Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 152/ШШ2024/00138

 

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

       Нэхэмжлэгч: Г ХХК-ийн нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Б.у овогт Э.Г-т холбогдох,

  Худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,642,099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Э.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г ХХК-тай зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд зээлээр шатахуун худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байна. Иргэн Э.Г нь Г ХХК-ийн зам зуур 3 шатахуун түгээх салбараас 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 103,688 төгрөгийн шатахууныг, зам зуур шатахуун түгээх салбараас 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 380,000 төгрөгийн шатахууныг, зам зуур 3 шатахуун түгээх салбараас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 643,778 төгрөгийн шатахууныг, зам зуур шатахуун түгээх салбараас 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 767,600 төгрөгийн шатахууныг, тосон шатахуун түгээх салбараас 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 533,000 төгрөгийн шатахууныг тус тус зээлээр авсан бөгөөд 2,428,066 төгрөг төлөөгүй байна. Зээлийн гэрээний 2.3-д энэ гэрээний 2.2-д заасан хугацаа хэтрүүлбэл хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5%-ийн алданги төлнө гэж заасан байна. Алданги дээр маргах учир эвлэрүүлэн зуучлалаар орох боломжгүй. Иймд иргэн Э.Г-өөс зээлээр авсан шатахууны мөнгө 2,428,066 төгрөг, алданги 1,214,033 төгрөг, нийт 3,642,099 төгрөгийг Г ХХК-д гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч Э.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э овогтой Г нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г ХХК-аас 3,462,099 төгрөгийн түлш зээл авсан нь үнэн болно. Г ХХК-д төлөх 3,462,099 төгрөгийг /2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1,214,033 төгрөг/ 3 сарын хугацаанд сар бүр төлөх хүсэлтэй байна гэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О миний бие хариуцагч Э.Г-ийн хариу тайлбартаа танилцлаа. Итгэмжлэлээр олгосон эрхийн хүрээнд хариуцагч Э.Г-ийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 01-ний хооронд 3 сарын хугацаанд cap бүр 1,214,033 төгрөгийг нэхэмжлэгч Г ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Иймд Э.Г-т холбогдох иргэний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

     1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Э.Г-т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,642,099 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

     2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.Г нь нэхэмжлэлийн шаардлага худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 3,642,099 төгрөгийг /2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сар бүр 1,214,033 төгрөг/ төлж барагдуулахаар нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

     3. Хариуцагч Э.Г нь үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

      4. Нэхэмжлэгч Г ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,224 төгрөгөөс 36,612 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн тоот данснаас 36,612 төгрөгийг, хариуцагч Э.Г-өөс 36,612 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь: 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Э.Г нь худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 3,642,099 /гурван сая зургаан зуун дөчин хоёр мянга ерөн ес/ төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар нэхэмжлэгч Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 73,224 /далан гурван мянга хоёр зуун хорин дөрөв/ төгрөгөөс 36,612 /гучин зургаан мянга зургаан зуун арван хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 36,612 /гучин зургаан мянга зургаан зуун арван хоёр/ төгрөг, хариуцагч Э.Г-өөс 73,523 /далан гурван мянга таван зуун хорин гурав/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г ХХК-д олгож, 73,523 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      П.БОЛОР