Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2022/0702/З |
Дугаар | 128/ШШ2023/0535 |
Огноо | 2023-06-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 15 өдөр
Дугаар 128/ШШ2023/0535
2023 06 15 128/ШШ2023/0535
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г А ,
Нэхэмжлэгч: Н О ,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох газрын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Э, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжаар “...тус дүүргийн 20 дугаар хорооны Сэлхийн зусланд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаагийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 59 дүгээр мэдэгдлийн дагуу дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 596, 597 дахь Г.А, Н.О нарт холбогдох хэсгээс 452 м.кв газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэсэн байна.
2. Нэхэмжлэгч тал Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С гомдол гаргасан байх ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 06/2285 дугаар албан бичгээр “...гомдлыг шийдвэрлэх боломжгүй...” гэсэн хариуг өгчээ.
3. Иймээс нэхэмжлэгч нар нь дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандсан,
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хамтран хариуцагчаар Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албыг татаж, “...нэхэмжлэгч Г.А нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан шийдвэрлээгүй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт газар эзэмших захирамж гаргаж гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгуулах...”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.А, Н.О нар нь 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 200 тоот шийдвэрийн дагуу тус бүр 650 м.кв газрыг эзэмшиж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмшиж ашигласаар ирсэн. Гэтэл 2020 оны 04 дүгээр сард хажуугийн айл Д.А маргаан үүсгэж, шүүхэд хандсанаар Нийслэл дэх Захиргааны хэргийг анхан шатны шүүхэд гуравдагч этгээдээр оролцсон. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 дугаар шийдвэр гарсан бөгөөд тус шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Д.Агийн байшингийн сууриар 48 м.кв газрыг олгохоор болоод шүүхээс захиргааны байгууллагад орц гарцын асуудлыг шийдвэрлэ гэдэг даалгавар өгсөн. Үүний дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2020 оны 07 дугаар сараас эхлэн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч н.Б гэх хүнд хандаад, Сүхбаатар дүүргийн Хуулийн хэлтсийн ахлах н.Б нартай хамт 2020 оны 07 дугаар сард зуслангийн газар дээр үзлэг хийсэн. Энэ талаар Д.Ад утсаар мэдэгдсэн. Газарт үзлэг хийлгээд байшингаас баруун тийш орц, гарцыг хийж болохоор байсан тул байшингийн сууриас 1 метр орчим зайд кадастрын зураг хийлгэ гэж зааж өгсний дагуу кадастрын зураг хийлгэхээр болсон. Сүхбаатар дүүргийн хуулийн ахлах н.Б нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамж удахгүй гарна, шинэ кадастраа хийлгээд өгөөрэй, гэхдээ тэр үед А*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Аг заавал өөрийн биеэр авч ирж танилцуулах ёстой гэж хэлсэн. Үүний дагуу Д.Атэй холбогдох гэж оролдсон боловч чадахгүй байсаар 2 сар гаруйн хугацаа өнгөрч хариуцсан байцаагчдаа хэлэхэд заавал дагуулж ир гэж хэлдэг эсхүл хариуцсан байцаагч нь солигдсон байдаг тул дахин эхнээс нь танилцана өөрт байгаа материалуудаа хувилаад өгөөд дараа ир, танилцаж амжаагүй байна, дараа ир гэх байдлаар явсаар миний бие Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга н.М*******од 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр учир байдлаа танилцуулахад “Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй” гэж хэлээд кадастрын зургаа байцаагчийн зааж өгснөөр хийлгээд хүсэлтээ бичээд хариуцсан байцаагчдаа өгөхийг зөвлөсний дагуу 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Г.Агийн эзэмших гэрчилгээ, шинэ болон хуучин кадастрын зураг, хүсэлт зэрэг бичиг баримтуудыг хавсарган өргөдлөө өгсөн.
Үүнээс хойш хариуцсан байцаагч н.Б нь манай асуудлыг шийдвэрлэнэ гэж цаг хугацаа алдуулж, сүүлдээ асуудлыг шийдвэрлэх эрс сонирхолгүй байгаа нь хэлж байгаа үг, үйлдлээс нь илт харагдаж байсан ба Д.Аг заавал өөрийн биеэр байлцуулж энэ асуудлыг шийдвэрлэнэ, энэ айл газаргүй үлдлээ гэх зэрэг шүүхийн шийдвэрээс давсан зүйл ярьж улмаар энэ байдлыг нь албаны дарга нь илэрхийлдэг болсон.
Ингээд Засгийн газраас онц байдал зарлаж Ковидын үе эхлэн шүүхээс захиргааны байгууллагад өгсөн хуулийн хугацаа дууссан. 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Д.Аг дагуулан Сүхбаатар дүүргийн Газрын албан дээр очсон бөгөөд хуулийн хэлтсийн мэргэжилтэн н.О*******тай уулзан маргаан бүхий газар дээр очиж, орц, гарцыг дахин танилцуулсан бөгөөд н.О******* нь Д.Ад хандан одоо шүүхээс өгсөн 6 сарын хугацаа дууссан тул танай талд ашигтай нөхцөл байдал үүссэн гэх зэрэг нөгөө талыг дэмжсэн өнгө аястай зүйл ярьсан нь Сүхбаатар дүүргийн Хуулийн хэлтэс болон Газар зохион байгуулалтын албаныхан Д.Атэй ашиг сонирхол нэгтэй, түүний талд асуудлыг шийдвэрлүүлэх сонирхолтой гэх хардалт үүссэн. 2021 оны 04 дүгээр сараас Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас Д.Атэй тохиролц үгүй бол газар эзэмших эрхийг чинь цуцална гэх мэтээр шахалт ирж эхэлсэн бөгөөд Д.А нь би 500 м.кв газраа бүтнээр нь авна гэсэн байр суурь илэрхийлсэн тул 2021 оны 05 дугаар сард Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх тухай хүсэлтийг өгсөн боловч шүүхээс өгсөн 6 сарын хугацаа дууссан гэх шалтгаанаар түдгэлзсэн.
2021 оны 06 дугаар сард Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны хариуцсан байцаагч солигдон н.Энхчулуун гэх мэргэжилтэн хариуцан ажиллах болсон бөгөөд 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийг танилцуулахад Засаг даргын захирамж гарахад удах тул 2021 оны 07 дугаар сард болох Нийслэлийн Газрын албаны мэдээллийн сангийн хурлаар оруулаад таны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэсэн боловч тус хурал нь хойшлогдсон. 2021 оны 08 сарын эхээр зарлагдсан байсан. Гэтэл 2021 оны 08 дугаар сарын 10-д ирэх үед 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр танай давхцал бүхий 452 м.кв газрыг хүчингүй болгож, Д.Ад олго гэсэн мэдэгдэл ирсэн гэж амаар танилцуулсан. Энэ бичгээ надад гардуулж өгөөгүй. Яагаад Д.Ад энэ газрыг олгохоор болов, яагаад миний газрыг цуцлахаар болсон талаар 2021 оны 08 дугаар сард Сүхбаатар дүүргийн Засаг даргад гомдол гаргахад 2021 оны 08 дугаар сард давхцал бүхий 452 м.кв газрыг хүчингүй болгож Д.Ад олгоно гэсэн хариу өгсөн.
2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын А/114 дугаар захирамж гарч шүүхээс түдгэлзүүлсэн байсан 452 м.кв газрыг хүчингүй болгосон. Энэ үйл явдалтай холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд гомдол гаргасан. Мөн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргатай уулзаж, болсон үйл явдлыг хэлэхэд манай зохион байгуулалтын албаныхан ажлаа хийгээгүйгээс хохирсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд Засаг даргад гэж гомдлоо өөрийн биеэр авчирч өг хэлсэн ч нөгөө талтайгаа харилцан тохиролцохыг санал болгосон. Гомдлыг маргааш нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын туслахад өгсөн бөгөөд хариу нь өмнөх гомдлын адил хүчингүй болгосон гэсэн байсан. Яагаад шүүхээс өгсөн 6 сарын дотор шинэ акт гаргаагүй тухай гомдлын хариу авахыг хүсэхэд хариундаа огт дурдаагүй байсан.
2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 дугаар шийдвэр гарсан өдрөөс Сүхбаатар дүүргийн хуулийн хэлтэс болон Газар зохион байгуулалтын албаны мэргэжилтнүүдийг маргаан бүхий газар Б.Э дагуулж очин газар дээр нь танилцуулсан болон Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын даргын заавраар шаардлагатай материал бичиг баримт шаардсан цаг тухайд нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр бүрдүүлэн өгсөөр байтал Шүүхийн шийдвэрийг биелүүлж, зохих шийдвэрийг гаргадаггүй, яагаад шийдвэр гаргахгүй байгаа тухайгаа албан бичгээр болон амаар илэрхийлдэггүй. Нэхэмжлэгч нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдлөө гаргасныг Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд олгох журмын 4.2, 4.2.1, Газрын тухай хуулийн 32.4-т тус тус заасантай нийцүүлж, шийдвэрлэх ёстой байсан. Сүхбаатар дүүргийн Засаг дарга, дүүргийн Газар зохион байгуулалтын албаараа дамжуулан нэхэмжлэгч нарын хүсэлтийг хүлээн авсан учир Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4, 33 дугаар зүйлийн 33.1, Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалаар баталсан Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд олгох журмын 4.2, 42.2.1-4.2.9-д заасан хийгдвэл зохих ажиллагааг хийх байсан боловч эдгээр ажиллагаа хийгдээгүй болохыг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14/1752 дугаар “Хариу хүргүүлэх тухай” мэдэгдлийг хүлээн авч, мэдээд дээд шатанд болон шүүхэд гомдол гаргасан. Шат шатны буюу тодруулбал Газар зохион байгуулалтын албаны эрх бүхий албан тушаалтнуудын хариуцлагагүй, албан ажилдаа хайхрамжгүй хандсаны үр дагавар нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дугаар “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж, нэхэмжлэгч нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчсөн байх тул Сүхбатаар дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хамтран хариуцагчаар татах үндэслэл болсон.
2020 оны 08 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын 15 хүртэл Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга мэргэжилтнүүд, Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон хуулийн хэлтэст нийт 60 орчим удаа хандсан бөгөөд хэн ч тодорхой шийд өгч чаддаггүй өнөөдрийг хүрсэн. Гэтэл Д.А нь 4-5 удаа Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандсан бөгөөд Шүүхийн шийдвэрээр 48 м.кв газар авах байтал одоо 500 м.кв газраа авахаар болсон нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харахад хүргэж байна. 2020 оны 06 дугаар сард болсон шүүх хурал дээр Г.А, Н.О нар нь өөрсдийн эзэмшлийн газраас Д.Ад 48 м.кв газар маргаангүйгээр өгсөн бөгөөд Сүхбаатар дүүргийн Газрын албаны шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, ажлаа хийхгүй байгаа байдлаас болоод өөрсдийн эзэмшиж байсан газраас Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дугаар захирамжаар дахин 452 м.кв газраа алдаж бидний эрх ашиг хөндөгдсөн.
6. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дугаар захирамжийг хүчингүй болгож, Г.А, Н.О нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргад гаргасан өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх, гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгаж өгнө үү...” гэв.
7. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг хэргийг өмнө нь шүүх шийдвэрлэсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн зүгээс өмнө нь болон одоо гаргаж байна. Нийт 3 шаардлага бүхий маргаанд захиргааны хэргийн бус захиргааны хэргийн шүүхээс шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 419 дугаартай шийдвэрт дурдсан үйл баримт нь тусдаа үйл баримт юм. Яагаад гэвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх хэсэгт заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн хавсралтын Г.А нарт холбогдох хэсгээс 452 м.кв газартай холбоотойгоор хариуцагчаас дахин шинэ акт гаргах, бүртгэх талаарх захирамжийн дээрх маргаан бүхий 452 м.кв газарт холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэх процесс буюу даалгах, даалгахгүй эсэх талаарх асуудал яригдаж байна. Нэг талаараа захиргааны байгууллагад гаргасан шийдвэр нь үндэслэлгүй учраас үүнийгээ дахин харж маргаан бүхий газрын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж даалгасан, шүүхийн шийдвэр гарснаас хойш 3 сарын дараа 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Г.А нар нь дүүргийн газрын албанд хүсэлтээ гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гаргасан 6 сар дотроо асуудлаа гаргасан...” гэв.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З******* болон хамтран хариуцагч Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба тус тус шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г.А, Н.О нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 04 сарын 06 өдрийн А/114 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 тоот шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа. Тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу хариуцагчийн зүгээс тогтоосон хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн хавсралтын Г.А, Н.О нарт холбогдох хэсгээс 452 м.кв газартай холбоотой хэсэг хүчингүй болохыг дурдсугай гэсэн байдаг. Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн А/187 дугаар тушаалын 8.1-т зааснаар эрх бүхий байгууллага суурин болон хээрийн судалгааны үр дүнг үндэслэн шийдвэрлэх боломжтой хүсэлтэд шийдвэрийн төслийг боловсруулна. Мөн энэ тушаалын 5.6-д зааснаар Аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамал, Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас гаргасан хүсэлтийг цахимаар дараах харьяаллын дагуу хүлээн авна гэж заасны дагуу эрх бүхий байгууллага болох дүүргийн Газар зохион байгуулалтын алба суурин болон хээрийн судалгаа хийж, шийдвэрийн төсөл боловсруулж дүүргийн Засаг даргад танилцуулдаг. Шүүхээс тогтоосон хугацаанд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас захирамжийн төсөл орж ирээгүй.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.2-т Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасны дагуу дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамж гарсан. Дээрх захирамж нь дүүргийн Засаг дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан захирамж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 6 сард гарсан анхан шатны шүүхийн шийдвэр 650 м.кв газраас 452 м.кв газрыг хүчингүй болгосон шийдвэр гарсан байна. Гэтэл хүчингүй болгосон захирамж нь бүхэлд нь хүчингүй болгож гарсан байна. Энэ захирамжийг эргэн харж шүүхийн шийдвэрийн дагуу 452 м.кв газрыг хүчингүй болгоод үлдсэн газрыг олгох боломжтой байна. Нэхэмжлэгч нарын гаргаж байгаа нэхэмжлэл дээр татгалзах зүйл алга байхгүй...” гэв.
10. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч нь маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах үндэслэлээ энэхүү захирамжаар бидний 452 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болголоо” гэж тайлбарласан. Гэтэл 452 м.кв газар эзэмших эрхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар биш Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 тоот шүүхийн шийдвэрээр хүчингүй болгосон. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд талууд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргаагүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа” тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, 109.2-т заасныг журамлаад татгалзаж шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн байр суурийг ойлгосонгүй. Бид алдсан байна алдаа засах боломжтой гэсэн агуулга бүхий тайлбар хэлж байх шиг байна. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Засаг даргын захирамж, Газар зохион байгуулалтын албаны байр суурийг хамгаалж шүүх хуралдаанд оролцож байх гэж бодож байна. Энэ байр суурь ямар байхаас хамаараад гуравдагч этгээдийн байр суурь дагалдаад явдаг учраас хэлж байгаа тайлбартаа хариуцлагатай байгаасай гэж хүсэж байна. А/114 дугаар захирамж нь өөрөө шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн текстээр бичигдсэн. Ямар нэгэн үг үсэг нэмэгдээгүй. 650 м.кв 2 айлын газар 1300 м.кв болно. Үүнээс 48 м.кв газар нь шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон. 452 м.кв газар нь түдгэлзүүлээд 6 сарын дараа хүчингүй болсон. Үндсэндээ 500 м.кв газар хүчингүй болсон. Ийнхүү хүчингүй болсон гэдгийг шүүх Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба руу хүргүүлсэн мэдэгдэлдээ дурдсан байдаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчид гүйцэтгэх хуудас бичүүлэхтэй холбоотой хүсэлт гаргах үед бичгээр хариу өгсөн байдаг. 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 59 дугаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн мэдэгдэл хүргүүлэх тухай шүүгч Ц.Одмаагийн гарын үсэгтэй албан бичиг Сүхбаатар дүүргийн Засаг даргад хүргэгдсэн. Энэ мэдэгдлийн агуулга нь тухайн шүүхийн шийдвэрийн үр дагаврыг танилцуулаад 2 дугаар хуудаст дээр тус шүүхийн шийдвэрийг биелүүлэн тус шүүхийн шийдвэрийг гарснаас хойш 6 сарын дотор шинэ акт гаргасан эсэхийг шүүх тодруулах шаардлагатай. Хэрэв гаргасан бол тус шинэ актыг шүүхэд ирүүлнэ үү. Харин хариуцагч тал 6 сарын дотор дахин шинэ акт гаргаагүй бол 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн Г.А, Н.О нарт холбогдох хэсгийн 452 м.кв газар хүчингүй болсон талаар үүгээр мэдэгдье гэсэн байна. Шүүхийн шийдвэрт 48 м.кв газрын хүчингүй болгох талаар тодорхой дурдсан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шинэ акт гаргахыг даалгадаг. Энэ шүүхийн шийдвэр өөрөө мөн хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана гэсэн байна. 106.3.11 гэдэг заалтын үр дагавар нь түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагч байгууллага өөрийн бүрэн эрхийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх эрхтэй. Энэ бол нэг талаараа шүүх асуудлыг дүгнэмээр байгаа боловч бүрэн эрхийн асуудал юм. Яг ингэж шийдвэрлэ гэдэг байдлаар шүүх хатуу шийдвэрийг гаргаагүй. Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэр гаргаагүй учир тухайн үеийн Г.А, Н.О нарт газар эзэмших эрх олгосон 200 дугаар захирамжийн 452 м.кв газар хүчингүй болсон. Энэ бол автоматаар хүчингүй болдог асуудал юм. Үүнтэй холбоотой ямар нэг захирамж, шийдвэр гардаггүй. Үүнтэй холбоотой зохих тайлбар мэдэгдлийг шүүхээс мэдэгдэж байсан байна.
Маргаан бүхий А/114 дүгээр захирамж нь 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 596, 597 дахь Г.А, Н.О нарт олгосон газраас 452 м.кв газрыг хүчингүй болгосугай гэсэн шүүхийн шийдвэрт дурдсан хэсэгчлэн хүчингүй болгох тухай түдгэлзүүлсэн хүрээнд хүчингүй болгосон агуулгыг захирамж дээр дурдсан байна.
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т захиргааны акт гэж юу гэдгийг заасан байгаа. Мөн захиргааны актын шинжийг тодорхойлсон байгаа. Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Захиргааны актын заавал байх хэд хэдэн шинжийг заасан. Энэ шинжүүд бүрэн хангагдаж байж захиргааны акт, захиргааны үйл ажиллагаа болно. Гэтэл А/114 дүгээр захирамж гараагүй байсан бол яах вэ гэдэг асуудал үүснэ. Г.А, Н.О нарын газар эзэмших эрх хүчинтэй хэвээрээ байх уу гэвэл үгүй юм. нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх хүчин төгөлдөр байх байсан уу гэвэл үгүй юм. 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Үүн дээр нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй. 6 дугаар сарын 16-ны өдрийн шүүхийн шийдвэрийн 6 сарын түдгэлзүүлсэн хугацаа 12 дугаар сарын 16-ны өдөр дуусаад 17-ны өдрөөс эхлэн 452 м.кв газрын эрх хэсэгчлэн хүчингүй болсон. Маргаан бүхий А/114 дүгээр захирамж ямар ч үр дагаврыг бий болгоогүй. Энэ актыг хүчингүй болгосноор газар эзэмших эрх сэргэхгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 хуулийн зорилго, мөн хуулийн 3.1.3 нэхэмжлэл гэж юу гэдгийг хуульчилсан байгаа. Нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг хэлнэ. Энэ эрхээ хамгаалуулахаар сэргээлгэхээр гаргаж байгаа нэхэмжлэл, түүний шаардлага буюу А/114 дүгээр захирамж өөрөө хүчингүй болсноор эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй.
Нэхэмжлэгчийн зүгээс шүүх даалгаж шийдвэрлэсэн гэж ярьдаг. Шүүх даалгаж шийдвэрлэсэн бол захиргааны байгууллага түүнийг биелүүлэх үүрэгтэй гэдэг агуулгыг тайлбарлаж хэлдэг. Энэ утгаараа нэхэмжлэгчийн зүгээс тухайн шийдвэрийг биелүүлэх гэдэг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ шийдвэрийг албадан гүйцэтгүүлдэггүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон захиргааны эрх зүйн онол, практик аль алинд нь 106.3.11 гэдэг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх боломжгүй. 6 сарын хугацаанд шинэ акт гаргах хуулиар хүлээсэн бүрэн эрхийн хүрээнд хийгддэг. 6 сарын хугацаанд шинэ акт гаргах асуудал нь хариуцагчийн хуулиар хүлээсэн бүрэн эрхийн хүрээнд хэрэгждэг. Үүнийг хэн нэгэн шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгүүлж чадахгүй. 6 сарын хугацаа дуусахад тухайн шүүхийн шийдвэрт дурдсан захиргааны акт автоматаар хүчингүй болдог тул гүйцэтгэх, даалгах гэх ойлголт байхгүй. Онолын талаас ийм байдлаар тайлбарлагдах ёстой. Үүнээс гадна Ц.Одмаа шүүгчийн 2 албан бичигт энэ талаар дурдсан байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас өөр агуулгаар илэрхийлээд байна гэж ойлголоо. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/44 дүгээр захирамжийг хүчингүй болгуулъя гэж байна. Гэтэл шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл дээр А/114 гэж байгаа.
Нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын тухайд 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан өргөдлийг шийдвэрлээгүй Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарт газар эзэмших эрх олгож, газар эзэмших гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд даалгуулах гэсэн байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлд нэхэмжлэлд ямар шаардлага тавигддаг, ямар бүрдүүлбэр хангах ёстойг заасан байгаа. Нэхэмжлэгч нар бичгээр гаргасан нэхэмжлэлийн хүрээнд яримаар байна. Мөн энэ нэхэмжлэлийн шаардлага дээр хариуцагч тодорхойлогдоогүй байдаг. Сүхбаатар дүүргийн Засаг дарга хариуцагч юм уу? Газар зохион байгуулалтын алба нь хариуцагч юм уу? гэдгийг тухайн нэхэмжлэлээс ялгах боломжгүй байна. Гагцхүү сүүлийн өгүүлбэрээр Газар зохион байгуулалтын албыг хариуцагчаар татаж байгаа юм байна гэж тааж байна. Шүүх ийм нэхэмжлэл хүлээж аваад талуудад гардуулсан байдаг. Өмнөх шийдвэрийг шийдвэрлэж байх үед хууль, нөхцөл байдал хэвээрээ байсан. Үүнтэй холбоотойгоор гуравдагч этгээдийн зүгээс тайлбар гаргаагүй. Тайлбар гаргах шаардлага байхгүй. Шүүх нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээж авсны дараа бүрдүүлбэр хангуулсан. Хүлээж авсан нэхэмжлэлд бүрдүүлбэр хангуулах боломжгүй. Ийм ойлгомжгүй, утгагүй, хуульд заасан бүрдүүлбэрийг хангаагүй нэхэмжлэлийн хүрээнд даалгах шаардлага хэлэлцэгдэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж байгаа. Эс үйлдэхүй, татгалзсан шийдвэр гэдэг хоёр зүйл байж байж даалгах шаардлага гаргадаг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа даалгах шаардлага нь Засаг даргад холбогдоно гэж байна. Даалгах шаардлагыг Газар зохион байгуулалтын албанд гаргаагүй юм байна. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох шаардлагын хүрээнд Газар зохион байгуулалтын алба асуудлыг шийдвэрлээгүй нь хууль бус юм байна гэдэг агуулга хэлээд байна. Эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэж маргаж байгаа Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны тухайд даалгах шаардлага яагаад дагалдаж гарахгүй байгаа юм бэ? Гэрчилгээг хэн олгодог вэ? Засаг дарга хуулиараа захирамж гаргадаг. Би ингэж ойлгоод Газар зохион байгуулалтын албыг хариуцагчаар татаад даалгах шаардлагаа гаргаад байгаа юм уу гэж ойлготол даалгах шаардлага зөвхөн Сүхбаатар дүүргийн Засаг даргад гэдэг агуулга хэлээд байна. Энэ нэхэмжлэлд 54.1.6-д зааснаас гадна нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах дахин 2 үндэслэл байна.
Үндсэн үйл баримтын тухайд 2005 оны захирамжаар Т.А******* гэх хүнд газар эзэмших эрх олгогдож байсан. 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Сэлхийн зусланд 500 м.кв газрыг Т.А*******т олгосон. Т.А******* гуравдагч этгээдийн найз бөгөөд 2007 онд газар эзэмших эрхээ гуравдагч этгээдэд зарсан байдаг. 2005 онд газар эзэмших эрх үүсэх үед гуравдагч этгээд одоогийн маргаан бүхий газар дээр байшин бариад өнөөдрийг хүртэл амьдагч байгаа. Сүүлийн жилүүдэд маргаан үүссэнээс хойш зуслангийн байшиндаа амьдрах боломжгүй болоод байна. Газраа зориулалтын дагуу ашиглах боломжгүй эрх нь хөндөгдөөд байна.
Г.А нь Улсын Их Хурлын гишүүн байсан. Өмнөх шүүхийн шийдвэрийн үед газрын үзлэг хийгээд нөхцөл байдлыг тогтоох үед Г.А нь бид хүсэлтээ гаргаад кадастрын зураг хийлгэж байх үед Д.Агийн байшин байсан гэдэг. Хэний газар эзэмших эрх түрүүлж үүссэн бэ? Гуравдагч этгээд нэхэмжлэгч нарын газар эзэмших эрхийг огт хөндөөгүй. 2005 онд Т.А*******ийн газар эзэмших эрх үүссэн. Энэ газар эзэмших эрхтэй нэхэмжлэгчийн зүгээс өмнөх маргаан дээр маргаагүй. Бие даасан шаардлага гаргаагүй. Тухайн газар эзэмших эрхийг үгүйсгэсэн шүүхийн, төрийн захиргааны байгууллагын ямар нэгэн шийдвэр гараагүй. Харин 2007 онд 200 дугаар захирамжаар Г.А, Н.О нарт эзэмшүүлсэн 650, 650 м.кв газар нь Д.Агийн байшин барьсан газартай давхцаж таарсан. Энэ асуудлыг Т.А*******ийн зүгээс Д.Ад итгэмжлэл олгох байдлаар Захиргааны хэргийн шүүхэд Сүхбаатар дүүргийн Засаг даргын хариуцагчаар татан шийдвэрлүүлсэн.
Шүүх шийдвэртээ 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 419 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсэг энэ бол шүүхийн дүгнэлт юм. Энэ дүгнэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т заасан журмын дагуу хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэхэд дахин нотлохгүй гэж заасны дагуу дахин нотлох шаардлагагүй үйл баримт юм. Нэхэмжлэгч Т.А******* нь 2005 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд Сүхбаатар дүүргийн Сэлхийн зусланд зуслангийн байшин барьж амьдрах хүсэлтэй байгаа тул зохих журмын дагуу газар олгож өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан даруй Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2005 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 340 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо /хуучнаар/ Сэлхийн зусланд 500 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн байна гэж дүгнэлт хийснээрээ Т.А*******ийн газар эзэмших эрхийг шүүх хүлээн зөвшөөрсөн. Мөн захиргааны байгууллагын зүгээс нэхэмжлэгч Т.А*******ийн кадастрын зургийг газрын мэдээллийн санд бүртгэж оруулаагүйн улмаас газрын давхцал үүссэн болох нь тухайлсан баримтуудаар тогтоогдож байна гэж захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа байна гэж шүүх дүгнэсэн. Тогтоох хэсгийн 2 дугаарт заасны дагуу хариуцагчийн зүгээс 6 сарын дотор шинэ акт гаргаагүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн хавсралтын Г.А, Н.О нарт холбогдох хэсгээс 452 м.кв-тай холбоотой хэсэг хүчингүй болохыг дурдсан. Өнөөдөр гуравдагч этгээдийн зүгээс 48 м.кв газрыг Д.А, Т.А*******т олгосон гэж үзээд байгаа юм. Т.А*******ийн 500 м.кв газар ямар ч эрхийн зөрчилгүй. Ямар нэгэн байдлаар хүчингүй болгож үгүйсгээгүй байгаа. Тухайн газрыг анхнаасаа мэдээллийн санд оруулаагүй, 4 цэг нь хаана байх ёстой вэ гэдгийг шүүх шинжлэн судлах боломжгүй гэж үзсэн. Шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн. Цаашид захиргааны байгууллага тодруулах үүрэгтэй гэж үзээд 106.3.11 гэсэн шийдвэрийг гаргасан. 106.3.11 гэсэн шийдвэр гарснаар манай 500 м.кв газрын эргэлтийн цэгийг тодорхойлж, орц гарц хийх боломжтой байдлаар баталгаажуулсны дараа байршил, хэлбэр хэмжээнээс хамаараад Г.А нарын газраас хэдэн м.кв хасагдах вэ гэдгийг захиргааны байгууллага бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх ёстой байсан. Шүүхийн шийдвэр 2 иргэний хоёулангийнх нь дундын байдлаар 452 м.кв газрыг хасаад байгаа юм. Тус бүртээ 650 м.кв газартай 2 иргэний хэнийхээс нь 452 м.кв-ыг хасах вэ? гэдэг асуудлыг шийдвэрлэж Т.А*******ийн газрыг кадастрын мэдээллийн санд оруулах ёстой гэдгийг захиргаа бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх ёстой байсан болохоос биш Д.Ад 48 м.кв газар эзэмшүүлээд, 48 м.кв газрын орц гарцыг шийдвэрлэ гэж шүүх дүгнээгүй. Шүүх газрын алба руу явуулсан албан бичгийн 2 дугаар хуудаст шүүхийн шийдвэрийн дагуу Т.А*******ийн газрын газрын мэдээллийн санд бүртгэж шийдвэрийг биелүүлж ажиллана уу гээд бичсэн байгаа. Нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх үүсэхээс өмнө Т.А*******ийн газар эзэмших эрх үүссэн байсан.
Өнөөдөр яагаад Д.А гуравдагч этгээдээр оролцоод яваад байгаа вэ гэдгийн тухайд 2007 онд энэ 2 хүн гэрээ байгуулаад газраа шилжүүлэн өгөөд байшингаа барьсан байдаг. Одоо тухайн газрыг Д.А бодитоор эзэмшиж, ашиглаад явж байгаа. Нэхэмжлэгч зөвхөн өөрийн талаас нөхцөл байдлыг дүгнээд үлдсэн газар минийх байх ёстой гэсэн агуулгатай тайлбар хэлээд байгаа нь буруу ойлголт байна. Шүүх шийдвэрлэсэн асуудлаар шүүх дахин шийдвэр гаргаж болохгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г.А, Н.О нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
2. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/114 дүгээр захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, 66.3. “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд хүчингүй болгоно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2. “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасныг үндэслэн гарсан ба “...тус дүүргийн 20 дугаар хорооны Сэлхийн зусланд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаагийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 59 дүгээр мэдэгдлийн дагуу дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 596, 597 дахь Г.А, Н.О нарт холбогдох хэсгээс 452 м.кв газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэснийг нэхэмжлэгч нарын зүгээс эс зөвшөөрч маргаан бүхий захиргааны актаар нэрлэж, хүчингүй болгуулахаар маргаж байна.
3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан, Нийслэл дэх Захиргааны анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0419 дугаар шийдвэрийн Үндэслэх хэсэгт:
“...Шүүхээс нэхэмжлэгчийн 2007 онд үйлдүүлсэн кадастрын зургийг гуравдагч этгээд нарын эзэмшиж буй нийт 1300 м.кв газартай давхцуулан үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшихээр кадастрын зураг хийлгэсэн газар нь гуравдагч этгээд Г.Агийн эзэмшиж буй газартай 301 м.кв, түүнчлэн тус газарт 48 м.кв байшин барьсан, Н.Оын эзэмшиж буй газартай 310 м.кв тус тус давхцалтай болох нь Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3/1668 дугаар албан бичгээр ирүүлсэн хавсралтаар тогтоогдож байх боловч нэхэмжлэгчид 700 м.кв бус 500 м.кв эзэмших эрхийг хариуцагчийн зүгээс олгосон учир давхцалтай 452 м.кв газрын /500-48/ хил зааг, орц гарцын асуудал нь шүүхийн шинжлэх судлах хэмжээнээс хэтэрсэн, захиргааны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 500 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан хэдий ч нэхэмжлэгч “өөрийн газар эзэмших хүсэлт гаргахдаа газрын кадастрын зургаа үйлдүүлж газар эзэмших хүсэлтэд хавсаргаагүй”, захиргааны байгууллагын зүгээс “нэхэмжлэгчийн 2007 оны 700 м.кв газрын кадастрын зургийг хүлээн авмагцаа мэдээллийн санд оруулан давхцалын асуудлыг шийдвэрлээгүй” тус тус буруутай үйлдлийн улмаас гуравдагч этгээд нарын газартай давхцал үүссэн болохыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч байх бөгөөд газрын хэмжээг багасган эзэмшүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул захиргааны байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд байшингийн доорх газар болох 48 м.кв газраас үлдэх 452 м.кв газрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарт орц гарцын асуудлыг холбогдох журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар шийдвэрлэх нь зүйтэй байна...” гэжээ.
4. Ийнхүү өмнө шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр дүгнэсэн маргаан бүхий үйл баримтыг хариуцагч захиргааны байгууллага дахин судалж шинэ акт гаргаагүй, тодруулбал, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн гэж дүгнэн 452 м.кв газрыг нэхэмжлэгч /энэ хэргийн гуравдагч этгээд/ болон гуравдагч этгээд /энэ хэргийн нэхэмжлэгч нар/-ийн орц, гарцын асуудлыг холбогдох журмын дагуу дахин шинэ акт гаргах замаар шийдвэрлэх үүргийг биелүүлэхгүйгээр харин “шүүхийн шийдвэрт заасан хугацаа өнгөрсөн, шүүхээс тогтоосон хугацаанд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас захирамжийн төсөл орж ирээгүй” гэх үндэслэлээр тус дүүргийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтын 596, 597 дахь Г.А, Н.О нарт холбогдох хэсгээс 452 м.кв газартай холбоотой хэсгийг хүчингүй болгож захиргааны акт гаргасан нь энэхүү маргаан гарах үндэслэл болжээ.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “2020 оны 08 дугаар сараас 2022 оны 06 дугаар сарын 15 хүртэл Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга, мэргэжилтнүүд, Засаг дарга, Засаг даргын орлогч, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон Хуулийн хэлтэст нийт 60 орчим удаа хандсан бөгөөд хэн ч тодорхой хариу өгөөгүй, ...дүүргийн Хуулийн хэлтсийн ахлах н.Б нартай хамт 2020 оны 07 дугаар сард зуслангийн газар дээр үзлэг хийсэн..., ...нэхэмжлэгч нарын 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаар дамжуулан холбогдох баримтуудыг бүрдүүлэн гаргасан өргөдлийг хүлээн авч шийдвэрлээгүй, нэхэмжлэгч нар нь өөрсдийн эзэмшлийн газраас Д.Ад 48 м.кв газар маргаангүйгээр өгсөн байтал шүүхийн шийдвэр биелүүлэхгүй, ажлаа хийхгүй байгаа байдлаас болоод өөрсдийн эзэмшиж байсан газраас маргаан бүхий А/114 дүгээр захирамжаар дахин 452 м.кв газраа алдаж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн...” зэргээр тайлбарлан маргаж байна.
6. Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17/1598 албан бичигт “...иргэн Г.А, Н.О нараас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус албанд хандан өргөдөл, хүсэлт ирүүлээгүй. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 419 дүгээр шийдвэр гарснаас хойших хугацаанд Д.Агээс тус албанд хандан өргөдөл, хүсэлт ирүүлээгүй” гэжээ. /1-р хх-ийн 161-р хуудас/
7. Шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн бичиг баримтын үзлэгийн тэмдэглэлд: “...Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны бичиг хэргийн ажилтан Д.Б*******гийн албан хэрэгцээнд ашиглагдаж буй компьютерт нэвтэрч орж, “2017-2022 Өргөдөл жагсаалт” файлаас 5443 дугаараар хайлт хийхэд 2020.09.25, Өргөдөл, Горчинсүрэн А, 20х Сэлх, Ж.Б******* гэсэн бүртгэл байна.
Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын Архивын ажилтан Д.Н*******ын албан хэрэгцээнд ашиглагдаж буй компьютерын “Түр хадгалах баримтын бүртгэл-2020” гэсэн файлд нэвтэрч орж өргөдлийн 5443 дугаараар хайлт хийхэд тус архивын цахим бүртгэлд бүртгэгдээгүй байна. Иймээс уг өргөдлийн огноотой ойролцоо огноотой буюу 2020 оны 08-10 дугаар сарын архивын цаасан баримтад үзэхээр болов.
Газар зохион байгуулалтын албаны Архив-2 өрөөнөөс 2020 оны “Өргөдөл гомдол” бүртгэл 778, 779 дугаартай архивын баримтыг авав, 778 баримтад 38 өргөдөл, гомдлын материал авагдсан байх бөгөөд 5443 дугаар өргөдлийн бүртгэл байхгүй байна, Тус бүртгэлийн дотоод товьёгийг хуулбарлаж хавсаргав. 779 баримтад 11 өргөдөл, гомдол бүртгэгдсэн байх бөгөөд 5443 дугаар өргөдлийн бүртгэлийн материал авагдаагүй байна.
Газар зохион байгуулагч Д.Э*******ын гар дээр байсан “Газар баталгаажилтын хувийн хэрэг” /Г.А, Н.О, 20 дугаар хороо, Сэлх/-ээс Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 14/1420 дугаар албан бичиг, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 1/953 дугаар албан бичиг, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 59 дүгээр албан бичиг, Агийн бүртгэлийн 5443 дугаар “Өргөдөл хүлээн авсан тухай” тодорхойлолт Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 14/1752 дугаар албан бичиг, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 27/366 дугаар албан бичиг, Өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягт /Бүртгэсэн огноо 2021.08.12, Бүртгэлийн №168/ гэсэн 8 хуудас баримтыг тус тус хуулбарлаж үзлэгийн тэмдэглэлд хавсаргав.
Газар зохион байгуулагч Д.Э*******ын гар дээр байсан дүүргийн Засаг даргын хурлаас буцаагдсан бор өнгийн хавтастай материалд “Агийн Сүхбаатар дүүргийн газар зохион байгуулалтын албанд 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 5443 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг, Хот, тосгон, бусад суурины эдлэн газрын улсын тоо бүртгэлийн хуудас, Гончигсүрэнгийн Агийн нэгж талбарын байршлын кадастрын зураг зэрэг 2 баримтын хамт хуулбарлан авч хавсаргав...” гэжээ.
8. Дээрхээс дүгнэж үзвэл, хариуцагч Газар зохион байгуулалтын албаны хууль бус эс үйлдэхүй тогтоогдож байна. Тодруулбал, нэхэмжлэгч нарын гаргасан өргөдлийг цахим хэлбэрээр буюу бүртгэлийн программаар бүртгэн авч бүртгэл хяналтын карт хөтөлсөн болох нь баримт бичгийн үзлэгээр тогтоогдож байна. Түүнчлэн “шүүхээс тогтоосон хугацаанд дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас захирамжийн төсөл орж ирээгүй” гэх хариуцагч Засаг даргын хариу тайлбараар нотлогдож байна.
9. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3. “эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар шүүхээс дахин шинэ акт гаргуулахаар маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн, үүний дагуу уг шинэ актыг гаргахад өөрөөс шалтгаалах нөхцөл байдлуудыг тодруулан нэхэмжлэгч нарын зүгээс өргөдөл гаргасан байгааг ямар нэгэн байдлаар шийдвэрлэхгүй орхигдуулсан буюу нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, ийнхүү биелүүлэхгүй байгаа эс үйлдлээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.
10. Маргаан бүхий А/114 дүгээр захирамж нь хэдийгээр урьд гарсан шүүхийн шийдвэрийн холбогдох заалтыг хэрэгжүүлж байгаа мэт боловч хариуцагч Засаг дарга нь уг шүүхийн шийдвэрийг бодитойгоор биелүүлэх, гүйцэтгэх талаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаа хийгээгүй, үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. “хуульд үндэслэх”, 4.2.5. “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчмыг хангаж гараагүй, түүнчлэн Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, иймээс маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх дүгнэв.
11. Хариуцагч Засаг дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захирамжийг гаргасан хэмээн тайлбар ирүүлдэг ба энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.2. “...захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэж” маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ зөвхөн өөрт олгогдсон бүрэн эрхээ илүүд үзсэн, түүнээс бусдаар оролцогч нарыг сонсоогүй, оролцоог нь хангаагүй, бодит байдал дээр маргаан нь үргэлжлэхээр байхад дүгнэлт хийгээгүй, захиргааны байгууллагын заавал шийдвэр гаргах ажиллагаа байгаад анхаараагүй гэж үзэхээр байна.
12. Даалгах шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэхдээ буюу нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх захирамж гаргаж, гэрчилгээ олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгахдаа, гуравдагч этгээд Д.Агийн 2007 онд үйлдүүлсэн кадастрын зураг нэхэмжлэгч Г.А*******гийн эзэмшиж байгаа газартай 301 м.кв /үүнд байшингийн 48 м.кв орсон/, нэхэмжлэгч Оын эзэмшиж байгаа газартай 310 м.кв давхцалтай болохыг тогтоосон баримтыг захирамж гаргахдаа анхаарч, гуравдагч этгээд /өмнөх хэргийн нэхэмжлэгч/-д 700 м.кв бус, 500 м.кв олгосны давхцал бүхий 452 м.кв нь хаагуур, тодруулбал, солбицлын тухайд ямар ямар цэг, орон зайг хамрахыг судалж, орц, гарцын асуудлыг хамтад нь нэг мөр шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй байна.
12. Шүүх, нэхэмжлэгч нарын “даалгуулах” шаардлагатай холбоотой хэсгийг хангахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4. “Хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэргийг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал дахин нотлохгүй” гэж заасны дагуу дахин нотлох шаардлагагүй гэж үзэж, өмнөх хавтаст хэргийг нотлох баримтаар бүхэлд нь үнэлж авч үзсэн болно.
13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.5, 54.1.6, 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тайлбаруудыг шүүх хүлээн авсангүй.
14. Учир нь маргаан зүйл нь газрын эрхийн маргаан бөгөөд уг маргааныг шүүхийн харьяаллын бус гэж үзэхгүй, хэрэгт авагдсан итгэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд өргөдөл, гомдол гаргах,2020 оны 419 дүгээр шүүхийн шийдвэртэй холбоотойгоор хүсэлт, нэхэмжлэл, өргөдөл гаргах эрхийг төлөөлүүлэгч нараас авсныг үгүйсгэж, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг буруутгаж хөндөхгүй, маргаан бүхий үйл баримт нэгэнт өмнө шийдвэрлэгдсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэгдсэн маргаан гэж дүгнэж хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй болно.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл нараас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 20.2.1, 35 дугаар зүйлийн 35.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.А, Н.О нараас Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбатаар дүүргийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/114 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.А, Н.О нарын Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлэх захирамж гаргах, газрын гэрчилгээ олгохдоо урьд гарсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх замаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН