| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбаатар Ууганбаатар |
| Хэргийн индекс | 194/2026/0138/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/230 |
| Огноо | 2026-01-21 |
| Зүйл хэсэг | 15.1.3., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2026 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2026/ШЦТ/230
2026 01 22 2026/ШЦТ/230
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Ууганбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунбат,
улсын яллагч Д.Ганчимэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э
шүүгдэгч С.Б, Б.О, тэдгээрийн өмгөөлөгч Р.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Б, Б.О нарт холбогдох эрүүгийн “2406019542436” дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн,
2. Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын III клиникийн сувилагч Б.О нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн клиникийн III тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Н.Ог ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөхөөр сувилагч С.Бгийн эзэмшлийн Тоёота Приус 41 маркийн ......... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явах үедээ Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт бууж үлдэн Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын 3.7 дугаар зүйлийн 3.7.1-т заасан "Эмчлүүлэгчийн сэтгэц эмгэгийн хам шинж арилж эдгэрсэн, эсвэл намжмал байдалд орсон тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргах бөгөөд ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж баталгаажуулна", мөн ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан "эмчлүүлэгчийг өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх, амиа хорлох, оргох, гэнэтийн үйлдэл хийх, бусадтай зодолдох, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд гэмтэл, шарх учруулах, эд хөрөнгө эвдэж сүйтгэх зэрэг үйлдлээс сэргийлж хяналт тавих, тохиолдол үүссэн үед мэдээлэх, хариу арга хэмжээ авна" гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Н.О нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа-1 хорооллын орчимд тээврийн хэрэгслээс зугтаж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Шар хоолойн ам" гэх газарт осгож нас барсан,
"Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Асрамжийн клиникийн асаргааны асрагч /асаргааны сэтгэцийн туслах сувилагч/ ажилтай С.Б нь 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн клиникийн III тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Н.Ог ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөхөөр өөрийн эзэмшлийн Тоёота Приус 41 маркийн ......... УНА улсын дугаартай тээврийн хэрэгслээр явах үедээ Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын 3.7 дугаар зүйлийн 3.7.1-т заасан "Эмчлүүлэгчийн сэтгэц эмгэгийн хам шинж арилж эдгэрсэн, эсвэл намжмал байдалд орсон тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргах бөгөөд ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна", мөн ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан "эмчлүүлэгчийг өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх, амиа хорлох, оргох, гэнэтийн үйлдэл хийх, бусадтай зодолдох, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд гэмтэл, шарх учруулах, эд хөрөнгө эвдэж сүйтгэх зэрэг үйлдлээс сэргийлж хяналт тавих, тохиолдол үүссэн үед мэдээлэх, хариу арга хэмжээ авна" гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Н.О нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа-1 хорооллын орчимд тээврийн хэрэгслээс зугтаж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Шар хоолойн ам" гэх газарт осгож нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Эрүүгийн 2406019542436 дугаартай хэргээс:
2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр "Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Грийн сургуулийн хойшоо явах замд 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр иргэн Н /54 настай эмэгтэй/ биедээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан" гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 хх- ийн 19/,
Хэргийн газрын үзлэг хийсэн 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн "Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Шар хоолойн ам Сансар зуслангаас ертөнцийн зүгээр хойшоо 1 км гаран зайд авто машины зам дээр..." гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 20-25-р тал/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1 хх-ийн 26-29-р тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Манай дүү хамгийн анх 2019 онд СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан. Би дүүгээ хамгийн сүүлд 2024 оны 3 дугаар сарын 04-05-ны өдөр СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлэхээр үлдээсэн. Тухайн үед би дүүгээ үлдээхдээ эмчтэй нь уулзаад "би 4 сарын эхээр ирж авна" гэж хэлээд үлдээчхээд Ховд аймаг руу явсан. Намайг Ховд аймагт байхад СЭМҮТ-ээс над руу залгаад "Нгийн хугацаа дуусаж байна, ирж аваарай" гэж хэлж байсан. Би тэгэхээр нь "ахын дүү 2-3 хоног сунгаад өгөө, би очоод авна" гэж хэлсэн. Тэгтэл 1-2 цагийн дараа СЭМҮТ-ээс залгаад "Н алга боллоо" гэж хэлсэн... Надад Н.Ог гаргах талаар 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гэж ярьсан. Яг хэн надтай ярьсан талаар бас утасны дугаарыг нь би санахгүй байна. Тухайн үед над руу залгаад "Н.Огийн эмчилгээ дууссан" гэж хэлсэн. Би тэр үед "ах нь 2-3 хоногийн дараа очоод авна" гэж хэлсэн... Би Нг өгөхдөө буцаагаад гадуур хувцсыг нь аваад явсан. Н ягаан өнгийн подволк, гэрийн цоохор нөмрөг, цагаан өнгийн оймс, хөх өнгийн даавуун өмдтэй үлдээсэн... Н.О нь өмнө нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс /би хаягийг нь сайн мэдэхгүй байна гэх/ 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хоол идчихээд гэрээсээ гараад сураггүй алга болсон. Тэгээд 1 сарын дараа буюу 2021 оны 09 дүгээр сарын 01-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр Сэлэнгэ аймгийн цагдаа өгсөн гэж хэлсэн. Тэгээд Н.Ог СЭМҮТ-өөс авч байсан. Н.О нь 2019 онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах манай төрсөн эгчийн гэрээс уурлаж гараад 15 хоногийн дараа Төв аймгийн Эрдэнэ сумаас цагдаа залгаад очиж авч байсан" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 32-33, 36-37/,
Гэрч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Манай эмчилгээ эрхэлсэн дэд захирлаас Дотоод журам дүрэм баталдаг. Хэвтэн эмчлүүлэгчийг ар гэрт хүлээлгэн өгөх үүрэгтэй. Мөн ар гэрт хүлээлгэн өгөхдөө холбогдох бичиг баримт ар гэрт өгдөг. Бас гарын үсэг зуруулдаг. Шаардлагатай тохиолдолд гэрт нь хүргэх тохиолдол байдаг. Тийм үед бас гарын үсэг зуруулах ёстой байдаг" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49-50/,
Гэрч Ц.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр өөрийн эрхэлдэг ажил болох Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр ээлжинд гарч байсан. Тухайн өдөр над руу сувилагч О залгаад "Нгийн хувцсыг өмсөж байгаарай. Б бид 2 хүргэж өгөхөөр болсон" гэж хэлсэн. Тэгээд О Б нар ирээд авсан. Тухайн үед Д эмч надад "Нг гарга" гэж хэлээгүй. О над руу залгаад хэлсэн болохоор би Д эмч зөвшөөрсөн юм байна гэж бодоод гаргасан. Тэгээд би Нг алга болсон талаар орой ажилчдын фэйсбүүк чатаар мэдсэн" гэсэн мэдүүлэг /1хх- ийн 53-54/,
Гэрч Н.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Манай байгууллага буюу Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад сэтгэцийн хувьд засрал сайжралын байдалд орохоор эмнэлгээс гарах заалт үүсдэг. Манай байгууллага эмнэлгээс гарах үед заавал ар гэрт хүлээлгэн өгдөг энийг эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх тухай журам дээр заасан байдаг. Манай байгууллага эмчлүүлэгчийг эмнэлгээс гаргаж ар гэрт нь хүргэж өгөх нарийвчилсан журам бол байхгүй. Эмнэлгээс хун гаргах үед эмчийн зөвшөөрлөөр явагддаг. Би тухайн асуудал дээр яг юу болсон талаар мэдэхгүй юм байна ямар ч байсан С.Б Б.О нар эмчлүүлэгчийг авч явж байгаад О нь амдаа хүүхдээ авна гэж хэлээд буусан гэсэн О ер хамт явсан бол ийм зүйл гарахгүй байх байсан байх гэж би бодож байна. Тухайн Д эмч, сувилагч О, туслах сувилагч Б нар албадын хурлаар ороод арга хэмжээ авагдсан" гэсэн мэдүүлэг /1хх- ийн 57-58/,
Гэрч С.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "Би тухайн /F07.8/ өвчний талаар мэднэ. Тухайн өвчин нь тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан үйлийн бусад органик эмгэгүүдийг хэлдэг. Уг өвчний үед уналт, таталтын хам шинж, зан төрхийн өөрчлөлт, нуршаа сэтгэхүй, уналт таталтын дараах ухамсарт ухаан бүрийтэн балартах хам шинж болон эпилепсийн солиорол зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Уг өвчин дээрх шинж тэмдгүүдээр дахилт өгсөн үедээ өөртөө болон бусдад нийгэмд аюултай үйлдэл хийх эрсдэлтэй нөхцөл байдалтай байдаг тул тус эмнэлэгт хэвтүүлэн эмчилж, эмнэлэг хамгааллын дэглэмийн "онцгой анхаарах" дэглэмийг баримтлан тусламж үйлчилгээ үзүүлдэг, харин уг өвчний засрал сайжралын байдалд орсон үед "анхаарах" гэсэн эмнэлэг хамгааллын дэглэмийг баримтлан эмчилдэг... Эмч, туслах сувилагч, сувилагч нар эмлүүлэгчийг ар гэрт нь хүргэж өгөх эмнэлгийн дотоод журам байхгүй. Харин үндсэн тасгуудад эмчлүүлэгчийн тоо ихэссэн тохиолдолд эмнэл зүй эрхэлсэн дэд захирал Оюунчимэг нь үндсэн тасгуудын эмч нарт “засрал сайжралын байдалд орсон эмчлүүлэгчдийг гарга" гэж аман байдлаар хэлдэг. Манай байгууллага засрал сайжралын байдалд орсон эмчлүүлэгчдийг гаргахдаа албан тоотоор биш аман байдлаар “тэр тэрийг гарга” гээд хэлээд явчихдаг" гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61-62/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч С.Чулуунсүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 1388 дугаартай "Амь хохирогч Н.Огийн цогцост 2 өвдөг, зүүн шилбэ, бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн цохих, нидрэгдэх, унах үйлчлэлээр үүсэх боломжтой. Үхэлд нөлөөлөхгүй. Нас барахаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Амь хохирогч нь осголтын улмаас нас баржээ. Амь хохирогч нь зүрхний булчингийн сорвижилт, бөөрний архаг үрэвсэл архаг өвчтэй байна. Үхэлд нөлөөлөөгүй байна. 2024.03.31-ний 12:42 цагийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 22-24 цаг орчим болсон байжээ. Амь хохирогчийн ходоодонд 50мл орчим шингэн агууламжтай байна. Нас барахаас 2-4 цагийн өмнө хэрэглэсэн байх боломжтой. Амь хохирогч нь согтолтгүй байна. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөөлөх бодис илрээгүй. Ходоодны шингэн хүрэлцэхгүй тул хорт болон эмийн бодис илрүүлэх боломжтой байна. Амь хохирогч нь АВО системээр О (1) бүлгийн цустай байна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлсэн ч амь насыг аврах боломж муутай байжээ” гэсэн дүгнэлт /1хх-ийн 63-68/,
Амь хохирогч Н.Огийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөр үйлчлүүлсэн өвчний түүх “...СЭМҮТ F07.8/Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаан” оноштой 2024/02/29-ний өдөр 2024/03/30-ны өдөр Ор хоног 30 хоног 10:00 цаг гарсан..." /1хх-ийн 200-207/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Б/164 дугаартай “Б.Дг клиникийн эрхлэгчээр томилсон” тушаал /1хх-ийн 210-212/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/53 дугаартай “Б.Оийг Сэтгэцийн эмгэг судлалын III клиникт сувилагчаар томилсон” тушаал /1хх-ийн 213/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/182 дугаартай “С.Бг Асрамжийн 1 клиникийн асаргааны асрагчаар /асаргааны сэтгэцийн туслах сувилагч/ томилсон” тушаал /1хх-ийн 214-215/,
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/30 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам" /1хх-ийн 216-223, 2хх-ийн 5-12/,
С.Бгийн албан тушаалын тодорхойлолт /1хх-ийн 224-231/,
Б.Оийн албан тушаалын тодорхойлолт /1хх-ийн 232-241/,
Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс ирүүлсэн албан бичиг /2хх-ийн 3/,
С.Б, Б.О нарт сахилгын шийтгэл оногдуулсан тушаал, хурлын тэмдэглэл /2хх-ийн 45-47, 48-52x/,
Хууль ёсны төлөөлөгч Н.Э, С.Б нарын харилцан ярианы бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 68-72/ зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу дээрээ маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, хэргийн байдлыг нотлох үүргийг хүлээдэггүй тул шүүгдэгч нарыг гэм буруугаа хүлээсэн байдлаар нь тэднийг гэм буруутайд тооцож болохгүй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн шүүхээс дараах дүгнэлтийг хийж шүүгдэгч нарын үйлдлийг “гэмт хэргийн шинжгүй” гэж үзэн хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэлээ.
Прокуророос Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Сэтгэцийн эмгэг судлалын сувилагч Б.О, асрагч С.Б нарыг 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн клиникийн III тасагт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөн Н.Ог ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь хүлээлгэн өгөхөөр явах үедээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмын 3.7 дугаар зүйлийн 3.7.1-т заасан "Эмчлүүлэгчийн сэтгэц эмгэгийн хам шинж арилж эдгэрсэн, эсвэл намжмал байдалд орсон тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргах бөгөөд ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж баталгаажуулна", мөн ажлын байрны тодорхойлолтын 4 дүгээр зүйлийн 4.3-т заасан "эмчлүүлэгчийг өөртөө болон бусдад аюултай үйлдэл хийх, амиа хорлох, оргох, гэнэтийн үйлдэл хийх, бусадтай зодолдох, бусдын болон өөрийн амь нас, эрүүл мэндэд гэмтэл, шарх учруулах, эд хөрөнгө эвдэж сүйтгэх зэрэг үйлдлээс сэргийлж хяналт тавих, тохиолдол үүссэн үед мэдээлэх, хариу арга хэмжээ авна" гэсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас Н.О нь Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо Буянт-Ухаа-1 хорооллын орчимд тээврийн хэрэгслээс зугтаж, улмаар 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр "Шар хоолойн ам" гэх газарт осгож нас барсан гэж буруутгасан нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй болжээ.
Талийгаач Н.О нь 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрөөс 3 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд F07.8 тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаан бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр эмчилгээ дуусаж эмчлэгч эмч Б.Дгийн зөвшөөрлөөр эмнэлгээс гарах болоход сувилагч Б.О, асрагч, туслах сувилагч Н.Б нар Н.Ог гэрт нь хүргэж өгөхөөр Н.Бгийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Н.Огийн гэр рүү явж байх замд шүүгдэгч Б.О нь замдаа бууж үлдэн, цааш шүүгдэгч Н.Б, талийгаач Н.О нар явж байх замд талийгаач Н.О нь машинаас бууж зугтаан улмаар 2024 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс нас барсан байдалтай олдсон үйл баримт бий болсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж, 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэж тус тус хуульчилжээ.
Хуулийн дээрх тодорхойлолтоос үзэхэд энэхүү гэмт хэрэгт хэд хэдэн нөхцөл шаардлагыг заавал байх шинжээр заасан.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд тусгай шаардлага тавигдахаар буюу заавал эмнэлгийн мэргэжилтэн энэ гэмт хэргийг үйлдсэн байхыг шаардах бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн гэж Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.5-д зааснаар “анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их эмч, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг” тус тус ойлгоно.
Түүнчлэн, Эрүүл мэндийн тухай хуулийн 3.1.3-д зааснаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэж нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэлнэ гэж тодорхойлсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг тодорхойлон тайлбарласан, уг гэмт хэргийг Эрүүл мэндийн тухай хуулиас иш татсан байдлаар хэрэглэх юм.
Эрүүгийн хуульд зааснаар 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт субьектийн шаардлага тавигдаж тэрхүү этгээд ямар тусламж, үйлчилгээг үзүүлэх ёстойг түүнд үүрэг болгосон эсэх, уг үүргээ ямар шалтгааны улмаас биелүүлээгүй болох, эсхүл зохих ёсны дагуу яаж биелүүлэх ёстой байсан гэсэн шаардлагууд бүхэлдээ хангагдаж байж гэмт хэрэг бий болсон байна гэж үзэх ёстой.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/30 дугаартай тушаалаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” журмыг баталжээ.
Уг журмын 3.7.1 дэх хэсэгт “Эмчлүүлэгчийн сэтгэц эмгэгийн хам шинж нь арилж эдгэрсэн, эсвэл намжмал байдалд орсон тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргах бөгөөд ар гэр, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарт хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулж баталгаажуулна” гэж журамласан байна.
Тухайн журмын дээрх хэсэгт зааснаар өвчний байдал эдгэрсэн эсвэл намжсан тохиолдолд эмчлэгч эмчийн зөвшөөрлөөр эмнэлгээс гаргаж ар гэрт нь хүлээлгэн өгч гарын үсэг зурж баталгаажуулдаг ба ингэхдээ энэ үүрэг хэнд хадгалагдах эсэх, өөр илүү нарийвчилсан байдлаар хэрхэн хүргэж өгөх, хүргэлтийн ажиллагааг ямар тээврийн хэрэгслээр, ямар ажилтан албан хаагчийг оролцуулж явуулдаг эсэх, ямар бүртгэлийн дэвтэрт юуг тэмдэглэдэг эсэх талаар журамлаагүй байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүхээс энэ талаар оролцогчдоос тодруулахад тийм зүйл байхгүй, практикт сувилагч нар хэрэгжүүлээд явдаг гэх тайлбараас өөрөөр үндэслэлтэй тайлбарыг хэн аль оролцогч илэрхийлээгүйгээс үзэхэд тодорхой бус үүргийг албан бусаар хүлээлгэсэн нөхцөлөөс улбаатай тухайн этгээдийг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй байна.
Харин Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн А/30 дугаартай тушаалаар “Эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх тухай” журмын Эмнэлэгт эмчлүүлэгч хүлээн авах тухай хэсэгт “эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээр ирсэн эмчлүүлэгчийг иргэний үнэмлэхийг үндэслэн, ажлын өдрүүдэд ажлын цагаар хүлээн авах тасгийн эмч, сувилагч, амралтын болон ажлын өдрүүдэд ажлын бус цагаар жижүүрийн эмч, сувилагч хүлээн авах” талаар зохицуулсан боловч эмнэлгээс гаргах үеийн асуудлыг хэн нэг этгээдэд үүрэгжүүлэн журамлаагүй байгааг дурдах нь зүйтэй.
Хууль, журмаар зохицуулагдаагүй, “практикт тийм байдаг” гэх байдлаар хандсан эрх зүйн үр дагаврыг тодорхойлж дүгнэх боломжгүй харилцаанд оролцсон оролцогчдыг хуулийг төсөөтэй хэрэглэх байдлаар шууд буруутгах боломжгүй, шүүгдэгч нарын үйлдэлд гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдоогүй байх тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг цагаатгаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй болно.
Түүнчлэн, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/182 дугаартай Ажилтан томилох тухай тушаалаар Содномын Бг Асрамжийн 1 дүгээр клиникийн асаргааны асрагчийн /асаргааны сэтгэцийн туслах сувилагч/ ажилт томилсон байх боловч Эрүүл мэндийн тухай хуульд эмнэлгийн мэргэжилтэн гэх ойлголтод асрагчийн албан тушаалыг хамааруулах талаар хуульчлаагүй, ерөнхий захирлын тушаалд дурдсан буюу хаалт дотор “туслах сувилагч” гэж тодорхойлсноор түүнийг эмнэлгийн мэргэжилтэн буюу сувилагчийн албан тушаалтай дүйцүүлэн ойлгох боломжгүй.
Энэ нь С.Бгийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектийн шаардлагыг ч хангахгүй байгааг илтгэж байна.
Шүүгдэгч Б.О, С.Б нар ажлын дутагдал гаргасан үйлдэлдээ Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/151, Б/152 дугаартай тушаалуудаар сахилгын шийтгэл хүлээсэн байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч С.Б, Б.О нарыг эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч нас барсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Б, Б.О нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй гэж хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2
дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн
шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх
хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10
дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн
2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүгийн прокурорын газраас шүүгдэгч С.Б, Б.О нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч С.Б, Б.О нарыг цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2
дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг гэмт хэргийн
шинжгүй үндэслэлээр цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
3. Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хугацаагаар хадгалж хэрэгт битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч нар нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны
прокурор нар тогтоолыг гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.УУГАНБААТАР