Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/00494

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 142/ШШ2024/00494

Орхон аймаг

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймаг Сайхан сум 1-р баг ******* ******* өөрийн байранд байрлах, ******* ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг ******* дугаар байрын урд байрлах ******* /РД:/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 13,093,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 7 дугаартай тогтоолоор хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн төлөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 13,093,320 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* *******-ийн төлөөлөгч Л.Наранбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... ******* ******* ******* нь худалдагч тал болох *******-тай 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ХА-19/2011 дугаартай арчих материал худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ХА-34/2011 дугаартай электрод худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ХА-60, 61/2012 дугаартай электрод худалдах, худалдах авах гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХА-25/2012 дугаартай хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулан хамтран ажилласан. Дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдагч нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үндсэн үүргийг хүлээсэн. Гэвч худалдагч болох хариуцагч нь гэрээний дагуу бараа материалыг нийлүүлээгүй манай компанийг хохироож байна. Талуудын тооцоо нийлсэн актаар 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх компаниудын хооронд үүссэн тооцоогоор ******* ******* ******* нь *******-иас 13,093,320 /арван гурван сая ерэн гурван мянга гурван зуун хорь/ төгрөгийн авлагатай болохыг харилцан тохиролцсон. Манай компаний зүгээс дээрх хохирлыг барагдуулахыг хариуцагч талаас удаа дараа шаардсан боловч хохирлыг барагдуулаагүй байна. Иймд хариуцагч *******-иас гэрээний биелэлтээс учирсан хохирол 13,093,320 төгрөгийг гаргуулж манай компанид олгож өгнө үү, ...хариуцагч Батцэрэнгийн өөрийнх нь гарын үсэг биш гэж хэлж байна. Энэ талаар хэрэгт ямар нэгэн авагдсан баримт байхгүй. Манай компани 2022 оныг хүртэл хувийн өмчийн компани байж байгаад 2022 онд төрийн өмчид шилжиж өр авлагуудаа шүүхээр нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлж байгаа... гэжээ.

4. Хариуцагч *******-ийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... ******* *******" *******-тай хэд хэдэн гэрээ байгуулж бараа, материал нийлүүлж ажилласан. Тухайн үед буюу 2011 оноос 2012 онд бараа материал нийлүүлсэн тул манай компанийн хувьд авлага үүсэх боломжтой болохоос бус өглөг үүсэх боломжгүйг дурдах нь зүйтэй байна. Гэтэл түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд ******* ******* *******-ийн зүгээс энэ нэхэмжилж буй төлбөрийг төлөх талаар ямар ч албан тушаалтан холбогдож байгаагүй бөгөөд ямар нэг албан бичиг, цахим шуудан ирүүлэн шаардаж байгаагүй болно. Тийм атал 2017 онд үйлдсэн тооцоо нийлсэн акт гэх баримтыг гаргаж өгсөн нь компанийн захирал миний гарын үсэг биш бөгөөд ийм акт, баримт үйлдэж байгаагүйг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан байгаа нь дээр дурдсан хугацаанаас хойш 12 жилийн дараа шүүхэд нэхэмжилж байгаа. 13,093,320 төгрөгийн төлбөрийг төлүүлэх талаар өмнө нь шаардлага, мэдэгдэл гаргаж байгаагүй байж өнөөдөр гэнэт ийм их хэмжээний төлбөрийн нэхэмжлэл гаргаж буйг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй, тийм хуулийн үндэслэл ч байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байх үндэслэл нь манайх 2011 оны 06 дугаар сарын 30, 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Арчих материал худалдах, худалдан авах гээд 10,350,000 төгрөгийн гэрээ, 23,400,000 төгрөгийн электрод худалдах, худалдан авах гэрээ хийсэн. ******* ******* компаниас 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн электрод худалдаж авах 30,000,000 төгрөгийн гэрээ, 2012 оны 10 сарын 30-ны өдрийн 19,380,000 төгрөгийн хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдаж авах гэрээг нотлох баримтаар ирүүлсэн байна. Манай компанийн хувьд 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн, 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн гэрээг хийсэн, гэрээнд зурсан гарын үсэг миний мөн. Харин 2012 онд хийгдсэн 30,000,000 төгрөгийн гэрээ, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан авах 12,380,000 төгрөгийн гэрээг би үнэхээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байна гэхээр миний гарын үсэг огт биш. Нэхэмжлэгчийн тооцоо нийлсэн акт гэх 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн актан дээр байгаа гарын үсэг бол миний гарын үсэг биш. Ойлгомжгүй зүйл нь уг акт дээрх утасны дугаар миний утасны дугаар биш, 99024468 гэх дугаарыг мэдэхгүй, ...хлорамин цагаан маск гэх бараа нийлүүлээгүй, өмнөх 2 гэрээний дагуу 23,000,000 төгрөгийн бараагаа нийлүүлээд энэ гэрээ дуусаад тооцоогоо хийчихсэн байгаа учраас би энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манайхыг 2017 оны тооцоо нийлсэн актаар ийм тооцооны үлдэгдэлтэй байна гэсэн мэдэгдэл 2017 оноос хойш манайд нэг ч удаа ирж байгаагүй, мэдэгдээгүй байж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

5. Нэхэмжлэгчээс: ******* ******* *******-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, ******* ******* *******, *******-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ХА-19/2011 дугаартай Арчих материал худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ХА-34/2011 дугаартай Электрод худалдах худалдан авах гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХА-25/2012 дугаартай Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, материал худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ХА-60,61/2012 дугаартай Электрод худалдах, худалдан авах гэрээ, тооцоо нийлсэн акт, өглөг авлагын дэлгэрэнгүй тайлан гэх баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад  

                                                                                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...манай компани хариуцагчтай 2011 оны 05 дугаар сарын 30-нд арчих материал худалдах, худалдан авах гэрээ, 2011 оны 06 дугаар сарын 30-нд электрод худалдах, худалдан авах гэрээ, 2012 оны 06 дугаар сарын 27-нд электрод худалдах, худалдах авах гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 30-нд хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, худалдах, худалдан авах гэрээнүүдийг байгуулан хамтран ажилласан. Уг худалдах, худалдан авах гэрээнүүдийн дагуу худалдагч нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч нь гэрээгээр тохиролцсон үнийг төлөх үндсэн үүргийг хүлээсэн. Гэвч худалдагч болох хариуцагч нь гэрээний дагуу бараа материалыг нийлүүлээгүй манай компанийг хохироож байгаа тул талуудын тооцоо нийлсэн актаар хийсэн тооцоогоор 13,093,320 төгрөгийн өр төлбөртэй байгаа тул уг мөнгийг гаргуулж өгнө үү.... гэсэн.

 

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж мэтгэлцсэн. Үүнд: ...******* *******" *******-тай хэд хэдэн гэрээ байгуулж бараа, материал нийлүүлж ажилласан. Тухайн үед буюу 2011 оноос 2012 онд бараа материал нийлүүлсэн тул манай компанийн хувьд авлага үүсэх боломжтой болохоос бус өглөг үүсэх боломжгүй. Уг гэрээг байгуулж хамтран ажилласнаас хойш хугацаанд нэхэмжилж буй төлбөрийг төлөх талаар ямар ч албан тушаалтан манайхтай холбогдож байгаагүй бөгөөд ямар нэг албан бичиг цахим шуудан ирүүлэн шаардаж байгаагүй. Тийм атал 2017 онд үйлдсэн тооцоо нийлсэн акт гэх баримтыг гаргаж өгсөн нь компанийн захирал миний гарын үсэг биш бөгөөд ийм акт, баримт үйлдэж байгаагүй. Мөн Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэг ч шаардаж байгаагүй, байхгүй өр төлбөрийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, ...мөн би 2012 онд байгуулагдсан хоёр гэрээг хийгээгүй, гэрээнд зурсан гарын үсэг миний биш... гэсэн.

 

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч *******-тай 2011 оны 05 дугаар сарын 30-ны өдөр ХА-19/2011 дугаартай Арчих материал худалдах, худалдан авах 10,350,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ, 2011 оны 06 дугаар сарын 30-ны өдөр А-34/2011 дугаартай Электрод худалдах, худалдан авах 23,400,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээнүүдийг байгуулсан.

 

Мөн талуудын хооронд 2012 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ХА-60, 61/2012 дугаартай, 30,000,000 төгрөгийн Электрод худалдах, худалдах авах гэрээ, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ХА-25/2012 дугаартай, 19,380,000 төгрөгийн Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, худалдах, худалдан авах гэрээнүүд байгуулагдсан байна.

 

Хариуцагчийн төлөөлөгч 2011 оны 05 дугаар сарын 30, 2011 оны 06 дугаар сарын 30-нд байгуулагдсан гэрээг хүлээн зөвшөөрч, маргаагүй, уг гэрээнүүдийн дагуу бараа материалыг бүрэн нийлүүлж, тооцоо дууссан гэх тайлбар гаргасан. Харин 2012 оны 06 дугаар сарын 27, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнүүдийг нэхэмжлэгчтэй байгуулаагүй, уг гэрээнүүдэд болон тооцоо нийлсэн акт гэх баримтад зурсан гарын үсгийг миний гарын үсэг биш гэж хүлээн зөвшөөрөхгүй маргасан.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

6. Хэрэгт нотлох баримтаар авагдсан 2012-2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд үүссэн тооцоо нийлсэн акт гэх баримт нь хариуцагчид хамааралтай эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй, 2012 оны 06 дугаар сарын 27, 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээнүүд болон уг баримтад хариуцагчийн төлөөлөгч гарын үсэг зурсан эсэх нь тодорхойгүй, уг баримтаар хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* ******* *******-д 13,093,320 төгрөгийн өр төлбөртэй болох нь тогтоогдохгүй байна.

 

7. Нөгөөтэйгүүр талуудын хооронд 2013 оны 6 дугаар сарын 30-нд байгуулагдсан гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байна.

 

8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлох баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн тайлбар, татгалзлыг нэхэмжлэгч тал няцаасан баримтыг гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

9. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч ******* ******* *******-ийн хариуцагч *******-аас 13,093,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

10. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* *******-ийн хариуцагч *******-аас 13,093,320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ******* *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223,417 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ