Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

Шүүгдэгч Б.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.У-т холбогдох эрүүгийн 1720000860031 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б.У,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.У нь архидан согтуурсан үедээ 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Хаан банкны байранд оршин суух Б.Б-н гэрээс гарахдаа Н.З-н эзэмшлийн Айя поне-6 маркийн гар утас, 2 ширхэг монетон бөгж зэргийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.У-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд би 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би өөрийн найз Б-н гэрээр 11:00 цагийн үед очсон. Тэднийд очиход найзууд нь ирсэн гээд нэг эмэгтэй, залуу 2 Б нар нь гэртээ архи дарс болцгоосон ууж идээд сууж байсан. Би тэднийд ороод хамт ууж байгаад согтсон байсан. Намайг өрөөнд оруулаад унтуулчихсан байсан. Би унтаж байгаад 00-д орох гээд босоод ирсэн чинь нөгөө эмэгтэй, залуу 2 ширээнд сууж л байсан. Б миний дэргэд унтаж байсан. Би эргээд жаахан хэвтэж байгаад гэр рүүгээ харих гээд бос ч ирээд тэднийхээс ганцаараа гарч яваад Жим буудлын дэргэд байдаг ахындаа орох гэсэн хүнгүй байхаар нь гадаа нь сууж байсан чинь Б, нөгөө эмэгтэй 2 миний араас хүрээд ирсэн. Тэгээд тэр эмэгтэй миний гар утас, бөгж хаана байна гээд надаас асуухаар нь би халаасаа ухсан чинь миний шортны карманд том дэлгэцтэй, мэдрэгчтэй утас гараад ирсэн. /Маркийг нь мэдэхгүй/ тэгтэл миний утас байна гээд тэр эмэгтэй авсан. Тэгээд надаас 2 ширхэг бөгж хаана байна гээд байсан. Би аваагүй, мэдэхгүй байна гэсэн чинь цагдаа дуудаад цагдаагийн хэлтэст саатуулагдсан. Би утсыг нь авсан тэрийгээ мэдэж байна. Тэндээс гараад салхинд яваад муудсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохиролд 1,270,000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ..” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 29-30/,

- Гэрч Н.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би өөрийн нөхөр З-н хамт 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу гарчихаад, 16-ны өдөр орж ирсэн юм. Тэгээд нөхрийнхөө багын найз болох Б-д очиж хоносон. Маргааш өглөө нь Б гаднаас орж ирэхдээ 0,75 литрийн 1 шил архи, 3 ширхэг пивотой орж ирсэн. Тэгээд байж байтал Б-тэй хамт ажилладаг гэх О гэх залуу эхнэртэйгээ орж ирсэн. Тэр 2-ын араас У гэх залуу орж ирсэн. Тэгээд Б, З, У, О нар 1 шил архиа уусан. Ингэж байхдаа манай нөхөр З ширээн дээр миний I-Phonу-6 Plus маркийн гар утас, түүний дээр миний болон өөрийнхөө монетон бөгжийг давхарлаж тавьсан. Дараа нь О эхнэртэйгээ хамт гарч дахин 1 шил архи авчирсныг ууцгаасан. О-н эхнэр машин барьж явсан тул архи уугаагүй. Би ч тэр архинаас огт уугаагүй. Ингээд У согтчихоод ширээ дэрлэж унтаж байгаад сандалнаасаа унахаар нь манай нөхөр түүнийг өргөж унтлагын өрөөнд оруулж унтуулсан. Үүнээс хойш 30 орчим минутын дараа О эхнэрийнхээ хамт явсан. Б У-н хажуугаар орж унтсан. Харин нөхөр бид 2 унтлагын өрөөнд нь орж хэвтсэн. Б-х 2 унтлагын өрөөтэй 3 өрөө байр байсан. Оройны 18 цагийн орчимд У сэрчихээд гал тогооны ширээн дээр сууж байгаад гарсан. Үүнээс хойш 2 цагийн дараа би өөрийн гар утсаа авах гэтэл байгаагүй. Тэгээд юмаа бүртэгтэл нөхөр бид 2-ын монетон бөгжнүүд алга болсон байсан. Бид хоёр Б-г сэрээгээд “танай найз У чинь бид хоёрын эд зүйлийг хулгайлчихлаа” гэж хэлээд би Б-н хамт У-г хайж гадагш гарахад У нь Булган плаза баарны эсрэг талд байрлах жижиг байшингийн тампарт сууж байсан. Би очингуутаа У-с утас болон бөгжөө нэхэхэд “байхгүй ш дээ хөгшөөн” гээд намайг ойртуулахгүй байхаар нь өмднийх нь халаасыг ухтал миний утас гарч ирсэн. Нөгөө халаасыг нь ухахад дотроос нь 00-ын цаас, 2-3 ширхэг бэлгэвч гарч ирэхээр нь сэжиг хүрээд дахиж ухаагүй. Тэгээд байж байтал У “Би 00-д ормоор байна. Бие засмаар байна” гээд цэнхэр хашаан дотор байрлах задгай 00-д орчихоод 30-40 минут болтол суугаад гарч ирэхгүй болохоор нь цагдаа дуудаж бариулсан. Тэгээд би Б-х рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

- Хохирогч Н.З-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Улаанбаатар хотод оршин суудаг. 2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эхнэр Э-н хамт БНХАУ-ын Эрээн хот руу гарчихаад 16-ны өдрийн 16 цаг өнгөрч байхад Замын-Үүд суманд орж ирээд Сүлд багт байрлах Хаан банкны байранд оршин суудаг найз Б-н гэрт очсон. Тухайн үед Б-н эхнэр, хүүхдүүд нь Улаанбаатар хот руу явчихсан байсан тул гэртээ ганцаараа байсан. Б Замын-Үүд сумын депод машинистаар ажилладаг. Тэгээд ээлжийн амралтаа аваад эхнэр бид хоёртой хамт Улаанбаатар хот руу явах байсан юм. Тэр өдөртөө эхнэр бид 2 Б-д хоносон. Маргааш нь буюу 17-ны өдрийн 10 цагийн орчимд Б ажлаасаа орж ирэхдээ амралт тэмдэглэе гээд гаднаас 0,75 литрийн Чингис нэртэй архи, Harbin нэртэй пиво 3 ширхэгийг барьж орж ирсэн. Түүнийг нь ууж амжаагүй байхад 30-40 минутын дараа Б-тэй хамт ажилладаг О гэх залуу эхнэрийнхээ хамт орж ирсэн. 2 минутын дараа мөн урьд нь хамт ажилладаг байсан гэх У гэгч орж ирсэн. Тэгээд Б, О, У бид 4 нэг шил архиа хувааж уусан. Дараа нь О эхнэрийнхээ хамт гарч дахин нэг шил архи авчирсныг нь бид нар уусан. У анх орж ирэхдээ архи үнэртүүлчихсэн орж ирсэн. Тэгээд бид нартай 2 шил архи хувааж уугаад согтоод ширээ дэрлэж унтсан. Тэгээд сандал дээрээсээ унаад байсан тул би У-г унтлагын өрөөнд оруулж орон дээр унтуулчихаад 30 орчим минут сууцгаасан. 16 цагийн орчимд О эхнэрийнхээ хамт явцгаасан. Харин би өөрийн эхнэр Э-н хамт өөр нэг өрөөнд орж хэвтсэн. Б У-н унтаж байсан өрөөнд орж унтсан. Ойролцоогоор 18 цагийн орчимд У сэрээд бид нарын сууцгааж байсан гал тогооны ширээн дээр суугаад байсан. Тэгээд удалгүй гараад явсан. Ингээд түүнийг гарснаас хойш 2 цагийн дараа буюу 20 цагийн орчимд эхнэр Э маань өөрийн гар утсаа авахаар гал тогооны ширээн дээр очтол утас байгаагүй. Залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Тухайн үед утас маань унтрах ямар ч боломжгүй дүүрэн цэнэгтэй байсан юм. Тэгээд манай эхнэр Б-н хамт У-г олохоор гадагш гараад буцаж орж ирэхдээ утсаа бариад орж ирсэн. Тухайн үед бид нарын сууж байсан гал тогооны ширээн дээр манай эхнэр I Phone-6 Plus маркийн гар утсан дээрээ миний болон өөрийнхөө монетон бөгжийг давхарлаад тавьчихсан байсан юм...Миний бие Н.З 2017.08.17-ны өдөр иргэн У-т эд зүйлээ алдсан. У нь надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан учир ямар нэгэн гомдол санал байхгүй болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү... “гэсэн хүсэлт /хх-ийн 10, 39/,

- Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 97 дугаартай дүгнэлт /хх-ийн 22/,

- Б.У-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 32-33/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 35/

- Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-14/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд:  2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг Хаан банкны байранд оршин суух иргэн Б-д түүний амралтыг тэмдэглэн Н.З, Б.У, О, Б нар нь архи ууцгаасан ба Н.З-н гар утас, монетон бөгж, Н.Э-н монетон бөгж алдагдсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.У-г 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт байрлах Хаан банкны байранд оршин суух Б.Б-н гэрээс гарахдаа Н.З-н эзэмшлийн Айя поне-6 маркийн гар утас, 2 ширхэг монетон бөгж зэргийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ. 

Шүүгдэгч Б.У нь Н.З-н эзэмшлийн Айя поне-6 маркийн гар утас, 2 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Н.З-н “...Тэгээд Б, О, У бид 4 нэг шил архиа хувааж уусан. Дараа нь О эхнэрийнхээ хамт гарч дахин нэг шил архи авчирсныг нь бид нар уусан...манай эхнэр Б-н хамт У-г олохоор гадагш гараад буцаж орж ирэхдээ утсаа бариад орж ирсэн. Тухайн үед бид нарын сууж байсан гал тогооны ширээн дээр манай эхнэр I Phone-6 Plus маркийн гар утсан дээрээ миний болон өөрийнхөө монетон бөгжийг давхарлаад тавьчихсан байсан...” гэсэн, гэрч Н.Э-н “...Б, З, У, О нар 1 шил архиа уусан. Ингэж байхдаа манай нөхөр З ширээн дээр миний I-Phonу-6 Plus маркийн гар утас, түүний дээр миний болон өөрийнхөө монетон бөгжийг давхарлаж тавьсан. Дараа нь О эхнэртэйгээ хамт гарч дахин 1 шил архи авчирсныг ууцгаасан...Оройны 18 цагийн орчимд У сэрчихээд гал тогооны ширээн дээр сууж байгаад гарсан...бүртэгтэл нөхөр бид 2-ын монетон бөгжнүүд алга болсон байсан. Бид хоёр Б-г сэрээгээд “танай найз У чинь бид хоёрын эд зүйлийг хулгайлчихлаа” гэж хэлээд би Б-н хамт У-г хайж гадагш гарахад У нь Булган плаза баарны эсрэг талд байрлах жижиг байшингийн тампарт сууж байсан...өмднийх нь халаасыг ухтал миний утас гарч ирсэн. Нөгөө халаасыг нь ухахад дотроос нь 00-ын цаас, 2-3 ширхэг бэлгэвч гарч ирэхээр нь сэжиг хүрээд дахиж ухаагүй. Тэгээд байж байтал У “Би 00-д ормоор байна. Бие засмаар байна” гээд цэнхэр хашаан дотор байрлах задгай 00-д орчихоод 30-40 минут болтол суугаад гарч ирэхгүй болохоор нь цагдаа дуудаж бариулсан...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.У-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Б.У-т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.У-г хүний хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б.У-т хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Б.У-т 6 /зургаа/ сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь 6 /зургаа/ сарын хугацаанд дээрх хязгаарлалтыг зөрчвөл прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ