Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 182/ШШ2024/01062

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  Ф ББСБ ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Х-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 38,392,272 төгрөг гаргуулах тухай

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Баттөмөр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан, хариуцагч С.Х- шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь хариуцагч С.Х-д холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 38,392,272 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Ф ХХК шүүхэд болон төлөөлөгч Д.Баасандорж шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Х- нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр FX/2020/91 дугаар зээлийн гэрээ байгуулж 19.200,000 төгрөгийг нэг сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч нь зээл авсан цагаас хойш үндсэн зээлд 1,047,814 төгрөг, зээлийн хүү 1,398,425 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 115,761 төгрөг төлсөн. 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,336,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,628,834 төгрөг нийт 38,308,572 төгрөгийг төлөхөөр байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д "Зээлдэгч А.Мөнхбаяр нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ", мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” бөгөөд үндсэн зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,336,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,628,834 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 38,396,272 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Одоо нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,888,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,267,497 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 38,396,272 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.

 

2.Хариуцагч С.Х- шүүхэд гаргасан  хариу тайлбартаа: С.Х- нь хэн нэгэн этгээдээс автомашин  худалдан аваагүй бөгөөд тус ББСБ-аас бодитоор зээл аваагүй. Мөн зээлийн гэрээний дагуу дансанд мөнгө орж ирээгүй. ** улсын дугаартай автомашиныг нэг ч удаа харж байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нотлох баримт ирсэн үед дэлгэрэнгүй тайлбар гаргах боломжтой гэжээ.  

 

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэл, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 28ё1-3/4812 дугаар албан бичиг, Техникийн тодорхойлолт, Зээл хүсэгчийн өргөдөл, Зээлийн дэлгэрэнгүй мэдээлэл, Мэдэгдэх хуудас, Зээлдэгчийн бүртгэл /тооцоолол/, Худалдах худалдан авах гэрээ, зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ, Ф ББСБ ХХК-ийн Зээлийн үйл ажиллагааны журам, ХХБ-ны дансны  хуулга, нэхэмжлэх, Оршин суух хаягийн тодорхойлолт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02776 дугаар шийдвэр, Худалдах худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/, итгэмжлэл, Худалдаа хөгжлийн Хаан банкны депозит  дансны  дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг,

Хариуцагчаас нотлох баримтаар хариу тайлбар, итгэмжлэл, Хаан банкны депозит  дансны  дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтыг шүүхэд өгсөн.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас гэрч Б.Бат-Эрдэнэ, С.Х- нарын мэдүүлэг, Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг бүрдүүлсэн  байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь хариуцагч С.Х-д холбогдуулж талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан FX/2020/91 дугаар Суудлын автомашин худалдан авах зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,336,976 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,628,834 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 38,396,272 төгрөг нийт 38,392,272 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,888,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,267,497 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 38,396,272 төгрөг гаргуулахаар тодруулж, дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Талуудын хооронд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан FX/2020/91 дугаар Суудлын автомашин худалдан авах зээлийн гэрээний үүргээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

5.Хариуцагч С.Х- нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: хэн нэгэн этгээдээс автомашин худалдан аваагүй бөгөөд тус байгууллагаас бодитоор зээл аваагүй. Мөн зээлийн гэрээний дагуу дансанд мөнгө орж ирээгүй. ** улсын дугаартай автомашиныг  нэг ч удаа харж байгаагүй” гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр С.Х- нь Ө.Батцэнгэлтэй Toyota crown маркийн, сувдан цагаан өнгөтэй, 2013 онд үйлдвэрлэсэн, суудлын зориулалттай, тээврийн хэрэгслийг 32,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож Худалдах худалдан авах гэрээ /тээврийн хэрэгсэл/ байгуулсан байх ба Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, Ө.Батцэнгэлээс Ш.Цолмонд олгосон итгэмжлэл, Ш.Цолмон, С.Х- нарын иргэний үнэмлэхний хуулбар, Худалдаа хөгжлийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтаар хариуцагч С.Х-ы “хэн нэгэн этгээдээс автомашин худалдан аваагүй” гэх тайлбар үгүйсгэгдэж байна. /хх-ийн 69, 83-84 тал/  

 

7.Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК нь зээлдэгч С.Х-тай  2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр FX/2020/91 дугаар зээлийн гэрээ, Үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулж 19.200,000 төгрөгийг нэг сарын 2,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, суудлын автомашин худалдан авах зориулалттай зээл олгох, зээлдэгч С.Х- нь зээлийн эргэн төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota crown маркийн ** улсын дугаартай, суудлын авмомашин эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээний дагуу зээлдүүлэгчийн нэр дээр өмчлөх эрхийг шилжүүлэх нөхцөлтэй, хугацаа хэтэрсэн нөхцөлд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр талууд харилцан тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.  /хх-ийн 13-16 тал/

 

8.Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр FX/2020/91 дугаар Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци) гэрээгээр Toyota crown маркийн ** улсын дугаартай, 19,000,000 төгрөгийн үнэтэй, суудлын авмомашиныг Ф ББСБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөлдөө шилжүүлэн авсан эд хөрөнгийг бодитоор үүрэг гүйцэтгэгчээс гаргуулан авахаар харилцан тохиролцож Toyota crown маркийн тээврийн хэрэгслийг Ф ББСБ ХХК-ийн эзэмшилд бүртгэсэн болох нь талуудын тайлбар, тээврийн хэрэгслийн 02721430 дугаартай гэрчилгээ, дэлгэрэнгүй мэдээлэлээр тогтоогдож байна. /хх-ийн 19-21 тал/

 

9.Талууд 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр FX/2020/91 дугаар зээлийн гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдөр FX/2020/91 дугаар Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх (Фидуци) гэрээгээр Ф ББСБ ХХК нь гэрээнд заасан мөнгийг шилжүүлэх, зээлдэгч С.Х- нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүү төлөх үүрэг хүлээж, гэрээг бичгээр байгуулж талууд гарын үсэг зурсан байх тул зохигчдын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаас зээл олгох гэрээний харилцаа үүссэн, Зээлийн болон барьцааны гэрээ, Эд хөрөнгө эзэмшил, өмчлөлд шилжүүлэх гэрээ (Фидуци) гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр гэрээ  байгуулагдсан гэж үзнэ.

 

10.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэсэн хуулийн дээрх зохицуулалтад нийцсэн байна.

 

11.Хариуцагч С.Х- нэхэмжлэлийг эс зөвшөөрч хэн нэгэн этгээдээс автомашин худалдан аваагүй бөгөөд тус байгууллагаас бодитоор зээл аваагү, мөн зээлийн гэрээний дагуу түүний дансанд мөнгө орж ирээгүй” гэх тайлбар гарган маргаж, нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зээлийн гэрээний 2.5-д “Зээлийг олгох хэлбэрт зээлдэгч тухайн худалдан авах автомашины борлуулагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд заасан автомашины үнийн дагуу борлуулагчийн Худалдаа хөгжлийн банк дахь 464020461 дугаартай харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлснээр зээлийг олгосонд тооцно” гэж заасны дагуу манай байгууллагаас уг зээлийг борлуулагчийн данс руу шилжүүлсэн гэж тайлбарлав.

 

12.Зээлдэгч С.Х- нь зээлийн гэрээний хугацаанд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 2,562,000 төгрөг төлж, зээлийн гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дууссан болох нь дансны хуулгууд, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, талуудын тайлбараар тогтоогдсон гэж үзнэ.

 

13.Зээлдэгч С.Х- нь 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн  байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,888,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,267,497 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 38,396,272 төгрөг төлөөгүй байх бөгөөд хариуцагч энэ тооцоололд маргаагүй.

 

14.Хэрэгт авагдсан 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн FX/2020/91 дугаар зээлийн гэрээ, Зээлдэгчийн бүртгэл /тооцоолол/, Эргэн төлөлтийн хуваарь зэргээс үзэхэд зээлдэгч нь 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр  хүртэл гэрээнд заасан  үндсэн зээл 19,200,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 10,132,335 төгрөгийг буцаан төлөх, зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, төлөх үүрэгтэй байна. /хх-ийн 17 тал/

 

15.Нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн Зээлдэгчийн бүртгэл /тооцоолол/-ийг  нягтлан үзэхэд “зээлдэгч С.Х- зээл авсан 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс  хойш үндсэн зээлд 1,047,814 төгрөг, зээлийн хүү 1,398,425 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 115,761 төгрөг нийт 2,562,000 төгрөг төлж, үлдэх зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,888,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,267,497 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 38,396,272 төгрөгийн үлдэгдэлтэй” гэх тооццооллыг үндэслэлтэй тооцсон гэж үзэхээр байна.

 

16.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2023/02776 дугаар шийдвэрт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Улсын төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэсэн байх тул Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөгийг шаардах эрхтэй.

 

17.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.2 дахь хэсэгт “Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зохицуулсан.

 

18.Хариуцагч С.Х-аас зээлийн үлдэгдэл 18,152,186 төгрөг, зээлийн хүү 16,888,889 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,267,497 төгрөг, эрэн сурвалжилсан 70,200 төгрөг, нотариатын зардал 17,500 төгрөг, нийт 38,396,272 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф ББСБ ХХК-д олгох үндэстэй.

 

19.Шүүх 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд хариуцагч С.Х- итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзаж өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлт  бичгээр гаргасан тул тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШЗ2024/03850 дугаар шүүгчийн захирамжаар “...хариуцагч С.Х- нь Т.Ган-Эрдэнэд олгосон итгэмжлэлээс татгалзаж, өөрөө биечлэн оролцоно гэж тайлбарлаж байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.2 дахь заалтад зааснаар төлөөлүүлэгч нь өөрийн олгосон бүрэн эрхийг хүчингүй болгосон гэж үзэж түүнд боломжит хугацаа олгож” шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хянан шийдвэрлэв.

 

19.Мөн хариуцагчийн хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Ф ББСБ ХХК-ийн гомдлоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 210900292 дугаартай хэргээс холбогдох материалуудыг бүрдүүлсэн боловч уг хэрэг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Прокурорын 3734 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  /хх-ийн 126-127 тал/

 

20.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,931 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 349,931 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Х-аас 38,308,572 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ф ББСБ ХХКолгосугай.  

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 349,931 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 349,931 төгрөгийг гаргуулж Ф ББСБ ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Н.НАРАНГЭРЭЛ