Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2026/ШЦТ/109

 

  

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б-ийн Г-д холбогдох эрүүгийн 2538003930433 дугаартай хэргийг 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, Ш  овгийн Б-ийн Г , 1983 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын …………….. дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 27 дугаар шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 78 дугаартай шийтгэх топгоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ........................... дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч Б.Г нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......  дугаар багийн........ тоотод байх төрсөн дүү Б.Ж-ын гэрт байх хугацаандаа зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538003930433   дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.

 Нэг.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар.

Шүүгдэгч Б.Г нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......  дугаар багийн........ тоотод байх төрсөн дүү Б.Ж-ын гэрт байх хугацаандаа 55 инчийн ухаалаг зурагтын хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Энэ үйл баримт нь:

1.Шүүгдэгч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн “...Би 2025 оны 08 дугаар сарын 02-ны үед байхаа тэр үед самарт явах гэсэн чинь зардалгүй болоод мөнгөний хэрэг гарсан. Тэгээд би төрсөн дүү болох Ж-ын  гэрт байсан зурагтыг айлд 200.000 (хоёр зуун мянга) төгрөгт тавиад самарнаас ирээд авна. Авахдаа 250.000 төгрөгөөр буцаагаад авъя гэж хэлсэн. Би төрсөн дүү Г-т  хэлсэн байдаг. Харин Ж дүүд маань Г  дүү маань харин Г  ах танай зурагтыг айлд мөнгөөр барьцаанд тавьсан гэж хэлээд манай дүү Ж цагдаад өргөдөл өгсөн байна. Уг нь би Ж.-д  хэлэх гээд гар утас руу нь хэд хэдэн удаа залгасан. Тэгтэл гар утас нь ерөөсөө огт холбогдохгүй байхаар нь би өөрөө дур мэдээд айлд барьцаанд тавьчихсан юм аа. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Мөн төрсөн дүү Ж болон зурагт барьцаанд тавьсан иргэний хохиролуудыг бүрэн барагдуулж гомдол саналгүй болгосон. ...Гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна, дахин ийм хэрэг хийхгүй, хохирол бүрэн барагдуулсан...” гэх мэдүүлэг, (хх-ийн 53-54-р  хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл)

2.Хохирогч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед хөдөөнөөс Мөрөн сумын ......  дугаар багийн........ тоотод байдаг гэртээ орж ирсэн чинь манай монгол гэрийн хаалга онгорхой, гэр цоожилсон цоож байхгүй байсан. Би тэгээд гэрт орсон манай төрсөн ах нар болох Б.Г , Б.Г нар хоёр талын орон дээр унтаж байсан.

Тэгээд би гэр доторхоо харсан чинь гэрийн эд зүйлийг эмх замбараагүй болгосон. Гэрийн хойморын авдар дээр байсан 55 инч хар өнгөтэй зурагт алга болсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. ...манай зурагтыг манай төрсөн ах Г  зөвшөөрөлгүй авч явсан байсан. Мөн тухайн зурагтыг манай хойно байдаг айлд 200,000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан ба миний хувьд төрсөн ах Г-од гомдолтой байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлмээр байна. ...надад төрсөн ах Г  зурагтыг маань бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн.Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, (хх-ийн 9, 12, 14-р хуудас),

3.Иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Надад Г  гэх хүн хулгай хийсэн гэж хэлээгүй болохоор би барьцаанд зурагт авсан юм. Хулгайн зүйл байсан бол барьцаанд би авахгүй. Г  гэдэг хүн надад анх тавьсан 200,000 төгрөг болон нэмээд хүү болох 50,000 төгрөг өгвөл би хохиролгүй гэж үзнэ. Миний хувьд мөнгөө аваад зурагтыг өгмөөр байна. ...надад гомдол санал байхгүй. Би Г  гэх хүнээс мөнгөө аваад зурагтыг нь өгсөн...” гэх мэдүүлэг, (хх-ийн 22-23, 26-р хуудас)

5.Хөвсгөл аймгийн хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн: “...55 инчийн ухаалаг зурагт 1,000,000 төгрөг...” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 35-38-р хуудас),

6.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2-р хуудас),

7. Хэргийн газрын нөхөн үзлэгхийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх- ийн 4-6-р хуудас)

       11.Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

        Иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43-р хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 79-р хуудас), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, (хх-ийн 81-р хуудас), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 58-61-р хуудас), Сум дундын 27 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 62-64-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар тогтоогдлоо.

       Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, (хх-ийн 2-р хуудас), хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, (хх-ийн 4-6-р хуудас), хохирогч Б.Ж-ын мэдүүлэг, (хх-ийн 9, 12, 14-р хуудас), иргэний нэхэмжлэгч Н.Б-ийн мэдүүлэг, (хх-ийн 22-23, 26-р хуудас), Хөвсгөл аймгийн хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн үнэлсэн үнэлгээ (хх-ийн 35-38-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг магадлан нягталхад шүүгдэгч Б.Г нь 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......  дугаар багийн........ тоотод байх төрсөн дүү Б.Ж-ын гэрт байх хугацаандаа 55 инчийн ухаалаг зурагтыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь нотлогдож байна.

Дээрх нотлох баримтуудыг шүүгдэгч Б.Г-ын мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэв.

Шүүгдэгч Б.Г-ын үйлдэл идэвхтэй бөгөөд тэрээр хохирогчийн эд зүйлийг бусдын өмчлөл эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшилд авч байгаа үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй өмчлөх эрхийн эсрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Ж.-д  1,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь 1,000,000 төгрөгний үнэлгээ бүхий зурагтыг (хх-ийн 14-р хуудас) хохирогчид хүлээлгэн өгчээ.

Харин иргэний нэхэмжлэгч Н.Б-д 250,000 төгрөгийн хохирол учирсан ба иргэний нэхэмжлэгч Н.Б нь “...надад гомдол санал байхгүй. Би Г  гэх хүнээс мөнгөө аваад зурагтыг нь өгсөн...” гэх мэдүүлгийг өгсөн нь хэрэгт авагдсан (хх-ийн 26-р хуудас) байна.

Иймээс шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Б.Г-ын бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлж авсан гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Г од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

           Шүүгдэгч Б.Г-ын хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гаргасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх санал дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г-ыг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ......  дугаар багийн........ тоотод байх төрсөн дүү Б.Ж-ын гэрт байх хугацаандаа зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1,000,000 төгрөгийн хохирол учруулж “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. 

Хавтаст хэргийн 58-64-р хуудсанд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сум дундын 27 дугаар шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.Г нь ам бүл 6, эх, ах, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ……. дүгээр баг ……………. гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын ………… дүгээр баг ……………… гэх газарт оршин суух хаягтаа боловч уг хаягтаа оршин суудаггүй, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд түр оршин сууж байгаа гэх/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаас дээшгүй цагаар эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 4.Бусад асуудал:

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн  баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.

Хэргийн шүүгдэгч Б.Г нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээ эдлэхээс сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь шүүх хангасанг тэмдэглэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч Ш  овгийн Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-од оногдуулсан 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм) цагаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч Б.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялаас зайлсхийсэн тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.Г-од оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

         6.  Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ДАВААХҮҮ