| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гал-Эрдэнийн Даваахүү |
| Хэргийн индекс | 320/2026/0037/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/106 |
| Огноо | 2026-03-03 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Оюун-Эрдэнэ |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 2026/ШЦТ/106
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Оюун-Эрдэнэ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б ,
Шүүгдэгч Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн Б-т холбогдох эрүүгийн 2538000840399 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, З овогт Б-ийн Б , 1997 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ......................... дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, нэмж нэгтгэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 34 хоногийг зорчих эрх хаязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоон шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн .................... дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Б нь 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр бодит байдлыг нуух замаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т ” ХХК-ний зочид буудалд 4 хоног байрлаж, 1,120,000 төгрөгний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Улсын яллагч хавтаст хэргээс: 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 316 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс: Улсын яллагчийн шинжлэн судалсан баримттай давхацсан тул судлуулах зүйл байхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б хавтаст хэргээс: Шинжлэн судлуулах зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч хавтаст хэргээс: Судлуулах зүйл байхгүй гэв.
Хоёр.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т ” ХХК-ний зочид буудалд ресепшнээр ажилладаг бөгөөд Б нь манай зочид буудалд 4 хоног байрлаж, 1,120,000 төгрөгний хохирол учруулсан. Иймд хохиролоо гаргуулж авах хүсэлттэй байна...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Шүүгдэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. Хохиролоо төлж барагдуулна...” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),
Гурав.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт авагдсан нотлох баримтууд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би Т зочид буудалд ажилладаг юм. Би 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ажил дээрээ гараатай гарч байсан. Тэр үед нэг залуу орж ирээд маргааш мөнгө шилжүүлж болох уу, маргааш ахиад 3 өрөө захиалан 4 гадаад, 4 монгол ирнэ гээд 4 ортой 1 өрөө, 2 ортой 2 өрөө, өөрөө болохоор 1 ортой нэг өрөө захиалаад орж болох уу гэхээр нь би үгүй гэж хэлээд гаргасан юм. Тэгээд надаас дугаараа өгөөч гэхээр нь би ажлынхаа газрын утсыг өгсөн чинь надад нэг дугаар өгөөд энэ манай захирлын дугаар байгаа юмаа гэж хэлж өгсөн. Тэгээд тэр залуу гараад удалгүй манай ажлын утас 86..................эсэн дугаараас залгаж орж ирээд нэг эмэгтэй хүн залгаад танай буудлын гадаа нэг залуу машиндаа сууж байгаа юмаа, би захирал нь байна. Танайд өрөө захиалах өрөөнүүдийг тооцоо хэд болох юм тооцоог нь гаргаад миний энэ дугаар луу мсж бичээд явуулаад өгөөч гэж надтай ярихаар нь би итгээд тэр залууг оруулахаар болсон. Тэгээд тэр залуу өөрөө гаднаас нэг эмэгтэй хүнтэй орж ирээд манай эхнэр байгаа юм гэж хэлээд 1 ортой өрөөнд орсон. Тэгээд тэр өрөөндөө тэр хоёр хүн хоноод маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 15-ны өглөө бууж ирээд миний хажууд байхад нь нөгөө захирал гээд байсан дугаар нь над руу залгаад одоо ингээд мөнгийг нь хийх гэсэн чинь болохгүй байна байгууллагын данс болохоор гэж хэлсэн. Тэр залуу нь надад нөгөө гадаад болон монгол хүмүүс маань ирсэн байна. Удахгүй энд ирнэ гэж надад хэлж ярьж байсан. Тэгээд би ээлж хүлээлцэх болоод дараагийн ээлжинд гарч байгаа хүндээ тухайн залуугийн учрыг нь хэлээд үлдээсэн. Тэгээд би өчигдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 18-ны өглөө намайг гэртээ амарч байхад ажлаас дуудаад ажил дээр ирсэн чинь миний ээлжин дээр орсон нөгөө залуу эмэгтэй хоёр тооцоогоо хийхгүй гараад явсан байна гэж хэлсэн. Тэгээд нөгөө өгч байсан захирал гэх хүний утсаа аваад нэг бол эрхэс худалдааны төв дээр байна нэг бол талбай дээр байна гэж хэлээд байсан …” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Би Т зочид буудалд ажилладаг юм. Би 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ ирж ээлжээ хүлээн авсан. Тэр үед 4 давхарт 402-т хүмүүс байгаа, сунгана гэж надад Б хэлээд үлдээсэн. Тэгээд тухайн өдөр бол тэр өрөөндөө бол ямар нэгэн зүйл захиалаагүй. Маргааш нь буюу 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр бол би ажлаа өгөөд буухад тэр 402-т байсан хүмүүс гараагүй өрөөгөө сунгана гэж надад хэлээд үлдсэн. Тэгээд тэрнээс хойшоо намайг 18-ны өдөр ээлжээ авах үед тухайн өрөөнд байсан хүмүүс бол гарсан байсан. Тэр үед нь мөнгөө өгөхгүй гарсан талаар нь мэдсэн. Нийт 1.120.000 төгрөг болсон…” гэх мэдүүлэг (хх-ийн 89-90 дүгээр хуудас),
Гэрч Л.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Өдөр 15 цагийн үед байхаа гаднаас нэг залуу орж ирээд өрөө авъя гээд манай буудлын ресепшнтэй хоорондоо яриад 3-4 өрөө авна. Төлбөр тооцоог нь манай захирал хотоос ирж байгаа. Тэр хүн хийнэ гээд хоорондоо ярьж байгаад тэр залуу гаднаас нэг эмэгтэй хүнтэй орж ирээд тэр хоёр манай буудлын 402 тоот өрөөнд орсон. Тэрнээс өөр зүйл би мэдэхгүй байна. Би тэгээд маргааш нь 10 цаг гээд ажлаасаа буугаад гэртээ харьсан сүүлд ээлжинд гарах гээд ирсэн чинь бас байж л байсан. Тэгээд тооцоогоо хийхгүй гарсан талаар манай ажил дээр яригдаад тэгж би мэдсэн…” гэх мэдүүлэг (хх-ийн 23-24 дүгээр хуудас),
Гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “…Бид хоёр танилцаад бол удаагүй байгаа надад нэрээ Г гэж чатаар танилцуулж байсан. Өөрийгөө хотод ажилладаг гэж хэлж байсан. Тэгээд би Мөрөнд ирсэн байна. Чамайг би алдаа, оноотой чинь цуг хайрлаж чадна гэж надад хэлээд би тэр үгэнд уяраад бид хоёр уулзахаар болоод бид хоёр Т зочид буудалд орж хоол идсэн. Тэр үед надад би дээр өрөө авсан байгаа. Манай захирлууд удахгүй ирнэ. Чи цуг манай өрөөнд орж хонох уу гэхээр нь би за гэж хэлээд бид өрөөнд нь ороод архи пиво авч ирээд тэндээ Г буюу Б нь өөрөө тэндээ ганцаараа ууж хоносон. Тэгээд би маргааш өглөө нь босоод яваад өгсөн. Тэгээд намайг ахиад дуудаад чи хоол идэх үү гэхээр нь буцаж 402 тоот өрөөнд орж хоол идээд буцаад гараад явсан…” гэх мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8 дугаар хуудас),
“Т ” ХХК-ний 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг, тооцооны хавсралт (хх-ийн 29-30 дугаар хуудас)
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг лавлах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолууд (34-36, 57-70 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б-ыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.
Дөрөв.Талуудын гаргасан санал, дүгнэлт:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна...” гэх санал дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Тав.Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Б нь 2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр бодит байдлыг нуух замаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Т ” ХХК-ний зочид буудалд 4 хоног байрлаж, 1,120,000 төгрөгний хохирол учруулж “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Б , Ч.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Б шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Л.Ш-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,“Т ” ХХК-ний 2025 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн албан бичиг, тооцооны хавсралт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч Б нь бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Т ” ХХК-ний зочид буудалд 4 хоног байрлаж, 1,120,000 төгрөгний хохирол учруулсан байх ба тэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Прокуророос шүүгдэгч Б-ын бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “Т ” ХХК-ний зочид буудалд 4 хоног байрлаж, 1,120,000 төгрөгийн хохирол учруулан “Залилсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, шүүх хуралдаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн жинхэнэ байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иймээс шүүх шүүгдэгч Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар.
Монгол Улсын иргэн Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар “бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх” эрхтэй билээ.
Үндсэн хуулийн энэ заалтыг Иргэний хуулийн 52 дугаар бүлэгт дэлгэрэнгүй байдлаар тусгайлан зохицуулсан бөгөөд тус хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.
Энэхүү үүрэг нь гагцхүү гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоотой үүссэн байхаас гадна дээрх хуулийн зүйл, хэсэгт нэрлэн заасан объектод учирсан байхыг шаарддаг.
Иргэний хуулийн дээрх зүйл, хэсэг болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасан “бусдын эд хөрөнгө” гэдэгт энэ хуулийн 84 дүгээр зүйлд тодорхойлсон өөр этгээдийн эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс хамаарах бөгөөд Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээр тэдгээрт гэм хор учруулбал хохирол гэж үзнэ.
Шүүгдэгч Б ын гэм буруутай үйлдлийн улмаас “Т ” ХХК-д 1,120,000 төгрөгний хохирол учирсан ба уг хохирол нөхөн төлөгдөөгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.
Хохирол нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн үр дагавар болсон бодит алдагдал тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайн тогтоогдсон шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, түүний зөрчигдсөн эрх ашгийг сэргээдэг нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтсон жишиг.
Иймд дээр дурдсан хуулиудын зохицуулалт болон тогтсон жишгийг иш үндэс болгон шүүгдэгч Б аас 1.120.000 төгрөгийг гаргуулан хохирогч байгуулагад олгохоор шийдвэрлэв.
Зургаа.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж хуульчилсан.
Шүүгдэгч Б-ыг “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал, дүгнэлтдээ “...эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь урд залилах гэмт хэрэг үйлдэж шийтгүүлж байсан атлаа дүгнэлт хийлгүй дахин залилах гэмт хэрэг үйлдсэн, мөн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 26 хоногийн хугацаагаар зорчих хязгаарлах ялаар шийтгүүлсэн боловч 1 жил орчим ял эдлүүлэх ажиллагаанаас зугтсан, гэмт хэрэг үйлдэж, хохирол учруулснаас хойш нэг жил болж байхад хохирол төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлыг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан шүүгдэгч Б т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулах, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 2025 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сар 26 хоногийн хугацаагаар зорчих хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 15 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж, нэгтгэн эдлэх ялыг 8 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоох, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх, шүүгдэгчээс 1.120.000 төгрөгийг гаргуулан хохирогч байгууллагад олгох саналыг гаргаж байна...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Буяндалай эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Миний үйлчлүүлэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцох тухай улсын яллагчийн дүгнэлттэй маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирол төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг шүүхээс ял шийтгэл ногдуулахдаа харгалзаж үзэж, зорчих хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тэмдэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж байгааг дурдав.
Мөн хавтаст хэргийн 34-36, 57-70 дугаар хуудсанд авагдсан гэрлэлт бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг лавлах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг баримтуудаар шүүгдэгч Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын ................. дугаар багт оршин суух хаягтай, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, нэмж нэгтгэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 540 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, цагдан хоригдсон 34 хоногийг зорчих эрх хаязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, биечлэн эдлэх ялын хэмжээг 1 сар 26 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож, шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн /хохирол төлөгдөөгүй, энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн/ байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 15 (арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 15 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 (долоо) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Цагдан хоригдсон хугацааны хувьд: шүүгдэгч Б нь 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл 1 (нэг) хоног цагдан хоригдсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
Долоо.Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Эрүүгийн 2538000840399 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч З овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б-ыг 7 (долоо) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 (долоо) сарын хугацаагаар хорих ял дээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 852 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 (нэг) сар 26 (хорин зургаа) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 15 (арван тав) хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор буюу 15 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 (долоо) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б д оногдуулсан 7 (долоо) сар 15 (арван тав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх зааснаар шүүгдэгч Б-аас 1,120,000 (нэг сая нэг зуун хорин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч “Т ” ХХК-д олгосугай.
7.Эрүүгийн 2538000840399 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ