Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин,

Хохирогч Ц.Урангуа, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр,

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г.Г-д холбогдох эрүүгийн 1720000240009 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, вагон үзэгч мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй Б овогт Г.Г,

Шүүгдэгч Г.Г нь архидан согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Ц.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамар руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2017 оны 07 дугаар сарын 05-ны орой 23 цагийн орчимд манай гэрийн гадаа Ц.У, Ц.Б хоёр ирээд гараад ир гээд байсан. Эхэндээ би Ц.У-д гарахгүй гэдгээ хэлсэн боловч гэрийн гадаа ирчихээд орилоод байсан. Тэгээд би гэрийхэндээ ажлын хүмүүс ирсэн байна жаахан гадуур гарч байгаад ирье гээд уурлаж байгаад гэрээс гарсан. Манай гэрийн гаднаас Ц.Б, Ц.У бид 3 хамт Булган плазагийн бааранд орж 0,5 литрийн Улаанбаатар архи мөн хүний нэг нэг лаазтай пиво авч уусан. Баарнаас гараад харих гэтэл Ц.У буудал авч ууя өнөөдөр харихгүй гээд байсан. 48 айлын гадаа подволын үүдэнд сууж байхад Ц.Б-г хэдэн залуучуудтай үлдээгээд явах гээд байхаар нь яах гээд байгаа юм Ц.Б-г дагуулаад цуг явъя гээд Ц.У бид 2 маргалдаж эхэлсэн. Ц.У, Ц.Б-г үлдээгээд явъя гээд байсан ба хамт аваад явъя гэсэн чинь надтай маргалдаж байгаад миний нуруу орчим руу өшиглөхөөр нь би хойшоо хараад баруун гараараа У-н нүүрэн тус газар нь 1 удаа цохисон чинь Ц.У-н хамарнаас нь цус гарахаар нь би уучлаарай санамсаргүй цохичихлоо гэж хэлэхэд Ц.У маргааш өглөө эмнэлэгт очиж үзүүлнэ гээд гэр лүүгээ яваад өгсөн. Би Ц.У-г гэрт нь хүргээд өгье гэхэд хэрэггүй би өөрөө явж чадна гээд ганцаараа явсан. Тухайн үед би 48 айлын гадаа Ц.Б, хамт ажилладаг О-той үлдсэн. Ц.У-г явчихаар нь би гэр лүүгээ ганцаараа явсан. Эмнэлэгт үзүүлнэ гээд 40,000 төгрөг авсан. Ц.У-н нэхэмжилсэн 266,200 төгрөгнөөс өгсөн 40,000 төгрөгийг хасаад үлдсэн 226,200 төгрөгийг өгнө. Гэм буруугаа ойлгож байгаа...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 8-9/,

- Хохирогч Ц.У-н мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 05-ны 23 цагийн орчимд Ц.Б-тэй уулзаж байгаад Г.Г-н гэрт очиж Г.Г-г аваад хамтдаа Булган Плазагийн бааранд орж 0,5 литрийн Улаанбаатар архи мөн хүний нэг нэг лаазтай пиво авч уусан. Тухайн үед баар маргааш амралтын өдөр гээд хаалгаа эрт барьж хаасан. Баарнаас гараад 48 айлын гадаа очоод орцны гадаа юм яриад сууж байгаад 02 цагийн орчимд Г.Г-г явъя гэхэд Ц.Б-г аваад явъя гэсэн Ц.Б нь өөр хүмүүстэй уулзаад байсан болохоор орхиод явъя гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би хальт нуруу луу нь өшиглөсөн гэтэл Г.Г босч ирээд гараараа миний нүүрэн тус газар цохисон. Тухайн гарт гар утас нь байсан ба гар утсаараа намайг цохисон бололтой миний хамарнаас цус гарахаар нь цусаа тогтоож байгаад нэгдсэн эмнэлэг рүү ганцаараа явж үзүүлсэн. Маргааш өглөө эмнэлэг явж үзүүлэхэд хамар муруйсан гээд чихээс хийхэд 40,000 төгрөг гэхээр нь би Г.Г-с авч мөнгийг нь өгсөн. 40,000 төгрөгний баримт картанд бичсэн байгаа. Би одоо хамраа янзлуулна тийм учраас цаашид гарах хохирлоо гаргуулах хүсэлттэй байгаа учраас иргэний шүүхээр шийдүүлэхээр зааж өгөхийг хүсч байна. Хэрэгт нотлох баримтаар өгсөн 266,200 төгрөгөө гаргуулж авна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7/,

- Гэрч Ц.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би өөрийн найз Г.Г, Ц.У бид гурав 2017 оны 07 дугаар сарын 05-ны орой Ц.У над руу утсаар залгаад гадуур гарах уу? Орой гаръя гээд тэгээд бид 2 уулзаад Г.Г-г гэрээс нь очиж аваад тэгээд тэндээсээ Булган Плазагийн бааранд орсон. Тэнд бид 0,5 литрийн Улаанбаатар нэртэй архи, мөн нэг нэг лаазтай пиво уугаад бид халамцуухан гарч ирсэн. Тэгээд бид 3 манай гэр рүү дөхөөд алхаж байсан. Уужим дэлгүүрээс 1 том пиво аваад 48 айлын орцны гадаа сандал дээр суугаад пиво уугаад юм яриад сууж байсан. Тэр 2 юунаас болсон эсэхийг мэдэхгүй гэнэт маргалдсан байх, тухайн үед орцны гадаа харанхуй байсан. Би хэн нь хэнийгээ цохисон эсэхийг хараагүй. Ц.У нь муухай орилоод цус гарчихлаа шүү дээ гэсэн. Тэр үед Ц.У-н хамарнаас цус гараад Г.Г нь уучлаарай гээд байсан. Ц.У нь би явлаа, маргааш цагдаад өгнө, эмнэлэгт үзүүлнэ гэж хэлээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 262 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  1. Ц.У-н биед хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
  3. Дээрх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
  4.  Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 16/,

 - Хохирогч Ц.У-н эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт /хх-ийн 35-36/,

- Г.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 24-25/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой, хэргийн үйл баримтанд хамааралтай хийгээд мөрдөн байцаалт болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Дээрх нотлох баримтуудаар 2017 оны 07 дугаар сарын 05-ны шөнө Г.Г, Ц.У, Ц.Б нар нь Булган плаза бааранд орж архи пиво ууцгааж, баарнаас гарч яваад дахин дэлгүүрээс пиво авч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг 48 айлын байрны гадаа уусан ба Г.Г, Ц.У нар нь Ц.Б-г авч явна явахгүй гэж маргалдан улмаар хохирогч Ц.У, Г.Г-ий нуруу руу өшиглөхөд нь Г.Г нь Ц.У-н нүүрэн тус газар нь цохиж хамрын ясыг нь хугалсан үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Г.Г нь согтуурсан үедээ 2017 оны 07 дугаар сарын 05-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 48 дугаар байрны гадаа Ц.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хамар руу цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Г.Г нь Ц.У-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан,  “хохирол болох 266,200 төгрөгнөөс өгсөн 40,000 төгрөгийг хасч 226,200 төгрөгийг хурлаас гараад төлнө” гэж гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Г.Г нь ажил төрөл эрхэлдэг тул торгуулийн ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд: “Гэм буруугийн талаар маргахгүй, харин ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой учраас харгалзан үзнэ үү” гэснийг шүүхээс боломжгүй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл нь хорих ялтай зүйл ангид хэрэглэгдэхээр юм.

Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.  

Хохирогч Ц.У нь “эмчилгээний зардалд 266,200 төгрөг, хамраа янзлуулах хангалгаанд орох учраас цаашид гарах зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэхээр зааж өгнө үү” гэснээс шүүх шүүгдэгчийн өгсөн 40,000 төгрөгийг хасч 226,200 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгож, хохирогч уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй зааж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь 40,000 төгрөгийг хохирогч “авсан тухайн үед боолт чихээс хийлгэсэн” гэх боловч энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Г.Г-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Г нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Г.Г нь 6 /зургаа/ сарын хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Г.Г-с 226,200 төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр баг тоотод оршин суух, А овогт Ц.У-д олгосугай.

7. Хохирогч Ц.У нь уг гэмт хэргийн улмаас учирсан цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, шүүгдэгчийн өмгөөлөгч нь өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ