Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 486

 

О.Ш-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 48 дугаар магадлалтай, О.Ш-т холбогдох 1728001030120 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 9-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Тост овогт О.Ш нь Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэгт холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Ш-ийг хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, эд мөрийн баримтаар хураагдсан 12 кг чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц төрийн өмчлөлд шилжүүлэхээр эрх бүхий байгууллагад шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх О.Ш-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль эсвэл Монгол Улсын Олон улсын гэрээгээр хориглосон, хязгаарласан барааг хилээр нэвтрүүлсэн тохиолдолд гэмт хэрэгт тооцохоос биш тусгай ангид заагаагүй гэм буруутай үйлдэл хийсэн ч, өөрөөр хэлбэл хууль буюу Монгол Улсын Олон улсын гэрээгээр хязгаарлалт тогтоогоогүй барааг хилээр нэвтрүүлсэн ч түүнийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцож болохгүй гэсэн агуулгыг илэрхийлж байна. Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 297 дугаартай шинжээчийн дүгнэлтээр О.Шийн авч явсан чулууг эрдэст орохгүй гэсэн байхад шүүх эрдсийн хуримтлалд хамаарч байна гэж ял халдаасан нь учир дутагдалтай юм. Энэ нь шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үндэслэл болж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Ш-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “О.Ш-ийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон. Хас, мана чулуу нь эрдэнийн чулуунд хамаарна. Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үед энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байсан. Иймд энэ талаар давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч О.Ш-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч О.Ш нь 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэн хилийн боомтоор гар тээшиндээ хуулиар хязгаарлалт тогтоосон эд зүйл болох 8.875 кг ногоон хас чулуу, 3.425 кг мана чулууг нууж Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг үйлдсэн талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Прокуророос О.Ш-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүх О.Шийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирчээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх шүүгдэгч О.Ш-ийн 8.875 кг ногоон хас чулууг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн үйлдлийн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс залруулсан нь үндэслэл бүхий болжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрдэнэсийн сангийн тухай, Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Валютын зохицуулалтын тухай, Гаалийн тухай хуулиудын холбогдох заалтууд болон Геологийн төв лаборатори Төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн О.Ш-ийн гэм бурууг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан шүүгдэгч О.Ш-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Харин Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул О.Ш-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 48 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар О.Ш-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн заалтыг нэмж,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 92 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн торгох ял оногдуулсан, хэсэгчлэн төлөхөөр тогтоосон, торгох ялыг хорих ялаар солихыг мэдэгдсэн 2, 3, 4 дэх заалтуудыг хүчингүй болгосугай.

2.Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                                       ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                       ШҮҮГЧ                                                          С.БАТДЭЛГЭР

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ                                           

                                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН