2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 2026/ШЦТ/579

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Н-д холбогдох **************** дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр ******* аймгийн ********* суманд төрсөн, *** настай, эмэгтэй, ********* боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл **, ******* хамт ******** дүүргийн *** дугаар хороо, ** тоотод амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

- ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

- ********* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан ба ****** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ** дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх торгуулийн ялын хэмжээг 3,600,000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэсэн.

 

Б овогт Ө-ын Н /рд:********/.

 

  Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ө.Н нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр **** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, ** орчимд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай' конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан MDMB-4en-PINACA-ийн агууламжтай "Сооl Watermelon3 /нийт жин 28,8 грамм/ болон "Fruitty Lemon Теа" /нийт жин 7,9 грамм/ гэсэн шошготой өнгөгүй хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл мэт нийт 36,7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгчийн гэм бурууг шүүхийн өмнө нотлох, яллах байр суурьтай оролцсон,

 

- Шүүгдэгч Ө.Н, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин нар гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас  оролцож, талууд хавтаст хэргээс 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаартай  яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах санал, хүсэлт гараагүй болно.

 

3. Шүүгдэгч Ө.Н нь 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр ***** дүүргийн **** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** орчимд өөрийн биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай' конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан MDMB-4en-PINACA-ийн агууламжтай "Сооl Watermelon” /нийт жин 28,8 грамм/ болон "Fruitty Lemon Теа" /нийт жин 7,9 грамм/ гэсэн шошготой өнгөгүй хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл мэт нийт 36,7 грамм жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь:

 

3.1. Гэмт хэргийн талаарх мэдээллийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хх-ийн 8-р хуудас);

3.2. Хүний биед 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үзлэг хийсэн: “Т.Н (РД:**********)-аас "... "Сооl Watermelon” гэх бичиглэлтэй савтай, дотроо шар өнгийн шингэн зүйлтэй савны хамт жинлэж үзэхэд жин нь 28,8 грамм, “Gorilla juice” гэх бичиглэлтэй, хар өнгийн савтай шингэн зүйл (савтай жин нь 80,2 грамм), “Fruit Lab Strawberry” гэх бичиглэлтэй савтай шар өнгийн шингэн зүйл (савтай жин нь 12,5 грамм), Fruitty Lemon tea” гэх бичиглэлтэй савтай шар өнгийн зүйл (савтай жин нь 7,9 грамм) зэргийг ...хураан авав ...” гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн          15-19-р хуудас);

 

3.3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/3837 дугаартай шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримт нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Сооl Watermelon” болон “Fruitty Lemon tea” гэсэн шошготой өнгөгүй хуванцар савтай шар өнгийн шингэн зүйлүүдээс MDMB-4en-PINACA илэрсэн. MDMB-4en-PINACA нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II-р жагсаалтад багтана. Шинжилгээнд ирүүлсэн “Сооl Watermelon” гэсэн шошготой өнгөгүй хуванцар савтай шар өнгийн шингэн зүйлийн жин 28.8 грамм байна.

Шинжилгээнд ирүүлсэн “Fruitty Lemon tea” гэсэн шошготой өнгөгүй хуванцар савтай шар өнгийн шингэн зүйлийн жин 7.9 грамм байна....” гэх дүгнэлт (хх-ийн 46-49-р хуудас);

 

3.4. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0325/3838 дугаартай шинжээчийн: “... АТ60000458 гэсэн сери дугаартай 50 төгрөгийн тал дэвсгэртээс метамфетамин (methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт (хх-ийн 38-40-р хуудас);

 

3.5. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0325/3835 дугаартай “... Шинжилгээнд ирүүлсэн "Өсөхбаярын Н Т02252801" гэж хаягласан хуванцар савтай шээс нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн "Ө-ын Н **********" гэж хаягласан шээснээс метамфетамин (methamphetamine) илэрч байна. Илэрсэн метамфетамин (methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт (хх-ийн 32-34-р хуудас);

 

3.6. Гэрч Н.Х-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... ********* дээр очоод Н-тай уулзсан бөгөөд Н бид хоёр Х-ын найзын машинд бага зэрэг архи ууж байгаад Х-ын найзаар *** орчим хүргүүлээд Н бид хоёр машинаас буусан. Бид хоёр модны хоёрт буудаг нь би найз Т-тай уулзах гэж байсан юм. Тэгээд машинаас буугаад явж байтал цагдаагийн алба хаагч нар ирээд бид хоёрыг саатуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 25-р хуудас);

 

 3.7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 673 дугаартай “... сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” гэх дүгнэлт (хх-ийн 55-56-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

4. Хууль зүйн дүгнэлт:

4.1. Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд Сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан.

4.2. Мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн объектив талын шинж нь хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

4.3. Сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгах үйлдлийг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар “хадгалсан” гэж үзнэ.

4.4. Шүүгдэгч Ө.Н-ы өмсөж явсан хар өнгийн савхин куртикний зүүн талын энгэрийн халааснаас хураан авсан Сооl Watermelon” болон “Fruitty Lemon tea” гэсэн шошготой өнгөгүй хуванцар савтай шар өнгийн шингэн зүйлүүдээс MDMB-4en-PINACA илэрсэн ба MDMB-4en-PINACA нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болох нь шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ЕГ0325/3837 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

мөн шүүгдэгч Ө.Н-ы биед үзлэг хийх явцад сайн дураараа гаргаж өгсөн ..., АТ60000458 гэсэн сери дугаартай 50 төгрөгийн тал дэвсгэртээс метамфетамин (methamphetamine) илэрсэн ба уг бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын II жагсаалтад багтдаг болох нь шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ЕГ0325/3838 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогддог.

4.5 Шүүгдэгч Ө.Н нь дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь түүний хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... Би 2025 оны 05 дугаар сарын эхэнд И гэх дүүгээсээ нисэх дээр явж байхдаа авсан. Би тухайн дроб гэх зүйлийг мөнгөөр аваагүй, И надад хийх халаасгүй байна таны цүнхэнд хийчихье гэж хэлээд тэр чигээрээ мартаад миний цүнхэнд явж байсан, ... И-ийн гэрийн хаяг, утасны дугаар, хувийн байдлыг мэдэхгүй. Өмнө би methamphetamine гэх бодисыг хааяа хэрэглэдэг байсан, тэр үедээ хэрэглэсэн 50 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг цүнхэндээ хийгээд мартчихсан байсан...” гэх мэдүүлэг, шинжээчийн ЕГ0325/3837, ЕГ0325/3838 дугаартай дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.  

4.5.1. Түүнчлэн шүүгдэгч Ө.Н хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд: “... И гэх хүн манай дүүгийн найз, тухайн үед Нисэх дээр таараад надад Vape буюу электрон тамхины шингэн түр цүнхэндээ хийчих гэх үед нь итгээд хийсэн, дараагаар нь цагдаагийн байгууллагад шалгагдаж эхлээд И-д мессенжерээр хэлэхэд намайг блоклочихсон. И-ийн хувийн мэдээллийг сайн мэдэхгүй, гэхдээ мөрдөгчид би тэр хүнийг олж өгч чадна гэж хэлсэн чинь чамаар ажлаа заалгахгүй гэсэн. Би тухайн бодисыг огт хэрэглэж байгаагүй ...” гэх мэдүүлгийг,

- Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд тус хэрэгт хяналт тавьж буй хяналтын прокурор Г.Баярмаагийн зүгээс “... шүүгдэгч Ө.Нд “дроб” гэх бодисыг өгсөн И гэх хүний хувийн байдалтай холбоотой мэдээллийг шүүгдэгчийн зүгээс мэдүүлдэггүй, утасны дугаар, гэрийн хаягийг мэдэхгүй хэмээн мэдүүлдэг тул уг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг олж авсан эх сурвалжийг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсэж, энэ асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй ...” талаар тайлбарласан ба уг бодисыг хэнээс авсан зэрэг ажиллагааны талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, зөвхөн Ө.Н-гийн үйлдлээр хязгаарлан мөрдөн шалгах ажиллагааг явуулсныг тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.

4.6. Ө.Н нь мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

Энэ гэмт хэргийн субъект нь Эрүүгийн хуульд заасан 14 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, аль ч улсын харьяалалгүй хувь хүн байна. Шүүгдэгч Ө.Н нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-75х/, хэрэг хариуцах чадвартай болох нь  шүүх сэтгэц эмгэг судлалын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 673 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-56х/ тус тус тогтоогдсон.

4.7. Иймд шүүгдэгч Ө.Н-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

5. Хохирол-хор уршиг:

5.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

5.2. Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, төлбөр байхгүйг дурдах нь зүйтэй.

 

6. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

6.1. Улсын яллагчаас: “... Шүүгдэгч Ө.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

- MDMB-4en-PINACA-ийн агууламжтай "Сооl Watermelon" (нийт жин 28,8 грамм) болон "Fruitty Lemon tea " (нийт жин 7,9 грамм) гэсэн шошготой өнгөгүй хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл мэт нийт 36,7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, “Gorilla Juice” гэх бичиглэлтэй, хар өнгийн савтай шингэн зүйл (савтай жин нь 80,2 грамм), “Fruit Lab Strawberry” гэх бичиглэлтэй савтай шар өнгийн шингэн зүйл (савтай жин нь 12,5 грамм), “тебантин” гэх нэртэй эм 2 ширхэг, 13 ширхэг хоосон капсул, 1 ширхэг шиприз, шипризний зүү 2 ширхгийг устгахыг зохих байгууллагат даалгах,

 - АТ60000458 гэсэн сери дугаартай 1 ширхэг 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэртийг Монгол Улсын Төв банканд шилжүүлж,

- Шүүгдэгчид энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах ...” гэсэн саналыг,

 

6.2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшинээс: “... Үйлчлүүлэгч маань урьд 2 удаа ял шийтгэл шүүхээс авч байсан ба өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь баримтаар тогтоогддог. Харин өнөөдрийн холбогдоод буй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргийг анх удаа үйлдсэн. Шүүгдэгч маань үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, ээждээ тус дэм болж орон гэртээ тогтвор суурьшилтай байгаа. И гэх хүнээс авч, цааш бусдад өгөөгүй, хор уршиг учраагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү ...” гэх саналыг,

 

6.3. Шүүгдэгч Ө.Н-аас: “... Миний бие дахин энэ төрлийн бодисыг хэрэглэхгүй мөн энэ бодисыг хэрэглэдэг хүмүүстэй харилцахгүй. Гэм буруугаа ойлгож, гэмшиж байна ...” гэх тайлбарыг тус тус гаргасан.

 

            6.4. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            6.5. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглахтай холбоотой гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт үйлдэлд хамаарах буюу тэр дундаа залуу үеийн эрүүл мэнд, хүмүүжил, оюун санаанд хортойгоор нөлөөлдөг учраас энэ төрлийн гэмт хэргийг нийгмийн хор аюулын шинж ихтэйд тооцон үздэг. Шүүгдэгчийн хувьд дээр дурдсанаар тухайн бодисын түүхий эдийг хууль бусаар хадгалсан үйлдэл нь энэ төрлийн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэж байгааг дурдах нь зүйтэй.

           

            6.5. Шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж байсан, засрал хүмүүжил авч төлөвшөөгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв. 

 

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа           MDMB-4en-PINACA-ийн агууламжтай "Сооl Watermelon" (нийт жин 28,8 грамм) болон "Fruitty Lemon tea " (нийт жин 7,9 грамм) гэсэн шошготой өнгөгүй хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл мэт нийт 36,7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, “Gorilla Juice” гэх бичиглэлтэй, хар өнгийн савтай шингэн зүйл (савтай жин нь 80,2 грамм), “Fruit Lab Strawberry” гэх бичиглэлтэй савтай шар өнгийн шингэн зүйл (савтай жин нь 12,5 грамм), “тебантин” гэх нэртэй эм 2 ширхэг, 13 ширхэг хоосон капсул, 1 ширхэг шиприз, шипризний зүү 2 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

            - АТ60000458 гэсэн сери дугаартай 1 ширхэг 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэртийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Монгол банкинд шилжүүлж, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ө-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ө.Ныг 01 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын харьяа хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа байгаа MDMB-4en-PINACA-ийн агууламжтай "Сооl Watermelon" (нийт жин 28,8 грамм) болон "Fruitty Lemon tea " (нийт жин 7,9 грамм) гэсэн шошготой өнгөгүй хуванцар савтай шар өнгийн шингэн зүйл мэт нийт 36,7 грамм цэвэр жинтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, “Gorilla Juice” гэх бичиглэлтэй, хар өнгийн савтай шингэн зүйл (савтай жин нь 80,2 грамм), “Fruit Lab Strawberry” гэх бичиглэлтэй савтай шар өнгийн шингэн зүйл (савтай жин нь 12,5 грамм), “тебантин” гэх нэртэй эм 2 ширхэг, 13 ширхэг хоосон капсул, 1 ширхэг шиприз, шипризний зүү 2 ширхгийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт,

 - АТ60000458 гэсэн сери дугаартай 1 ширхэг 50 төгрөгийн хуйлсан мөнгөн дэвсгэртийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Монгол банкинд шилжүүлэхийг тус тус даалгасугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч         Ө.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

 

   7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                                                                                                                                                                                                                                          

 

                                         ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                         Б.ДАШДОНДОВ