Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 182/ШШ2024/01256

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  ******* ХХК йн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ******* ******* ХХК -нд холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг, алданги 350,022,277  төгрөг, нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.*******,

Хариуцагчийн өмгөөлөгч А.*******,

Гэрч Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг, алданги 350,022,277 төгрөг, нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан 60/22 тоот гэрээг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулан хамтран ажиллаж, гэрээний дагуу худалдан авагч талд шатахуун нийлүүлсэн. Тус 60/22 тоот гэрээний 4 дүгээр зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу худалдагч, худалдан авагч талууд нь сар бүрийн 15, 30-ны өдөр тооцоо нийлж төлбөр төлөгчид хүргүүлэхээр, 4.9 дэх хэсэгт төлбөр төлөгч тал нь шатахууны үнийг тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 2 хоногт багтаан манай компанийн арилжааны банкан дахь дансанд шилжүүлэхээр заасан. 2022 оны 08 дугаар сард нийт төлбөр төлөгдөж дуусах ёстой байсан боловч өнөөдрийн байдлаар бүрэн төлж барагдуулаагүй байна. Иймд 60/22 тоот гэрээний үлдэгдэл 700,004,554 төгрөгөөс энэхүү гэрээний 5.1 дэх хэсэгт гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хугацаа хэтрүүлсэн алдангийг тооцон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүргэж зогсооход алданги 350,022,277 төгрөг, нийт 1,050,006,831 төгрөг болсон. Хариуцагч ******* ******* ХХК нь 700,004,554 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаас дээрх дүнгээр татгалзаж, алданги 350,022,277 төгрөгийг гаргуулна гэв.

 

2.Хариуцагч ******* ******* ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч С.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Засгийн газраас эрх олгосны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газартай 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээний дагуу Зүүнбаян-Ханги чиглэлд 226,9 км урттай төмөр замыг 2022 онд барьж гүйцэтгэсэн. ******* ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр ХА-22/08-01, 60/22 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу ******* ХХК нь төмөр замын барилгын ажил гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газарт захиалсан дизелийн түлш, автобензин, тос тосолгооны материалыг ажлын талбайд хүргэж нийлүүлэх, уг шатахууны үнийг манай ******* ******* ХХК-иас төлөх үүргийг хүлээж байсан. Нэхэмжлэгчээс нэхэмжилсэн алданги гэрээний худалдан авагч тал болох Зэвсэгт хүчний Барилга, инженерийн цэргийн удирдах газартай тооцоо нийлэх ажил удааширсан, худалдагч тал болох ******* ХХК нь шатахуун нийлүүлэх явцдаа гэрээний 2.1, 3.1 дэх заалтад заасан захиалсан шатахууныг тогтоосон цагт захиалгын дагуу тасралтгүй нийлүүлэх үүргээ биелүүлээгүй зэрэг үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээний дагуу нийлүүлсэн шатахууны төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлж байсан. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр харилцан тооцоо нийлж үлдэгдэл 700,004,554 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-д бүрэн төлж барагдуулсан гэв.

 

3.Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан 60/22 тоот гэрээ, гэрээний хавсралт,  Гурвалсан гэрээний дагуу авсан шатахууны тооцоо, ******* ХХК-ний 1198/23 тоот албан бичиг, Тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, Тооцоо нийлсэн актууд /хх-ийн 65-249 тал, 2 дугаар хх-ийн 1-38 тал/ зэрэг баримтыг,

Хариуцагчаас шүүхэд нотлох баримтаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Г/09, ХАБ-2205 тоот гурвалсан гэрээ, гэрээний хавсралт, газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Г/09, ХАБ-2205 тоот гурвалсан гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  700,004,554 төгрөг шилжүүлсэн Төлбөрийн баримт, хариу тайлбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

4.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг, алданги 350,022,277 төгрөг, нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Гэрээний үүргээ биелүүлээгүй тул үлдэгдэл төлбөрөө, гэрээний 5.1 дэх хэсэгт зааснаар алданги шаардах эрхтэй гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан 60/22 тоот гэрээний 4.9.Төлбөр төлөгч тал нь Худалдан авагчийн авсан шатахууны үнийг тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 2 хоногт төлнө гэж тохиролцсон. 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр харилцан тооцоо нийлж үлдэгдэл 700,004,554 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-д бүрэн төлж барагдуулсан бөгөөд 9 хоногийн хугацаа байгаа тул алданги 350,022,277 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан 60/22 тоот гэрээ, гэрээний хавсралт,  Гурвалсан гэрээний дагуу авсан шатахууны тооцоо, ******* ХХК-ний 1198/23 тоот албан бичиг, Тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэх, Тооцоо нийлсэн актууд /хх-ийн 65-249 тал, 2 дугаар хх-ийн 1-38 тал/, Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Г/09, ХАБ-2205 тоот гурвалсан гэрээ, гэрээний хавсралт, газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Г/09, ХАБ-2205 тоот гурвалсан гэрээний нэмэлт өөрчлөлт, 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн  700,004,554 төгрөг шилжүүлсэн Төлбөрийн баримт, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

 

7.Нэхэмжлэгч ******* ХХК нь Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газар, ******* ******* ХХК-тай 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан 60/22 тоот гэрээг байгуулжээ. Уг гэрээний 1.1.Энэхүү Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан гэрээг /цаашид гэрээ” гэх/, нэг талаас ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.- /цаашид “Худалдагч” гэх/, Гуравдагч талаас ******* ******* ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц: /цаашид “төлбөр төлөгч”, хамтад нь /талууд/ гэхээр харилцан тохиролцож байгуулав. 1.2.Гэрээгээр худалдагчаас худалдан авагчид чанар стандартын шаардлагыг хангасан Газрын тосны бүтээгдэхүүн болох шатахуун /цаашид дизелийн түлш, Автобензин, тос тосолгооны материал” гэх/-ийг нийлүүлэх, худалдан авагчаас шатахууны захиалга өгөх, Гуравдагч талаас үнийг төлөхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулна” гэж тодорхойлжээ.

 

8.Дээрх гэрээний 2.1.Худалдагч нь худалдан авагчийн заасан хаяг буюу Зүүн баян-Ханги чиглэлийн төмөр замын төсөл хэрэгжиж буй Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг, төмөр замын трассын дагуу ПК:173+300-ПК:226+300 хооронд байрлах худалдан авагчийн кемпед хүргэх ба худалдан авагчийн захиалгын дагуу Улаанбаатар хот болон бусад орон нутгийн шатахуун түгээх станцуудаас шатахууныг хангана, 3.3.Худалдан авагчтай харилцан тохиролцсоны дагуу гэрээнд заасан нэр төрөл хэмжээ бүхий шатахууныг тогтоосон хугацаанд нийлүүлэх үүрэгтэй, 3.12. худалдан авагч тал төлбөрийн нэхэмжлэхийг Худалдагч талтай тооцоо нийлж баталгаажуулсан актын хамт үйлдсэнээс хойш ажлын 3-аас доошгүй хоногийн дотор  төлбөр төлөгч талд ирүүлнэ, 3.17.Санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн худалдан авагчаас Худалдагчид төлөх мөнгөн төлбөрийн үүргийг энэ гэрээнд заасан хугацаанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алдангийг төлөх үүрэгтэй, 4.9.Төлбөр төлөгч тал нь Худалдан авагчийн авсан шатахууны үнийг тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 2 хоногт дансаар төлнө гэж  харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалттай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн12-19 тал/

 

9.Талуудын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “гурвалсан гэрээний дагуу авсан шатахууны тооцоо”-ны баримтаар Зэвсэгт хүчний БИЦУГазарт төлсөн төлбөр174,905,023 төгрөг, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид төлсөн төлбөр 1,615,534,157 төгрөг, эцсийн үлдэгдэл 700,004,554 төгрөг, Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид төлсөн төлбөр 2,741,685,180 төгрөг, Зэвсэгт хүчний 342 дугаар ангид төлсөн төлбөр 1,936,065,212 төгрөг, Би энд юу майн ХХК-д төлсөн төлбөр 559,714,480 төгрөг, Мотор сервис ХХК-д төлсөн төлбөр 391,872,260 төгрөг, Хос мөнгөн жолоо ХХК-д төлсөн төлбөр 468,710,520 төгрөг, Мотор сервис ХХК-д төлсөн төлбөр 391,872,260 төгрөг,  Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид төлсөн төлбөр 202,762,427 төгрөг, Зэвсэгт хүчний 110 дугаар ангид төлсөн төлбөр 238,601,459 төгрөг, Хушингарын навч ХХК-д төлсөн төлбөр 70,998,497 төгрөг, Хөтөлмөнхийн зул ХХК-д төлсөн төлбөр 32,198,015 төгрөг, Зэвсэгт хүчний 7781 дугаар ангид төлсөн төлбөр 25,674,769 төгрөг, Мөнхийн тод харгуй ХХК-д төлсөн төлбөр 110,721,814 төгрөг, Гангүүр ХХК-д төлсөн төлбөр 138,801,500 төгрөг, Эл Эс рэйлвэй ХХК-д төлсөн төлбөр 127,507,715 төгрөг, Тэргүүн саруул зам ХХК-д төлсөн төлбөр 126,870,560 төгрөг, Ургамал баян уул ХХК-д төлсөн төлбөр 77,953,254 төгрөг, Сэрүүн сэлбэ индустриал ХХК-д төлсөн төлбөр 204,215,817 төгрөг, Ихбогдзам ХХК-д төлсөн төлбөр 145,287,360 төгрөгийн төлбөр төлөгдсөн байх ба Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид төлсөн төлбөр 1,615,534,157 төгрөг, эцсийн үлдэгдэл 700,004,554  төгрөгийн төлбөр төлөгдөөгүй тооцоо гарсан бөгөөд талууд дээрх тооцоололд маргаагүй. /хх-ийн 20 тал/

 

10.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд бичгээр “Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-иас үлдсэн төлбөр 700,004,554 төгрөг, алданги 350,022,277 төгрөг нийт 1,050,006,831 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 700,004,554 төгрөгийг шүүхийн шатанд барагдуулсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас дээрх дүнгээр татгалзаж үлдэх  350,022,277  төгрөгийг нэхэмжилж байна” гэх тайлбар ирүүлсэн. /2 дугаар хх-ийн 60 тал/

 

11.Талуудын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан гурвалсан гэрээний дагуу авсан шатахууныг тооцоо нийлж, хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* ХХК-д 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  700,004,554 төгрөг шилжүүлсэн болох нь Төлбөрийн баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 20 тал, 2 дугаар хх-ийн 47 тал/

 

12.Хариуцагч ******* ******* ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гурвалсан 60/22 тоот гэрээний 4.9-д “Төлбөр төлөгч тал нь Худалдан авагчийн авсан шатахууны үнийг тооцоо нийлсэн өдрөөс хойш ажлын 2 хоногт төлнө” гэж зааснаар 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр харилцан тооцоо нийлж үлдэгдэл 700,004,554 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ******* ХХК-д бүрэн төлж барагдуулсан бөгөөд 9 хоногийн хугацаа байгаа тул алданги 350,022,277 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэв.

 

13.Талууд  дээрх гэрээний 3.17 дахь хэсэгт зааснаар санхүүгийн анхан шатны баримтыг үндэслэн худалдан авагчаас Худалдагчид төлөх мөнгөн төлбөрийн үүргийг энэ гэрээнд заасан хугацаанд төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр алдангийг төлөх үүрэгтэй гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг заасан зохицуулалттай нийцжээ.

 

14.Нэхэмжлэгч ******* ХХК-иас ирүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “гурвалсан гэрээний дагуу авсан шатахууны тооцоо”-ны баримтаар талууд тооцоо нийлж акт үйлдэж гарын үсэг зурж, тамга тэмдэгээр /хх-ийн 20 тал/  баталгаажуулсан байх ба Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан байх тул төлбөр төлөгч ******* ******* ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл тогтоогдохгүй байна

 

15.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэл гаргаж, шүүх 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хариуцагч ******* ******* ХХК нь  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 700,004,554 төгрөгийг шүүхийн шатанд барагдуулсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэл муутай байна. Хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 700,004,554 төгрөг шилжүүлсэн “Төлбөрийн баримт”-ыг шүүхэд ирүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 700,004,554 төгрөгийг төлж барагдуулсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

16.Иймд хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох алданги 350,022,277 төгрөг, гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй. 

 

17.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,407,984.16 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй.

         

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 224 дүгээр зүйлийн 224.2.3 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох алданги 350,022,277 гэрээний үүрэгт 700,004,554 төгрөг нийт 1,050,006,831 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,407,984.16 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ