Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/01

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 22 өдөр                  2022/ДШМ/01                                  Хэрлэн сум

 

У-ад холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00001/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Ш.Дамдинбазар /цахимаар/,

Шүүгдэгч У- /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урантуяа нарыг оролцуулан,

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцлээр У-ад холбогдох эрүүгийн 2140000600057 дугаартай 1 хавтас 177 хуудас бүхий хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 1992 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, “ам бүл 3, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан М овогт Б-н У нь  

- 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой 23 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э-ыг бусадтай хардсаны улмаас биед нь халдаж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний алимны салстын цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт” бүхий гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

- 2021 оны 04 дүгээр сарын 25-ны орой 22 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ хамтран амьдрагч Э-ыг зодсон,

- 2021 оны 06 дугаар сарын 18-ны өглөө гэртээ хамтран амьдрагч Э-ыг бусадтай хардсаны улмаас зодсон,

- 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой 23 цаг 30 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э-ыг бусадтай хардсаны улмаас биед нь халдаж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, 3 удаагийн үйлдлээр “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт холбогджээ.  

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас У-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүх: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос шүүгдэгч М овогт Б-н У-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М овогт Б-н У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 04 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж шийдвэрлэжээ.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазар давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэл болон дүгнэлтдээ: “Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч М овогтой Б-н У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.   

Хохирогч Э- /хх 33-35/, гэрч Ч /хх 43-44/, Э /хх 46-48/ нарын мэдүүлгүүд, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №338 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 26-27/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч М овогт Б-н У- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон” гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон.  

Улсын Дээд Шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 506 дугаар тогтоолд “...гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана...” гэж заасан. Хуулийн энэ шаардлагыг шүүгдэгч У-ын 3 удаагийн хохирогчийг зодсон үйлдэл хангаж байна гэж үзэж байна.  

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч У-ын 2021 оны 04 дүгээр сарын 25, 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрүүдэд хохирогчийг зодсон үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуульд хамрагдаж байгаа гэж дүгнэсэн атлаа Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэж 2 өөрөөр дүгнэсэн нь ойлгомжгүй, эргэлзээ төрүүлэхээр байна.

Прокурорын хяналтад яллагдагч У- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч Э-д хохирлыг бүрэн төлсөн баримтаа хавсарган 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “....шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэсэн заалт зөрчигдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасныг журамлан ...гэм буруутайд тооцсугай” гэж шийдвэр гаргасан нь Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийг журамлан шийдвэр гаргах хуулийн зохицуулалт байхгүй.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, хууль зүйн үндэслэлтэй байхаас гадна тогтоох хэсэг нь удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл тул харилцаа уялдаа холбоотой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байх хуулийн шаардлага хангагдаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэл тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. Шүүх шүүгдэгчид ял оногдуулаад Өршөөлийн хуулийг хэрэглэж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх байсан” гэв.

Шүүгдэгч У- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазарын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Яллагдагч У- нь 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаартай “хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол гаргаж, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 42 дугаартай яллах дүгнэлт үйлджээ.

Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Дамдинбазар  У-ын 2021 оны 07 дугаар сарын 11-ний орой  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Э-ыг зодож гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн, 2021 оны 04 дүгээр сарын 25, 06 дугаар сарын 18, 07 дугаар сарын 11-ны  өдрүүдэд  хамтран амьдрагч Э-ыг байнга зодсон үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгээр тус тус зүйлчилж,  У-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял  оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын 15000 төгрөгийг 1 өдрийн хорих ялаар тооцож, 30 хоног буюу 1 сарын хугацаагаар хорих ялыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 9 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулах 9 сарын хорих ялыг 9 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилжээ.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдсан эсэхийг хянасны үндсэн дээр прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана. Гэтэл прокуророос У-ад 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 9 сарын хугацаагаар тэнсэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлснийг  шүүх нягталж үзэлгүй, прокурорын ялын санал хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна.

Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийн заалтыг чанд сахин хэрэгжүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагад нийцнэ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр 1.3, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ШЦТ/41 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, У-ад холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газарт буцаасугай. 

 

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч У-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.ДЭНСМАА

 

                                ШҮҮГЧИД                                           Я.АЛТАННАВЧ

 

                                                                                              Г.БОЛОРМАА