Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/00748

 

“Их Хаадын цуваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7509 дүгээр шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 736 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч “Их Хаадын цуваа” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Байгуулалт” ХХК, Ли Гуо Жи нарт холбогдох,

Гэрээний үүрэгт 72 975 221 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Сүхбаатар болон хариуцагчийн төлөөлөгч Б.Манлай нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Сүхбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнгөнцацрал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содбаяр, нарийн бичгийн даргаар Б.Хүрэлтулга нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Их хаадын цуваа” ХХК нь “Байгуулалт” ХХК-тай 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр барилга, угсралтын гэрээ байгуулж, уг гэрээний дагуу 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр “Байгуулалт” ХХК-ийн дансанд урьдчилгаа болгож 30 000 ам.доллар шилжүүлсэн.Гэтэл уг өдрөө ажил эхлэх ёстой байсан ч хугацаандаа эхлээгүй, огт ажил хийгдээгүй. Ингээд манай талаас гэрээг цуцалж, “Байгуулалт” ХХК-ийн захирал Б.Манлай нь учирсан хохирлыг барагдуулна гэсэн. “Байгуулалт” ХХК-ийн захирал Б.Манлай нь БНХАУ-ын иргэн Ли Гуо Жи-тай байгуулсан гэрээний дагуу Ли Гуо Жи-г мөнгөө буцааж шилжүүлэхгүй байна гэж тайлбарлаж, өгөх ёстой ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгийг буцааж өгөхгүй байсан.Гэтэл Ли Гуо Жи шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тэрээр “Байгуулалт” ХХК-ийн захирал Б.Манлайгаас авсан 30 000 ам.доллараа түүнд буцаан төлсөн байсан.Иймд хариуцагч БНХАУ-ын иргэн Ли Гуо Жи-гээс татгалзаж байна. Ли Гуо Жи нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 4 011 000 төгрөгийг манайд өгсөн бөгөөд үүнийг тухайн үеийн ам.долларын ханшид шилжүүлбэл 2 327 ам.доллар болно. Үүнийг 30 000 ам.доллараас хасч 27 672 ам.доллар болж байгаа. 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Монгол банкны ханшаар 1 ам.доллар 1 723,26 төгрөг байсан.Дээрх ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гэрээний үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг төлөх үүрэгтэй тул ажлаа гүйцэтгээгүй “Байгуулалт” ХХК-иас алданги нэхэмжилсэн.Гэрээ 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдаад 2 сарын хугацаанд ажлаа хийгээд 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд ажлыг гүйцэтгэж дуусах ёстой байсан. Гэтэл гэрээний дагуу ажил огт хийгдээгүй учраас гэрээг цуцалж, нөгөө талаас гэрээний хохирлыг манайд барагдуулахаар болсон.Нэхэмжлэл гаргахдаа гэрээний хугацаагаар 30 000 ам.доллараас буюу өдрийн алданги 150 ам.доллар гээд 60 хоногоор тооцоход алданги 9 000 ам.доллар болно. Гэрээг 60 хоногийн хугацаатай байгуулсан болохоор энэ хугацаагаар алданги нэхэмжилсэн. Гэрээний хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан бөгөөд үүргээ биелүүлээгүй хугацаагаар тооцсон бол хэдий хэмжээний тооцоо гарах нь ойлгомжтой. Ам.долларын 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн ханш 1 989,92 төгрөгөөр тооцоход 27 672,44 ам.доллар буюу 55 065 941,80 төгрөг, 9 000 ам.доллар буюу 17 909 280 төгрөг, нийт 72 975 221 төгрөгийг хариуцагч “Байгуулалт” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: ...2012.1.11-ний өдөр “Их Хаадын цуваа” ХХК-тай Орхон аймгийн Баян Өндөр сум буюу Эрдэнэт хотод орон сууцны 7а хорооллын ерөнхий төлөвлөгөө батлуулж 9 давхар, 63 айлын 6, 12 давхар 144 айлын 9, 12 давхар, 96 айлын 5 орон сууцны барилгын зураг төсөл боловсруулах, нийт 183 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээг байгуулсан.Уг гэрээний 2.4 дэх хэсэгт 1 дүгээр үе шатны зураг төслийн ажлын тохиролцсон үнийн 80-100 хувьтай тэнцэх урьдчилгааг олгоно гэж заасны дагуу доод тал нь 80 хувь болох 146 400 000 төгрөгийн урьдчилгааг олгох үүргийг захиалагч тал “Их Хаадын цуваа” ХХК хүлээсэн. Барилгын зураг төслийг нэг компани дангаар боловсруулах боломж байдаггүй тул хүчит төхөөрөмж, цэвэр, бохир ус, халаалт, салхивчны зураг төслийг боловсруулдаг бусад хоршин гүйцэтгэгч хувь хүн, компаниудтай хамтарч хийж гүйцэтгэдэг.Манай компани барилга архитектур, барилга бүтээцийн зураг төслийг боловсруулсан. 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр халаалт, салхивч, цэвэр, бохир усны зураг төслийн ажлыг хийлгэхээр “Түвшинжин” ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үнийн дүнг 32 400 000 төгрөгөөр тохирсон.2013 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Арбэл Алтай” ХХК-тай гэрэлтүүлгийн зураг төслийг боловсруулах гэрээг байгуулж, гэрээний үнийн дүнг 25 000 000 төгрөгөөр тохирсон. Ингээд гэрээнд заасан зураг төслийг бүрэн боловсруулж 2012 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр уг гэрээнд заасан зураг төслийн баримт бичгийг Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангуулж магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргуулж, “Их Хаадын цуваа” ХХК-д хүлээлгэж өгсөн.Магадлалын хяналтаар орох үед “Их Хаадын цуваа” ХХК-иас бүрэн төлбөр хийгдээгүй тул 96 айлын орон сууцны барилгын зураг төсөл ороогүй. Ингэснээр манай компани гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн.Гэрээ байгуулмагц төлөх ёстой байсан урьдчилгаанаас нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй гэрээний 2.4 дэх хэсэгт заасны дагуу үлдэгдлийг эхний барилгажилтын барилгын ажил 3 дугаар давхрын барилга угсралтын ажлыг эхлэхэд олгоно гэж заасан ч олгоогүй. 2014 оны 12 дугаар сард уг барилгын эхний ээлжүүд бүрэн дуусч улсын комисс хүлээн авсан.2012 онд Эрдэнэтийн 7а хорооллын гадна шугам сүлжээний зураг төсөл боловсруулж хийлгэх гэрээг “Их Хаадын цуваа” ХХК, “Түвшинжин” ХХК-иуд нь 42 000 000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр хоорондоо гэрээ байгуулсан. “Их Хаадын цуваа” ХХК нь энэ гэрээний төлбөрийг манай компаниар дамжуулан “Түвшинжин” ХХК-д төлж байсан.Мөн 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр “Их Хаадын цуваа” ХХК-тай Орхон аймгийн Баян Өндөр буюу Эрдэнэт хотод орон сууцны 7а хорооллын 17 ширхэг гараашийн барилгын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулж гэрээнд заасан хугацаанд зураг төслийг боловсруулсан. Уг гэрээний 2.3 дах хэсэгт зааснаар зургийн төлбөрийг Чех улсаас санхүүжилт орж ирэхэд төлбөрийг 100 хувь гүйцэтгэгчид олгоно гэж заасан, одоо болтол нэг ч төгрөгийн төлбөр хийгээгүй.2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Н.Сүхбаатартай уулзаж, “Түвшинжин” ХХК-ийн захирал Ц.Энхболдоор хурлын протокол хөтлүүлж, 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн гэрээний талаар хуралдаж тохирсон байсан. 2013 оны хавар “Их Хаадын цуваа” ХХК-ийн захирал Н.Сүхбаатар нь танай “Байгуулалт” ХХК нь барилга угсралтын зөвшөөрөлтэй, харин надад гадаадаас 250 хүн оруулж ирэх зөвшөөрөл буюу квот байна, миний зөвшөөрлөөр ажилчид оруулж “Байгуулалт” ХХК-иар Эрдэнэтийн 7а хорооллыг бариулья гэх санал тавьсан.Үүнээс хойш хэсэг хугацааны дараа Н.Сүхбаатартай уулзахад квотоо бусдад зарсан, чи өөрөө БНХАУ-аас барилгачид оруулж ирээд манай барилгыг барь гэсэн. Би БНХАУ-ын иргэн Ли Гуо Жи гэдэг хүнтэй Н.Сүхбаатарын хамт уулзаж, хятад барилгачид оруулж ирэх боломж байгаа эсэхийг лавлахад бий гэсэн. Н.Сүхбаатар нь надад Ли Гуо Жи-тэй гэрээ байгуулаад барилгыг яаралтай барь гэсэн.Би Н.Сүхбаатарын зөвшөөрсний дагуу Ли Гуо Жи-тэй 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Мөн 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотод орон сууцны 7а хорооллын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх гэрээг “Байгуулалт” ХХК, “Их Хаадын цуваа” ХХК-иуд хоорондоо байгуулсан.“Их Хаадын цуваа” ХХК-ийн захирал Н.Сүхбаатар 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөр 30 000 ам.долларыг “Байгуулалт” ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Ли Гуо Жи нь БНХАУ-аас ажилчид оруулж ирэхэд доод тал нь 31 000 ам.доллар шаардлагатай гэсэн учир би хувиасаа 1 000 ам.доллар, “Их Хаадын цуваа” ХХК-иас шилжүүлсэн 30 000 ам.доллар, нийт 31 000 ам.долларын урьдчилгааг бэлнээр 7 дугаар сарын 04-ний өдөр Ли Гуо Жи-д өгсөн.2013.7 сарын дундуур Ли Гуо Жи нь 10 гаруй жуулчны визтэй хятад ажилчиддаа оруулж ирье гэхэд Н.Сүхбаатар зөвшөөрөөгүй, мөнгөө буцааж авах шаардлага тавьж Ли Гуо Жи-гийн БНХАУ-ын паспорт, Мицубиши пажеро загварын машиныг барьцаалж авсан. Ингээд Ли Гуо Жи нь 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдөр 10 000 ам.доллар, 28-ны өдөр 5 000 000 төгрөг буюу тухайн үеийн ханшаар 3 300 ам.доллартай тэнцэх төгрөг, 8 дугаар сарын 3-ны өдөр 5 400 ам.доллар, 07-ны өдөр 5 000 000 төгрөг буюу 3 225 ам.доллартай тэнцэх төгрөг, 2014.1.24-ний өдөр 12 000 000 төгрөг буюу 9 100 ам.доллартай тэнцэх төгрөгийг манай компанид өгсөн.Мөн Ли Гуо Жи нь 4 000 000 төгрөгийг Н.Сүхбаатарт 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээлгэж өгсөн байдаг.Н.Сүхбаатар нь Ли Гуо Жи нь 30 000 ам.доллараа бүрэн төлбөл гадаад паспорт, пажеро машиныг нь буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэж Ли Гуо Жи-тэй ярилцаж тохирсон. 2013 оны 08 дугаар сард “Их Хаадын цуваа” ХХК-ийн албан тасалгаанд “Нойкрафт” ХХК нь уг барилгыг барихаар тохиролцож, Ли Гуо Жи-гээс орж ирэх 30 000 ам.долларыг 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан барилгын зураг төсөл боловсруулах гэрээний урьдчилгаа төлбөрт тухайн үеийн Монгол банкны ам долларын ханш 1 500 төгрөгөөр тооцож, 30 000 ам.долларыг 45 000 000 төгрөг гэж тооцож манай компанид өгөхөөр Н.Сүхбаатартай ярилцаж тохирсон.Тухайн үед “Нойкрафт” ХХК-ийн захирал О.Зоригоо байлцаж энэ асуудлыг тодорхой сонсож өөрөө барилгыг барихаар “Их Хаадын цуваа” ХХК-тай тохиролцож эхний ээлжийн барилгуудын ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгсөн болно. Эрдэнэтийн 7а хорооллын баригдаж ашиглалтанд орсон барилгууд нь манай компанийн боловсруулсан зураг төслөөр баригдсан. Талууд барилга угсралтын гэрээ байгуулахад “Байгуулалт” ХХК оролцоогүй бөгөөд Н.Сүхбаатар захирал өөрөө Ли Гуо Жи-тэй гэрээ байгуул гэж авч ирсэн.2013 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан 183 000 000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөтэй андуураад байна. Ли Гуо Жи үүргээ биелүүлээгүй учраас манайд мөнгөө төлсөн. Бид үүнийг гэрээний дагуу төлсөн манай мөнгө гэж ойлгож байна. 30 000 ам.долларыг ямар зориулалтаар “Байгуулалт” ХХК-д төлөх тухай гэрээнд зохицуулалт байхгүй. Амаар тохиролцсон. Гэхдээ тохиролцох үед О.Зоригоо хажууд нь байсан боловч гэрчийн мэдүүлэгтээ энэ талаар сонсоогүй, мэдээгүй гэж хэлдэг. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7509 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч “Байгуулалт“ ХХК-иас 71 585 719 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Их Хаадын цуваа“ ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 389 502 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Нэхэмжлэгч “Их Хаадын цуваа” ХХК нь хариуцагч Лиу Гуо Жи-гээс татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Их Хаадын цуваа” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522 826 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Байгуулалт” ХХК-иас 522 826 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Их Хаадын цуваа” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 736 дугаар магадлалаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 7509 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Байгуулалт” ХХК-иас 54 809 242 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Их хаадын цуваа” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18 165 979 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Их хаадын цуваа” ХХК нь хариуцагч Лиу Гуо Жи-д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 3 дахь заалтын “Байгуулалт” ХХК-иас 522 826 төгрөг гэснийг “Байгуулалт” ХХК-иас 431 996 гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290 450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Нийслэлийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс “Их хаадын цуваа” ХХК болон “Байгуулалт” ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Эрдэнэт хотод баригдах 63 айлын орон сууцны барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр цуцлагдсан хэмээн үзэж, дээрх шийдвэрийг гаргасан байна.Гэтэл энэхүү хугацаа нь “Байгуулалт” ХХК болон БНХАУ-ын иргэн Лиу Гуо Жи нарын хооронд 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” цуцлагдсан өдөр юм.Өөрөөр хэлбэл Ерөнхий гүйцэтгэгч туслан гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсанаар захиалагч болон Ерөнхий гүйцэтгэгч нарын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан хэмээн үзсэн нь үндэслэлгүй байна. “Их хаадын цуваа” ХХК нь “Байгуулалт” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр авсан Лиу Гуо Жи-ийг хүлээн зөвшөөрөөгүй боловч “Байгуулалт” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэхийг гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд хүлээсэн.Энэ хугацаанд “Байгуулалт” ХХК болон “Их хаадын цуваа” ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ цуцлагдсан гэх ямар нэг баримт байхгүй бөгөөд гэрээний хугацаа дуусгавар болсноор ямар ч ажил хийгдээгүй тул урьдчилгаа болгон төлсөн мөнгөө 2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш буцаан нэхэмжилж эхэлсэн байдаг.Давж заалдах шатны шүүхээс гэрээг цуцласан гэж үзсэн хугацаа нь “Байгуулалт” ХХК болон Лиу Гуо Жи нарын хоорондын гэрээ цуцлагдаж, “Байгуулалт” ХХК-иас Лиу Гуо Жи руу шилжүүлсэн мөнгийг Лиу Гуо Жи нь “Байгуулалт” ХХК-д буцаан төлж эхэлсэн өдөр бөгөөд “Их хаадын цуваа” ХХК нь “Байгуулалт” ХХК Лиу Гуо Жи-ээс урьдчилгаа болгон өгсөн мөнгөө буцааж авсан талаар огт мэдээгүй байсан.Учир нь “Байгуулалт” ХХК-ийн захирал Б.Манлай нь Лиу Гуо Жи-д урьдчилгаа 30 000 ам.долларыг өгсөн буцааж авч чадаагүй мөн Лиу Гуо Жи нь олдохгүй, холбоо барихгүй байгаа гэж “Их хаадын цуваа” ХХК-д мэдэгдэж байсан. Гэтэл Лиу Гуо Жи нь 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Их хаадын цуваа” ХХК-д 4 000 000 төгрөг авчирч өгөөд, төлбөрөө төлж дууссан гэдгээ мэдэгдсэн бөгөөд төлбөрөө барагдуулж дуусаад буцаан авахаар тохирсон автомашинаа нэхэмжлэн “Их хаадын цуваа” ХХК-д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргахдаа мөнгө төлсөн тухай баримтуудыг хавсаргасан байсан ба “Байгуулалт” ХХК энэхүү мөнгийг хүлээн авсан баримт байсан. Энэ талаар тус хэрэгт хамтран хариуцагчаар татагдсан байсан Лиу Гуо Жи, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Энхтүвшингийн хариу тайлбарт тусгагдсан байдаг.Энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байтал давж заалдах шатны шүүх хэргийн материалыг бүрэн хянаж үзэлгүйгээр алданги нэхэмжлэх эрхгүй хэмээн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримталж, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 736 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Шүүхийн 7509 тоот шийдвэр, 736 дугаартай магадлалд “Харин хариуцагч талаас хийсэн барилгын суурийн хэмжилтийн ажлыг 129 ам.долларын хэмжээнд тооцож болох юм гэсэн нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн 30 000 ам.долларын үлдэгдэл 27 672 ам.доллараас дээрх 129 ам.долларыг хасч, 27 543,44 ам.долларыг нэхэмжлэл гаргасан өдрийн ханш 1989,92 төгрөгөөр тооцож, “Байгуулалт” ХХК-иас 54 809 242 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хариуцагч “Байгуулалт” ХХК нь тухайн барилгын суурийн ажил буюу 2000 куб.метр шороо ухаж, ул бетон тавих, геодезийн тэнхлэг тавих, 8 хятад ажилчин 14 хоног байрлах, хооллох зэрэг зардалд 10 000 000 гаруй төгрөг зарцуулсан учир тооцооноос хасагдана гэх тайлбараа Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотолж чадаагүй байна.” гэсэн байна.Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан байна. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл дээр нэхэмжлэгч Н.Сүхбаатар нь “16x24 харьцах барилгын суурийг манай компанитай хамтарч Ли Гуа Жи ухсан, суурь хэмжээ тогтоох ажлыг инженер тогтоож өгсөн, машин техникийг манай гаргасан ...Ли Гуо Жи нь 8 хоногийн хугацаанд 8 ажилтан ажилласан төлбөрийг нэхэмжлээгүй. 8 ажилтан биш 6 ажилтан байсан...” талаар зөвшөөрч тодорхой тайлбар өгсөн байдаг.Иймд Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3 дахь хэсэгт зааснаар шинжээч томилуулж, 2000 куб.метр шороо ухаж, ул бетон тавих, геодезийн тэнхлэг тавих, 8 хятад ажилчинг Монголд ирэх буцах зардал, Эрдэнэт хотод очих, буцах зардал, 14 хоног байрлах, хооллох зэрэг зардлыг тогтоолгож, нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн үйл баримт нь өөрийнх нь тайлбараар нотлогдож байх тул нийт гарсан зардал болох 54 809 242 төгрөгөөс хасуулж тооцуулахаар нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлүүлэхээр хяналтын гомдол гаргаж байна гэжээ.

                                                                                      ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж, гэрээний уг харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан, алданги гаргуулах шаардлагыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д заасан зохицуулалтад тус тус хамааруулсан нь зөв байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан ажил гүйцэтгэгч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс гэрээг цуцлаж, ажлын хөлсөнд төлсөн мөнгийг буцаан авах захиалагчийн шаардлагыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар хянан шийдвэрлэсэн үндэслэлтэй болжээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсаны үр дагаварт алданги хамаарахгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зөрчөөгүй байна.

Зохигчид 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэт хотод баригдах 63 айлын барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байх ба уг гэрээний дагуу хариуцагч “Байгуулалт” ХХК нь орон сууцны 7А хороололд баригдах 63 айлын орон сууцны зориулалттай, 4 233.19 мкв талбай бүхий, 126 995 мкуб эзэлхүүнтэй цутгамал төмөр бетон хавтан суурь, полистиролоор дулаалсан хана, хучилт бүхий барилгын угсралтын ажлыг 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр эхэлж, 2013 оны 9 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан гүйцэтгэх, нэхэмжлэгч “Их хаадын цуваа” ХХК нь гэрээний үнэ болох 302 674 ам.долларыг төлөх үүргийг тус тус хүлээжээ \хх-ийн 14-17 дугаар тал\. Энэхүү гэрээний захиалагч нь нэхэмжлэгч “Их хаадын цуваа” ХХК, ажил гүйцэтгэгч нь хариуцагч “Байгуулалт” ХХК, гэрээний зүйл буюу ажлын үр дүн нь барилгын угсралтын ажил байна. Уг гэрээ нь талуудын хүсэл зоригийг бүрэн илэрхийлсэн, бичгээр байгуулагдсан, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д заасан шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ болжээ.

Хариуцагч “Байгуулалт” ХХК нь ажил гүйцэтгэгчийн хувьд гэрээнд заасан ажлыг гүйцэтгээгүй, нэхэмжлэгч “Их хаадын цуваа” ХХК нь ажлын урьдчилгаанд 30 000 ам.доллар төлсөн, уг төлбөрөөс 2 327,56 ам.долларыг буцаан авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус  тогтоогджээ. 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1.-д зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байна. Нэхэмжлэгч “Их хаадын цуваа” ХХК нь хариуцагч “Байгуулалт” ХХК-д гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, шаардаж байсныг хариуцагч үгүйсгээгүй тул үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэх тухай мөн зүйлийн 225.2.-т заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзсаны эрх зүйн үр дагаврыг шаардсан тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д заасан зохицуулалтыг магадлалын үндэслэл болгосон нь зөв болжээ. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар  хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1.-д зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Ажил гүйцэтгэх гэрээ нь хиймэгц биелэх бус харин хугацаа шаардагддаг гэрээ тул энэ төрлийн гэрээнээс татгалзах, улмаар гэрээг цуцлах асуудлыг Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд зохицуулжээ. Энэ зүйлийн 221.1., 221.3.-т зааснаар хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болдог бөгөөд гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал зөвхөн энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болдог байна. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3.-т зааснаар нэмэлт хугацаа тогтоосноор ямар нэгэн үр дүнд хүрч чадахгүй нь тодорхой, эсхүл үүрэг гүйцэтгүүлэгч учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх нь талуудын ашиг сонирхолд илүү нийцэхээр байвал нэмэлт хугацаа олгохгүй байж болдог ба хуулийн 225 дугаар зүйлийн 225.2.-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үздэг байна.

Урт хугацааны гэрээг цуцласнаар өмнө гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэл ач холбогдлоо алдвал түүнийг нэгэн адил цуцладаг ба ийнхүү цуцлахад энэ хуулийн 205 дугаар зүйлд заасан журам нэгэн адил үйлчлэх тухай Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.5.-д заасан зохицуулалт нь ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаар нэхэмжлэгчээс хариуцагчид урьдчилгаа болгож төлсөн 30 000 ам.долларыг \27 672,44 ам.долларыг\ хариуцагчаас буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн үндэслэл болно.

Харин гэрээ цуцласнаас үүсэх үр дагаварт буюу өгсөн мөнгийг буцаах төлбөрт алданги тооцох талаар талууд тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7.-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээг цуцласнаар гэрээний бүхий л тохиролцооноос татгалздаг тул ажил гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй бол алданги тооцох тухай гэрээний заалт мөн адил цуцлагдсан гэж үзнэ. Алдангийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. Хэргийн оролцогчийн хэн алин нь шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаагүй тул шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлгүй болно. 

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх тухай нэхэмжлэгчийн, шийдвэр, магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх тухай хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 736 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 248 780 төгрөгийг, хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН