| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2023/08598/И |
| Дугаар | 101/ШШ2024/01008 |
| Огноо | 2024-02-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2024/01008
2024 02 22 101/ШШ2024/01008
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *******,******* тоот, РД:*******, гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *******,*******,*******, РД:*******, *******-д холбогдох 34,313,060 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч *******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,
Хариуцагчийн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Пүрэвдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021-05-25-ны өдөр Баянзүрх дүүрэг, 8 хорооны нутаг дэвсгэрт байрлах цогцолбор хотхоныг барьж гүйцэтгэж буй *******-тай орон сууц захиалгын гэрээ байгуулж, 4,, м.кв, 1 өрөө орон сууцыг 1 м,кв-ыг 890,000 төгрөгөөр тооцож, нийт 32,930,000 төгрөгийг худалдан авахаар тохиролцож, төлбөрийг 100 хувийн төлсөн. 2023 оны 1-р улиралд бүрэн гүйцэт ашиглалтад оруулахаар хугацааг тохиролцсон. Гэтэл захиалга өгсөн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ямар ч ажил хийгээгүй, сууриа ч цутгаагүй. Удаа дараа шаардлага тавьж миний захиалсан барилга яагаад хөдөлгөөнд орж баригдаж эхлэхгүй байгаа талаар асуухад өө ажил явж байгаа удахгүй танайх ашиглалтад орно гэж худлаа ярьсаар өнөөдрийг хүрсэн. Нийт 4 блок барьж байгаагаас намайг захилагын гэрээ хийх үед эхний хоёр блокны суурь тавьсан байсан. Түүнийг надад харуулж удахгүй үргэлжлээд манай 4 блок маш хурдан баригдаж дуусах болно гэж надад итгэл төрүүлэн гэрээ байгуулсан. Гэтэл өнөөдрийн байдлаар гэрээ хийхэд ямар байсан яг тэр хэвээрээ нөгөө хоёр баригдаж байсан суурь нь тавигдсан блок нь дуусаагүй байна. Би энэ байрыг захиалахын тулд Төмөр замд байрлах хуучин байраа зарж байж 100 хувь төлбөрийг хийсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл орох оронгүй гудамжинд явуулж байгаад гомдолтой байна. Иймд 2021 онд байгуулсан орон сууц захиалгын гэрээний дагуу төлсөн 32,930,000 төгрөг, алданги 1,383,060 төгрөг, нийт 34,313,060 гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ******* нь дундаж орлоготой залуу гэр бүлд зориулан 2019 онд төслийг анх санаачлан хэрэгжүүлсэн. Залуу гэр бүлд зориулан ипотекийн зээлийн судалгааг судлаад 6 төрлийн М.кв нь сонголттой байхаар төслөө боловсруулж 1 м.кв-ын үнийг 890,000 төгрөгөөр худалдан борлуулсан. Гэтэл 2019 онд эхэлсэн төсөл маань Ковид цар тахлын нөлөөллөөс болж барилгын материалын үнэ 2 дахин нэмэгдсэн зэргээс шалтгаалан цаашид үргэлжлүүлэхэд санхүүгийн хувьд хүндрэлтэй нөхцөл үүсээд байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс үндсэн төлбөр 32,930,000 төгрөгийг төлөхийг зөвшөрч байна, барилга барих боломжгүй болсон нөхцөл байдал нь манайхаас хамааралтай бус өөр хүчин зүйл нөлөөлсөн тул алданги 1,383,060 төгрөгийг татгалзаж байна гэв.
Нэхэмжлэгчээс 2021 оны 05 сарын 25-ны өдрийн дугаар орон сууц захиалгын гэрээ, 2021 оны 05 сарын 25-ны өдрийн Хаанбанк ХК-ийн шилжүүлгийн баримт, *******гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга, 2024 оны 02 сарын 13-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг баримтыг,
Хариуцагчаас *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ баримтыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч *******гийн 34,313,060 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч ******* дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Орон сууц захиалгын гэрээг байгуулж Баянзүрх дүүрэг, 8 хорооны нутаг дэвсгэрт байрлах цогцолбор хотхоны 4 блок барилганаас сонголтыг хийж,, м.кв, 1 өрөө орон сууцыг 1 м,кв-ыг 890,000 төгрөгөөр тооцож, нийт 32,930,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Орон сууцны төлбөр 32,930,000 төгрөгийг 2021-05-25-ны өдөр гэрээнд тусгагдсан дугаарын дансанд шилжүүлж гэрээний үүргийг биелүүлсэн.
Гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Гүйцэтгэгч нь ашиглалтанд оруулахаар гэрээнд заасан хугацаанаас 90 хоногоос дээш хугацаагаар хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлсөн үнийн дүнгийн 0,02 хувийн алдангийг захиалагчид төлөх үүргийг хүлээсэн тул алданги 1,383,060 төгрөгийг гаргуулахаар шаардалыг үндэслэлийг тайлбарласан.
3. Хариуцагч *******-иас 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дугаар Орон сууц захиалгын гэрээг байгуулсан. Гэрээнд заасны дагуу 32,930,000 төгрөгийг төлж биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг зөвшөөрч байна маргахгүй зүйлгүй.
Алданги төлөхөөр гэрээнд тусгасан хэдий ч барилгыг барих боломжгүй болсон нөхцөл байдал нь манай компаниас хамааралтай бус дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахалаас үүдэлтэй тул алданги 1,383,060 төгрөгнөөс татгалзаж байна гэж маргасан.
4. Хэрэгт авагдсан 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц захиалгын гэрээг зохигч байгуулсан, захиалагч буюу нэхэмжлэгч ******* орон сууцыг худалдан авах төлбөр 32,930,000 төгрөгийг бүрэн төлж биелүүлсэн дээр маргаагүй.
5. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
6. Хариуцагч орон сууцыг хугацаанд нь ашиглалтанд оруулах боломжгүй нөхцөл байдал биднээс шалтгаалаагүй гэж маргаж байгаа хэдий ч татгалзалын үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул алданги 1,383,060 төгрөгийг орон сууц захилах гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааснаар төлөх үндэслэлтйэ байна гэж шүүх үзлээ.
7. Нэхэмжлэгчийн төлсөн 329,520 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч *******-аас 329,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хуваарилан шийдвэрлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-иас 34,313,060 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 329,520 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч *******-аас 329,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БОЛОРМАА