2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/574

 

 

 

 

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Э.Н , түүний өмгөөлөгч Д.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Н д холбогдох *************** дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн хүлээн авснаар, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар **-ны өдөр *********** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, *** мэргэжилтэй, **** ажиллуулдаг, ам бүл **, эхнэр, **** хамт, ************ дүүрэг, ** дугаар хороо, ** тоотод оршин суух, урьд:

- **** аймгийн **** шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял,

 

- **** аймгийн **** шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 жил 6 сарын хорих ял,

 

- **** дүүргийн шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял,

 

- **** дүүргийн шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 4 жил 1 сарын хорих ял,

 

- **** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял,

 

- **** аймгийн **** шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн,

 

- **** аймгийн ** шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлсэн,

 

Х овогт Э-ын Н /РД:*********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Н  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр **** дүүргийн ** дугаар хороо *** буудалд хохирогч Б.З-ыг “эхнэртэй зүй бус үйлдлэл хийсэн” үйлдлийн улмаас толгойн тус газарт модон сандлаар цохиж, эрүүл мэндэд нь дух яс, суурь ясны хугарал, сорви бүхий амь насанд аюултай хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотолж, яллах байр сууртай оролцож, хавтаст хэргээс 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1238 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

 

- Шүүгдэгч Э.Н , түүний өмгөөлөгч Д.Ганбат нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас  оролцож, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинээр гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримт болон шүүгдэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгыг тус тус шинжлэн судлав.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах санал, хүсэлт гараагүй болно.

 

3. Э.Н нь 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Б.З-ын толгой тус газарт модон сандлаар цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 

3.1. Хохирогч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “... 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гарааш түрээсэлдэг А  над руу залгаад машины замаск хийгээд өгөөч гээд дуудахаар нь би *** дүүргийн ** дугаар хороо *** гүүр өнгөрөөд урд зүгт эргээд байдаг кузов засварын гарааш дээр 14 цагийн үед ирсэн. Тэгээд би машины замаск хийж дуусаад орой 21 цагийн үед дууссан чинь А  намайг за за оройтчихсон юм чинь нэг мөсөн будалцаад өгчихгүй юу гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд байж байсан чинь А ийн эхнэр Д би 6 лааз пиво авчраад бид 3 хувааж уусан. Пиво уучхаад 2025 оны 06 сарын 25-ны шөнийн 02 цагийн үед А  дахин 0,75 литрийн соёрхол архи авчраад бид 3 хувааж уусан, 03 цаг өнгөрч байх үед архиа дуусаад А  ах дахиад 0,75 литрийн архи аваад бид 3 А ийн гэр болох *** дүүргийн ** дугаар хороо ** буудалд гэрт нь ороод архи хувааж уусан, А ийн эхнэр Д би маникюрт сурч байгаа би чиний 1 хумсыг будаж өгье гэж хэлээд ширээнд дээр суусан, би хумсаа будуулж байсан чинь А  ах би унтлаа гээд орон дээр хэвтсэн, тэгснээ хэсэг хэвтэж байснаа босож ирээд муу 2 пизда чинь бараг шаалцах нь ээ гээд эхнэрээ барьж аваад зодож эхэлсэн, тэгэхээр нь би болиоч ээ гээд А ийг татсан чинь эргэж хараад миний дух руу нэг юм аар цохисон, тэгээд би ухаан алдчихсан, нэг сэрсэн чинь би хашааных нь гадна гудамжинд сэрсэн, миний уруулыг наалдан падаар наачихсан байсан. Миний утас дуугарч байсан утсаа авсан чинь эхнэр цагдаа дуудаад, түргэн ирээд би гэмтлийн эмнэлэгт хэвтсэн ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас),

3.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн СХД0725/211 дугаартай шинжээчийн: “Б.З-ын биед дух яс, суурь ясны хугарал, сорви гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна, амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эмчилгээ эдгэрэлтээс хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 17-20 дугаар хуудас),

3.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0825/2995 дугаартай шинжээчийн: “Хохирогч Б.З-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор хоёрдугаар зэрэглэлд хамаарна, дээрх шинжүүд нь түр зуурынх, байнгынх цаашид хэрхэн нөлөөлөх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна” гэх дүгнэлт (1-р хавтаст хэргийн 29-31 дугаар хуудас),

3.4. Шүүгдэгч Г.Н-н яллагдагчаар дахин өгсөн “ ... З гэдэг залуу нь миний өмнө нь ажиллуулж байсан *** дүүргийн ***-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кузов засварын” газарт будагчнаар ажиллаж байсан юм. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 23 цагийн үед З ажил дээрээ түлшний машин будаж байгаад “ах пиво ууя” гэж хэлэхээр нь би өөрийн эхнэр Д руу залгаад 6 ширхэг лаазтай пиво захисан ба манай эхнэр хэлснээр удалгүй 6 ширхэг пиво аваад ирсэн ба бид хоёр хоёроор нь хувааж ууссаны дараа цаг харахад 00:00 цаг өнгөрсөн болохоор нь за маргааш өглөө эрт эхлүүлье одоо ажлаа дуусгая гээд Засварын хажууд байдаг дэлгүүр ороод 0.75 литртэй 1 ширхэг архи аваад эргээд засвар дээрээ ирээд З бид 2 хамт уусан юм. Тэгээд шилтэй архиа хувааж уусны дараа гэртээ харих гэхэд З “архи уусан юм чинь одоо яаж барих вэ танай гэрт очоод хонож болох уу” гэхэд нь би зөвшөөрөөд хамт манай гэр лүү явсан би замдаа дэлгүүр орж дахин 1 шил архи аваад гэртээ ороод манай эхнэр хоол хийж байх хооронд бид 2 авсан архиа ууж байгаад би дуусгаж чадалгүй тасраад унтаад өгсөн. Гэтэл 04:00 цагийн үед миний хажууд унтаж байсан эхнэр Д нь орилоод байсан ба би орноосоо өндийгөөд харахад манай эхнэрийг орны доор газар хэвтүүлсэн 2 гарын барьцан З дээр нь дараад хэвтэж байсан тэгэхээр нь би гэрлээ асаах үед З манай эхнэрийг дарж хэвтэж байснаа босож ирээд манай гэрийн голд байдаг цахилгаан зуухны араар ороод зуух дээр байсан хутганы комноос 1 хутга аваад шидсэн ба би хутганаас зугтах үед хутга нь манай гэрийн хананд зоогдоод үлдсэн тэгээд дахиад хутга аваад дайраад байхаар нь би З-ын 2 гараас нь бариад авахад миний эрхий хурууны өндөг хэсгээр зүссэн ба би гарын мушгиад унгаахад З барьж байсан хутгаараа манай эхнэрийн зүүн гуяны гадна хэсэгт зүссэн тэгээд манай эхнэр уйлаад нь би хажууд байсан цэцэрлэгийн хүүхэд суудаг жижиг хуванцар сандлаар орой хэсэгт 1 удаа цохисон ба З-гийн толгойноос цус гараад эхлэх үед З-д гараад гүйсэн... ... Би З-ын толгойд сандлаар цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 153-154 дугаар хуудас),

- Шүүгдэгч Г.Н-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би тасарч унтаад сэрэх үед Б.З- манай эхнэр Б.Д-ын дээр гарчихсан хүчирхийлэх гээд байж байсан, би Б.З-ыг татаж босгоход гал зуухан дээр байсан хутганы ком дахь хутганаас нэгийг аваад эхнэрийн гуяны гадна хэсэгт, миний гарын өндөг хэсгийг зүссэн. Дахиад хутга аваад шидэх үед би сандлаар цохиж болиулсан, хохирогч сандлаар цохиулчхаад гараад гүйчихсэн. Манай эхнэр 3 сарын хугацаанд шөнө орилж босож ухаан санаа нь балартчихсан байсан, тухайн үед болсон үйл баримтын талаар юу гэж яриснаа ч санахгүй байгаа ...” гэх мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс),

3.5. Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Тэгээд унтаж байтал миний цээж бачуураад, гар өвдөөд байхаар нь сэртэл З намайг газарт буулгаад өөрт нь засаж өгсөн орон дээр авчраад хэвтүүлчихсэн миний дээр хэвтэж байсан. Тэгээд би нөхөр болох Н-г сэрээх гээд хашхираад дуудтал сэрэхгүй З миний нүүрэн дээр дараад байсан тэгээд манай нөхөр Н сэрээд миний дээр байгаа З-г хараад орны урд байрлах улаан өнгийн жижиг сандлаар З-гийн толгой хэсэгт нь 1 удаа цохисон тэгээд манай нөхөр болох Н, З 2 хоорондоо барьцалдаж аваад З гартаа жижиг хутга бариад нөхөр болох Н гараас нь атгаад байж байтал З  хутга барьж байсан гараараа миний гуя хэсгээр зүсээд манай нөхрийн гарт байсан хутгийг сугалж татаад манай нөхрийн гарыг зүсээд гэрт нил цус асгараад байж байтал З  гараад явсан. Тэгээд нөхөр бид 2 цагдаа дуудах гэтэл дундаа нэг утастай байж таараад тэр утасны цэнэг дууссан тул чадаагүй юм...” гэх мэдүүлэг (1-р хавтаст хэргийн 169-170 дугаар хуудас) зэргээр нотлогдон тогтоогдсон.

4. Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийг яллах үндэслэл болгосон нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг эргэлзээгүй тогтоож чадсан байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

5. Хууль зүйн дүгнэлт.

5.1. Шүүгдэгч Э.Н н хохирогч Б.З-ын толгойн тус газар сандлаар цохисны улмаас “биед дух яс, суурь ясны хугарал, сорви гэмтэл бүхий” хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

5.2. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн обьектив талын шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл байх ба энэхүү гэмт үйлдлийн улмаас учруулсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирснаар төгсдөг материаллаг хохирол учирсан байхыг шаардсан гэмт хэрэг. Хохирогч Б.З-ын биед дух яс, суурь ясны хугарал, сорви гэмтэл бүхий хүнд хохирол учирсан.

Уг хохирол нь 2024 оны А/225/,А153,/А85 дугаартай Эрүүл мэндийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Улсын ерөнхий прокурорын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан журмын 4 дэх хэсгийн 4.1.2-т зааснаар хүнд хохиролд хамаарч байгаа болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн СХД0725/211 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-хх 19-22/-ээр тогтоогдсон.

Шүүгдэгч Э.Н-н хохирогч Б.З-ын толгой тус газарт сандлаар цохисон үйлдэл, хохирогчийн биед учирсан дух яс, суурь ясны хугарал, сорви бүхий гэмтлүүд нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

5.3. Шүүгдэгч Э.Н нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж хүнд хохиролд зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

5.3.1. Тухайлбал, Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мэдүүлэгтээ “... Б.З-ыг гал зуухан дээр байсан хутганы комноос 2 дахь хутгаа аваад шидэх үед нь сандлаар цохиж болиулсан ...” талаар мэдүүлдэг боловч,

Гэрч Б.Д-ын “... Н сэрээд миний дээр байгаа З г хараад орны урд байрлах улаан өнгийн жижиг сандлаар З гийн толгой хэсэгт нь 1 удаа цохисон тэгээд манай нөхөр болох Н З  2 хоорондоо барьцалдаж аваад З  гартаа жижиг хутга бариад нөхөр болох Н гараас нь атгаад байж байтал З  хутга барьж байсан гараараа миний гуя хэсгээс зүсээд манай нөхрийн гарт байсан хутгийг сугалж татаад манай нөхрийн гарыг зүссэн ...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.З-ын “... А  ах би унтлаа гээд орон дээр хэвтсэн, тэгснээ хэсэг хэвтэж байснаа босож ирээд муу 2 пизда чинь бараг шаалцах нь ээ гээд эхнэрээ барьж аваад зодож эхэлсэн, тэгэхээр нь би болиоч ээ гээд А ийг татсан чинь эргэж хараад миний дух руу нэг юм аар цохисон, тэгээд би ухаан алдчихсан ...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэн үзэхэд:

- Талууд болсон үйл явдал, дарааллын хувьд зөрүүтэй мэдүүлдэг ч, хэн хэнийг, хэзээ, хэрхэн, юугаар цохисон талаар зөрүүгүй мэдүүлсэн мөн хохирогчийг хутга шидэхээс өмнө шүүгдэгч түүний толгой тус газарт нь сандлаар цохисон болохыг шүүгдэгчийн эхнэр болох гэрч Б.Д мэдүүлдэг ба шүүгдэгчийн зүгээс эхнэр Б.Д-ыг ухаан санаа балартсан тул худал мэдүүлсэн гэх тайлбарыг гаргасан хэдий ч уг тайлбарыг нотлох эмнэлгийн магадалгаа, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримт материал хэрэгт авагдаагүй байна.

Иймд шүүгдэгч Э.Н  нь хохирогчийн толгой хэсэг рүү сандлаар цохих үйлдлээр “биед дух яс, суурь ясны хугарал, сорви” бүхий хүнд хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн субьектив талын санаатай байх шинжийг хангасан.

5.4. Энэ гэмт хэргийн субьект нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан 14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувь хүн байх нийтлэг шаардлагыг хангасан. Сэтгэцийн талаар заавал шинжилгээ хийлгэх хуульд заасан нөхцөлд хамаарахгүй, түүний хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлзэх үйл баримт, нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

5.5. Хууль тогтоогч уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр хуульчилсан.

 

Шүүгдэгч Э.Н н үйлдэлд уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй. 

5.6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос Э.Н н хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь уг хэргийн бодит байдалтай нийцэж байгаа, хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

6. Хохирол-хор уршиг.

 

            6.1. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.З-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс баримтаар нэхэмжилсэн зүйлгүй болох нь:

“... надад ямар нэгэн хохирлын баримт байхгүй, шүүх эмнэлгээр гарсан хохирлыг барагдуулж өгнө үү ...” гэх /1-р хавтаст хэргийн-160/ дахь талд авагдсан хүсэлтээр тогтоогдож байна.

 

6.2. Мөн шүүгдэгч Э.Н  нь 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.З-ын эмчилгээ, үйлчилгээний төлбөрт гарсан зардал болох 437,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

6.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ЕГ0825/2995 дугаартай: “Хохирогч Б.З-ын сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/ авагджээ.

 

6.3.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

 

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд /Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршиг буюу “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх ба “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж заасан.

 

6.3.2 Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шүүгдэгч Э.Н  нь хүнд гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа хохирогчийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлж буюу 6х792,000=4,752,000 төгрөгөөр тогтоож шүүгдэгч Э.Н гээс гаргуулж, хохирогч Б.З-т олгохоор шийдвэрлэсэн.

 

6.4. Шүүгдэгч Э.Н , түүний өмгөөлөгч Д.Ганбат нарын зүгээс хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авах хүсэлтийг гаргаж, завсарлага авсан хугацаанд хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол төлбөр болох 4,752,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч Б.З-ын 88081827 дугаараас “сэтгэл санааны хохирол болох 4,752,000 төгрөгийг хүлээн авсан. Гомдол санал байхгүй болно.” гэх хүсэлтийг шүүхэд зурвасаар илгээсэн баримтаар тогтоогдсон.

 

6.5. Иймд шүүгдэгч Э.Н г бусдад төлөх төлбөргүй гэж шүүхээс үзлээ.

 

7. Эрүүгийн хариуцлагын талаар.

 

7.1. Улсын яллагчаас: Шүүгдэгч Э.Н д “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 02 жил 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ...” саналыг гаргасан.

 

7.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбатаас “... Миний үйлчлүүлэгч анх удаа гэр бүлээ батлуулж, дундаасаа үр хүүхэдтэй болж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа залуу хүн билээ. Гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хохирол төлбөр төлж барагдуулсан тул хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ...” гэх саналыг гаргасан,

 

            7.3. Шүүгдэгчээс: “... Миний бие урьд өмнө алдаа оноотой их зүйлийг үзэж туулсан. Хийсэн гэмт үйлдэлдээ гэмшиж, ойлгож ухамсарлаж байгаа. Дахин гэмт хэрэг зөрчилд холбогдохгүй тул торгох ял оногдуулж өгнө үү ...” гэх тайлбарыг гаргасан.

           

            7.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

7.5. Шүүгдэгч Э.Н д эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар “хохирогчид учруулсан хохирлыг төлсөн,  хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, хохирогч гомдол саналгүй, хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, ам бүл 4, ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгуулийг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэлээ.

 

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болохыг тогтоолд тус тус дурдах нь зүйтэй.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овгийн Э-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Н г 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 10,000,000 (арван сая) төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Н д оногдуулсан торгох ялыг 01 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Э.Н д мэдэгдсүгэй.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирол төлбөр төлж барагдуулсан, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ