| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 182/2023/04782/И |
| Дугаар | 182/ШШ2024/00983 |
| Огноо | 2024-03-04 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2024/00983
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээллтэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: З.Б-,
Хариуцагч: Д.Г- щ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 14,465,815 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг,
Хариуцагч 3.Б-,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, хариуцагч Д.Г- шүүх хуралдаанд оролцохгүй тухай хүсэлт ирүүлсэн бөгөөд зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч 3.Б-, Д.Г- нарт холбогдуулан гэрээний үүрэгт 14,465,815 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: 3.Б-тэй 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21/01 тоот хамтран ажиллах гэрээг байгуулан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдах, нийлүүлэх, борлуулахаар талууд харилцан тохиролцож 2022 оны 07 дугаар сар хүртэлх хугацаанд хамтран ажилласан. Хамтран ажиллах хугацаанд 3.Б- нь Т ХХК-иас бараа зээлээр авч тухайн сарын эцэст борлуулсан үнийн дүнгээр төлбөр тооцоогоо төлж, мөн Саруул худалдааны төвийн павьлионы түрээсийг хувааж төлөхөөр харилцан тохиролцож хамтран ажиллаж байсан. 3. Билгүүн нь түрээслэхтэй холбогдох зардал 4,346,080 төгрөг, зээлээр авч борлуулсан барааны үнэ 10,117,735 төгрөгийг төлөх үүргээ биелүүлэхгүй байсан тул нийлүүлэгч тал гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, талууд төлбөр тооцооны үлдэгдлээ тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан. 3.Б- нь итгэмжлэлийн эрхийн хүрээнд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21/01 тоот хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн БГ/02 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр иргэн Д.Г-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206** дугаартай, дүүргийн хороо, гудамж 102 байр 27 тоот хаягт байрлах 46.78 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Иймд талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21/01 тоот хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт бараа бүтээгдэхүүний үнэ 10,117,735 төгрөг, түрээстэй холбогдох зардал 4,348,080 төгрөг нийт 14,465,815 төгрөгийг хариуцагч 3.Б-ээс гаргуулж, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан Боржигон овогт Доржийн Г-гийн өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2206** дугаартай, дүүргийн хороо, гудамж 102 байр 27 тоот хаягт байрлах 46,78 м,кв талбайтай хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэв.
2.Хариуцагч 3.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХХК болон талуудын хооронд байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 21/01 тоот хамтран ажиллах гэрээний үүрэг болох түрээс 4,348,080 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй, харин бараа бүтээгдэхүүний үнэ 10,117,735 төгрөг нийт 14,465,815 төгрөг төлөхийг зөвшөөрч, сар бүр 650,000 төгрөг төлөхөөр хуваарь гаргаж эвлэрэх саналтай байна. Хамтран ажиллах гэрээ байгуулах үед борлуулалтаас 3 хувь өгнө гэсэн боловч өгөөгүй гэв.
3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21/01 тоот Хамтран ажиллах гэрээ, Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** дугаар гэрчилгээ, Тооцоо нийлсэн акт, Сар бүрийн тооллогын хуудас, 3.Б-д бараа хүлээлгэн өгсөн падаан, 3.Б-ээс бараа хүлээн авсан падаан, Дэлгэрэнгүй тайлан зэрэг баримтыг, хариуцагч 3.Б- нотлох баримтаар хариу тайлбар шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүх хариуцагч талын хүсэлтээр 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны сар бүрийн тооллогын хуудас, бараа авсан падаан, Үлдэгдэл бараа хүлээлгэн өгсөн баримт, дэлгэрэнгүй тайлан зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.
4.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч 3.Б-, Д.Г- нарт холбогдуулан гэрээний үүрэгт 14,465,815 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй тул төлбөрөө шаардах эрхтэй гэж тайлбарлав.
5.Хариуцагч 3.Б- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Түрээсийн төлбөрт 4,348,080 төгрөг төлөхийг зөвшөөрч, бараа бүтээгдэхүүний үнэ 10,117,735 төгрөгийг төлөхгүй гэж маргаж, шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, сард 650,000 төгрөг төлөхөөр хуваарь гаргаж эвлэрэх хүсэлт гаргаж байна.
6.Хариуцагч Д.Г- нь шүүхэд хариу тайлбар гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан.
7.Шүүх хариуцагч Д.Г-д нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 зүйлийн 72.2 дахь заалтад заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21/01 тоот Хамтран ажиллах гэрээ, Барьцааны гэрээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ** дугаар гэрчилгээ, Тооцоо нийлсэн акт, 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацааны сар бүрийн тооллогын хуудас, бараа авсан падаан, Үлдэгдэл бараа хүлээлгэн өгсөн баримт, дэлгэрэнгүй тайлан зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
9.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч 3.Б-тэй 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 21/01 тоот хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээний 1.1.Энэхүү гэрээгээр нийлүүлэгч нь энэ гэрээний салшгүй хэсэг болох Хавсралтанд заасан Хүнс болон ахуйн бараа бүтээгдэхүүнийг борлуулагчид шилжүүлэх, бараа бүтээгдэхүүнтэй холбоотой мэдээллийг өгөх, борлуула нь Саруул худалдааны төвд нийлүүлэгчийн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, борлуулах ажлыг зохион байгуулж, хэрэглэгчдийг бараа бүтээгдэхүүний талаар тодорхой мэдээллээр хангах зэрэг харилцааг зохицуулна, 1.2.1.Нийлүүлэгч тал гэдэгт бараа бүтээгдэхүүнээ дараа тооцоогоор худалдаж байгаа хуулийн этгээд буюу Т ХХК-ийг, Борлуулагч тал гэдэгт зээлээр буюу дараа тооцоогоор худалдан авч буй иргэн буюу хуулийн этгээдийг ойлгоно, 3.1.Борлуулагч нь нийлүүлэгчээс энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй, 3.7.Борлуулагч нь бараа бүтээгдэхүүнийг өөрөө худалдан авч цааш нь борлуулахаас гадна нийлүүлэгчийн хэрэглэгчтэй шууд холбох зуучлалын үйл ажиллагаа явуулж болно, 3.10.Талууд аль нэг сав баглаа боодол хүлээж авахдаа гэмтэлтэй болохыг илрүүлмэгц зохих хүмүүсийг байлцуулан акт тогтоож баталгаажуулна, 3.12.Бараа бүтээгдэхүүний захиалгыг зөвхөн албан ёсны гарын үсэг зурагдан баталгаажсан захиалгын хуудсаар болон захиалагч талын эрх бүхий хүн биеэр гүйцэтгэнэ, 3.14.Борлуулагч нь Саруул худалдааны төвд павилон түрээслэхтэй холбогдох зардлын 50 хувийг хариуцана. Энэхүү төлбөр тооцоог сар бүрийн 20-ны дотор нийлүүлэгчид төлнө, 4.1.Нийлүүлэгч нь гэрээний хугацаанд хавсралтад заасан эрхийн болон биет байдлын доголдолгүй бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр байнга нийлүүлнэ. Барааг борлуулагчийн Саруул худалдааны төвд өөрийн унаагаар хүргэж өгнө, 5.1.Талууд гэрээний үнэ, нийлүүлэх бүтээгдэхүүний тоо хэмжээ, нийлүүлэх хугацааг хавсралтаар тодорхойлох бөгөөд борлуулагч талд нэг сард авах бараа бүтээгдэхүүний үнийн дүн 30,000,000 төгрөг байна, 3.2.Борлуулагч нь нийлүүлэгчтэй тухайн сард авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог борлуулсан /борлуулалтаар/ үнийн дүнгээр сар бүрийн эцэст төлнө гэж харилцан тохиролцож гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. /хх-ийн 6-13 тал/
10.Талууд дээрх хамтран ажиллах гэрээг үндэслэн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 21/01 тоот Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс Эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн ** дугаар бүхий гэрчилгээтэй, хариуцагч Д.Г-гийн өмчлөлийн дүүрэг хороо гудамж 102 байр 27 тоот хаягт байршилтай, 46,78 м.кв төлбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Г-2206** дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон орон сууцыг барьцаалж барьцааны гэрээ байгуулжээ. /хх-ийн 9-12 тал/
11.Хариуцагч Д.Г- 2021 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 3.Б-д дүүрэг хороо гудамж 102 байр 27 тоот хаягт байршилтай, 46,78 м.кв төлбайтай, хоёр өрөө орон сууцыг Т ХХК-ийн борлуулагчийн эрсдэлийн барьцаанд бариулах, банкны зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах гэрээнд төлөөлж гарын үсэг зурах бүрэн эрхийг төлөөлөгч 3.Б-д итгэмжлэлээр олгосон байна. /хх-ийн 12 тал/
12.Дээрх барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь заалтад заасан бичгээр байгуулагдсан байх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх, гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заасан байх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.
13.Хариуцагч 3.Б- шүүх хуралдааны үед гэрээний үүрэгт 14,465,815 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, сард 650,000 төгрөг төлөхөөр хуваарь гаргаж эвлэрэх хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганцэцэг нь сар бүр 800,000 төгрөг төлөхөөр тохиролцох боломжтой гэх тайлбар гаргасан. Хариуцагч 3.Б- 800,000 төгрөг төлөх боломжгүй гэх тайлбар гаргаж зохигч талууд эвлэрэхээс татгалзсан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
14.Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч 3.Б-тэй 2021 оны 1 сарын 01-ний өдрөөс 2021 оны 1 сарын 31-ний өдөр хүртэл, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 2022 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад мөрдөж буй нягтлан бодох дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийн бичилттэй нэг бүрчлэн нийлж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байх бөгөөд Сарын бүрийн толлогын хуудас, 3.Б-д бараа хүлээлгэн өгсөн падаан, 3.Б-ээс бараа хүлээн авсан падаан зэргийг тулгаж үзэхэд бараа бүтээгдэхүүний үнэ 10,117,735 төгрөгийн тооцоолол алдаатай гарсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 13, 42-161, 179-180 тал/
15.Шүүх хуралдааны үед хариуцагч 3.Б- нь бараа бүтээгдэхүүний үнэ 10,117,735 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ дахин мэргэжлийн нягтлан бодогчоор шалгуулах байсан гэж тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шинжээч томилж, дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэж үзнэ.
16.Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт зааснаар талууд зорилгоо хэрэгжүүлэхийн тулд гэрээнд өөрөөр заагаагүй бол хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрөл авах үүрэгтэй.
17.Хариуцагч 3.Б- борлуулалтын 3 хувийг надад өгнө гэж тохиролцсон боловч гэрээнд тусгаагүй гэж маргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч намайг гэрээг боловсруулахад удирдлагын зүгээс тийм чиглэл өгөөгүй тул гэрээнд тусгаагүй гэж мэтгэлцэж байх ба хариуцагч 3.Б- борлуулалтын 3 хувийг өгөхөөр тохиролцсон талаарх баримтаа ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.3 дах хэсэгт зааснаар маргааны үйл баримтыг татгалзаж буй үндэслэлээ нотолж, нотлох баримтаа гаргаж чадаагүй гэж үзнэ.
18.Хариуцагч 3.Б- нь гэрээний 3.2-т “Борлуулагч нь нийлүүлэгчтэй тухайн сард авсан бараа бүтээгдэхүүний төлбөр тооцоог борлуулсан /борлуулалтаар/ үнийн дүнгээр сар бүрийн эцэст төлнө” гэж харилцан тохиролцож гэрээний үүргээ биелүүлэгүйгээс Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.4 дахь заалтад заасан үндэслэлээр гэрээ дуусгавар болсон байна.
19.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж заасан.
20.Хариуцагч 3.Б-ээс гэрээний үүрэгт 14,465,815 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгож, хариуцагч 3.Б- шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Д.Г-гийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206** дугаарт бүртгэгдсэн дүүрэг хороо гудамж 102 байр 27 тоот хаягт байршилтай, 46,78 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцыг албадан худалдаанд оруулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй.
21.Хариуцагч 3.Б- нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзаж, өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлт бичгээр гаргасан. Мөн хариуцагч Д.Г- “би өөрийн биеэр очих боломжгүй байгаа тул шүүх хуралд намайг байхгүйд шийдэж өгнө үү” гэсэн зурвас ирүүлсэн бөгөөд зохигчдын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
22.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 3.Б-, Д.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжид 301,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгох нь хульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч 3.Б-ээс гэрээний үүрэгт 14,465,815 /арван дөрвөн сая дөрвөн зуун жаран таван мянга найман зуун арван тав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч 3.Б- сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол хариуцагч Д.Г-гийн өмчлөлийн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206** дугаарт бүртгэгдсэн дүүрэг хороо гудамж 102 байр 27 тоот хаягт байршилтай, 46,78 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 301,200 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч 3.Б-, Д.Г- нараас улсын тэмдэгтийн хураамжид 301,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НАРАНГЭРЭЛ