Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 182/ШШ2024/01275

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Мастермайнинг сервис ХХК -ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:  Богд банк ХК -д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага:  2021 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1009 дугаар Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөг гаргуулах тухай

 

           Шүүх хуралдааны оролцогчид:

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Мөнхзул, Ч.Ганзориг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Нармандах,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Мастермайнинг сервис ХХК нь хариуцагч Богд банк ХКхолбогдуулж 2021 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 

1.Нэхэмжлэгч Мастермайнинг сервис ХХК шүүхэд болон төлөөлөгч Ч.Мөнхзул, Ч.Ганзориг нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Богд банк ХК-тай зээлийн гэрээнүүдийг байгуулж, зээлийн мөнгөн төлбөрийн зарим хэсгийг авч ашигласан бөгөөд зээлийн гэрээнүүдийг байгуулсан цаг хугацаанд Ковид-19 цар тахал гарч, эдийн засаг хүндэрсэн боловч манай компанийн зүгээс зээлийн эргэн төлөлтийг хэвийн ангилалд хадгалах, хугацаандаа төлбөрийг төлөх тал дээр анхаарч ажилласаар ирсэн. Богд банк нь тооцох ёсгүй мөнгөн төлбөрийн үүргээс их хэмжээний хүүг тооцсоор өнөөдрийг хүрсэн. Тухайлбал, зарим үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулах байдлаар бид хугацаа хэтэрч, муу ангилалд шилжээд байсан. Зээлийн гэрээний мөнгөн төлбөрийн үүргээ бүхэлд нь барагдуулсан боловч банк тухайн зээлийн үндсэн төлбөрийн үүргээс хасалт хийлгүйгээр хугацаа дуусаагүй, хэвийн ангилалтай, илүү бага хүүтэй зээлийг  зөвшөөрөл авалгүйгээр хаах, зээлийн төлбөрийг бодитоор шилжүүлэхгүйгээр зээлийг зээлээр хаасан дүр үзүүлсэн гэрээг хийж, хүүгээс хүү тооцох замаар зээлдэгчид илтэд хохироогоод зогссонгүй зээлийн тооцооллууд дээр ойлгомжгүй байдлуудыг үүсгээд байна. Богд банк ХК-д үндсэн зээл болон үлдэгдэл хүүгийн талаар мэдээлэл авахаар удаа дараа хандсаар ирсэн боловч огт хариу ирүүлдэггүй. Энэ нь Зээлийн гэрээний 4-р зүйлийн 4.3.2 дахь хэсэгт "Зээлтэй холбоотой аливаа төлбөр, тооцоо бүртгэлийг үнэн зөв гүйцэтгэж, зээлийн журам, хүүгийн талаарх мэдээлэл болон зээлдэгч шаардсан нөхцөлд зээлийн дансны хуулгаар хангах", 4-р зүйлийн 4.3.4 дахь хэсэгт "Банк нь зээлдэгчид өөрийн дотоодод мөрдөгддөг журмын дагуу Банкны ерөнхий нөхцөлийг баримтлан соёлч боловсон, чирэгдэлгүй үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй" гэж заасан үүргээ банк зөрчиж байгаа үйлдэл юм. Богд банк нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.1, 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно” зэрэг зохицуулалтаас харвал Зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө Зээлдэгчийн дансанд шилжин орж, Зээлдэгч зээлийн данснаас зээлээ авч ашигласнаар зээл олгогдсонд тооцохоор байна. Түүнчлэн, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21.1-д “Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно" гэж заажээ. Гэтэл Богд банк нь Зээлийн гэрээнүүдэд заасан мөнгөн төлбөр шилжүүлэх үүргээ бүрэн гүйцэтгэхгүйгээр, манайхаас ямар нэгэн зөвшөөрөл, хүсэлт авалгүйгээр өмнө нь байгуулсан Зээлийн гэрээг шинээр байгуулсан Зээлийн гэрээний мөнгөн төлбөрөөр хааж, илүү өндөр үнийн дүнтэй зээлээс хүүг тооцсон. Мастермайнинг сервис ХХК нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгө оруулалтын зориулалттай 2,5 тэрбум төгрөгийн зээлийг авахаар ЗГ/792 дугаар Зээлийн гэрээ Богд банктай байгуулсан боловч тухайн зээлийн гэрээний дагуу мөнгийг олгоогүй, үүнээс 604,7 сая төгрөгийг суутган авч өмнөх 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Зээлийн гэрээг ЗГ/682 дугаартай шууд хаасан байна. Зээлдэгч болох манай компанийн зүгээс энэ талаар огт хүсэлт гаргаагүй байхад, ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр өмнөх зээлийг хаасан. Хэдийгээр үлдэгдэл 1,9 тэрбум төгрөгийг манай компани авч ашигласан боловч Зээлийн гэрээний үндсэн төлбөр болох 2,5 тэрбум төгрөгөөс тогтмол хүүг тооцсоор ирсэн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Зээлийн гэрээ ЗГ1009 дагуу хөрөнгө оруулалтын зориулалтаар 3 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор гэрээ байгуулсан боловч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийн ихэнхийг зээлдэгчид шилжүүлээгүй, дээрх 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний ЗГ792 дугаартай төлбөр болох 2,5 тэрбум төгрөгийг шууд суутган авч 500 сая төгрөгийг зээлдэгчид шилжүүлж 3 тэрбум төгрөгөөс хүү тооцсоор ирсэн нь ойлгомжгүй юм. Өөрөөр хэлбэл ашиглаагүй 2,5 тэрбум төгрөгөөс хүү тооцсон нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч нь ижил төрлийн хэд хэдэн үүргийн гүйцэтгэлийг хангах үүрэгтэй бөгөөд үүргийн гүйцэтгэл нь бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол үүрэг гүйцэтгэгч аль нэг үүргийг сонгож гүйцэтгэх эрхтэй. Үүрэг гүйцэтгэгч ийм сонголт хийгээгүй бол төлбөрийн хугацаа болсон өрийг тэргүүн ээлжид төлүүлнэ” гэж, мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт “Хэд хэдэн өрийг төлөх хугацаа нэгэн зэрэг болсон тохиолдолд гүйцэтгэхэд илүү хүнд нөхцөлтэй шаардлагыг тэргүүн ээлжид гүйцэтгэнэ” гэж заасныг ноцтой зөрчсөн. Мастермайнинг сервис ХХК 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ791 дугаартай Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, хөрөнгө оруулалтын зориулалтаар 4 тэрбум төгрөгийг Богд банкнаас авсан боловч Ковид-19 цар тахлын улмаас зээлийн төлөлтийг хугацааг 353 хоногоор хожимдуулж, муу зээлийн ангилалд шилжээд байсан. Зээлдүүлэгч Богд банк манай компаниас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр дансанд байсан 200 сая төгрөгийг шууд татан авч Зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасаж 3,8 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болгосон. Манай компани өөрийн Үл хөдлөх хөрөнгөө 3 тэрбум 950 сая төгрөгөөр худалдан борлуулж, тухайн зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 3,8 тэрбум төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, үлдэгдлийг зээлийн хүүгээс хассан тул энэ зээлийн гэрээний үндсэн мөнгөн төлбөрийн үүрэг дуусгавар болсон гэж ойлгосон. Мастермайнинг сервис ХХК компанийн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулж байгаа тул Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан төлбөрийг компанийн дансанд шилжүүлэн авч, компанийн зөвшөөрлийн дагуу зээлийн төлбөрийг хаах байсан боловч тийм үйлдлийг огт хийлгүүлэхгүйгээр Богд банк худалдан авагчаас төлбөрийг шууд татаж авсан байна. Гэтэл зээлдэгчээс зөвшөөрөл авалгүйгээр, ямар нэгэн санал сонсохгүйгээр Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсан төлбөрөөр хэвийн төлөлттэй явж байсан жилийн 10,5 хувийн бага хүүтэй, хугацаа нь дуусаагүй 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн ЗГ/1009 дугаартай 3 тэрбум төгрөгийн зээлийг шууд хаасан байна. Ингээд муу зээлийн ангилалтай, жилийн 18 хувийн хүүтэй, 4 тэрбум төгрөгийн зээлийг үлдээж, үлдэгдэл 3,8 тэрбум төгрөгөөс 2022 оны 07 дугаар сарын 29-ны өдрөөс хойш хүү тооцсон. Мөн Зээлийн гэрээг талууд байгуулсан боловч бодит байдал дээр зарим Зээлийн гэрээнүүд нь дүр үзүүлсэн хэлцлийн шинжийг агуулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/682 дугаар Зээлийн гэрээг байгуулж, 600 сая төгрөгийн зээлийг Мастермайнинг сервис ХХК авч ашиглаж эхэлсэн. Гэтэл энэ 600 сая төгрөгийн зээлийг хааж, дуусгавар болгох банкны чанаргүй зээлийн ангиллыг хэвийн хадгалахаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ792 дугаартай Зээлийн гэрээг байгуулж 2,5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод, үүнээсээ өмнөх 600 сая төгрөгийн зээлийг хүүгийн хамт хаасан. Үүний дараагаар тус 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ1009 дугаартай 3 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээг байгуулсан боловч түүнээсээ 2,5 тэрбум төгрөгийг шууд татан авч, өмнөх зээлийн хаасан байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл Богд банк нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ792 дугаартай 2,5 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээ, мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ1009 дугаартай 3 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээг байгуулахдаа Зээлийн гэрээнд заасан зээл олгох зорилгогүй, өөрийн чанаргүй зээлийн ангиллыг хэвийн хадгалах зорилготой, дүр үзүүлэн хийсэн хэлцлүүд байна. Тиймээс тус зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл юм. Талуудын хооронд байгуулагдсан дөрвөн гэрээн дээрх заалтууд ижилхэн, нэг агуулга, хэлбэртэй байгаа зэргээс харвал Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан Стандарт нөхцөл бүхий гэрээ болох нь тодорхой байна. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл" хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох талаар зохицуулсан. Зээлийн гэрээний 3.11-д “Зээлийн гэрээ байгуулсан боловч Зээлдэгч зээлээ хугацаанд нь авч ашиглаагүй буюу бүрэн ашиглаагүй тохиолдолд Банк ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй. Энэ нь гэрээний хугацааг болон зээлийн хүү, бусад нөхцөлийг өөрчлөх үндэс болохгүй ба үүргийн гүйцэтгэлээс зээлдэгчийг чөлөөлөхгүй" гэжээ. Энэхүү заалт нь Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" 21.1-д "Зээлийн хүүг зээлийг ашигласан хугацаагаар тооцно" гэж заасныг шууд зөрчсөн байна. Нөгөө талаас зээлийг ашигласан эсэхээс үл хамааран шууд хүү тооцох, хариуцлагаас чөлөөлөхгүй байхаар зохицуулж байгаа нь шударга ёсны зарчимд харш, Зээлдэгчид хохиролтой, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш үйлдэл бөгөөд өмнөх зээлийг шинээр авсан зээлээр хааж, өндөр үнийн дүнтэй Зээлийн гэрээнээс хүү тооцох, хүүгээс хүү тооцох, дүр үзүүлэн хийсэн Зээлийн гэрээгээ хамгаалах гэсэн зорилгыг анхнаасаа Богд банк агуулж байсан болохыг харуулж байна. Зээлийн гэрээний 3.15-д “Байгалийн гамшиг, гал, үер ус, газар хөдлөлт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хорио цээр тогтоох, тахал, дайн болон цэргийн үйл ажиллагаа зэрэг бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй” гэжээ. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй" гэж заасан боловч стандарт гэрээний заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт зааснаар харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой. Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор дээрх заалтыг Богд банкнаас Зээлийн гэрээндээ оруулахдаа зөвхөн зээлдэгчид хамааралтай байдлаар зохицуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Зээлийн гэрээний 4.2.12-д "Зээлдэгч зээлийн хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй байх" гэжээ. Энэ заалт нь Компанийн тухай хуулийн 3.3 дахь заалт, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасан Хувьцаа эзэмшигчийн ногдол ашиг авах эрх, мөн Компанийн тухай хуулийн 46-р зүйлд заасан хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхэд шууд халдсан шударга ёсны зарчим нийцэхгүй заалт байна. Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд Гэрээ цуцлах Зээлдүүлэгчийн эрхийг зохицуулсан боловч нөгөө талаас Зээлдэгчид ийм төрлийн эрх олгогдоогүй нь шударга ёсны зарчимд нийцэхгүй, цаашилбал 5.3.10-д “Гэрээ цуцлагдсан бол түүнээс үүдэн гарах хохирлыг банк хариуцахгүй" гэж заасан нь Иргэний хуулийн 225, 227-р зүйлүүдэд заасан гэрээ цуцлахтай холбоотой талуудад олгогдсон эрхийг хязгаарласан заалт болжээ. Зээлийн гэрээний 6.2.4-д "Энэхүү Гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зээлийн төлбөрийг төлүүлэхэд шаардагдах аливаа арга хэмжээ авна” гэж заасан нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 10.3-д "Хүнд хамаарах хаалттай мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрлөөр хуульд заасан зорилго, нөхцөл, журмын дагуу ашиглана” гэж заасныг зөрчсөн, нийтээр хүлээсэн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан зохицуулалт болжмон ээрх байдлаар Богд банк ХК нь манай Мастермайнинг сервис ХХК-тай байгуулсан дор дурдсан Зээлийн гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна. ЗГ792 дугаартай 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ (2,5 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан боловч өмнөх Зээлийн гэрээний төлбөр 600 сая төгрөгийг хүүгийн хамт суутган авсан. ЗГ1009 дугаартай 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан Зээлийн гэрээ 3 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээ байгуулсан боловч өмнөх Зээлийн гэрээний төлбөр 2,5 төгрөгийг хүүгийн хамт суутган авсан. ЗГ791 дугаартай 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан 4 тэрбумын Зээлийг Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах байдлаар бүрэн төлж барагдуулсан. Гэвч энэ Зээлийн гэрээг дуусгавар болгохгүйгээр, манай компаниас зөвшөөрөл авалгүйгээр, илүү дээр ангилалтай, дээрх ЗГ1009 дугаартай 3 тэрбум төгрөгийн зээлийг хаасны улмаас өнөөдрийн байдлаар манай компани нь “Богд банк” ХК-д ЗГ791 дугаартай 4 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээний дагуу үндсэн төлбөрийн үлдэгдэлд 2,672,953,383 төгрөг байна. Дээрх байдлаар үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсантай холбоотойгоор 4 тэрбум төгрөгийн зээлийг дуусгавар болгосноор ЗГ1009 дугаартай 3 тэрбум төгрөгийн зээл л ганцхан үлдэх учиртай. Гэвч тэрхүү ЗГ1009 дугаартай 3 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээ нь дээрх байдлаар хүчин төгөлдөр бус болох тул хүү төлөхөөргүй байна. Нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ792 дугаартай 2,5 тэрбум Зээлийн гэрээнд илүү төлсөн зээлийн хүү 123,287,671 төгрөг, Тус хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор манай компани буцаан авах учиртай, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1009 дугаартай Зээлийн гэрээнд 3 тэрбум илүү төлсөн 331,397,260 төгрөг, Тус хэлцэл хүчин төгөлдөр бус болсноор манай компани буцаан авах учиртай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ791 дугаартай Зээлийн гэрээнд 4 тэрбум Зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш төлсөн 622,285,423.86 төгрөг, Тус хэлцэл нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулснаар дуусгавар болсон боловч одоог болтол хүү төлж байгаа бөгөөд илүү төлсөн төлбөрийг буцаан авах учиртай, ЗГ791, ЗГ792, ЗГ682 дугаартай Зээлийн гэрээгээр зээл судалсны шимтгэлд нийт 22,000,000 төгрөгийг тус тус илүү төлөөд байна.  Дээрх байдлаар нийтдээ 1,098,970,354.86 төгрөгийг манай "Мастермайнинг сервис" ХХК нь Богд банк ХК-д илүү төлсөн байна. Эцэст нь Богд банк нь дээрх байдлаар хууль зөрчсөн хэлцэл хийж, нэг Зээлийг нөгөө Зээлээр нь хаасны улмаас тухайн Зээлийн гэрээгээр олгогдох мөнгөн төлбөрөөр хийгдэхээр төлөвлөгдсөн байсан Мастермайнинг сервис ХХК-ийн үйлдвэр ашиглалтад орж чадахгүй, хугацаа алдах, эцэстээ банканд авч ашиглаагүй зээлийнхээ төлөө их хэмжээний хүү төлөх зэргээр хохирч санхүүгийн хүнд байдалд орсон болохыг энд дурдах нь зүйтэй. Мастермайнинг сервис ХХК болон "Богд банк" ХК-ийн хооронд байгуулагдсан 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ792 дугаартай 2,5 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээ, мөн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1009 дугаартай 3 тэрбум төгрөгийн Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Мастермайнинг сервис ХХК-ийн зүгээс Богд банк ХК-д илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч Богд банк ХК-нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээл олголт, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухай зээлдэгч Мастер майнинг сервис ХХК нь манай банктай 2021 оны 01-р сарын 20- ны өдөр ЗГ/682 тоот Зээлийн гэрээг байгуулж 600,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/79 тоот Зээлийн гэрээг байгуулж 2,5 тэрбум төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/791 тоот Зээлийн гэрээг байгуулж 4 тэрбум төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар хугацаатай, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/1009 тоот Зээлийн гэрээг байгуулж 3 тэрбум төгрөгийг жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар тус тус зээлж авсан. Банк дээрх зээлийн гэрээнүүдээр хүлээсэн үүргээ дараах байдлаар бүрэн биелүүлж зээлийг бодитоор зээлдэгчид олгосон.  600,000 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Мастер майнинг сервис ХХК-ийн эзэмшлийн 8100002267 тоот харилцах дансанд бэлэн бусаар, 2,5 тэрбум төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Мастер майнинг сервис ХХК-ийн эзэмшлийн 8100002267 тоот харилцах дансанд бэлэн бусаар, 4 тэрбум төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Мастер майнинг сервис ХХК-ийн эзэмшлийн 8100002267 тоот харилцах дансанд бэлэн бусаар, 3 тэрбум төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 8100002828 тоот харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар "Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан", 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, 451-р зүйлийн 451.1 дэх хэсэгт “мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх", Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт "зээлийн гэрээг бичгээр хийнэ.”, "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль"-ийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсэгт "зээлийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно." гэж тус тус зааснаар хуульд заасан шаардлагыг хангасан, талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлж гэрээг баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл юм. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын "банк зээлийг бодитоор олгоогүй, зөвшөөрөлгүй гүйлгээ хийсэн” гэх тайлбар нь үндэслэлгүй байна. Мөн Мастер майнинг сервис ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/21 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Богд банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авах, тухайн зээлээс өмнөх 2.5 тэрбум төгрөгийн зээлийг хаах, үлдэгдэл 500 сая төгрөгийг тэсэлгээний үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид зарцуулахаар шийдвэрлэсэн байна. Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан "3 тэрбум төгрөгийн зээл олгох гэрээ хийсэн боловч 2,5 тэрбумыг шууд суутган авч 500 сая төгрөгийг л ашигласан... нэхэмжлэгчийн хохироосон" гэх тайлбар худал болохыг нотолж байна.  Банк зээлдэгчээс зөвшөөрөл авалгүйгээр түүний данснаас 200 сая төгрөгийг татаж зээлд төлүүлсэн гэх тайлбарын тухай "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2 дахь хэсэгт "зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, дансанд дахь мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар төлүүлнэ” гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн 4-р зүйлийн 4.4.2-д "зээлийн гэрээний төлбөрийн хуваарь зөрчигдсөн, зээлдэгчийн болон хамтран зээлдэгчийн, хөрөнгө, харилцах данснаас үл маргах журмаар төлүүлнэ." гэж тус тус заасан. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул банк хууль болон гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч буюу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг татаж төлүүлсэн үйлдэл нь зөрчил биш юм. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүй бол банк эхний ээлжид нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ." гэж зааснаар зээлдэгч гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул банк уг дарааллын дагуу зээлийг төлүүлсэн байна. Зээл судалгааны шимтгэлийн тухайд талууд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д зээл судалсны нэг удаагийн шимтгэлийн хувь хэмжээг тохирсон. Мөн зүйлийн 3.7 дахь "Зээлдэгч зээл судалсны нэг удаагийн шимтгэлийг Банканд төлөхийг зөвшөөрсөн ба зээл судалсны шимтгэлийг зээлийн гүйлгээ хийгдэхээс өмнө банканд бэлнээр болон бэлэн бусаар шилжүүлнэ. гэж заасан. Мөн зээлдэгч нь гэрээний хавсралт болох зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгттэй танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж тамга дарж баталгаажуулсан байна. Дэлгэрүүлбэл, Банк Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт "Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн зүйлийн 6.5 дахь хэсэгт "харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх" гэж, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно", мөн зүйлийн 4.2 дэх хэсэгт "шимтгэл, хураамжийг зээл, хадгаламжийн гэрээнд заавал тусгана. " гэж заасан шаардлагуудыг бүрэн хангасан бөгөөд зээлийн судалгааны нэг удаагийн шимтгэл, түүний хувь хэмжээ, төлөх нөхцөлийг гэрээнд тодорхой тусгаж харилцан тохиролцсон байна. Зээлийн эргэн төлөлт, үлдэгдлийг нэгтгэн дүгнэвэл талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл бөгөөд банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлүүдийг бодитоор олгосон, зээлдэгч өөрийн хүсэл зоригийн дагуу зээлийг захиран зарцуулж гүйлгээ хийсэн, банк зээлдэгчээс зөвхөн тухайн зээлд хамаарах хуримтлагдсан хүүг төлүүлсэн ба аливаа хэлбэрээр үндэслэлгүйгээр илүү төлөлт хийлгэсэн зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар Зээлийн гэрээ,Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/791 дугаар Зээлийн гэрээ,Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/682 дугаар Зээлийн гэрээ,Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1009 дугаар Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, “Харилцагчийн дансны хуулга”-ууд, Их сан өгөөж ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Санхүүгийн хяналт шалгалт хийсэн дүгнэлт, нэгтгэл, Зээл төлөлтийн хүснэгт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШҮ2023/15242 дугаар шүүгчийн захирамж, Худалдах, худалдан авах 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ, Худалдах, худалдан авах 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ,  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн дансны хуулга, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн БГ/1949 дугаар Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт зэрэг бичгийн баримтыг,  

           Хариуцагчаас Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ791 дугаар Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1009 дугаар 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/682 дугаар Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт,  Мемориалын баримтууд, Мокс ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлүүд, Мөнгөн шилжүүлэг баримт, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/682 дугаар Зээлийн гэрээ,Эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны БГ/1702 дугаар гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000014058 дугаар гэрчилгээ, Барьцааны БГ/1705 дугаар гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000594297 гэрчилгээ, Барьцаалбар, Барьцааны БГ/1704 дугаар гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Итгэмжлэл, Төрсний гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000214954 гэрчилгээ, Барьцаалбар,   2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/682 дугаар Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000418985 гэрчилгээ, Барьцаалбар, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар Зээлийн гэрээ,Эргэн төлөлтийн хуваарь, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 31-ний  өдрийн БГ/1950 дугаар барьцааны гэрээ, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000014858 дугаар гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн БГ/1950 дугаар Барьцааны гэрээ, Зээлийн хорооны шийдвэрүүд, Зээлийн хүсэлт, Барьцаа хөрөнгийн үнэлгээ, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Зээлийн судалгааны танилцуулга, репо санхүүжилтийн төслийн зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх тушаал, Монголбанкны    ерөнхийлөгчийн тушаал, хариу тайлбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:      

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 4.Нэхэмжлэгч Мастермайнинг сервис ХХК нь хариуцагч Богд банк ХКхолбогдуулж 2021 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт заасан стандарт гэрээ бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул хүүгийн төлбөрт илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөгийг буцаан шаардаж байна” гэж тайлбарлав.

 

5.Хариуцагч Богд банк ХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Зээлийн төлбөрийг зээлдэгчийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт “эргэн төлөлтийн хуваарьт заасны дагуу төлөөгүй бол банк эхний ээлжид нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл гэсэн дарааллаар төлүүлнэ" гэж зааснаар зээлдэгч гэрээний эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тул банк уг дарааллын дагуу зээлийг төлүүлсэн. Зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.6-д зээл судалсны нэг удаагийн шимтгэлийн хувь хэмжээг төлөхөөр харилцан тохирсон” гэж маргажээ.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар Зээлийн гэрээ,Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ791 дугаар Зээлийн гэрээ,Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/682 дугаар Зээлийн гэрээ,Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1009 дугаар Зээлийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн гэрээ, Эргэн төлөлтийн хуваарь, “Харилцагчийн дансны хуулга”-ууд, Их сан өгөөж ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Санхүүгийн хяналт шалгалт хийсэн дүгнэлт, нэгтгэл, Зээл төлөлтийн хүснэгт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШҮ2023/15242 дугаар шүүгчийн захирамж, Худалдах, худалдан авах 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн гэрээ, Худалдах, худалдан авах 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн гэрээ,  Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Зээлийн дансны хуулга, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн БГ/1949 дугаар Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Мемориалын баримтууд, Мокс ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэлүүд, Мөнгөн шилжүүлэг баримт, 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/682 дугаар Зээлийн гэрээ,Эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны БГ/1702 дугаар гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000014058 дугаар гэрчилгээ, Барьцааны БГ/1705 дугаар гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000594297 гэрчилгээ, Барьцаалбар, Барьцааны БГ/1704 дугаар гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Итгэмжлэл, Төрсний гэрчилгээ, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000214954 гэрчилгээ, Барьцаалбар,   2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ/682 дугаар Барьцааны гэрээ, Барьцаа хөрөнгийн жагсаалт, Итгэмжлэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000418985 гэрчилгээ, Барьцаалбар, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар Зээлийн гэрээ,Эргэн төлөлтийн хуваарь, Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, Батлан даалтын гэрээ, 2021 оны 03 дугаар сарын 31-ний  өдрийн БГ/1950 дугаар барьцааны гэрээ, Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000014858 дугаар гэрчилгээ, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн БГ/1950 дугаар Барьцааны гэрээ, Зээлийн хорооны шийдвэрүүд, Зээлийн хүсэлт, Барьцаа хөрөнгийн үнэлгээ, Зээлийн мэдээллийн сангийн лавлагаа, Зээлийн судалгааны танилцуулга, репо санхүүжилтийн төслийн зээлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх тушаал, Монголбанкны ерөнхийлөгчийн тушаал, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

7.Зээлдүүлэгч Богд банк ХК нь зээлдэгч Мастер майнинг сервис ХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/682 тоот Зээлийн гэрээг байгуулж 600,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/79 тоот Зээлийн гэрээг байгуулж 2,500,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/791 тоот Зээлийн гэрээг байгуулж 4,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/009 тоот Зээлийн гэрээг байгуулж 3,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээл олгох, үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ.

8.Дээрх гэрээнүүдээс үүдэлтэй Богд банк ХК, Мастер майнинг сервис ХХК-ийн хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа байна.

9.Нэхэмжлэгч Мастермайнинг сервис ХХК нь дээрх 4 зээлийн гэрээнээс 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөг гаргуулахаар шаардаж, зээлийг ашиглах боломж олгоогүй гэж тайлбарлав.

10.Хариуцагч Богд банк ХК-ийн зээлдэгчид зээлийг бодитоор буюу 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Мастер майнинг сервис ХХК-ийн эзэмшлийн 8100002267 тоот харилцах дансанд 600,000,000 төгрөгийг бэлэн бусаар, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 8100002267 тоот харилцах дансанд 2,500,000,000 төгрөгийг бэлэн бусаар, 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 8100002267 тоот харилцах дансанд 4,000,000,000 төгрөгийг бэлэн бусаар, 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 8100002828 тоот харилцах дансанд 3,000,000,000 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлсэн гэх тайлбар нь Мемориалын баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 85-86 тал/

11.Талуудын хооронд 2021 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс БГ/2330 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, Нийслэлийн  тоот хаягт байршилтай, Ү-2204114120 дугаар бүхий Ж.Хосбаярын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  Нийслэлийн  тоот хаягт байршилтай, Ү-2204114123 дугаар бүхий Мастермайнинг сервис ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалжээ. /2 дугаар хх-ийн 55-61 тал/

12.Дээрх барьцааны гэрээнүүдэд Мастермайнинг сервис ХХК-ийг төлөөлж Ж.Төгсбаяр, барьцаалуулагч Ж.Хосбаяр нар гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж үзэхээр байна.

13.Нэхэмжлэгч Мастермайнинг сервис ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа “Их сан өгөөж ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Санхүүгийн хяналт шалгалт хийсэн дүгнэлтээр “Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ, зээл олголт, гэрээний хүчин төгөлдөр байдлын тухай зээлдэгч Мастер майнинг сервис ХХК нь банктай 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ЗГ/682 тоот Зээлийн гэрээг байгуулж 600 сая төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/79 тоот Зээлийн гэрээг байгуулж 2,500,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/791 тоот Зээлийн гэрээг байгуулж 4,000,000,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатайгаар хугацаатай, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ЗГ/1009 тоот Зээлийн гэрээг байгуулж 3,000,000,000 төгрөгийг жилийн 10.5 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлж авсан. Богд банктай байгуулсан Зээлийн гэрээгээр авсан зээл, зээлийн зарцуулалт, төлсөн зээл, зээлийн хүүгийн тооцооллыг ззэлийн гэрээ болон зээлийн дансны хуулга үндэслэн хийж үзэхэд дараах зөрүүтэй тооцоолол гарсан байна. Үүнд: 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 тоот гэрээгээр хөрөнгө оруулалтын зориулалтаар 2,500,000,000 төгрөгийн зээл авсан байна. Гэвч тус 2,500,000,000 төгрөгийн зээлээс 600,000,000 төгрөгийн зээлийг төлүүлж хаалгахдаа компаниас зээл төлөх талаар зөвшөөрөл аваагүй, зээлийг зээлээр хаасан, үүний улмаас компани ашиглаагүй зээлийн дүнд 35,679,452 төгрөгийн хүү илүү төлсөн байна. 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 тоот Зээлийн гэрээгээр 3,000,000,000 төгрөгийн зээлийг жилийн 10,5 хувийн хүүтэйгээр хөрөнгө оруулалтын зориулалтаар авсан зээлийн төлбөрөөс 2,500,000,000 төгрөгийн зээлийг төлүүлж хаалгахдаа компаниас зээл төлөх талаар зөвшөөрөл аваагүй, зээлийг зээлээр хаасан, үүний улмаас компани ашиглаагүй зээлийн дүнд илүү хүү тооцсон, эргэн төлөх хуваарьт төлбөр төлөх хугацаа эхлээгүй байхад зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгосон байна. Мөн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ЗГ791 тоот зээлийн гэрээгээр 3,000,000,000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэйгээр авчээ. Уг зээлээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч, тус үл хөдлөх хөрөнгүүдээ 2022 оны 07 дугаар сарын 28-нд худалдан борлуулж, үүнээс 3,950,000,000 төгрөгөөр зээлийн төлбөр төлөхөд тухайн үл хөдлөх худалдан авсан зээлийг эргүүлэн төлөөгүй буюу 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1009 тоот Зээлийн гэрээгээр 3,000,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтын зориулалтаар олгосон зээлийн эргэн төлөлтийн хуваарь болоогүй байгаа өөр зориулалтаар олгосон зээлийн төлбөрт төлүүлж хаалгасан байна. Ингэхдээ компаниас ямар нэг зөвшөөрөл аваагүй, компанийн харилцах дансаар төлбөр дамжуулаагүй, хөрөнгө худалдан авсан компанийн данснаас зээлийн төлбөрт шууд шилжүүлсэн байгаа нь зээлийн гэрээнд заасан банкны зээл олгох, төлүүлэх дарааллыг зөрчсөн байна. 4,000,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2022 оны 5 дугаар сарын 10-наас, 3,000,000,000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2022 оны 8 дугаар сарын 10-наас байгаа болно. Богд банк дээрх байдлаар зээл төлөх дарааллыг зөрчсөнөөс үүдэн, компани 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар 1,076,970,354.86 төгрөгийг Богд банкинд илүү төлсөн харагдаж байна. Богд банк үндэслэлгүйгээр мөн зээл судалсны шимтгэл авсан байгаа нь компаний зардлыг нэмэгдүүлсэн байна. 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ЗГ682 тоот гэрээгээр 6,000,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ791 тоот гэрээгээр 8,000,000 төгрөг, 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ792 тоот гэрээгээр 8,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр шимтгэлд төлжээ” гэх дүгнэлт зөвлөмжөөр дээрх нөхцөл байдал нотлогдсон” гэж мэтгэлцэж байна. /хх-ийн 42-43 тал/

14.Зээлдэгч  Мастермайнинг сервис ХХК нь 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ултимэт стратеги групп ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ байгуулж  тоот хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 1,800,000,000 төгрөгөөр, 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Ултимэт стратеги групп ХХК-тай үл хөдлөх эд хөрөнгө Худалдах, худалдан авах гэрээ байгуулж  тоот хаягт байршилтай, Ү-2204114123 дугаар бүхий Мастермайнинг сервис ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2,400,000,000 төгрөгөөр худалдсан болох нь Худалдах, худалдан авах гэрээнүүд /хх-ийн117-119 тал/, зохигдын тайлбараар тогтоогдож байх ба 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр нийт төлсөн дүн 683,059,246.99 төгрөг зээл төлөв, 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр нийт төлсөн дүн 35,605,479.44 төгрөг зээл төлөв, 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нийт төлсөн дүн 215,801,027 төгрөг зээл төлөв” гэх 3 удаагийн гүйлгээ хийгдсэн Зээлийн дансны хуулга / хх-ийн121 тал/  хэрэгт авагдсан бөгөөд “Мөнгөн шилжүүлгийг баримт”-нд “зээл хаах, зээл хаав” гэж Ж.Төгсбаяр, Г.Баярбат нарын гарын үсэг зуржээ. /хх-ийн 90 тал/  

15.Мастер майнинг сервис ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 04/21 тоот хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Богд банкнаас 3,000,000,000 төгрөгийн зээл авах, тухайн зээлээс өмнөх 2,500,000,000 төгрөгийн зээлийг хаах, үлдэгдэл 500,000,000 төгрөгийг тэсэлгээний үйл ажиллагаа, тоног төхөөрөмжид зарцуулахаар шийдвэрлэсэн байх ба Ж.Төгсбаяр нь Мокс ХХК-ийн 73,3 хувийн, Ж.Довжуухорол нь Мокс ХХК-ийн 26,7 хувийн хувьцаа эзэмшигчид байна. /хх-ийн 88 тал/

16.Энэхүү хувьцаа эзэмшигчийн шийдвэр нь нэхэмжлэгчийн 3,000,000,000 төгрөгийн зээл олгох гэрээ хийсэн боловч 2,500,000,000 төгрөгийг шууд суутган авч 500,000,000 төгрөгийг ашигласан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэж байх ба зээлийг хаах талаар эрх бүхий этгээд шийдвэрээ зээлдүүлэгчид хүргүүлж, талууд зээл хаахаар харилцан тохиролцсон гэж үзэх бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1009 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс БГ/2330 тоот барьцааны гэрээ байгуулагдаж,  тоот хаягт байршилтай, Ү-2204114120 дугаар бүхий Ж.Хосбаярын өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,  Нийслэлийн  тоот хаягт байршилтай, Ү-2204114123 дугаар бүхий Мастермайнинг сервис ХХК-ийн өмчлөлийн үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө зэргийг барьцаалсан байжээ. /2 дугаар хх-ийн 60 тал/

17.Нэхэмжлэгч Мастер майнинг сервис ХХК нь “...талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээн дээрх заалтууд ижилхэн, нэг агуулга, хэлбэртэй байгаа зэргээс харвал Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан Стандарт нөхцөл бүхий гэрээ болох нь тодорхой байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2 зааснаар 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн З/Г1009 дугаар Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл” гэж мэтгэлцэв.

18.Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан боловч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан.

19.Талуудын хооронд байгуулагдсан дээрх зээлийн гэрээний 3.11.Зээлийн гэрээ байгуулсан боловч Зээлдэгч зээлээ хугацаанд нь авч ашиглаагүй буюу бүрэн ашиглаагүй тохиолдолд Банк ямар нэг үүрэг хариуцлага хүлээхгүй. Энэ нь гэрээний хугацааг болон зээлийн хүү, бусад нөхцөлийг өөрчлөх үндэс болохгүй ба үүргийн гүйцэтгэлээс зээлдэгчийг чөлөөлөхгүй, 3.15.Байгалийн гамшиг, гал, үер ус, газар хөдлөлт, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэрээр хорио цээр тогтоох, тахал, дайн болон цэргийн үйл ажиллагаа зэрэг бусад давагдашгүй хүчин зүйлийн улмаас зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон нь үүргээ гүйцэтгэхгүй байх үндэслэл болохгүй, 4.2.12.Зээлдэгч зээлийн хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй байх, 6.2.3.Энэхүү гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан тохиолдолд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан зээлийн төлбөрийг төлүүлэхэд шаардагдах аливаа арга хэмжээ авна” гэж зээлдүүлэгч, зээлдэгч нар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан. Энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан" гэж, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зохицуулсан хуулийн заалтыг зөрчөөгүй. Мөн Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.Хэлцлийн зарим хэсэг хүчин төгөлдөр бус гэж тооцогдсон боловч үлдсэн хэсэг нь уг хэлцлийн зорилтыг хангаж чадахуйц байвал хэлцэл хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ” гэж заасан бөгөөд 2021 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар Зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад заасан хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл, 56.1.2 дахь заалтад заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

20.Нэхэмжлэгч Мастермайнинг сервис ХХК нь шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагаа “2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ792 дугаар 2,500,000,000 төгрөгийн Зээлийн гэрээнд илүү төлсөн зээлийн хүү 123,287,671 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ1009 дугаартай Зээлийн гэрээнд 3,000,000,000  төгрөгт илүү төлсөн 331,397,260 төгрөг, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ791 дугаартай Зээлийн гэрээнд 4,000,000,000 төгрөгийн Зээлийн гэрээ дуусгавар болсноос хойш төлсөн 622,285,423.86 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулснаар дуусгавар болсон боловч илүү төлсөн төлбөр, ЗГ/791, ЗГ/792, ЗГ/682 дугаар Зээлийн гэрээний зээл судалсны шимтгэлд нийт 22,000,000 төгрөг нийт 1,098,970,354.86 төгрөгийг шаардсан гэж тодруулж, төлөөлөгч Ч.Мөнхзул нь зээл, зээлийн хүүгийн тооцоололд маргахгүй гэж тайлбарлав.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5 дахь хэсэгт зааснаар мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй тул талуудын банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр харилцан тохиролцсон гэж үзнэ.

21.Талуудын хооронд байгуулагдсан 2021 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар Зээлийн гэрээний 3.1.6. Зээл судалсны нэг удаагийн шимтгэл, өргөдлийн хураамж  төлөхөөр харилцан тохиролсон байх ба “Зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт”-нд зээл олгох үйлчилгээний шимтгэл, хураамж төлөхийг Мастермайнинг сервис ХХК-ийг төлөөлж хувьцаа эзэмшигч Ж.Төгсбаяр зөвшөөрч гарын үсэг зурсан байна. /хх-ийн 22, 32 тал/

22.Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн зүйлийн 6.5 дахь хэсэгт "харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг төлүүлэх" гэж, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А-203 тоот тушаалаар батлагдсан "Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам"-ын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт "Харилцагчаас авах шимтгэл, хураамжийн төрөл, хэмжээг банк тогтооно” гэж заасан шаардлагуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй ,зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ шимтгэл тогтоож буй банкны үйл ажиллагаа хууль зөрчсөн гэж үзэхээргүй байна.

23.Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

24.Зээлдэгч Мастермайнинг сервис ХХК нь зээлдүүлэгч Богд банк манай компаниас ямар нэг зөвшөөрөл авалгүйгээр дансанд байсан 200,000,000 төгрөгийг шууд татан авч Зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс хасаж 3,800,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болгосон гэж тайлбарлав.

25.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт “Зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, дансанд дахь мөнгөн хөрөнгөнөөс үл маргах журмаар төлүүлнэ” гэж заасан ба талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнүүдийн 4 дүгээр зүйлийн 4.4.2.зээлийн гэрээний төлбөрийн хуваарь зөрчигдсөн, зээлдэгчийн болон хамтран зээлдэгчийн, хөрөнгө, харилцах данснаас үл маргах журмаар төлүүлнэ" гэж  тохиролцсон нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тул банк хууль болон гэрээнд заасны дагуу зээлдэгчийн харилцах данснаас зээлийг татаж төлүүлсэн үйлдлийг дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлд хамаарахгүй байна.

         26.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 492.1.2 дахь заалтад тус тус зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийн дагуу хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохгүй үлэмж маргаантай тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй бөгөөд дээрх тохиолдолд энд заасан хөрөнгийг буцаан шаардах аль ч үндэслэл үүсээгүй байна.

27.Иймд хариуцагч Богд банк ХК-д холбогдох 2021 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар Зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Мастермайнинг сервис ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

28.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,468,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.                                                                                                                                                             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэсэлэл тогтоогдоогүй тул хариуцагч Богд банк ХК-нд холбогдох  2021 ны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/792 дугаар, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ЗГ/1009 дугаар Зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, илүү төлсөн 1,098,970,354.86 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Мастермайнинг сервис ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33,468,702 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ