Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 137

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Э.Болор,

Хохирогч Д.А, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,

Шүүгдэгч Л.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Л.Ж-д холбогдох эрүүгийн 201710010154 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 9, ээж, эгч, ах, дүү нарын хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х овогт Л.Ж,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Ж нь 2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн нярвын өрөө буюу агуулах саванд нэвтэрч 6,106,980 төгрөг, БНХАУ-ын мөнгө болох 926 юанийг хулгайлж иргэн Д.А-д нийт 6,421,820 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Л.Ж-н мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2017 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 09:00 цагийн орчимд Замын-Үүд сумын 1-р баг дэлгүүр дээр ажилдаа ирсэн юм. Ажил дээрээ байх хугацаандаа нярав Г.Н намайг болон манай нөгөө манаач болох С ах бид 2-ыг доошоо агуулахаас бараа гаргая гээд дагуулан орж бараа зөөлгөсөн. Бараа зөөж байх хугацаанд нярав Г.Н үүдний хажуу талын ширээн дээр хавтас, хавтасны дээр скалад болон өрөөний түлхүүрээ тавьсан байсан ба хавтсаа авахдаа дээр нь байсан түлхүүрээ газар унагасан байхаар нь би мэдэгдэлгүй авсан. Тэгээд бид 3 түлхүүрээ хайсан ба түлхүүр надад байгаа талаар би хэлээгүй өөртөө авсан. Яагаад авсан гэхээр би нярав Г.Н-г дэлгүүрийн орлого авсан мөнгөтэй байгаа гэдгийг мэдээд орой ажил тарахаар өрөөнөөс нь хулгайлан авч өрөө дарах зорилготой байсан. Тэгээд би тэр өдөр өөрөө ээлжтэй байсан ба орой ажил тараад 23 цагийн орчимд кассан дээр үлдээсэн байсан коридорын түлхүүрийг нь авч дээшээ 3 давхар луу гарч Г.Н-н өрөөг өөрийнх нь түлхүүрээр онгойлгож цүнхэнд байсан орлогын мөнгийг хулгайлан авч гадагш хажуу талын хаалгаар гарч уурын зууханд байрлах өөрийнхөө өрөө рүүгээ орж өрөөнд байсан шуудайг авч мөнгийг нь хийж орныхоо гудсан доор нуугаад ажил руу буцаж орж кассны шургуулганд түлхүүрийг нь буцаан хийсэн. Тэгээд би шөнө 00:00 цагийн орчимд өрөөнд нуусан байсан орлогын мөнгийг авч гэрийнхээ гадаа байдаг багаж хийдэг амбаарт оруулан нуусан. Маргааш нь өдөр ажил дээр байж байгаад 13:00 цагийн орчимд бууж амарсан. Би хохирлыг төлж барагдуулсан. Учруулсан хохиролд маргах зүйл байхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 20/,

- Гэрч Г.Н-н мөрдөн байцаалтын шатанд: “...Би 2017 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 09:00 цагийн орчимд ажилдаа ирээд дэлгүүрийн 3 дугаар давхарт байх ажлын албан өрөөндөө орчихоод эргэж гарч ирээд С, Л.Ж нарыг дагуулаад доор агуулах руу орсон. Тэгээд бараагаа гаргах хооронд захирал Д.А залгаад орлогоо авъя гэсэн. Тэгээд би агуулахаасаа гарах гэсэн чинь буцаад түлхүүрээ олохгүй болчихсон. Уг нь би түлхүүрээрээ нээгээд дотогш орсон юм. Тэгээд барааны энд тэнд шургаад ойчоод алга болчихлоо гэж бодсон. Тэгээд агуулахаа зүгээр хаагаад орхичихоод захирал Д.А-д түлхүүрээ олдоггүй гэж хэлэхэд хаана тавьсан юм бэ? гээд хамт хайлцаж байгаад гараад явсан. Тэр түлхүүр нь дотроо 2 ширхэг агуулахын түлхүүр, миний өрөө буюу нярвын өрөөний түлхүүр байсан. Тэгээд би захирал Д.А-с нярвын өрөөний буюу өөрийнхөө өрөөний нэг нөөц түлхүүрийг авсан байсан. Тэгээд орой болоод дэлгүүрийн орлогыг 22:00 цагт 8 сая төгрөг тоолж аваад 3 дугаар давхарт байх өрөөндөө оруулаад ажлын шүүгээндээ хийгээд цоожлоогүй, өрөөнийхөө хаалгыг цоожлоод гэртээ харьсан. Маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед ирээд өрөөгөө түлхүүрээрээ нээж онгойлгоод хар өнгийн битүү тортой мөнгөө бариад захирлын өрөө рүү ороод мөнгөө гаргаж ирсэн чинь бүхэл мөнгөн дэвгэртүүд нь байхгүй, задгай мөнгөнүүд нь үлдчихсэн байсан. Тэгээд би захиралд хандан бүхэл мөнгө нь байхгүй байна гэсэн чинь захирал Д.А нь юу яриад байгаа юм бэ? гэсэн тэгээд асуудал үүсээд камерын бичлэг үзсэн чинь тэр шөнө ээлжтэй хоносон манаач Л.Ж нь 3 давхрын голын хаалганы түлхүүрийг касснаас аваад нилээд удаж байгаад эргүүлээд хийж байгаа, мөн гадагш гарахдаа халаас нь түнтийсэн байдалтай гарч яваа бичлэг харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10/,

- Хохирогч Д.А-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би “И” ХХК-ийн захирал ажилтай бөгөөд Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр, Тамхи Со-ийн гэрээт дэлгүүрүүдийг ажиллуулдаг юм. Тухайн дэлгүүрүүдийн орлогыг худалдагч нараас орой бүр авдаг бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн орлогыг манай нярав Г.Н авсан. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 09:30 минутын орчимд ажил дээрээ ирээд дэлгүүрт манай нярав Г.Н нь ажлын өрөө, агуулахын түлхүүрээ олохгүй байна гэж байсан. Тэгээд би сайн эрээд хэрэв олохгүй бол нөөц түлхүүр өгье гэж хэлээд гарсан. Түүнээс хойш 20-оод минутын дараа Г.Н түлхүүрээ олохгүй байна гээд надаас нөөц түлхүүр авсан. Тэгээд агуулахаа цоожилчихоод өрөө рүүгээ ороод 21-ний өдрийн орлогоо хар өнгийн савхин тортой, дотор нь кассын 2 ширхэг дэвтэр, мөнгө нь хар гялгар ууттай байсан. Г.Н нь надад авч ирж өгөхөд 1000-таас доош дэвгэртүүдээс бүрдсэн багцаагаар 200 мянга орчим төгрөг байсан байх. Бусад мөнгө нь дутуу байсан. Би Г.Н-с орлогын хэдэн төгрөг байсан, яагаад дутуу байгаа талаар асуухад ямар сонин юм бэ? гээд худалдагч нар руу утасдаад мөнгө байдаггүй гээд байсан. Тэгээд тэр өдөр камер шүүхэд Л.Ж-с авсан нь тодорхой болсон. Хохирол төлбөрийг бүрэн авсан, гомдол санал байхгүй. Орлого зарлага бичдэг хар дэвтрээсээ харж хохирлоо тооцож гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7/,

- Л.Ж-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 27-28/,

- Улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/,

- Арилжааны банкны лавлагаа /хх-ийн 31-35/,

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 3-4/,

- Орон байранд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 36/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: Шүүгдэгч Л.Ж нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн манаачаар ажилладаг бөгөөд 2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих ажилласан. Өдөр нь агуулахаас бараа зөөхдөө нярав Г.Н-н өрөөний болон агуулахын түлхүүрийг авч шөнө нь нярав Г.Н-н өрөөнд орж бэлэн мөнгө болон БНХАУ-ын мөнгө болох юанийг авсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Л.Ж-г 2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн нярвын өрөө буюу агуулах саванд нэвтэрч 6,106,980 төгрөг, БНХАУ-ын мөнгө болох 926 юанийг хулгайлж иргэн Д.А-д нийт 6,421,820 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

Шүүгдэгч Л.Ж нь 2017 оны 06 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт үйл ажиллагаа явуулдаг дэлгүүрийн нярвын өрөө буюу агуулах саванд нэвтэрч 6,106,980 төгрөг, БНХАУ-ын мөнгө болох 926 юанийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.А-н “...манай нярав Г.Н нь ажлын өрөө, агуулахын түлхүүрээ олохгүй байна гэж байсан. Тэгээд би сайн эрээд хэрэв олохгүй бол нөөц түлхүүр өгье гэж хэлээд гарсан. Түүнээс хойш 20-оод минутын дараа Г.Н түлхүүрээ олохгүй байна гээд надаас нөөц түлхүүр авсан... хар өнгийн савхин тортой, дотор нь кассын 2 ширхэг дэвтэр, мөнгө нь хар гялгар ууттай байсан. Г.Н нь надад авч ирж өгөхөд 1000-таас доош дэвгэртүүдээс бүрдсэн багцаагаар 200 мянга орчим төгрөг байсан байх. Бусад мөнгө нь дутуу байсан. Би Г.Н-с орлогын хэдэн төгрөг байсан, яагаад дутуу байгаа талаар асуухад ямар сонин юм бэ? гээд худалдагч нар руу утасдаад мөнгө байдаггүй гээд байсан. Тэгээд тэр өдөр камер шүүхэд Л.Ж авсан нь тодорхой болсон...” гэсэн, гэрч Г.Н-н “...С, Л.Ж нарыг дагуулаад доор агуулах руу орсон. Тэгээд бараагаа гаргах хооронд захирал Д.А залгаад орлогоо авъя гэсэн. Тэгээд би агуулахаасаа гарах гэсэн чинь буцаад түлхүүрээ олохгүй болчихсон... би захирал Д.А-с нярвын өрөөний буюу өөрийнхөө өрөөний нэг нөөц түлхүүрийг авсан байсан. Тэгээд орой болоод дэлгүүрийн орлогыг 22:00 цагт 8 сая төгрөг тоолж аваад 3 дугаар давхарт байх өрөөндөө оруулаад ажлын шүүгээндээ хийгээд цоожлоогүй, өрөөнийхөө хаалгыг цоожлоод гэртээ харьсан. Маргааш нь буюу 2017 оны 06 дугаар сарын 22-ны өглөө 09 цагийн үед ирээд өрөөгөө түлхүүрээрээ нээж онгойлгоод хар өнгийн битүү тортой мөнгөө бариад захирлын өрөө рүү ороод мөнгөө гаргаж ирсэн чинь бүхэл мөнгөн дэвсгэртүүд нь байхгүй, задгай мөнгөнүүд нь үлдчихсэн байсан...камерын бичлэг үзсэн чинь тэр шөнө ээлжтэй хоносон манаач Л.Ж нь 3 давхрын голын хаалганы түлхүүрийг касснаас аваад нилээд удаж байгаад эргүүлээд хийж байгаа, мөн гадагш гарахдаа халаас нь түнтийсэн байдалтай гарч яваа бичлэг харагдаж байсан...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар “… гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Л.Ж-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлснээр гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Ж-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Л.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Л.Ж-г бусдын агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар Х овогт Л.Ж-д эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр, 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Л.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Л.Ж-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.

6.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ж-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ