Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин, 

Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т.Т-т холбогдох эрүүгийн 1720000300020 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Б овогт Т.Т,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 48 ширхэг буюу 2 кг 875 грамм зээрийн эврийг биедээ нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын гудамжаар явж байтал үл таних 30 орчим насны эрэгтэй хүн гэрэлтдэг торон дотор зээрийн эвэр хийчихсэн бариад явж байсан. Тэгэхээр нь би “наад эврээ яах гэж байгаа юм, зарах юм уу?” гээд асуусан чинь “10,000 төгрөгөөр зарна” гэхээр нь байгаа 10,000 төгрөгөө өгөөд худалдаж авсан. Тухайн үед би зээрийн эврийг БНХАУ-ын Эрээн хотод зарвал арай илүү өндөр үнээр худалдаж авдаг гэдгийг хүнээс сураг сонсоод 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сайншанд сумаас замын машинаар гараад Замын-Үүд суманд үдээс өмнө нь орж ирсэн. Тэгээд нэг тор зээрийн эврээ биедээ буюу цээж, бүсэлхий хэсгээрээ скочоор дарж нуугаад улсын хилээр гарах гэж байгаад гаалийн улсын байцаагчид саатуулагдсан. Миний хувьд амьдрал ахуй, ар гэрээ тэжээх зорилгоор мөнгөний хэрэг гараад улсын хилээр зээрийн эврийг нэвтрүүлэх гэж байсан юм аа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруугаа ойлгож байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 30-31/,

- Гэрч Р.Ч-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би албаны даргын баталсан хуваарийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09-11 цагийн үед Замын-Үүд дэх АЗШНЦ 1-ийн суудлын автомашины гарах талын зорчигчийн гаалийн хяналтын хэсэгт гаалийн улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж байхад 40 орчим насны, биедээ юм нуусан байж болзошгүй гэмээр эмэгтэй хүн хаалгаар орж ирсэн. Тэгэхээр нь түүнийг зогсоож байгаад хэвлий хэсгийг нь гараараа тэмтэрч үзэхэд овгор, товгор хэлбэртэй хатуу зүйл мэдрэгдсэн. Тэгээд би тэр эмэгтэйгээс “таны биед МУ-ын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон хязгаарласан эд зүйл байгаа юу? Гаальд мэдүүлэх бараа байна уу?” гэж тодруулж асуухад “надаа юу, надаа юу байдаг юм” гэхээр нь body scan буюу биеийн рентген аппаратанд зогсохыг хүсэхэд татгалзаж, гэр тээшээ /цүнх/ аваад явах гээд байсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйгийн хэвлийн хэсэгт юу байгаа болохыг нарийвчлан шалгах зорилгоор биет шалгалтын гүнзгийрүүлсэн өрөөнд оруулаад гадуур өмсөж явсан хувцсыг нь сөхөж үзэхэд арьсны өнгөтэй гэдэсний даруулган дотуур амьтны гаралтай түүхий эд болох эвэрнүүдийг нуусан байсан. Ингээд би тухайн өдрийн жижүүр гаалийн улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж байсан. Н.А-г утсаар дуудаж, үзлэгийн тэмдэглэл болон холбогдох материалыг хийлгүүлэн зөрчлийн албанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/,

- Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэнд:

  1. Мэдрэхүйн шинжилгээгээр дунд зэргийн хэмжээтэй 42 ширхэг эвэрний 33 ширхэг нь эвэрлэг ясан бүрхүүл хагарч цуурсан болон тугалмай нь салсан, өнгө зүс муудсан байдалтай байна. 9 ширхэг нь эвэрний угаар арьс үстэй, эвэрлэг чанараа хадгалсан байна. Жижиг хэмжээтэй 6 ширхэг нь эвэрний 1 ширхэг нь эвэрлэг ясан бүрхүүл хагарсан, 5 ширхэг нь угаар арьс үстэй, эвэрлэг чанараа хадгалсан эврийг шинжлэв. 
  2. Нэг зүйл цагаан зээр. Цагаан зээрийн эрэгчинг ооно, эмэгчинг шаргачин, төлийг янзага, эрэгчин шүдлэнг цэнхэр ооно, охин шүдлэнг зусаг шаргачин гэнэ. Голдуу хул шар зүстэй богино сүүлтэй, тангийнхаа захаар шар хүрээтэй. Ооно нь арагшаа тахийж үзүүр нь дотогш эргэж ойртсон шорон 2 эвэртэйгээрээ хар сүүлт зэргээс ялгаатай. Дээрх эвэрнүүд нь цагаан зээрийн эвэр байна.
  3. Цагаан зээрийн эрэгчин эвэртэй ба шаргачин нь эвэргүй. Дунд зэргийн хэмжээтэй 42 ширхэг эвэр нас гүйцсэн цагаан зээрийн эвэр, жижиг хэмжээтэй 6 ширхэг эвэр нь зээрийн янзаганы эвэр байна.
  4. Цагаан зээр нь МУ-ын ховор буюу нэн ховор амьтны жагсаалтанд ороогүй. Монгол орны өмнө, дорнын уудам тал, ухаа толгодоор идээшиж бэлчдэг. Зээрийн гол сүрэг Монголд байрладаг ба Сибирийн өмнөд хэсгээр ба Хятадын зүүн хэсгээр бага зэрэг тархсан.
  5. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” цагаан зээр Procapra gutturosa эрэгчин 500,000, эмэгчин 550,000 /мянган төгрөг/
  6. Мэдрэхүйн шинжилгээгээр дунд зэргийн хэмжээтэй 42 ширхэг эвэрний 33 ширхэг нь эвэрлэг ясан бүрхүүл хагарч цуурсан болон тугалмай нь салсан, өнгө зүс алдсан байдалтай байна. Энэхүү эвэрлэг чанараа алдсан байдал нь хээр гадаа нар, салхи, бороо зэрэг байгалийн хүчин зүйлс нөлөөлсөн байх ба ашиглах боломжгүй. 9 ширхэг нь эвэрний угаар арьс, үстэй эвэрлэг чанараа хадгалсан ашиглах боломжтой. Жижиг хэмжээтэй 6 ширхэг эвэрний 1 ширхэг нь эвэрлэг ясан бүрхүүл хагарсан ашиглах боломжгүй. 5 ширхэг нь эвэрний угаар арьс үстэй эвэрлэг чанараа хадгалсан ашиглах боломжтой.
  7. Дээрх эврийг сувинер, бэлэг дурсгалд ашиглаж болно. Эмийн орц найрлаганд ордог эсэхийг шинжээч тогтоох боломжгүй юм.
  8. Зээрийн болон амьтны эврийг хөрөөдөж авбал амьтны аминд эрсдэлгүй. Эврийг нь хөрөөдөж авсан амьтан амьдрах чадвартай гэсэн дүгнэлт /хх-ийн 33-35/,

- Замын-Үүд дэх Гаалийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулсан материал /хх-ийн 7-15/,

- Т.Т-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 62-63/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/,

- Хөрөнгийн үнэлгээний “Вендо” ХХК-ийн хөрөнгө үнэлсэн үнэлгээ /хх-ийн 37-44/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20/,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх 48 ширхэг зээрийн эвэрт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/,

- 2кг 875 грамм буюу 48 ширхэг зээрийн эврийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 25/  болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 48 ширхэг буюу 2 кг 875 грамм зээрийн эврийг биедээ нууж хууль бусаар нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Т.Т нь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Монгол Улсын хилээр хязгаарласан бараа болох 48 ширхэг буюу 2 кг 875 грамм зээрийн эврийг биедээ нууж хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Р.Ч-н “...хуваарийн дагуу 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 09-11 цагийн үед Замын-Үүд дэх АЗШНЦ 1-ийн суудлын автомашины гарах талын зорчигчийн гаалийн хяналтын хэсэгт гаалийн улсын байцаагчийн үүрэг гүйцэтгэж байхад 40 орчим насны, биедээ юм нуусан байж болзошгүй гэмээр эмэгтэй хүн хаалгаар орж ирсэн. Тэгэхээр нь түүнийг зогсоож байгаад хэвлий хэсгийг нь гараараа тэмтэрч үзэхэд овгор, товгор хэлбэртэй хатуу зүйл мэдрэгдсэн... нарийвчлан шалгах зорилгоор биет шалгалтын гүнзгийрүүлсэн өрөөнд оруулаад гадуур өмсөж явсан хувцсыг нь сөхөж үзэхэд арьсны өнгөтэй гэдэсний даруулган дотуур амьтны гаралтай түүхий эд болох эвэрнүүдийг нуусан байсан...” гэсэн  мэдүүлэг, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, камерийн бичлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.Т-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 48 ширхэг зээрийн эвэрнээс шинжээчийн дүгнэлтээр дунд зэргийн хэмжээтэй 9 ширхэг, жижиг хэмжээтэй 5 ширхэг нийт 14 ширхэг зээрийн эвэрийг ашиглагдах боломжтой гэсэн байх тул улсын орлогод оруулахаар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, ашиглагдах боломжгүй дунд зэргийн хэмжээтэй 33 ширхэг, жижиг хэмжээтэй 1 ширхэг нийт 34 ширхэг зээрийн эвэрийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Т.Т-г хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Т.Т-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Т.Т-т оногдуулсан 460,000 /дөрвөн зуун жаран/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Т.Т нь 460,000 /дөрвөн зуун жаран/ төгрөгийн торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 48 ширхэг зээрийн эврээс ашиглагдах боломжтой дунд зэргийн хэмжээтэй 9 ширхэг, жижиг хэмжээтэй 5 ширхэг нийт 14 ширхэг зээрийн эвэрийг улсын орлогод оруулахаар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, ашиглагдах боломжгүй дунд зэргийн хэмжээтэй 33 ширхэг, жижиг хэмжээтэй 1 ширхэг нийт 34 ширхэг зээрийн эвэрийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т-т урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч нар нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ