Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Б-д холбогдох эрүүгийн 1720000790026 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, камерын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт оршин суух хаягтай, одоогоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р баг П гэх найзындаа түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Б овогт Ц.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багд Д.О-н шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би өөрийн найз хамт ачаа ачдаг найз Д.О-той болон тавуулаа 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас 20 цагийн хооронд 2,5 литрийн савлагаатай 8 сав пиво хувааж уусан. Тэгээд орой 22 цагийн үед каргон дээр хүний ачаа ачиж байгаад Д.О-той үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдан улмаар түүний шанаа руу гараараа цохиж биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан. Учир нь манай найз Д.О пиво ууж согтчихоод над руу агсараад миний хамар руу эхэлж мөргөхөөр нь зөрүүлээд цохичихсон. Өөр зүйл болоогүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 4-5/,

- Хохирогч Д.О-н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагаас 20 цагийн хооронд өөрийн найз Б-той 2,5 литрийн савлагаатай нилээн хэдэн пиво хувааж уусан /хэдийг ууснаа санахгүй байна/, тэгээд бид хоёр хоорондоо нэг нэгнийхээ хэлсэн үгэн дээрээс болж маргалдаад би түүний хамар руу эхлээд толгойгоороо мөргөсөн чинь цаашаа нэг явснаа эргэж ирээд миний шанаа руу гараараа цохиод ухаан алдуулсан. Үүнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн Замын-Үүд сумын эмнэлэгт сэрээд дараа нь Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж эмчилгээ хийлгээд зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч Д.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2017 оны 08 сарын 17-ны өдөр Замын-Үүд сумын нэгдсэн карго дээр ачаа ачиж байхад Д.О, Ц.Б нар саравчинд том савтай пиво ууж байсан ба У эгчид ачаа өгч байсан жолоочтой Д.О ах муудаж байсан ба хажуугаар нь Ц.Б ах орж ирэн давхар муудсан. Тэгээд намайг Г ах Д.О, Ц.Б ах нарыг сааданд суулгаадах гээд явуулахад нь тэр хоёрыг дагуулан очиж сааданд суулгаад чимээгүй гэж хэлээд явахад Д.О ах хойшоо очиж хүнээс очиж тамхи аваад татмаар байна гэхээр нь би та хүнтэй муудахгүй зүгээр яваарай гэж хэлээд түрүүлээд явахад араас Д.О ах алхаад явж байсан ба Д.О ах газраас чулуу авч хойно байсан каргоны чигтээ чулуу шидэхээр нь агаа та болилдоо, би таниас гуйж байхад гэж хэлээд ачаа ачдаг Ү-н хамт 2 талаас нь сугадаад саадны сандал дээр суулгасан. Би Ү-д чи наад хоёроо харж байгаарай ийш тийшээ битгий явуулаарай гэж хэлээд өөрийнхөө ачаа руу явсан. Тэгээд 40 орчим минутын дараа Ц.Б ах миний хажууд ирээд Д.О хаана байна гээд хайгаад явж байсан ба О ах Д.О намайг 2, 3 удаа цохиж, мөргөсөн гэж хэлээд цааш хайгаад явсан. О ах гартаа ямар нэг юм бариагүй байсан. Хэсэг хугацааны дараа О ах О ахтай Монгол шуудангийн урд талд ачаад зогсож байсан машины урд зогсож байсан ба тэр 2 хоорондоо үзье, зодолдъё гэж ярьж байхыг ачаа ачаад явахдаа сонссон. Тэгээд тэр 2 Монгол шуудангийн зүүн талд каргоны машины урд гарч О ах дээгүүрээ өмсөж байсан цамцаа тайлж нэг жижиг машины хамар дээр тавьж О-г 2 гараараа түлхээд чи миний эдгэж ядаж байгаа хамрыг хугалчихлаа гээд тэр 2 заамдалцаж аваад О ах зүүн гараараа энгэрийг нь барьж байгаад баруун гараараа шанаа хэсэг рүү нь хальт цохиход Д.О ах арагшаа гуйвж ухрахад О ах жоохон зайнаас баруун гараараа эрүү рүү нь савж цохиход Д.О ах хойшоо саваад элстэй хэсэг дээр унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,       

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын  23-ны өдрийн 287 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Д.О-н биед зүүн хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, тархины эдийн хөнгөн зэргийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Д.О-н биед учирсан зүүн хацар ясны хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, тархины эдийн хөнгөн зэргийн няцрал гэмтлүүд нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4.  Хүндэвтэр зэргийн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр тогтонги байдлаар алдагдана гэсэн дүгнэлт /хх-ийн 21/,

- Ц.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 31-32/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/,

- Хохирогч Д.О-н шүүхийн шатанд гаргасан: ”...Д овогтой О миний бие Ц овогтой Б-д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон тул авах хохирол төлбөрөө авсан учраас миний бие шүүх хуралд оролцохгүй. Ц.Б-д ямар нэгэн санал гомдолгүй...” гэсэн хүсэлт /хх-ийн 53/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр шүүгдэгч Ц.Б, Д.О нар нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багд пиво ууцгааж улмаар хоорондоо маргалдаж хоорондоо нэг нэгнийгээ цохьсон байх ба Ц.Б нь Д.О-н шанаа тус газарт цохисноос түүнд зүүн хацар ясны хугарал, баруун нүдний ухархайн дотор хананы хугарал гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Ц.Б-г согтуугаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Д.О-н шанаа тус газарт гараараа нэг удаа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ц.Б нь согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг Д.О-н шанаа тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.О-н “...нэг нэгнийхээ хэлсэн үгэн дээрээс болж маргалдаад би түүний хамар руу эхлээд толгойгоороо мөргөсөн чинь цаашаа нэг явснаа эргэж ирээд миний шанаа руу гараараа цохиод ухаан алдуулсан...” гэсэн, гэрч Д.Г-н “...Д.О, Ц.Б нар саравчинд том савтай пиво ууж байсан...О-г 2 гараараа түлхээд чи миний эдгэж ядаж байгаа хамрыг хугалчихлаа гээд тэр 2 заамдалцаж аваад О ах зүүн гараараа энгэрийг нь барьж байгаад баруун гараараа шанаа хэсэг рүү нь хальт цохиход Д.О ах арагшаа гуйвж ухрахад О ах жоохон зайнаас баруун гараараа эрүү рүү нь савж цохиход Д.О ах хойшоо саваад элстэй хэсэг дээр унасан...” гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 287 дугаартай шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ц.Б-д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болон хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Ц.Б-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Ц.Б-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-д оногдуулсан 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ