Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 128/ШШ2023/0558

 

 

 

 

 

 

 

 

     2023        06            26                                     128/ШШ2023/0558

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Ч*******ын Д*******,

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга нарын хоорондын газар эзэмших эрхийг хүчингүй болгосонтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн Ч.Д*******т Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо /хуучнаар/ Баянголын аманд 1000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлж, гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 0363555 дугаар гэрчилгээг 20211 оны 12 дугаар сарын 27-ны өдөр олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/668 дугаар захирамжаар “Газар эзэмших гэрээний үүргийг зөрчин хүндэтгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 37 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон”-ы дотор захирамжийн хавсралтын 21 дүгээрт нэхэмжлэгч Ч.Д*******ийн нэр оржээ.

3. Нэхэмжлэгч нь дээрх захирамжийн өөрт холбогдох хэсгийг эс зөвшөөрч захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан байх ба Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06/07 дугаар албан бичгээр “...Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна. Иймд дээрх захирамж нь хуулийн үндэслэлтэй байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй...” гэсэн хариуг авчээ.

4. Иймээс нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/668 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандсан байна.  

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Ч*******ын Д******* нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны А/449 дүгээр захирамжаар тус дүүргийн 34 дүгээр хороо Баянголын аманд 1000 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшихээр гэрээ байгуулан эзэмших эрхтэй болсон. Гэтэл Ч.Д*******ийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/668 дугаар захирамжаар хүчингүй болгосныг 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн. Энэ мэдэгдэл нь 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирсэн бөгөөд үүний дагуу Нийслэлийн Засаг даргад

гомдол гаргасан. Гэвч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хуулийн үндэслэлтэй байх тул таны гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06/07 дугаар албан тоотыг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр шуудангаар хүлээн авсан.

6. Ч.Д******* нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/668 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Нэхэмжлэгчийн хойд талд газар эзэмшиж буй этгээд тус зуслангийн ам уруу орох зам дээр хаалт босгон /уулын амыг хашаалж авсан/ тэнд манаач ажиллуулж байсан бөгөөд манаач нь хаалга нээж өгөхгүй, Ч.Д******* ирвэл битгий оруулаарай гэж захирал хэлсэн гээд хэд хэдэн удаа бөөн хэрүүлж болж байсан юм. Тэр этгээдийн хууль бус үйлдлийн талаар газрын албаны холбогдох хүмүүст амаар мэдэгдсэн ч ямар нэгэн арга хэмжээ аваагүй өдийг хүрсэн. Тиймээс тус газрыг эзэмшиж, ашиглах ямар ч боломж байхгүй байсан тул тэр этгээдийн хууль бус үйлдлийн талаар хуулийн байгууллагад хандахаар бэлтгэж байсан.

7. Бусдын хууль бус үйлдлийн улмаас Ч.Д******* нь өөрийн эзэмшлийн газрыг ашиглах нь битгий хэл нэвтэрч ч чадахгүй байсан юм. Үүнийг тус айлын манаач болох Л.С******* гэх хүн маш сайн гүйцэтгэж байсан бөгөөд би ажилгүй болмооргүй байна, захирал Ч.Д******* ирвэл битгий оруулаарай гэж байнга захиж байгаа гээд огт хаалгаа онгойлгож өгөхгүй, нэвтрүүлэхгүй байсан. Та захирлынхаа утасны дугаарыг өгөөч, холбоо барьж, яагаад өөрийн эзэмшлийн талбайд орж болохгүй байгааг тодруулъя гэхэд манаач нь утасны дугаар өгч болохгүй гэсэн, миний утасны дугаараар холбогдож асуу гээд манаач нь өөрийнхөө утасны дугаарыг өгч байсан. Энэ талаар газрын албаны хүмүүст удаа дараа мэдэгдэж байсан ч огт арга хэмжээ авахгүй явсаар өдийг хүрсэн. Ч.Д******* нь өөрийн эзэмшлийн газраа ашиглаж чадахгүй байсан шалтгаан нь хойд айлынх нь хүнээс болж нэвтэрч чадахгүй, газартаа хүрч чадахгүй байсаар газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээгээ хүчингүй болгуулж байгаад гомдолтой байна.

8. Тус дүүргийн Газрын албанд гомдол гаргаж байсан ч тус ажилтнууд нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй, тэр битгий хэл огт мэдэгдэлгүйгээр, нууцаар, сонсох ажиллагаа огт явуулаагүй шийдвэрлэж, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээ хүчингүй болгосныг хууль бус гэж үзэж байна. Газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээ хүчингүй болгосон захирамжийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан, өмнө нь огт мэдэгдээгүй, тэр битгий хэл амаар гомдол гаргаж байхад огт дурдаагүй чимээгүй байсан юм. Амаар гаргасан гомдолд арга хэмжээ авахгүй, хариу өгөхгүй, мэдэгдэхгүй байсан нь газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг нууцаар огт мэдэгдэлгүй хүчингүй болгох зорилготой байсан байна гэж хардаж байна. Захиргааны байгууллага шийдвэр гаргахын өмнө заавал сонсох ажиллагаа явуулах ёстой. Гэтэл ямар ч сонсох ажиллагаа явуулаагүй хүчингүй болгосон гэсэн мэдэгдлийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дагуу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06/07 дугаар албан бичгээр сонсох ажиллагаа хийсэн байна гэж ямар ч үндэслэлгүйгээр гомдлыг хангахаас татгалзсан байна. Хэрэв сонсох ажиллагаа хийгдсэн бол Ч.Д******* түүнд оролцож өмнө өгч байсан гомдолтой холбоотой мэдээлэл, бусад холбогдох зүйлүүдийг нэг бүрчлэн танилцуулж, газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээгээ хүчингүй болгуулахгүй байсан юм. Сонсох ажиллагаа явуулах нь битгий хэл огт мэдэгдээгүй. Ингэж албан тушаалаа урвуулан ашиглаж сонсох ажиллагаа явуулсан мэтээр газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа нь хууль бус юм.

9. Ч.Д*******ийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргахдаа ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар судлаагүй, тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа юм.

Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарласан байдаг. Үүнд: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсвэл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, тус газрын эзэмшигч Ч.Д******* нь өөрийн эзэмшлийн газартаа дураараа орж гарахад хэний ч зөвшөөрөл хэрэггүй. Гэтэл орж гарахын тулд хэн нэгэнд тайлбар тавьж, зөвшөөрөл авч бөөн асуудал үүсгэж байж эсвэл орж, гарж чадахгүй нөхцөл байдал үүсдэг байсан. Энэ талаар гомдол гаргасан ч энэ асуудлыг холбогдох байгууллага огт ойшоож үзээгүй захирамж гаргасан байна. Газраа эзэмших, ашиглах нь битгий хэл газар луугаа орж чадахгүй байгаа газар эзэмшигч Ч.Д*******ээс хамаарах шалтгаан огт байхгүй байсан учраас энэ асуудал үүссэн. Төрийн байгууллагад иргэд амаар, бичгээр гомдол гаргаж болно. Харин төрийн байгууллага түүнд хариу өгөх, арга хэмжээ авах үүрэгтэй байтал арга хэмжээ аваагүйгээс гадна, хариу ч өгөөгүй, зүгээр бүртгээд орхисон. Захиргааны байгууллага аливаа захиргааны актыг гаргахдаа бодит нөхцөл байдлыг нарийвчлан шинжлэн судалж, нягтлан шалгасны үндсэн дээр гаргах үүрэгтэй. Үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд тодорхой дурдсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2-т энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4-т тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно гэж захиргааны байгууллагад үүрэгжүүлсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу эзэмшил газраа зориулалтын дагуу хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор мэдэгдэж байна, холбогдох тайлбар, нотлох баримтыг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд ирүүлнэ үү гэсэн мэдэгдлийг ирүүлсэн байдаг. Энэ мэдэгдлийг сонсох ажиллагаа явуулсан гэж үзэж байгаа юм шиг байна. Энэ мэдэгдэл зөвхөн мэдэгдэл байгаа. Мөн сонин дээр гаргасан байсан зүйл нь зөвхөн мэдэгдэл. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2-т энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж хуульчилсан. Зөвхөн мэдэгдэл нь сонсох ажиллагаа биш юм. Захиргааны ерөнхий хуулийн 27.6-д зааснаар сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж заасан. Энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй. Хариуцагчаас хэрэгт гаргаж өгөөгүй. Хэрвээ мэдэгдлээ сонсох ажиллагаа хийсэн гэж үзээд байгаа юм бол Ч.Д*******ийн удаа дараагийн амаар болон бичгээр гаргасан гомдол хангалттай тайлбар болох ёстой. Нөгөө тал энэ гомдлыг шийдвэрлэж байгаа тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно гэж үзэж байгаа.

10. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/668 дугаар захирамжаар Ч.Д*******ийн газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, хууль бус байх тул захирамжийн Ч.Д*******т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...Ч*******ын Д******* нь 2011 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дүүргийн Газар зохион байгуулалтын албаны өргөдөл гомдлын бүртгэл-хяналтын картын 76 дугаарт анх газар эзэмших хүсэлт гаргаж, 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн тус дүүргийн Засаг даргын 449 дүгээр захирамжаар газар эзэмших эрхтэй болж, түүнд Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, одоогийн хуваагдсан 34 дүгээр хороо Баянголын аманд 18627321756996 нэгж талбарын дугаар бүхий газрыг 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч Ч.Д******* нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу /хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй/ тухайн газраа 2011 онд газар эзэмших эрхтэй болсноос хойш 11 жил ашиглаагүй газар эзэмших эрхийн нөхцөлийг удаа дараа зөрчсөн тул 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/668 дугаар захирамжаар хүчингүй болгосон.

12. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж, 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 17/3211 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан тоотыг иргэн Ч.Д******* өөрийн биеэр Газар зохион байгуулалтын албанд ирж 2022 оны явсан бичгийн бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурж гардаж авсан. Энэ талаараа өөрийнхөө мэдэгдлийг хүлээж аваад тайлбар, саналаа Газар зохион байгуулалтын албанд ирүүлээгүй тул Өглөөний сонины 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Мягмар гарагийн дугаарын №124/3729/ дугаар сонинд Газар зохион байгуулалтын албанаас “Газрын тухай хуулийн 40.1.6-д заасны дагуу эзэмшил газраа зориулалтын дагуу хоёр ба түүнээс дээш жил ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор мэдэгдэж байна. Холбогдох тайлбар, нотлох баримтыг 2022 09 дүгээр сарын 26-ны өдрийн дотор Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд ирүүлнэ үү” гэж зарлуулсан боловч холбогдох тайлбар, саналыг ирүүлээгүй.

13. Нэхэмжлэгч Ч.Д******* нь дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/668 дугаартай захирамжийг 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гардан авсан талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ тайлбарласан байна. Бусдын хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлэх талаараа 2011 оноос хойш дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй. Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас сонсох ажиллагааг зохион байгуулсан, нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

            2. Үйл баримтын тухайд.

2.1. Нэхэмжлэгч Ч.Д*******т Сонгинохайрхан Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжийг үндэслэн нэгж талбарын 55/6064, 18627321756996 дугаарт, 1000 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар, зуслангийн зориулалтаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр /одоогийн 34 дүгээр/ хороо, Баянголын аманд эзэмшүүлэхээр шийдвэрлэснээр 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсан байна.

2.2. Газрын төлбөрийн тооцоо нийлсэн №620230031 дугаар актад: “Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2011 оны 449 дүгээр захирамжийг үндэслэн байгуулсан Ч.Д*******ийн 18627321756996 тоот газар эзэмших, ашиглах гэрээний газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлсөн байдал. 2011-2022 онд 503,306 төгрөг төлөхөөс 502,828 төгрөг төлж, 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 478 төгрөг байна” хэмээсэн нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.

2.3. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 20/1163 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид газар эзэмших эрхийг нь дуусгавар болгож буй талаар мэдэгдэж, түүнчлэн “Өглөөний сонин”-ы 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 174 дүгээрт Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасны дагуу эзэмшил газраа зориулалтын дагуу хоёр ба түүнээс дээш ашиглаагүй иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор мэдэгдсэний дотор нэрсийн жагсаалтын 29 дүгээрт Ч.Д*******ийн нэр бичигдсэн байна.

2.4. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын нэгдүгээр албаны 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 20/2271 дүгээр албан бичгээр “дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/668 дугаар захирамжаар газар эзэмших эрх, эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон”-ыг нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

3. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд.

             3.1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/668 дугаар захирамж нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2, 27.2.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, 40.2 дахь хэсгийг тус тус үндэслэн гарч газар эзэмших гэрээний үүргийг зөрчин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй хавсралтад дурдсан 37 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосны дотор нэхэмжлэгч Ч.Д*******ийн зуслангийн зориулалттай, газрын мэдээллийн нэгдсэн санд нэгж талбарын 18627321756996 дугаартайгаар бүртгэгдсэн, тус дүүргийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 449 дүгээр захирамжаар эзэмшиж байсан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгожээ.

3.2. Маргаан бүхий захирамжийн үндэслэлийг тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1. “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана”, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2. “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй”, 40.2. “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж хуульчилсныг тус тус үндэслэн гарчээ.

4. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох зохицуулалтыг хуульчилсан ба уг хууль, зүйлийн 40.1.“Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.1.“эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.6. “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж зааснаар газар эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж болон захиргааны байгууллагатай байгуулсан газар эзэмших талаарх гэрээний заалтыг зөрчсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болох зохицуулалттай байна.

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.1. “эрхийн гэрчилгээ эзэмшигч нь газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж заасныг Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолд тайлбарлахдаа: “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “...удаа дараа...” гэдгийг мөн зүйлийн 40.1.2-40.1.6-д зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөл, болзлыг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно”, ... мөн зүйл, хэсэгт заасан “...ноцтой зөрчил...”-ийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл, болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байвал зохионо” хэмээжээ. Энэ үндэслэлийн тухайд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тухайлан маргаагүй болохыг тэмдэглээд, газрыг зориулалтын дагуу ашиглаагүй зөрчил нь 2011 оноос хойш байгаа нь газар эзэмших гэрээний нөхцөл болзлыг удаа дараа зөрчсөн зөрчилд орно гэсэн агуулга үүнд хамаарахгүй, үндэслэлгүй байна.

6. 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр маргаан бүхий газар дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.З*******, хөндлөнгийн гэрч Ц.Баярхүү нарыг оролцуулан хийсэн газрын үзлэгийн тэмдэглэл болон  нотолгооны шууд хэрэгсэл болох шүүх хуралдааны тэмдэглэлд “2011 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” гэрээ байгуулснаас хойших хугацаанд нэхэмжлэгчийн зүгээс газраа зохих ёсоор эзэмшихэд хүндрэл гарч байсан талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, дэлхий нийтийг хамарсан цар тахал гарсны улмаас олон удаагийн хөл хориог эрх бүхий этгээдээс тогтоож байсан зэрэг үйл баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч нь газар эзэмших эрхээ хэрэгжүүлэхийн тулд өөрөөс хамаарах нөхцөлүүдийг хангасан уу, хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл шалтгаангүй байсан уу гэдгийг хариуцагчаас захиргааны шийдвэр гаргах ажиллагааны явцад судлах шаардлагатай байсан.

7. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан эх сурвалж болох Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолд: “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” ... гэж тайлбарласны “хүндэтгэн үзэх шалтгаангүй байсан” гэх нөхцөл байдал маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тухайд бүрэн тогтоогдохгүй байна гэж үзлээ.

8. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар нь эргэн тойрон хашаагаар хүрээлэгдэж, хаалга нь тусгай “чип”-ээр нээгдэж хаагддаг, манаачтай байх бөгөөд түүнийг дайран өнгөрч чадахгүй байсан, энэ тухайгаа дүүргийн Газар зохион байгуулалтын албанд хандаж, газар эзэмших эрхээ чөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй байгаагаа илэрхийлж байсан нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны бичиг хэргийн 2011 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 3294 дугаарт бүртгэгдсэн, нэхэмжлэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан өргөдөл, мөн тус албаны бичиг хэргийн бүртгэл хяналтын картын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 643 дугаарт бүртгэгдсэн, нэхэмжлэгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан хүсэлт зэргээс нотлогдож байх бөгөөд өргөдөл, хүсэлтийн агуулга нь “Баянголын аманд байрлалтай газар эзэмших эрхээ эдлэхээр нэвтрэх гэсэн боловч ойр тойрны иргэдийн зүгээс хамгаалалт хаалт хийж, хүндрэл учруулсан, эзэмшлийн газартаа саадгүй нэвтрэх эргэлтийн цэгийг газар дээрээ тэмдэглүүлэх, орц гарцын асуудлыг шийдвэрлүүлэх” асуудал байна.

9. Иймээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.“Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2. “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасны дагуу газар эзэмшигч яагаад газар эзэмших эрхээ бодитойгоор хэрэгжүүлж чадаагүй болох, бусдын хууль бус үйлдэл, ямар нэгэн нөлөөлөл байсан уу зэрэгт хариуцагч захиргааны байгууллага анхаарал хандуулах байсан, энэ тохиолдолд уг өргөдөл хүсэлтээ Засаг даргын нэр дээр гаргаагүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжгүй. Зүй нь хариуцагч Засаг дарга нь газрын талаарх Газрын тухай хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн харьяа агентлаг болох Газрын албаараа дамжуулан судлах бүрэн боломжтой, уг алба нь Засаг даргад туслах чиг үүрэгтэй юм.

10. Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1. “захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх” шаардлагыг маргаан бүхий захирамж нь хангаж гараагүйг тэмдэглэх нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, газар эзэмшигч /нэхэмжлэгч/-ийн газар эзэмших эрхийг дуусгавар болгоогүй /Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйл/ атлаа зөвхөн газар эзэмших талаарх гэрчилгээг хүчингүй болгосон нь /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл/ хууль бус байна.

11. Дээрх бүгдийг нэгтгэн дүгнээд, хариуцагч нь Газрын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулж хангах талаарх Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2. “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1. “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших” нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, үүгээрээ маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж шүүх үзлээ.

12. Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-д заасан зохицуулалтын дагуу сонсох ажиллагааг явуулсан хуульд нийцэх авч, зөвхөн энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангахгүй байх үндэслэл болохгүй юм.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.2, 35 дугаар зүйлийн 35.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Д*******ээс, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/668 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ч.Д*******т холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.БАДАМСҮРЭН