Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/01059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Б- ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н-ид холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12,108,312 төгрөг гаргуулах,  2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс  2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, хариуцагчийн төлөөлөгч А.Ууганбаяр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б- нь Н-ид холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12,108,312 төгрөг гаргуулах, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Б.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Дагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шүүхийн шийдвэрээр У газар ОНӨААТҮГ-ын даргын ажилд намайг эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорыг олгохоор шийдвэрлэсэн.  Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.  Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2021/00606 дугаар тогтоолоор гомдлын хэлэлцэхээс татгалзсан. Н- нь нэхэмжлэгч Б.Б-ийг Улаанбаатар зам засвар, арчлалын газар ОНӨААТҮГ-ын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Иймээс Нийслэлийн Засаг дарга 2023 оны 08 дугаар сарын 01ий өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31ий өдөр хүртэл ажлын 108 хоног, нэг өдрийн дундаж цалин хөлс 112,114 төгрөгөөр тооцон 12,108,312 төгрөг олговорыг гаргуулж, 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс  2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Н-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ууганбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1.Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154.2.Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1.хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор; 154.2.2.энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор гэж заасан байна. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2021/00606 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/01078 дугаар шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/02905 дугаар шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01181 дугаар шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/02478 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах 3 талт хорооны хуралдааны тэмдэглэл, Хариуцагчаас хариу тайлбар зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Б.Б- нь Н-ид холбогдуулан Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 12,108,312 төгрөг гаргуулах,  2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс  2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй тул үр дагавар болох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй гэж тайлбарлав.

5.Хариуцагч Н- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Хөдөлмөрийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй, гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2021/00606 дугаар тогтоол, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/01078 дугаар шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/02905 дугаар шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01181 дугаар шүүхийн шийдвэр, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 182/ШШ2023/02478 дугаар шийдвэр, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт  тогтоогдож байна.

 

7.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-ийг Улаанбаатар зам засвар, арчлалын газар ОНӨААТҮГ-ын даргын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 9,529,753 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн. /хх-ийн 5-7 тал/

 

8.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 1090 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ. /хх-ийн 8-10 тал/

 

9.Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 001/ШХТ2021/00606 дугаар тогтоолоор хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзснаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх-ийн 11 тал/

10.Тус шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон, нэхэмжлэгч Б.Б-ийг урьд эрхэлж байсан Улаанбаатар зам засвар, арчлалын газар ОНӨААТҮГ-ын даргын ажилд эгүүлэн томилоогүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа гэж нэхэмлэлчийн өмгөөлөгч тайлбарлав.

 

11.Хариуцагч нь шүүхийн хүчин төгөлдөр дээрх шийдвэрийг биелүүлээгүй учир нэхэмжлэгч Б.Б- нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлсөн бичилт хийхийг шаардаж нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 182/ШШ2022/01078 дугаар шийдвэрээр, 2022 оны 01 дүгээр сараас 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлсөн бичилт хийхийг шаардаж нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/02905 дугаар шийдвэрээр, 2022 оны 08 дугаар  сараас 2023 оны 02 дугаар сар хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал төлсөн бичилт хийхийг шаардаж нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2023/01181 дугаар шийдвэрээр тус тус нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

 

12.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан. Өөрөөр хэлбэл, ажилтныг ажлын байранд нь эгүүлэн тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогч биелүүлж, түүнийг урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх бүх хугацаанд хамаарна.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2 дахь заалтад хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч хүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн авах үүрэгтэй гэж заажээ.

 

14.Хариуцагч Н- нь нэхэмжлэгч Б.Б-ийг Улаанбаатар зам засвар, арчлалын газар ОНӨААТҮГ-ын даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй болох нь талуудын бичгээр гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

15.Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/01073 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Б.Б-ийн ажиллаж байсан хугацааны нэг өдрийн дундаж цалин хөлс нь 112,114 төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дахин нотлох шаардлагагүй.

 

16.Иймд 2023 оны 08 дугаар сарын 01ий өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31ий өдөр хүртэл ажлын 108 хоног, /нэг өдрийн дундаж цалин хөлс 112,114 төгрөг/-өөр тооцон 12,108,312 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй.

 

17.Нэхэмжлэгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч өвчтэй гэж тайлбар түүний өмгөөлөгч гаргаж байх ба хариуцагчийн төлөөлөгч А.Ууганбаярт шүүх хуралдааны товыг  “Мэдэгдэх хуудас”-аар өөрт нь 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч талын хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

18.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтанд заасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,883 төгрөгийг гаргуулж Улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 208,683 төгрөгийг гаргуулж Улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н-аас Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 12,108,312 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-өд олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь заалтад зааснаар цалин хөлстэй тэнцэх олговор 12,108,312 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож, нэхэмжлэгч Б.Б-ийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг хариуцагч Н-ид даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад заасан нэхэмжлэл тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 278,883 төгрөгийг гаргуулж Улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад зааснаар хариуцагч Н-аас улсын тэмдэгтийн хураамжид 208,683 төгрөгийг гаргуулж Улсын орлогод оруулсугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.НАРАНГЭРЭЛ