Монгол Улсын Засгийн газрын  2013 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Төрийн болон орон нутгийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай“ 38 дугаар тогтоолын 6 дахь заалтад  “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай” гэжээ.

3.6.Нийслэлийн Засаг дарга нь нутгийн захиргааны байгууллагын хувьд, Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар Засгийн газрын харьяа нэгж байгууллагын хувьд тус тус  Засгийн газрын шийдвэрийг заавал биелүүлж, дагаж мөрдөх ёстой.

3.7.Иймд Засгийн газрын  2013 оны 38 дугаар тогтоолд заасны дагуу Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газраас газрыг нь шилжүүлж байгаа тохиолдолд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /тухайн үеийн нэрээр/-тай зөвшилцсөн байх шаардлагад нийцүүлж Нийслэлийн Засаг даргаас  2014 оны 1015 дугаар захирамжийг гаргах ёстой байсан гэдэг нь тогтоогдсон болно.

3.8.Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаар шийдвэрээр “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2001 оны  79 дүгээр тушаалаар  Элит төвийн хашаанд зочид буудал бариулахаар  зохих аж ахуйн нэгжтэй  гэрээ байгуулан ажиллахыг Төр засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газарт /тухайн үеийн нэрээр/ зөвшөөрсөн, тус газрын Зөвлөлийн хурлаар “А********** т**********” ХХК-ийг тус төвийн дэргэд зочид буудал барьж, Хамтран ажиллах гэрээг  2003 оны 06 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан, “А********** т**********” ХХК 2009 онд зочид буудлын зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан” зэрэг үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн байна.

3.9.Ийнхүү хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаас үзвэл  “А********** т**********” ХХК нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын шийдвэр, Төр засгийн үйлчилгээ, аж ахуй эрхлэх газрын “зочид буудал барих” хүсэл зорилгод үндэслэсэн буюу уг зорилгын дагуу төрийн өмчит байгууллагын газар дээр барилга барих эрх өөртөө олж авсан байжээ.

3.10.Тодруулбал, Нийслэлийн Засаг даргаас “Авзага трейд” ХХК-д 434 метр квадрат газрыг төрийн өмчит байгууллагын газартай давхцуулан, эзэмшүүлсний зорилго нь “төрийн үйлчилгээний чанар стандартын шаардлага хангасан зочид буудлыг “А********** т**********” ХХК-иар бариулах” явдал байжээ.

3.11.Нийслэлийн Засаг даргаас шүүхийн шийдвэрийг биелүүлж гэсэн үндэслэлээр 2014  оны 12 дугаар сарын 08-ны өдрийн А********** дугаар захирамжаар “А********** т**********” ХХК-д 434 метр квадрат газрыг эзэмшүүлснээс хойш тус компани нь газрыг зориулалтаар ашиглаагүй, зочид буудлаа бариагүй даруй 4 жил өнгөрсөн байхад тус компанийн хүсэлтээр эзэмших газрын гэрчилгээг нь 2018 оны 05  дугаар сарын 11-ний өдрийн А/422 дугаар захирамжаар “Б**** а******** м******** м*******” ХХК-д шилжүүлэн, улмаар уг газрыг эзэмшүүлсэн нь өмнөх захиргааны актын зорилгод нийцээгүй тул хууль бус байна.

3.12.Учир нь “А******** т*******” ХХК-д анх газар эзэмших эрхийг Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газартай байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний үндсэн дээр олж авсан гэж үзэхээр байгаа бөгөөд уг гэрээгээр зочид буудлын үйлчилгээ эрхлэх асуудлаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээсэн байна.

3.13.Иймд энэхүү гэрээний нэг тал болох Төр, засгийн үйлчилгээ, аж ахуйг эрхлэх газар, эсхүл тус байгууллагын эд хөрөнгийг блансаас блансад шилжүүлж авсан байсан Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа Амралт, үйлчилгээний цогцолбор ТӨААТҮГ[2]-д хандаж “зочид буудал барих үүрэг хүлээж, энэ зорилгоор газар эзэмшиж буй”  аж ахуйн нэгж нь газар эзэмших эрхийн гэрчилгээг өөр этгээдэд шилжүүлэн эзэмшүүлэх хүсэлт гаргасныг мэдэгдэх, энэ асуудлыг тус байгууллагаар шийдвэрлүүлсний үндсэн дээр газар эзэмших эрхийг “Б****** а******** м******* м******” ХХК-д шилжүүлэх  нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагааны “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмуудад нийцэх байжээ.  

            3.14.Иймд хамтран ажиллах гэрээгээр зочид буудал барих үүрэг хүлээсэн, энэ зорилгоор газар эзэмших эрх олж авсан “А****** т*******” ХХК нь  уг газрыг бусдад шилжүүлэх хүсэлт гаргасныг нь шийдвэрлэхдээ дээрх байдлыг харгалзахгүйгээр  Нийслэлийн Засаг даргаас хүлээн авч, газрын эзэмших эрхийн гэрчилгээг “Б**** а***** м******* м******” ХХК-д шилжүүлсэн нь хууль бус бөгөөд өмнөх захиргааны акт зорилгод нийцээгүй байна.

3.15.Захиргааны хэргийн шүүхийн үйл ажиллагааны зорилго нь иргэн, хуулийн этгээдийн “хуулийн дагуу олж” авсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, энэхүү хууль ёсны эрхийг аливаа байгууллага, албан тушаалтнаас зөрчсөн бол зөрчигдсөн эрхийг нь хамгаалах, сэргээн эдлүүлэхэд чиглэгдсэн байдаг.

3.16.Гэтэл “Б******* а******* м******* м******” ХХК нь “А***** т******” ХХК-ийн “төрийн байгууллагын  хэрэгцээний зочид буудал барих” зориулалтаар эзэмшиж буй газрыг шилжүүлэн авахдаа Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо, Төр, засгийн үйлчилгээ эрхлэх газар зэрэг зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр газрыг эзэмших эрхийг шилжүүлж авсан нь Газрын тухай хуульд нийцээгүй, хууль бус байгаа тул нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалуулах хууль ёсны эрх гэж байхгүй, маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй болох нь тогтоогдсон гэж үзэв.

3.17.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, Нийслэлийн Засаг дарга нь 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” ****** дугаар захирамжийг гаргахдаа “Б******* а******* м******* м******” ХХК-д газар эзэмшүүлсэн нь  холбогдох хууль тогтоомж зөрчсөн” гэх гэж үзэж, тус компанийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн Газрын тухай хуулийн зарчим, Захиргааны ерөнхий хуулийн зарчимд болон холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

3.1.Шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод  итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103, 106.3.14  дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.4, 35.1.6, 35.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалтыг тус тус баримтлан “Б******* а******* м******* м****** ХХК-ийн “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” ******* дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч “Б******* а******* м******* м****** ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.ЭРДЭНЭЧИМЭГ

 

 

 

 

 

[1] “Эрдэнэс монгол” ХХК-ийн Хуулийн хэлтсээс  утсаар “... эд хөрөнгө шилжсэн шийдвэр албажиж гараагүй тул Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцохоор тохирсон, манайх оролцохгүй” гэж мэдэгдсэн, гуравдагч этгээдээр татагдсан Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газар энэ талаар зөвшөөрсөн, ямар нэг өөр хүсэлт гаргаагүй болно.

[2]Энэ байгууллага нь 2019 онд Засгийн газрын 457 дугаар тогтоолоор өөрчлөн зохион байгуулагдан Төрийн ордны мэдээлэл, үйлчилгээний цогцолбор болж /ХХ-2-н 10 дахь тал/, одоо Төр засгийн үйлчилгээг эрхлэх газар нэртэй байна.