Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2022/ДШМ/10

 

 

 

 

 

    2021            12            23                                         2022/ДШМ/10   

 

Б.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Батбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-гийн өмгөөлөгч Ө.Учрал,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/508 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-д холбогдох эрүүгийн 2003004870450 дугаартай хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

 

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “BMW X3” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан, явган зорчигч /5 настай/ Ц.Б-г мөргөж амь насыг нь хохироож, /9 настай/ О.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-г “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ялаас 02 /хоёр/ жилийн хорих ялыг өршөөн хасаж, түүний эдлэх ялыг 01 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, цагдан хоригдсон 133 /нэг зуун гучин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн Б.Б-гийн **** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлж, шүүгдэгч Б.Б- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...миний бие 409 дүгээр хорих ангид одоогийн байдлаар 5 сар гаруй хугацаанд хоригдохдоо болсон хэрэг явдлыг тунгаан бодож маш ихээр харамсан гэмшиж байна. Цаашид хохирогчийн ар гэрт өөрийн бүхий л боломжоороо туслан дэмжиж, талийгаачийн ахын цаашдын амьдрал, мэдлэг боловсролд нь бодит туслалцааг үзүүлэх чин хүсэлт эрмэлзэлтэй болсон. Намайг хоригдож байх хугацаанд миний төрсөн эцэг элэгний хорт хавдрын улмаас 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хань болон 4 хүүхдээ орхин мөнх бусыг үзсэн. Айлын ууган хүү миний бие эцгийн оронд эцэг болох хариуцлага ирсэн. Өөрийн үүсгэн байгуулсан барилга угсралт, гадаад худалдааны чиглэлийн “********” ХХК, “***************” ХХК-иуд үйл ажиллагаа доголдон олон жилийн хамт олны хөдөлмөр, миний санамсар болгоомжгүй байдлаас минь үйлдэгдсэн хэргийн улмаас 23 ажилтан, 23 айл өрхийн амьжиргааг хүнд нөхцөлд оруулж байгаадаа харамсаж байна.

Иймд миний дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирогчийн ар гэр, хамтран зүтгэгч 23 айл өрх, миний ар гэрт өөрийн үүрэг хариуцлагын дагуу туслан дэмжиж ажиллаж, хөдөлмөрлөх бололцоог минь хангаж, эдлээгүй үлдсэн ялын хугацааг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б- нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирогчоос уучлалт гуйж, оршуулгын зардлыг бүрэн төлсөн төдийгүй өмгөөллийн хөлсийг ч дэмжлэг үзүүлж төлсөн. Б.Б- нь 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 133 хоног, мөн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл цагдан хоригдож байна. “*****” ХХК-ийн барилгын үйл ажиллагаа нилээдгүй тогтворжиж, олон арван барилгачдын ар гэрийг цалин хөлсөөр хангаж, нийгмийн даатгал, татвар зэргийг төлж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан ба энэ хэргийн улмаас бүхий л үйл ажиллагаа нь зогсонги байдалд ороод байна. Тэрээр болгоомжгүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1.2-д заасныг баримтлан шүүхээс оногдуулсан ялыг тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-гийн өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-гаас гомдол, саналгүй гэх бичиг авсан” гэж байна. Энэ талаар би мэдэхгүй. Өнгөрсөн долоо хоногт шүүх хуралдаан хойшлоход хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-тай холбогдсон. Түүнээс хойш холбогдож чадаагүй. Тухайн үед “гомдол, саналгүй” гэж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал буюу болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн болохыг ойлгож байгаа. Шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэж хэлж байсан. ...” гэв.

 

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг шийдвэрлээд 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Уг ялыг шүүгдэгч Б.Б- хүлээн зөвшөөрөхгүй давж заалдах гомдол гаргаж давж заалдах шатны шүүхээс хэргийг хянаад шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 1 жил 6 сарын хорих ял хөнгөдсөн гэж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хэргийг буцаасан. Анхан шатны шүүх дахин хэлэлцэж 3 жил 6 сарын хорих ял оногдуулж, Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар 2 жилийн хорих ялыг хасаж шийдвэрлэсэн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Б- нь явган хүний гарц дээр бага насны хүүхдийг дайрч амь насыг нь хохироож, нэг хүүхдийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирол төлбөрөө төлөөгүй, шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “BMW X3” загварын ****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч /5 настай/ Ц.Б-г мөргөж амь нас нь хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ц-гийн “...зам хөндлөн гарч байгаад зам тээврийн осолд орсон байсан. ...” /1хх 26-28/,

насанд хүрээгүй хохирогч О.О-ын хууль ёсны төлөөлөгч Б.Одончимэгийн “...манай хүүхэдтэй хамт явж байсан 5 настай охин машинд мөргүүлээд нас барсан байсан. ...” /1хх 92-93/,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б-ын “...Яармагийн эмнэлгийн хойд талын явган хүний гарцан дээр ирж байтал баруун гар талаас буюу хойд зүгээс гэнэт хүүхдүүд гүйлдээд гараад ирсэн. ...Манай нөхөр бид хоёр машинаас буугаад мөргүүлсэн хоёр хүүхэд дээр очиход зам дээр хоёр хүүхэд хэвтчихсэн байсан. ...” /1хх 99-100/,

насанд хүрээгүй гэрч Ц.Ж-ийн “...зам хөндлөн гарах үедээ дүүгээ голдоо хөтлөөд би зүүн гар талд нь манай найз баруун гар талд нь явж байсан. Зам хөндлөн гарах үед хоёр машин зогсохоор нь урагшаа явсан. Яг тэр үед гараа өргөж байхдаа дүүгээ хөтлөлгүй гарыг нь тавьчихсан байсан. Гэнэт хоёр машины цаад талаас нэг машин гараад ирэхээр нь би гүйгээд зам хөндлөн гараад эргэж харахад манай дүү болон найзыг маань машин мөргөсөн байсан. ...” /1хх 104-105/,

гэрч Б.О-ийн “...манай хүргэн ах тээврийн хэрэгслийг жолоодон урд талд манай төрсөн эгч Бор сууж, би жолоочийн арын суудал дээр сууж байсан. ...Яармагийн хойд талын замаар ороод явж байтал түс тас хийх чимээ гараад машин зогссон, цонхоор харахад зам дээр хүүхэд унасан байсан. ...” /1хх 106-107/,

гэрч Л.Н-ийн “...явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөөд машин зогссон. ...Эмэгтэй хүүхэд нь нас барчих шиг болсон. ...” /1хх 110-111/,

гэрч З.Б-ын “...зүүн талаас гуравдугаар эгнээгээр явж байсан машин хурдтай ирж байсан. ...хартал дунд гарын саарал цэнхэр туяатай машин хүүхэд мөргөсөн байсан. ...” /1хх 112-113/,

гэрч Ц.Ц-ын “...замын гуравдугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл хойноосоо урагшаа зам хөндлөн гарч байсан хоёр хүүхдийг мөргөөд машин зогссон. ...Хоёр хүүхэд явган хүний гарцан дээр мөргүүлсэн. ...” /1хх 114-115/,

гэрч Б.Б-ийн “...намайг очиход талийгаач Б-г замаас гаргаад дээрээс нь юмаар бүтээгээд замын гол хэсгийн зүлэг дээр хэвтүүлсэн байсан. ...” /1хх 147/,

Б.Б-гийн яллагдагчаар өгсөн “...Яармагийн эмнэлгийн хойд замд явган хүний гарцан дээр ирэхэд хажуу талд явж байсан тээврийн хэрэгслийн урдуур 3 хүүхэд гүйгээд гарсан. Би тоормос гишгээд зогсож амжилгүй хоёр хүүхдийг мөргөсөн. ...” гэсэн мэдүүлгүүд,

 

Ц.Б-г нь гавал тархи, цээжний хөндийн эрхтний битүү гэмтэл буюу гавлын суурь яс, зүүн чамархай ясны хугарал, их тархины зүүн чамархай хэсгийг аалзан хальсан доорх тархмал цус харвалт, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, зүүн эгэм, баруун, зүүн 1 дүгээр хавирганы хугарал, баруун, зүүн уушгины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бөөрний гялтан хальсан дахь цус хуралт, зүүн дунд чөмөгт ясны хугарал, дух, зүүн хацар, хамар эрүүнд зулгаралт бүхий авто ослоос учирсан дээрх хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2093 дугаартай дүгнэлт /1хх 158-162/,

 

“...жолооч Батнасангийн Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасныг зөрчсөн болохыг тогтоосон. ...” 2020 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 214 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 211-212/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-15/, авто тээврийн үндэсний төвийн дүгнэлт /1хх 202-207/, хохирлын үнэлгээний тайлан /1хх 35-89/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд Б.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Б.Б-гийн Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас хохирогч Ц.Б-гийн амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын “...ялыг шийтгэлийг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан хэдий ч явган хүний гарцан дээр насанд хүрээгүй хоёр хүүхэд дайрч нэг хүүхдийн амь нас хохирч, нэг хүүхдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хорихоос өөр төрлийн ялаар солих боломжгүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Б-гийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2021/ШЦТ/508 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- нь 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 92 /ерэн хоёр/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                                      Ц.ОЧ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН