| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2023/02372/И |
| Дугаар | 101/ШШ2024/01471 |
| Огноо | 2024-03-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 101/ШШ2024/01471
| 2024 03 18 | 101/ШШ2024/01471
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Б даргалж, тус шүүхийн танхимд хуралдсан шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар М/РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, О /ИБД:/-д холбогдох,
Гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад,
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.М, хариуцагч Ж.О, хариуцагчийн өмгөөлөгч Г.Б, гэрч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Н нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.М миний бие 2021 оны 3 сарын 03-ны өдөр А худалдааны төв дээр лангуу ажиллуулдаг Ж.О гэж хүнд 10 сая төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлүүлсэн. Мөнгийг хаан банкны өөрийн данснаас Ж.О-гийн Хаан банкны 00 тоот дансанд шилжүүлсэн. Ж.О нь өнөөдрийг хүртэл хоёр жил нэг сарын хугацаанд нэг ч төгрөг буцааж өгөөгүй болно.
Намайг эдгээр хүмүүс мөнгө хүүлэгч гэх мэтээр дарамталдаг. Хариуцагч Ж.О нь би аваагүй А авсан гэдэг. А нь утсаа ч авдаггүй. Ж.О нь өөрийнхөө дансаар би зээлж байгаа гээд 10 сая төгрөг зээлсэн. Өмнө нь 2-3 удаа аваад, асуудалгүй буцаагаад өгчихдөг байсан.
Би чи яг өөрөө авч байгаа биздээ гэж бүр хэлж байж өөрт нь зээлүүлсэн. Надад буцааж өгсөн нэг ч төгрөг байхгүй. Н.А нь өөрийн нэрээр 42 сая төгрөг авсан.
Гэтэл одоо н.А нь бүр нэвтрүүлэг бэлдээд мэдээгээр цацуулсан. н.А нь 10 аад хүнээс зээл авсан хүн байдаг. Би хардах эрхийн хүрээнд энэ хүмүүс будилиантай зүйлүүд хийгээд байгаа. н.А нь өөрөө надаас авсан зээлээ төлж байгаад Ж.Огийн өмнөөс төлж байгаа гэж хэлж байгаагүй. Миний дансанд о гэсэн утгатай мөнгө ороод ирсэн. о гэж хэн бэ гэхэд А нь манай охины нэр гэж хэлдэг байсан.
Хариуцагч Ж.О нь би аваагүй, мөнгийг Ад өгсөн гэдэг, А нь би өөрийнхөө зээлсэн мөнгийг өгсөн гэдэг. Би энэ бүхнийг ойлгохгүй байна. Энэ хоёр хүний хооронд үүссэн өр авлага надад ямар ч хамаагүй.
Хэрэв А нь Ж.О-гийн өрийг төлж байсан бол нэр утас зэргийг тодорхой тавих ёстой. Миний данснаас Огийн дансанд зээл гээд орчихсон. Ж.О-гийн данснаас буцаагаад зээл төлөгдөх ёстой. Хүнээс авсан зээлээ төлж байхдаа нэрийг нь бүтэн бичих ёстой. Хүн Мгэж нэр аваад улсын бүртгэлд бүртгүүлдэг өөрийн нэр ус гэж хүнд байдаг. Энэ хүн өөрийн эзэмшдэг дансаар өр төлбөрөө төлөх ёстой.
Би 6 жил цагдаа шүүхээр явж байгаа хүн. Аливаа юм нотлох баримтын хүрээнд явагдана. Бүх нотлох баримтыг би гаргаж өгсөн байхад хариуцагч тал ямар ч логикгүй зүйл ярьж байна.
Хариуцагчаас үндсэн зээл 10 сая төгрөг, сарын 3 хувийн хүүтэй буюу сарын 300,000 төгрөгийн хүүг 24 сараар тооцоход 7,500,000 төгрөг нийт 15,500,000 төгрөгийг тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэв.
2.Хариуцагч, түүний өмгөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Б.М-аас өмнө нь зээл авдаг байсан. Би г лангуу А дээр ажиллуулдаг. Зээл авахдаа иргэн Маас гэж бичиг хийлгэж авдаг. Гэрээ гэж зүйл байгуулж байгаагүй. Би ганц нэг хүмүүст хэлж өгч мөнгө авч өгсөн зүйл байгаа. Өдөр бүр төлөхөөр график гаргаж, түүний дагуу төлдөг. Нэг өдөр л өгөхгүй байхад Мнад руу залгаж мөнгөө нэхэмжилдэг байсан. О гэсэн утгаар зээл төлөгдөж байгаа гэдгийг М мэдэж л байсан.
н.А гэж хүнд нэхэмжлэгч М-аас зээл авч өгдөг байсан. 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Маас мөнгө зээлж аваад А эгчийн данс руу маргааш нь шилжүүлсэн. Охин нь ээжийнхээ өмнөөс буцааж төлөх өдрийн мөнгийг төлж байсан.
Хэдийгээр миний бие зээлийг авсан ч гэсэн о гэх нэрээр А эгч түүний охин М нарын дансаар зээл төлөгдөж байсан. Хэрэгт авагдсан баримтаар О гэх нэрээр 30-50 удаагийн гүйлгээгээр 7,060,000 төгрөгийг нэхэмжлэгч Мын 51300.. тай данс руу шилжүүлсэн.
Нэхэмжлэгчийн тайлбартаа дурдсан цагдаад өгсөн зүйл байхгүй тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.
Манай зүгээс 7,160,000 төгрөгийг Мгэх хүнд өгсөн. Энэ нь гэрчийн мэдүүлэг болон дансны хуулгаар нотлогдоно.
Бид нар хүү төлөх үндэслэлгүй 282.3-т заасны дагуу зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй тул хүү авах эрхээ алдана. Иймд гэрээний үүрэг ботлох 10,000,000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхний лавлагаа, өөрийн эзэмшлийн хаан банкын 5 тоот дансны хуулга,
Хариуцагчаас: өөрийн эзэмшлийн хаан банкны 5 тоот дансны хуулга, А.М эзэшмлийн хаан банкны 5 тоот дансны хуулга зэрэг баримтууд авагдсан байна.
Зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ж.О-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагчаас зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
2.Нэхэмжлэгчээс 15,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн 10,000,000 төгрөг, хүү 7,500,000 төгрөг нийт 15,500,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулах үндэслэлтэй гэж тайлбарласан.
3.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүдэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил тоо чанар хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Талуудын хооронд зээлийн гэрээ бичгээр байгуулагдаагүй байх хэдий ч 2021 оны 03 сарын 03-ны өдөр нэхэмжлэгчээс 10,000,000 төгрөгийг хариуцагчийн эзэмшлийн Хаан банкны 5 тоот данс руу шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд хариуцагчаас 10,000,000 төгрөгийг хүлээн авсан үйл баримттай маргаагүй. /хх-ийн 5, 20 дугаар тал/
Иймд талуудын хоорондын хүсэл зоригийн илэрхийлэл, зорилго, агуулга зэргээс үзэхэд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
4.Хариуцагчаас 10,000,000 төгрөгийг Г.Ад мөн өдөр шилжүүлсэн бөгөөд Г.А охин А.М дансаар зээлийг буцаан төлж барагдуулсан гэх тайлбарыг гаргаж байна.
Хэрэгт авагдсан А.М эзэмшлийн Хаан банкны 5 тоот дансны хуулга, гэрч Г.А...Б.Мыг танина. а дээр өдрийн мөнгө зээлдэг байсан. О нь Б.Маас 10 сая төгрөг зээлээл надруу шилжүүлсэн. Ингээд охин А.М дансаар Огийн зээлсэн 10 сая төгрөгийн зээлийн төлөлтийг түүний нэрийн өмнөөс буцаан төлж байсан. Өмнө нь би нэхэмжлэгчээс мөнгө зээлдэг байсан боловч О гэсэн утгаар хийсэн мөнгөнүүд нь Огийн зээлийн төлбөрт төлөгдсөн мөнгө юм. Үүнийг нэхэмжлэгч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Утга дээр нь зээл авсан хүнийхээ нэрийг бичиж хийдэг байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нэхэмжлэгчийн эзэмшлийн 5 тоот дансанд 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд отгоо гэх утгаар нийт 7,240,000 төгрөг төлөгдсөн үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 20, 57-86 дугаар тал/
5.Хариуцагчаас дээрх үйл баримтыг Г.А болон түүний охин А.М , А.С нартай байгуулсан зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн төлбөр гэж тайлбарлаж байх боловч дээрх тайлбар нь баримтаар нотлогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ, хариуцагч хариу тайлбараа нотлох, холбогдох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй.
Тодруулбал, хэргийн 32-35 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн эзэмшлийн Хаан банкны дансны хуулгаар дээрх төлбөрийг өөр гэрээний үүрэгт төлөгдсөн төлбөр гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.
Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 2,760,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
6.Нэхэмжлэгчээс хүүгийн төлбөрт 7,500,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан.
Талуудын хооронд бичгээр зээлийн гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас хүү шаардах эрхээ алдсан байна.
Иймд хүүгийн төлбөр 7,500,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 2,760,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,740,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Огаас 2,760,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.М-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,740,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 245,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.О-гаас 122,725 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид Б.М-ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.Б