| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2024/00106/И |
| Дугаар | 152/ШШ2024/00135 |
| Огноо | 2024-04-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 152/ШШ2024/00135
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Т овогт Ц-ийн Н-ийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Ж, Д.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н нь ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.1. Миний бие 1964 онд Увс аймгийн Тэс суманд төрж, 1980 онд 8 дугаар анги төгссөн. 1981 онд Тэс сумын тэжээлийн аж ахуйн тракторын жолоочийн курс төгсөж, 1981 оны 7 дугаар сарын 19-ний 49 тоот тушаалаар Тэс сумын тэжээлийн аж ахуйд тракторчнаар ажилд томилогдон ажиллаж байгаад 1982 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 27 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 1982 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ардын цэргийн албанд татагдан 1985 онд халагдаж ирсэн. Улмаар цэргээс халагдаж ирээд Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчнаар томилогдон 1990 оны 6 дугаар сар хүртэл ажилласан. Гэтэл Тэжээлийн аж ахуйд ажилласан 6 жилийн ажилласан байдал олдохгүй байгаа. Би 60 нас хүрсэн тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаа тул ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Т.Ц, З.Б нарыг гэрчээр асууж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, Д.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Н нь миний аав бөгөөд одоо Улаанбаатар хотод байгаа тул төлөөлж шүүх хуралд оролцож байна. Тэрээр Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25 өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан. Гэтэл түүний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нөхөн бичилт хийгдсэн, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлага үүссэн. Иймд миний аав Ц.Н-ийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25 өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү... гэжээ.
3. Нэхэмжлэгч нь өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, Увс аймгийн Архивын тасгаас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гаргасан 865 дугаар тодорхойлолт, Ц.Нийн хөдөлмөрийн дэвтэр, Ц.Н-ийн үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн хуулбар, цэргийн батлахын хуулбар, тракторч машинчийн үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, Увс аймгийн Нийгмийн даатгалын газраас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн зөвлөмжийн хуудас, Т.Ц-ийн иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 594 дүгээр шийдвэрийн хуулбар, З.Б-ын иргэний үнэмлэхийн болон түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 484 дүгээр шийдвэрийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Шүүхээс Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 139 дүгээр албан бичгийн дагуу ирүүлсэн ХААТР-1 маягтын хуулбар, Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 173 дугаар албан бичгийн дагуу ирүүлсэн цалингийн тодорхойлолт, ХААТР-1 маягтын хуулбар, гэрч Т.Ц, З.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримт бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
1. Нэхэмжлэгч Ц.Н-ийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25 өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1990 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн хуулийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно гэж, 135.2.6-д хүний ажиллаж байсан байдал гэж тус тус зохицуулсан байх тул нэхэмжлэгч Ц.Н-ийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Н нь хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч нөхөн бичилт хийгдсэн, ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаал байхгүй тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
3. Ц.Н-т 1987 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр /1985 оны дэвтэрт 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилсон талаар бичигдсэн/,
Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ц-ийн Н-ийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 4-6, 8, 10-12, 1982 оны 2, 5-6, 10, 1983 оны 3, 1987 оны 1-2 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолтыг түүвэрлэн ирүүлжээ.
БНМАУ-ын хүн амын регистрийн 134 картад Овог нэр Ц.Н, мэргэжил ТАА тракторчин, ажилладаг байгууллага Тэс ТАА, эрхэлдэг ажил тракторчин, ажилд орсон он 1981 гэж бүртгэгджээ.
1983 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ц.Н-т олгосон тракторч машинчийн үнэмлэхийн хуулбар,
Ц.Н-ийн Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд 1988 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал татвар төлж байсан талаар бичилт хийгджээ.
Шүүхээс гэрч Т.Ц, З.Б мэдүүлэг авсан бөгөөд гэрч Т.Ц Би Тэсийн Тэжээлийн аж ахуйд 1978-1992 он хүртэл тракторчноор ажиллаж байсан. Ц.Н 1981 онд тракторчны курс төгссөн. 1982 оны 6 дугаар сард цэрэгт яваад 3 жилийн цэргийн алба хаагаад 1985 оны 6 дугаар сард халагдаж ирсэн. 1985 оны 7 дугаар сард хадлангийн 3 дугаар бригадад тракторчноор ажилласан. 1990 он хүртэл ажиллаад хувьчлал болоод Тэжээлийн аж ахуй тарсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 594 дүгээр шийдвэрээр, гэрч З.Б, Ц.Н бид хоёр 1981 онд тракторчны курст хамт сурч төгссөн нэг ангийн найзууд байсан. Бид 1981 оны 3 дугаар сард Тэсийн Тэжээлийн аж ахуйд тракторчноор хувиарлагдан ажилд орсон. Ц.Н 1982 оны 06 дугаар сард 3 жилийн цэргийн алба хаагаад 1985 онд ирсэн. Ирээд 1985-1990 он хүртэл Тэс сумын Тэжээлийн аж ахуйд ажилласан. 1990 онд тэжээлийн аж ахуй тарсан гэж мэдүүлсэн бөгөөд тэрээр Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйн харъяа Торхилогийн услалтын системд ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 484 дүгээр шийдвэрээр тус тус нотлогдож байна.
4. Ц.Н нь 1982 оны 6 дугаар сараас 1985 оны 6 дугаар сарын хооронд цэргийн алба хаасан болох нь цэргийн батлахын хуулбар болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.
5. Нэхэмжлэгч Ц.Н нь Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25 өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Ц.Нийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 4-6, 8, 10-12, 1982 оны 2, 5-6, 10, 1983 оны 3, 1987 оны 1-2 дугаар саруудад ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, мэргэжил ТАА тракторчин, ажилладаг байгууллага Тэс ТАА, эрхэлдэг ажил тракторчин, ажилд орсон он 1981 гэж бүртгэгдсэн ХААТР-1 маягт, 1983 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ц.Нт олгосон тракторч машинчийн үнэмлэхийн хуулбар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд 1988 оны 1 дүгээр сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал татвар төлж байсан талаар бичигдсэн байдал, гэрч Т.Ц, З.Б нарын мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдсон.
6. Харин нэхэмжлэгч Ц.Н Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1989 оны 1 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор ажилласан гэх боловч нэхэмжлэгчийг тухайн онд ажиллаж байсныг нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Иймд нэхэмжлэгчийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Ц.Н-ийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25 өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1989 оны 1 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
9. Нэхэмжлэгчээс гаргаж ирүүлсэн хөдөлмөрийн дэвтэр нь 1985 оны дэвтэр байх бөгөөд 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажилд томилсон талаар бичигдсэн буюу нөхөж бичсэн нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тайж овогт Ц.Н-ийн Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1981 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1982 оны 06 дугаар сарын 25 өдөр хүртэл тракторчноор, Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1985 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 1988 оны 12 дугаар сарыг дуустал тракторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд 1989 оны 1 дүгээр сараас 1990 оны 6 дугаар сарыг дуустал тракторчноор ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР