Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 1650

 

МАГАДЛАЛ

 2019.09.09                                                Дугаар 1650

“ФХ ББСБ” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 184/ШШ2019/01487 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “ФХ ББСБ” ГХОХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Х-д холбогдох,

          Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 007 992 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй, 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцуулж, улсын бүртгэлтйн Ү-2201005873 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай  сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.З,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

          НэхэмжлэгчФХ ББСБГХОХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ФХ ББСБ” ХХК нь М.Х-тэй 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулхадаа 11 000 000 төгрөгийг автомашин шинээр худалдаж авах зориулалтаар, 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. М.Х нь зээлийн гэрээний биелэлтийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьж гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дуусах байсан боловч М.Х 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 10 сар зээлийн гэрээний дагуу төлөлт хийж, түүнээс хойш төлөлт хийгдээгүй. Иймд М.Х-тэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлд            8 972 019 төгрөг, үндсэн хүүнд 7 360 987 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1 226 486 төгрөг, нийт 17 559 492 төгрөг, машин ачилтын 60 000 төгрөг, зогсоолын 375 000 төгрөг, нотариатын зардал 13 500 төгрөг нийт 18 007 992 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн зээлийн гэрээний 4.7.2-т ”зээлдэгч зээлийн төлөлтөө хийгээгүйтэй холбоотой гарсан зардлыг зээлдэгч хариуцна” гэж заасан тул компаниас гарсан зардлыг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ФХ” ХХК-иас автомашин худалдаж авах зорилгоор 11 000 000 төгрөгийн зээл авч, 9 650 000 төгрөгөөр 07-96 УНӨ гэсэн улсын дугаартай, приус-20 маркийн автомашин авсан. Анх зээл авахад нэхэмжлэгч талаас миний худалдаж авсан автомашиныг давхар барьцаалсан. Би тухайн автомашиныг ашиглан зээлийн эргэн төлөлтөө хийх зорилготой байсан боловч нэхэмжлэгч талаас зээлийн төлөлтөө хийгээгүй үндэслэлээр автомашиныг хурааж авсан. 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр намайг хөдөө явсан хойгуур гэрийн үүднээс автомашиныг ачиж явсан байсан. Уг нь би төлөлтөө хийх хүсэлтэй байсан зээлийн гэрээ дуусаагүй байсан. Ингээд машин ачиж явснаас хойш надад зээлийн эргэн төлөлтөө хийх боломжгүй болсон. Миний бие 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр машин ачиж явсан өдөр хүртэлх  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, үндсэн зээл төлөхийг зөвшөөрч байна. Иймд бусад зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч М.Х нь сөрөг нэхэмжлэлээ: 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлийн барьцаанд худалдан авсан 07-96 УНӨ улсын дугаартай, бор шаргал өнгийн приус-20 маркийн автомашинаа барьцаалж, мөн өдөр автомашинаа “Ф Х” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн. Зээлийн эргэн төлөлтийг төлж байх явцад нэхэмжлэгч намайг хөдөө явсан хойгуур гэрийн гадна зогсоол дээр байсан автомашиныг 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр буцааж авснаар зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэж байна. 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр зээлийн болон оарьцааны гэрээний дагуу барьцаалсан Ү-2201005873 дугаартай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг “Ф Х” ХХК-д даалгах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Зээлийн гэрээний зориулалт нь автомашин худалдан авч машинаар зээлийн эргэн төлөлтийг хийх зорилготой байсан. Би өөрийн эзэмшлийн орон сууцыг барьцаанд тавьчихаад байхад нэмээд автомашиныг барьцаалж мөн байрны гаднаас автомашин ачаад явсан учраас зээлийн эргэн төлөлт хийх боломжгүй болсон. Иймд зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэж байгаа гэжээ.

Нэхэмжлэгч “Ф ББСБ” ГХОХХК-иас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбараа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох заалтуудыг зааж өгсөн. Энэ нь зээлийн гэрээний хавсралтад дурдсан графикийн дагуу хариуцагч нь зээлийн төлбөрөө төлж дуусгасан, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй ч хариуцагч авсан зээлийг төлж дуусгасан, хариуцагч нь “Ф Х” ХХК-тай харилцан тохиролцсон бол зээлийн гэрээг дуусгавар болсонд тооцно гэж заасан байгаа. Ийм учраас зээлийн гэрээг дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй юм. Мөн барьцаа хөрөнгийг чөлөөлөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь барьцааны гэрээний 5.1.8-д зээлдэгч нь зээлийн гэрээний төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгохоор заасан байна. Хариуцагч М.Х нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй. Учир нь хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д зааснаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1,452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3-д заасныг баримтлан хариуцагч М.Х-с зээлийн үйл ажиллагаа эрхпэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүргийн гүйцэтгэл, гэрээнээс учирсан хохиролд 17 572 992 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ф Х ББСБ” ГХОХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардпагаас үлдэх 435 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч М.Х нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа үл хөдпөх эд хөрөнгө болох Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 1 дүгээр байрны 263 тоот хаягт байршилтай 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2201005873 дугаартай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1-д заасныг баримтлан хариуцагч М.Хаш-Эрдэнийн нэхэмжлэгч “Ф Х ББСБ” ГХОХХК-д холбогдуулан гаргасан 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцуулж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- 2201005873 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг “Ф Х ББСБ” ГХОХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 389 670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Хэс 245 814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ф Х ББСБ” ГХОХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардпагатай холбогдуулан 140 400 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод нөхөн оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Х давж заалдах гомдолдоо: Миний бие 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр “автомашин худалдан авах зориулалт”-аар гэрээ байгуулан 11 000 000 төгрөгийн зээлийг авсан. Автомашин худалдан авах зориулалттай байсан ба тэр ч утгаараа “ФХ ББСБ” ХХК нь машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авахдаа зээлээ төлөхгүй бол манайх машиныг авдаг журамтай гэж хэлсэн. Дараа нь заавал давхар барьцаалах ёстой гээд байр, машин хоёрыг хамтад нь барьцааны гэрээнд оруулсан. Зээлийг хувиарын дагуу төлж байтал 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр “Ф Х ББСБ” ХХК нь гэрийн гаднаас надад мэдэгдэхгүйгээр машиныг ачиж авч авсан. Машин анхнаасаа “Ф ББСБ” ХХК-ийн нэр дээр байгаа бөгөөд автомашиныг 9 000 000 төгрөгөөр үнэлсэн. Автомашины өмчлөгч, эзэмшигч нь “ФХ ББСБ ХХК бөгөөд Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.4-д “барьцааны зүйлийг өмчлөх эрх барьцаалагчид шилжсэн бол барьцааны эрх дуусгавар болох”-оор заасан байхад анхан шатны шүүх автомашиныг надад байгаа мэтээр 17 572 992 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь барьцааны зүйлийн үр шимийг хүртэх боломжийг хааж, зээлийг авсан зориулалтын дагуу ашиглах боломж олгоогүй. Миний бие машины үнэнд 9 000 000 төгрөгийг, мөн машин авч явсан 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш буюу машин авч яваад зээл төлөх боломжгүй болгох хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн 2018 оны 3 дугаар сарын 9-ний өдөр “ФХ ББСБ” ХХК-иас гэрээ цуцлах мэдэгдэл өгч гэрээг цуцалсан байхад анхан шатны шүүх зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсонд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүх 17 572 992 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснээс зээлийн үлдэгдэл 8 972 019 төгрөгийг зөвшөөрч, 9 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн автомашиныг “ФХ ББСБ” ХХК нь өөрийн санаачилгаар авсан, одоо төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч “ФХ ББСБ” ГХОХХК нь хариуцагч М.Х-д холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 18 007 992 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрөч, 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсонд тооцуулж, улсын бүртгэлтйн Ү-2201005873 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд 2016 оны 8 дугаар сарын    9-ний өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, хариуцагч нь 11 000 000 төгрөгийг 3.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн, М.Х нь өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороонд байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалуулж гэрээ байгуулсан байна.

Гэрээнд заасан хугацаа 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дууссан боловч хариуцагч нь 5 560 000 төгрөгийг төлсөнөөс өөр төлбөр хийгээгүй, нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хариуцагчийн эзэмшлийн Toyota Prius маркын, 07-96 УНӨ улсын дугаартай, бор шаргал өнгийн суудлын авто машиныг эзэмшилдээ авсан зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ, 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт заасан барьцааны гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдалд талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтанд үндэслэгджээ.

Харин шүүх зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан, 50 000 000 төгрөгөөр үнэлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч хариуцагчийн эзэмшлийн суудлын авто машиныг нэхэмжлэгчээс буцаан гаргуулж хариуцагчид олгоогүй нь буруу байна.

Хэргийн 14 дэх талд авагдсан Барьцааны гэрээнд дээрх суудлын авто машин бичигдсэн байх боловч гэрээний агуулгаас үзвэл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан талаар уг гэрээнд заагаагүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн гаргасан “...төлөх төлбөргүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2019/01487 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...болгосугай.” гэснийг болгож, нэхэмжлэгч “ФХ ББСБ” ГХОХХК-иас Toyota Prius маркийн, 07-96 УНӨ улсын дугаартай, бор шаргал өнгийн суудлын авто машиныг гаргуулан хариуцагч М.Хд олгосугай.” гэсэн хэсэг нэмж өөрчлөх,

шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т “...245 814 төгрөг гаргуулан...” гэснийг “...175 614...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад хариуцагчаас төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 158 950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Ц.ИЧИНХОРЛОО

           ШҮҮГЧИД                              Т.ТУЯА

                                                          М.НАРАНЦЭЦЭГ