2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2026/ШЦТ/724

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Сэрчмаа,

улсын яллагч А.Марал,

насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Г,

насанд хүрээгүй хохирогч Э.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Б.П,

хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Батдулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Д-д холбогдох ********** дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 02 сарын 13-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, **** оны ** дугаар сарын ***-ны өдөр ***** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ***** боловсролтой, ********* мэргэжилтэй, “*********”ын тамирчин, ам бүл **, ** хамт ************ дүүргийн ** дугаар хороо, ** гудамж, ** тоотод оршин суух бүртгэлтэй, ** хороо **байрны *** тоотод түр оршин суух хаягтай, урьд:       

- *** дүүргийн шүүхийн ** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

- *** аймгийн *** шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хорих ял шийтгүүлж, нэмж нэгтгэн 05 жилийн хорих ялаар тогтоосон,

 

Б овогт Д-ын Д /РД:*************/.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.Д нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 08 цаг 24 минутын орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “******” төвийн хойд замд “Тоyotа crown” маркийн **-** ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө, 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно, мөн дүрмийн 2 дугаар хавсралт "1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15. в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус замаар зорчин явсан “Суррон” маркийн цахилгаан дугуйтай мөргөлдөж жолооч Э.Т, хамт зорчин явсан Г.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Талуудын байр суурь, шинжлэн судалсан нотлох баримтууд:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-ын гэм бурууг шүүхийн өмнө яллах байр суурьтай оролцож хавтаст хэргээс 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 272А дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

1.2. Насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Г  нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй, шинжээчийн зардалд төлсөн 500,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх байр суурьтай,

 - Насанд хүрээгүй хохирогч Э.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Б.П  эмчилгээний зардалд 1,754,800 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 500,000 төгрөг болон сэтгэцэд учирсан хор уршгийг тус тус нэхэмжлэх байр суурьтай,

- Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч Д.Энхцэцэг тэдгээрийн эрх ашиг сонирхлыг хамгаалж, хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх байр суурьтай оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн шинжээчийн зардалд хохирогч нарын зүгээс 1,000,000 төлсөн тухай баримтыг шинжлэн судлах,

1.3. Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Батдулам нар хохирогч нарын буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл бүрдсэн хэмээн “цагаатгах байр” сууринаас оролцож,

Хавтаст хэргээс: осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 12х/, хэргийн газарт нөхөн үзлэг хийлгэх хүсэлт /1хх-ийн 18х/, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 20х/, насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ийн мэдүүлэг, түүний насыг тоолсон мөрдөгчийн магадалгаа /1хх-ийн 34-35х/, хууль ёсны төлөөлөгч Г.Г-ын мэдүүлэг /1хх-ийн 55х/,  хохирогч Э.Т-ийн нас тоолсон мөрдөгчийн магадалгаа /1хх-ийн 60х/, хууль ёсны төлөөлөгч Б.П-ийн мэдүүлэг /1хх-ийн 63х/, Э.Т-ээс нэхэмжилсэн хохирлын баримт /1хх-ийн 64-66х/, иргэний хариуцагч Г.Б-ийн мэдүүлэг /1хх-ийн 70х/, Э.Т-, Г.Ц- нарын эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай лавлагаа /1хх-ийн 72,74х/, Э.Т-ийн биед хийсэн компьютер томографийн шинжилгээ, ШШЕГ-ын 2024 оны 10 дугаар сарын 23-ны 1090 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 98, 99, 100-102х/, Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /1хх-ийн 107х/, ШШЕГ-ын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2983 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 122-134х/, Мөрдөгчийн магадалгаа  /1хх-ийн 137х/, өмгөөлөгч Д.Батдуламаас гаргасан хүсэлт /1хх-ийн 146х/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх-ийн 175-180х/, гэрч Д.Д, Л.Д нарын мэдүүлэг /1хх-ийн 188, 190х/, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 272 дугаартай яллах дүгнэлт /2хх-ийн 9-10х/, **** 2025 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 02/20 дугаартай хүсэлт /2хх-ийн 70х/, Э.Т, Г.Ц нарын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгох тухай шинжээчийн дүгнэлтүүд /2хх-ийн 95, 100х/, 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №2025/213 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 123х/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт диск, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн Д.Д-ын Хаан банкны дансны хуулга, Монголын Бильярдын холбооны тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах санал, хүсэлт гараагүй болно.

 

3. Шүүгдэгч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө, 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", мөн дүрмийн 2 дугаар хавсралт "1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15. в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус замаар зорчин явсан Суррон маркийн цахилгаан дугуйтай мөргөлдсөж жолооч Э.Т, хамт зорчин явсан Г.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан болох нь:

 

3.1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтаст хэргийн 11-23 дугаар хуудас/,

 

3.2. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 26-28 дугаар хуудас/,

 

3.3. Насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би найз Т-ийн хамт найз Х-ын Сурроныг гуйгаад Т-ийг Лагерь луу хүргэж өгөхөөр Т суррон жолоодоод би ард талд нь сундлаад өглөө 08 цаг өнгөрч байхад ******-ийн зүүн талын замд зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр ертөнцийн зүгээрээ урдаас хойшоо чиглэлтэй ** гүүр чиглэлтэй явж байхад баруун гар талаас буюу Баянмонгол хорооллын талаас хар өнгийн crown маркийн одоо улсын дугаарыг нь санахгүй байна нэг машин гарч ирээд бид хоёрын баруун гар талд явж байгаад, гэнэт бид 2-ийн урдуур үргэлжилсэн цагаан зураас даваад эргэсэн тэр үед Т тоормосоо атгаад зогсож амжаагүй. Тэр машинтай мөргөлдсөн, тэгээд даваад бүтэн эргээд унах шиг болсон. Тэр үед Т зам дээрээс босоод гүйгээд явсан, би зам дээр хэвтээд босох гэсэн чинь босож чадахгүй баруун хөл гулжганаад байсан. Би тэр үед нөгөө машины жолооч ахад хөл хугарсан байна гэж 2-3 удаа хэлэхэд тэр ах хугарсан бол чи ингэж байхгүй гээд байсан. Найз Х ирээд нөгөө мөргөсөн машины жолооч 2 намайг хажуугийн брошюр дээр суулгасан удалгүй 103 ирээд Т бид хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан гэмтэл дээр очоод эмч нь үзээд баруун хөл хугарсан байна гээд шууд эмнэлэгт хэвтүүлсэн ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

 

3.4. Насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр осол болох үед нь байгаагүй ******* дүүргийн ** дугаар хороо ** тоот гэртээ байхад манай эхнэр С руу манай хүүгийн найз Б гэдэг хүүхэд залгаад машинд мөргүүлчихлээ гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очиход гэмтлийн эмнэлэгт хэвтүүлэх гээд байж байсан хүүхдээсээ асуухад Суррон дээр сундалдаад явж байхад урдуур нь машин эргээд мөргүүлсэн гэж хэлсэн. Найз Т нь надад тэр осол болдог өдөр машин урдуур эргээд мөргүүлсэн гэж хэлсэн ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

 

3.5. Насанд хүрээгүй хохирогч Э.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би тэр өглөө найз Ц-ийн хамт Х-ын гэрээс Х-ын сурроныг аваад би лагерь луу гэр лүгээ харихаар би суррон жолоодоод миний ард Ц сундлаад Е мартын зүүн талын замаар олимпын гүүрний чиглэлтэй явж байхад бид 2-ын урд талд хар өнгийн Тоyotа crown одоо улсын дугаар санахгүй байна нэг машин явж байсан ямар ч дохио өгөхгүй байхаар нь эргэхгүй байх гэж бодоод, Ц- бид 2 тэр машиныг гүйцэх гэж байхад гэнэт зүүн гар тал руугаа дараад эргэсэн. Тэгээд тоормосоо базаад сурроноо зогсоож чадаагүй нөгөө эргэж байсан машины урд тал руу мөргөөд, даваад зам дээр унасан. Тэгээд би босож ирэхэд толгой эргээд дотор муухайраад байсан. Тэгэхээр нь жоохон замын хажуугийн брошюр дээр сууж байгаад, нөгөө мөргөсөн машин дотор ороод суусан. Тэр үед Ц босож чадахгүй зам дээр хэвтэж байсан. Яг тэр осол болсны дараа Х залгаад осол болсон газар хүрээд ирсэн. Тэгээд удалгүй 103 ирээд Ц бид хоёрыг аваад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод намайг хүлээж бай гээд Ц-ийг хөл нь хугарсан байна гээд хэвтүүлсэн ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

 

3.6. Насанд хүрээгүй хохирогч Э.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Б.П-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Тэр осол болох үед нь байгаагүй намайг Лагерь дээр байж байхад манай дүү өөрийн ********** дугаарын утаснаасаа залгаад хүүхэд чинь осолд орсон байна гэмтлийн эмнэлэг дээр байна яаралтай ир гэж хэлсэн тэгж энэ ослын талаар мэдсэн. Би Т-ээс юу болсон талаар асуухад ******-ийн зүүн талд найз Х-ын сурроныг унаж Ц-ийг сундалчихсан лагерь луу явж байхад бид хоёрын урд талд нэг хар машин явж байсан энэ машин арай ч эргэхгүй байх гээд хажуугаар нь гарах гэтэл нөгөө хар машин нь үргэлжилсэн цагаан шугам даваад ороод ирсэн, тэгээд ээжээ мэдэхгүй байна шидэгдсэн гэж хэлж байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байна. Хүүхдийнхээ эмчилгээнд зарцуулсан зардал мөнгө нэхэмжилнэ ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

 

3.7. Иргэний хариуцагч Г.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Яг дэлгэрэнгүй зүйлийг би бол мэдэхгүй. Би тэр үед Хятад явж байсан. Мэдээд цагдаагийн газар оч гэдэг зөвлөгөө өгсөн, хоёр хүүхэд бэртсэн гэдгийг бол мэдсэн мөн бэртсэн байршлыг мэдсэн. Би тэрийг бол хүлээн зөвшөөрөхгүй, төлж барагдуулахгүй ...” гэсэн мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 70 дугаар хуудас/,

 

3.8. Иргэний нэхэмжлэгч С.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Т нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 295,701 төгрөгийн, Ц нь Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1,732,640 төгрөгийн, нийт 2,028,341 төгрөгийн эрүүл мэндийн анхны шатны тусламж үйлчилгээ авсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг яллагдагч Д.Д-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 77 дугаар хуудас/,

 

3.9. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн өдрийн №12583 дугаартай шинжээчийн: “... Г.Ц-ийн биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал, зүүн хацар, баруун өвдөг шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ...” дүгнэлт /1-р хавтаст хэргийн 83-85 дугаар хуудас/,

 

3.10. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн өдрийн №1090 дугаартай шинжээчийн: “... Э.Т-ийн биед тухайн үед баруун гарын долоовор хурууны алганы шивнүүрийн зөрөөгүй хугарал, баруун шуу сарвуу, тавхай шагайн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтлүүд учирчээ. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, авто ослын үед үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. Э.Т-ийн биед учирсан баруун гарын долоовор хурууны алганы шивнүүрийн зөрөөгүй хугарал, баруун шуу сарвуу, тавхай шагайн зөөлөн эдийн гэмтэл, цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо ...” /1-р хавтаст хэргийн 100-103 дугаар хуудас/,

 

3.11. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн газрын шинжээч, цагдаагийн ахмад С.Мөнхдалайн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн өдрийн №2983 дугаартай шинжээчийн: “... Шинжилгээнд ирүүлсэн Surron маркийн тээврийн хэрэгслийн суудлын бүрээс урагдсан, урд талын гэрэлтүүлэх хэрэгсэл асахгүй зэрэг гэмтлүүдтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Учирсан эвдрэл гэмтэл нь үүсээд удсан байна. Цахилгаан хөдөлгүүр З кВт чадалтай. Техникийн дээд хурд нь 73 км/ц буюу "МОПЕД" ангилалд... техникийн дээд хурд нь цагт 50 км-ээс ихгүй гэсэн заалтаас давж байх тул "МОТОЦИКЛ" ангилалд хамаарах тээврийн хэрэгсэл байна. Тоормосны механизм ажиллаж байна. Жолооны механизм ажиллаж байна. Асуултад дурдаагүй боловч хэрэг ач холбогдол бүхий зүйл илрээгүй ...” дүгнэлт /1-р хавтаст хэргийн 122-132 дугаар хуудас/,

 

3.12. Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Батжаргалын 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай мөрдөгчийн: “А" Тоyotа crown маркийн **-** ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Д.Д нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5. Замын хөдөлгөөнд оролцогч нь энэ дүрмийн өөрт хамаарах заалт, шаардлагыг мэддэг, сахин биелүүлдэг байвал зохино мөн дүрмийн 1.4. 1.1 -1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн нь осол болох үндсэн шалтгаан болсон гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Б.Насанд хүрээгүй хохирогч Э.Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

В.Зорчигч насанд хүрээгүй хохирогч Г.Ц нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Зургаа.Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байна..” гэх магадалгаа /1-р хавтаст хэргийн 137-138 дугаар хуудас/,

3.13. Замын хөдөлгөөн аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэгийн шинжээч Б.Баттулга, Р.Мөнхбаяр, Г.Басбиш, О.Халиун, Ч.Жамбалнямбуу нарын хамтран гаргасан 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2025/213 дугаартай шинжээчийн:

1. Тоyotа crown маркийн **-** ***  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө.11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байна. Бичлэгээс харахад 1.3 замын тэмдэглэлийг зөрчин хөдөлгөөний эсрэг урсгал сөрж яваа нь харагдаж байна. Жолооч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт "1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15. в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байна. Дээрх зөрчил нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна.

2. Цахилгаан Суррон унаж явсан Э.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;” гэсэн заалтыг зөрчсөн боловч зам тээврийн осол гарахад нөлөөлсөн үйлдэл байхгүй байна.

3. Хариулт 1-д хариулагдсан.

4. Шинжээч нарын зүгээс сурроны хурдыг тогтоох боломжгүй байна.

5. Тоёота Кроун маркийн **-** *** улсын дугаартай автомашины үйлдэл нь Суррон маркийн мотоциклийг эсрэг урсгалд ороход хүргэсэн гэж үзэж байна.

6. Тоёота Кроун маркийн **-** *** улсын дугаартай автомашины жолоочийн үйлдэл нь насанд хүрсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй, дадлага туршлагатай жолоочийг ч осолд оруулахаар байна.

 7. Тоёота Кроун маркийн **-** *** улсын дугаартай автомашины жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн ямар үйлдэл хийхийг урьдчилан таах боломжгүй тул ямар арга хэмжээ авах талаар хариулах боломжгүй байна...” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 122-124 дүгээр хуудас/,

 

3.14. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг компакт дискт бэхжүүлсэн хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

4. Хууль зүйн дүгнэлт.

4.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол ...” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчилсан.

4.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд /2015/ заасны дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг тогтоох зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан.

4.2.1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт “жолооч" гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” ойлгоно гэж заасан.

4.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу гэмт этгээдийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл нь хохирогчид учирсан хохиролтой шууд шалтгаант холбоотой байх шаардлага юм.

4.3.1. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн №12583, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №1090 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр насанд хүрээгүй хохирогч Г.Ц, Э.Т нарын биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хохирлын хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь тогтоогдсон.

4.4. Шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Д.Батдулам нараас шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргасан: “... насанд хүрээгүй хохирогч хүүхдүүд үргэлжилсэн цагаан зураас дээр явж байсан үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг үндэслэлгүй гарсан, улмаар уг бүдүүвч зургийг үндэслэн гаргасан мөрдөгчийн магадалгаа үндэслэлгүй, насанд хүрээгүй хохирогч Э.Т- нь жолоодох эрхийн үнэмлэхгүй тул гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл үйлдэл оролцоог харгалзах ёстой ...” гэх тайлбарыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

4.4.1. Тодруулбал, шүүгдэгч Д.Д нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт дискт 2025-02-20 1212 гэж хадгалсан хяналтын камерын бичлэгийн 00:35 секундэд олон эгнээгээр зорчдог замд үргэлжилсэн цагаан зураасыг давж, эсрэг урсгал сөрсөн, уг үйлдлийн улмаас тус замаар зорчиж явсан Суррон маркийн цахилгаан дугуйн жолооч Э.Т-, хамт зорчиж байсан Г.Ц нартай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан болох нь тодорхой бичигдсэн байна.

4.4.2. Мөн шүүгдэгч Д.Д-аас техникийн шинжээч томилуулах тухай хүсэлтийг 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр гаргаж, Тээврийн прокурорын газрын 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 57 дугаартай прокурорын тогтоолоор уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн ба техникийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №2025/213 дугаартай дүгнэлтэд:

- “... 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай мөрдөгчийн магадалгаа үндэслэлтэй байна,

- Жолооч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт "1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15. в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байна. Дээрх зөрчил нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна,

- Toyota crown маркийн автомашины үйлдэл нь суррон маркийн мотоциклийг эсрэг урсгалд ороход хүргэсэн байна,

- Тоёота Кроун маркийн **-** *** улсын дугаартай автомашины жолоочийн үйлдэл нь насанд хүрсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй, дадлага туршлагатай жолоочийг ч осолд оруулахаар байна ... зэрэг талаар дурджээ.

 

4.4.3. Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзвэл насанд хүрээгүй хохирогч хүүхдүүд үргэлжилсэн цагаан зураас дээр явж байсан үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн гэх шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батдуламын тайлбар үндэслэлгүй болох нь тогтоогдож байх төдийгүй шүүгдэгч Д.Дын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт "1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15. в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн нь эргэлзээгүйгээр тогтоогддог.

Мөн шүүгдэгчийн хууль бус үйлдэл нь “... насанд хүрсэн, жолоодох эрхийн үнэмлэхтэй, дадлага туршлагатай жолоочийг ч осолд оруулах ...” эрсдэлтэй байх төдийгүй нийгмийн хор аюулын талаар шинжээчийн дүгнэлтэд дурдсан тул гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, үйлдэл оролцоо гэх ойлголт насанд хүрээгүй хохирогч Э.Т-ийн хувьд тодорхойлогдох боломжгүй байна.

 

4.4.4. Түүнчлэн 1 дүгээр хавтаст хэргийн 12 дахь талд авагдсан осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зурагт “тээврийн хэрэгслүүдийн зорчиж явсан байршлыг зөрүүтэй тэмдэглэгдсэнийг” нөхөн үзлэг хийж, хэмжилтийн бүдүүвч зургийг дахин үйлдэж залруулан 1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь талд бэхжүүлжээ.

 

Уг хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч болон холбогдох бусад баримтыг үндэслэн 2025 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 153 дугаартай мөрдөгчийн магадалгаа гарсан ба бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №2025/213 дугаартай дүгнэлтээр мөрдөгчийн магадалгааг үндэслэлтэй хэмээн дүгнэсэн, тухайн осол гарах болсон шалтгаан, нөхцөл, талууд замын хөдөлгөөний дүрмийн ямар, ямар зүйл ангийг зөрчсөн эсэх, хэний буруутай үйлдэл давамгайлж байгааг хөдөлбөргүй, эргэлзээгүй тогтоож өгсөн тул шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан мөрдөгчийн магадалгаа үндэслэлгүй хэмээх тайлбарыг хүлээн авах түүнчлэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, цагаатгах боломжгүй байна.

 

4.5. Шүүгдэгч Д.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 7.2. Замын хөдөлгөөнд оролцогч нь өөрийн явж байгаа чигийн өөдөөс хандан байрласан замын тэмдгийг энэ дүрмийн 1 дүгээр хавсралт, тэмдэглэлийг 2 дугаар хавсралтад заасан утга агуулга, үйлчлэлийн хүрээнд дагаж мөрдөнө, 11.5. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно", мөн дүрмийн 2 дугаар хавсралт "1.4. 1.1-1.3, 1.15.а-1.15. в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, тус замаар зорчин явсан Суррон маркийн цахилгаан дугуйтай мөргөлдсөний улмаас Суррон маркийн цахилгаан дугуйн жолооч Э.Т, хамт зорчиж байсан Г.Ц нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан үйлдэл нь шалтгаант холбоотой байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

4.6. Иймд шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

5. Хохирол-хор уршиг:

5.1. Насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Г  нь гэмт хэргийн улмаас баримтаар нэхэмжилсэн хохирол төлбөргүй, шинжээчийн зардалд төлсөн 500,000 төгрөг болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол төлбөрийг нэхэмжилсэн ба хохирогчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын санд 1,732,640 төгрөгийн хохирол учирсан,

- Насанд хүрээгүй хохирогч Э.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Б.П  нь гэмт хэргийн улмаас эмчилгээ үйлчилгээний зардалд 1,754,800 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 500,000 төгрөг болон сэтгэцэд учирсан гэм хорын хохирол төлбөрийг нэхэмжилсэн ба хохирогчийн эмчилгээ үйлчилгээтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын санд 295,701 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

5.2. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн өдрийн №3307 дугаартай шинжээчийн:“... Г.Ц /-ийн сэтгэцэд 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн Зам тээврийн ослын улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” дүгнэлт /2-р хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн өдрийн №3306 дугаартай шинжээчийн: “... 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас Э-Т-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна” гэх дүгнэлт /2-р хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас/-үүд тус тус авагдсан.

 

5.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл/ гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршиг буюу “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” нь шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон байх ба “Нэгдүгээр” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж, “Хоёрдугаар” зэрэглэлд хамаарч “нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасан.

 

5.4. Нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо шүүгдэгч Д.Д нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй, насанд хүрээгүй хоёр хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, гэмт хэрэг гарсан цаг хугацаанаас хойш хохирогч нарт эмчилгээ үйлчилгээний зардал, нөхөн төлбөр төлөөгүй, хохирогч нарын сурч боловсрох, хэвийн өсөн бойжих боломж нөхцөлийг алдагдуулж тэдний эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж буюу 10х660,000=6,600,000 төгрөгөөр тогтоож, шинжээчийн зардалд төлсөн 500,000 төгрөгийг нэмж нэгтгэн нийт 7,100,000 төгрөгийг шүүгдэгч Д.Д-аас гаргуулж, хохирогч Г.Ц-т олгохоор,

 

 - хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99 дахин нэмэгдүүлж буюу 4,99х660,000=3,293,400 төгрөгөөр тогтоож, хохирол төлбөрт баримтаар нэхэмжилсэн 1,754,800 төгрөг болон шинжээчийн зардалд төлсөн 500,000 төгрөгийг нэмж нэгтгэн нийт 5,548,200 төгрөгийг шүүгдэгч Д.Д-аас гаргуулж, хохирогч Э.Т-т тус тус олгохоор шийдвэрлэсэн.

 

   5.5. Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Д.Д нь хохирогч Э.Т-т 1,000,000 төгрөг, Г.Ц-т 3,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тул шүүгдэгч Д.Даас 4,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ц-т, 4,548,200 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Т-т тус тус олгохоор тогтоож шийдвэрлэв.

 

5.5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т зааснаар шүүгдэгч Д.Даас хохирогч нарын эмчилгээ үйлчилгээний зардалд гарсан нийт 2,028,341 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэлээ.

 

6. Эрүүгийн хариуцлагын талаар.

6.1. Улсын яллагчаас “... Шүүгдэгч Д.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... ” гэх дүгнэлтийг гаргасан,

 

6.2. Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчдийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс: “... Прокурорын гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгож ухамсарласан зүйлгүй, хүн ёсоор хохирогч нараас болон тэдний ар гэрээс уучлал гуйсан зүйлгүй тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү ...” гэсэн саналыг,

 

6.3. Насанд хүрээгүй хохирогч Г.Ц-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Г-оос: “... Тусгайлан гаргах санал, хүсэлтгүй ...” гэх тайлбарыг,

 

6.4. Насанд хүрээгүй хохирогч Э.Т-ийн хууль ёсны төлөөлөгч Б.П-ээс: “... Тусгайлан гаргах санал, хүсэлтгүй ...” гэх тайлбарыг,

 

6.5. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “... Д.Д нь өөрийн гэсэн орон гэргүй байр түрээсэлж амьдардаг, хохирогч нарт учирсан хохирол төлбөрөө ойрын хугацаанд төлж барагдуулах болохоо илэрхийлж байна. Мөн тэрээр олон улсын хэмжээнд улс эх орныхоо нэрийг гаргаж амжилт үзүүлэн оролцдог тамирчин юм. Тэмцээн уралдаанд оролцож шагналын мөнгө олж, орлого олох боломжтой тул торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх саналыг,

 

6.6. Шүүгдэгчээс: “... Миний бие олон улсын хэмжээнд билъярдын тэмцээнд улс эх орноо төлөөлж оролцдог тамирчин. Өнгөрсөн хугацаанд тодорхой хэмжээний амжилт үзүүлсээр ирсэн тул миний олон жилийн хөдөлмөрийг үнэлэн торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэх тайлбарыг тус тус гаргав. 

 

6.7. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг, олон улсын чанартай тэмцээн уралдаанд улс эх орныхоо нэр төрийг гаргаж, амжилт үзүүлэн оролцдог, хувийн байдал, хохирогч нарын эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр гэмтэл учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт дүгнэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд эрүүгийн хуулиар тогтоосон өөр үр дагаврыг үүсэхийг түүнд сануулах нь зүйтэй байна.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Д-ы Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 5,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.Д-д үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Д.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.Д-д мэдэгдсүгэй.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Д-аас 4,100,000 төгрөгийг гаргуулж, насанд хүрээгүй хохирогч Г.Ц-т,

- 4,548,200 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогч Э.Т-т тус тус олгосугай.

 

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Д.Д-нааас 2,028,341 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

 

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Д нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                          ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.ДАШДОНДОВ