Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 152/ШШ2024/00151

 

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Болор би,

        Нэхэмжлэгч: Г.Т ХЗХ-ны нэхэмжлэлтэй,

        Хариуцагч:  И.Т овогт С.Д,

        Хариуцагч:  З овогт С.Б нарт холбогдох

  Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 3,594,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч Г.Т ХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Д, С.Б нар нь Г.Т ХЗХ-той 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ЗГ/15933 тоот зээлийн гэрээ, ФГ/15933 тоот барьцааны гэрээ тус тус байгуулан 4,000,000 төгрөгийн зээл сарын 3,5 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн барьцаанд дараах хөрөнгийг барьцаалсан. Үүнд:

      1. 2004 онд үйлдвэрлэгдсэн 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол улсад орж ирсэн ............... улсын дугаартай KIA Bongo Frontier-W3 загварын бүхээгтэй ачааны автомашин. Арлын дугаар:...........................

       Зээлийн гэрээний дагуу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр зээлийг зээлдэгчийн хоршооны дансанд олгож, түүний хүсэлтийн дагуу 40,000/дөчин мянга/ төгрөгийн зээлийн шимтгэлийг олгосон зээлээс суутгаж үлдэгдэл 3,960,000 /гурван сая есөн зуун жаран мянган/ төгрөгийг харилцагчид олгосон. Зээлдэгч нь ЗГ/15933 тоот зээлийн гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй боловч нэхэмжлэл гаргах үеийн байдлаар хуваарийн дагуу төлбөр төлөгдөөгүй байна. Хоршооны зүгээс зээлдэгчийг зээлийн гэрээний үүргээ үл биелүүлж, зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөхийг шаардан удаа дараа мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлж, нэхэмжлэгч Г.Т ХЗХ-д ноцтой хохирол учруулж байна. Зээлдэгчийн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр нь 2024 оны 04 дүгээр сарын 02-ны байдлаар үндсэн зээлийн төлбөр 3,091,408 /гурван сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун найман/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 482,217 /дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун арван долоон/ төгрөг болж хуримтлагдсан байна. Иргэний хуулийн 451-р зүйлийн 451.1, 453-р зүйлийн 453.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24-р зүйлийн 24.3, талуудын хооронд байгуулсан ЗГ/15933 тоот зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг хариуцагчаас нэхэмжилж байна. Үүнд:

       Үндсэн зээл: 3,091,408 /гурван сая ерэн нэгэн мянга дөрвөн зуун найман/ төгрөг

       Хүү: 482,217 /дөрвөн зуун наян хоёр мянга хоёр зуун арван долоон/ төгрөг

       Нотариатын төлбөр: 21,000 /хорин нэгэн мянган/ төгрөг

    Нийт: 3,594,625 /гурван сая таван зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун хорин таван/ төгрөг. Иймд хариуцагч С.Д, С.Б нартай байгуулсан ЗГ/15933 тоот зээлийн гэрээний нийт төлбөр болох 3,594,625 /гурван сая таван зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун хорин таван/ төгрөгийг С.Д, С.Б нараас гаргуулж Хадгаламж зээлийн хоршоог хохиролгүй болгох, хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

       Хариуцагч С.Д, С.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С.Д, С.Б бид Г.Т ХЗХ-оос 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөгийн зээл авсан үнэн болно. Зээлийн төлбөр болох нийт 3,594,625 төгрөгийг төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Хэрвээ төлж чадаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

       Нэхэмжлэгч Г.Т ХЗХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П шүүхэд гаргасан тайлбартаа: С.Д, С.Б нарын гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн дүнг хүлээн зөвшөөрч төлж барагдуулах хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Г.Т ХЗХ нь хариуцагч С.Д, С.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 3,594,625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Д, С.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 3,594,625 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Г.Т ХЗХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

       Хариуцагч С.Д, С.Б нар үүргээ сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдав.

         Нэхэмжлэгч Г.Т ХЗХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 72,464 төгрөгөөс 36,232 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ............ тоот данснаас 36,232 төгрөгийг, хариуцагч С.Д, С.Б нараас 36,232 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Т ХЗХ-д олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

   1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч С.Д, С.Б нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг, нотариатын зардал нийт 3,594,625 /гурван сая таван зуун ерэн дөрвөн мянга зургаан зуун хорин тав/ төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэгч Г.Т ХЗХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Г.Т ХЗХ-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 72,464 /далан хоёр мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгөөс 36,232 /гучин зургаан мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ................ тоот данснаас 36,232 /гучин зургаан мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөг, хариуцагч С.Д, С.Б нараас 36,232 /гучин зургаан мянга хоёр зуун гучин хоёр/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Т ХЗХ-д олгож, 36,232 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар нь шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       П.БОЛОР