Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
Хэргийн индекс | 128/2023/0079/З |
Дугаар | 128/ШШ2023/0565 |
Огноо | 2023-06-28 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 128/ШШ2023/0565
2023 06 28 128/ШШ2023/0565
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Т,
Хариуцагч: Жижиг дунд үйлдвэрийн газрын даргын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д, хариуцагч Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын дарга Я.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц, нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Т нь Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын даргад холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулахаар маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь 2022 оны 02 дугаар сард Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсийн зээл төсөл хариуцсан мэргэжилтний орон тоон дээр төрийн албаны тусгай шалгалт өгч тэнцсэн. 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар тус албан тушаалд томилогдсон.
3. Маргаан бүхий 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалд “...албан тушаалдаа хайхрамжгүй хандсан, байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хариуцлага, байгууллагын талаарх үнэлэмжийг бууруулж, дотоод үйл ажиллагааг доголдуулсан, Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хийсэн боловч хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй зэрэг нь байгууллагын дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын заалтуудыг зөрчиж хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон” гэх шалтгаан үндэслэлийг зааж, нэхэмжлэгчийг албан тушаалаас нь халсан.
4. Нэхэмжлэгч нь маргаан бүхий захиргааны актыг 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гардан авснаар Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасан ба 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 01/2560 дугаар албан бичгээр шүүхийн байгууллагад хандах хариуг авч байсан, анх 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлд нь бүрдүүлбэр хангуулснаар 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс “Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дотоод аудиторын "Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт"-ийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг тус шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдаан товлох тухай” 128/ШЗ/2023/2879 дүгээр шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчээс гаргасан “Жижиг, дунд үйлдвэрийн газрын дотоод аудиторын "Сахилгын шийтгэл ногдуулах тухай 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн дүгнэлт"-ийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг захирамжид давж заалдах гомдол үл гаргаснаар хуулийн хүчин төгөлдөр үлдсэн байна.
6. Нэхэмжлэгч С.Т болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн С.Т нь Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд 2018 оноос эхэлж зээл, төслийн хэлтсийн мэргэжилтний албан тушаалд ажиллаж байсан. Одоогийн чөлөөлөгдсөн албан тушаалд ажиллаж байсан.
Сангийн ажлын алба нь татан буугдаж, агентлаг байгуулагдсанаар чиг үүрэг нь агентлагт шилжиж, тухайн албанд төрийн жинхэнэ албан хаагч болох хүртэлх хугацаанд ерөнхий болон тусгай шалгалтгүй гэх нөхцөлтэйгөөр түр томилогдож 2019 оныг хүртэлх хугацаанд ажиллаж байсан.
С.Т нь Жижиг, дунд үйлдвэрийн газарт төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалт өгсөн. Ингэхдээ зээл, төслийн хэлтсийн зээл, төслийн мэргэжилтний орон тоонд ажиллаж байгаад шалгалтад тэнцсэн. Тэнцэхдээ 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар тус албан тушаалд томилогдсон байдаг бөгөөд 6 сарын туршилтын хугацаагаар томилогдсон байдаг. Тэрээр 2022 оны 07 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацаанд ажил үүргийг гүйцэтгэж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн хууль зүйн үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 буюу ажлаас халах, Сахилгын шийтгэл оногдуулах журам гээд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Төрийн албаны зөвлөлийн даргын хамтран баталсан журмын 3 дугаар зүйлийн 3.4.1, 3.4.3, 3.4.5, 6.1 дэх хэсгүүд болон Туршилтын хугацаа тавьж, томилохтой холбоотой журмын 6.4, Хөдөлмөрийн дотоод журмын 7.2, 7.10, 7.13, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотоод аудитын дүгнэлтийг баримталсан байдаг. Шалтгаан нөхцөлийг тодорхойлсон хэсэгтээ албан тушаалтан хайхрамжгүй хандсан. Байгууллагын ажилчдын мэдлэг, ур чадвар, хариуцлага байгууллагын талаарх үнэлэмжийг бууруулсан, дотоод үйл ажиллагааг дордуулсан, сонсох ажиллагаа хийсэн боловч хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй гэх шалтгаануудаар дээрх хууль зүйн үндэслэлүүдийг баримтлан албан тушаалаас чөлөөлсөн.
7. Нэхэмжлэгчийн зүгээс энэ хууль зүйн үндэслэлийг огт хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хууль зүйн үндэслэл болон шалтгаан нөхцөл хоорондоо утга, агуулгын зөрүүтэй, хэрэглэгдэхгүй хэм хэмжээг хэрэглэсэн, мөн нөхцөлүүд нь огт тогтоогдоогүй буюу үнэлэх боломжгүй үндэслэлээр ажлаас нь чөлөөлсөн гэж үзэж байгаа. Мөн албан тушаалдаа хайхрамжгүй хандсан гэж байгаа, албан тушаалдаа хайхрамжгүй хандсан гэдэг нь ямар тохиолдолд албан тушаалтан хайхрамжгүй хандаж түүнийг яаж тогтоосон гэдэг нь тодорхойгүй. Хоёрдугаарт, байгууллагын алба хаагч нарын мэдлэг ур чадварын талаарх нэр хүндийг унагаасан гэж байгаа. Албан хаагч нарын хариуцлагыг бууруулсан, нийт албан хаагч нарын мэдлэг, ур чадварт нөлөөлсөн зэрэг С.Тад үл хамаарах асуудлаар түүнийг ажлаас халсан байна. Мөн байгууллагын талаарх үнэлэмжийг бууруулсан гэдэгт иргэн, хуулийн этгээдээс Жижиг, дунд үйлдвэрийн сангийн нэр хүндэд халдсан, үнэлэх үнэлэмж нь доош буусан гэж ойлгосон, гэхдээ энэ нь бас тодорхойгүй, тогтоогдоогүй.
Дараагийнх нь дотоод үйл ажиллагааг доголдуулсан гэсэн, ямар буруутай үйл ажиллагааны улмаас энэ сангийн дотоод үйл ажиллагаа яаж доголдов гэдэг нь бас тодорхойгүй, нотлогдоогүй. Сонсох ажиллагаа хийсэн боловч хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл, зөрчил гаргасан гэж үзээд тухайн зөрчилтэй нь холбогдуулж хэлтсийн даргын үүднээс өргөдөл, гомдол гаргаад түүний дагуу сахилгын шийтгэл оногдуулж, хяналт шалгалт хийгээд явж байсан. Дүгнэлтээ танилцуулсан бөгөөд танилцуулсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. Хүлээн зөвшөөрөөгүйнх нь төлөө ажлаас халах үндэслэл болж байгаа юм. Хүлээн зөвшөөрөхгүй байх эрхтэй, тэгэхээр хүлээн зөвшөөрөөгүй байгаа нь ажлаас халах үндэслэл болгож шалтгаан нөхцөлийг нь тодорхойлж ажлаас чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болно.
8. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дахь хэсэгт заасны дагуу ажлаас халсан. Ямар сахилгын шийтгэл гаргасан бэ гэдэг нь тодорхойгүй байхад тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дахь заалтаар халсан. 5 үндэслэл байхад яагаад уг заалтыг баримталсан нь тодорхойгүй. Сахилгын шийтгэл оногдуулах журмын 3 дугаар зүйлийн 3.4.1 дэх хэсэгт зориуд санаатайгаар гаргасан гэж байгаа. Тэгэхээр ямар зөрчлийг зориуд, санаатайгаар гаргаад тэр нь юугаар тогтоогдож байгаа нь тодорхойгүй. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.4.3 дахь хэсэгт нь шалтгаануудтайгаа уялдаж байгаа. Хэрхэн уялдаж байгаа вэ гэхээр сөрөг нөлөө үзүүлсэн, үнэлэмжийг буруулсан гэсэн бөгөөд ажлаас халсан шалтгаанаа мөн адил энэ байдлаар дурдсан. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.4.5 дахь хэсэгт хэд хэдэн зөрчил гаргасан гэж байгаа. Ямар зөрчил гаргасан нь тодорхойгүй байхад хэд хэдэн зөрчил болоод хувирчхаж байгаа юм, эсхүл нэлээн хэдэн шалтгаан дурдаад тэрийгээ хэд хэдэн гэж ойлгоод байдаг юм уу. Өмнө нь ямар сахилгын шийтгэл ногдуулж байгаад одоо ямар сахилгын шийтгэл гарч, үүсээд түүнийг хэд гэж үзээд байгаа нь тодорхойгүй.
9. Аудитын дүгнэлт гарсан, гарахдаа үндэслэлгүй гарсан. Дүгнэлтэд дүгнэж бичээд хэдэн хүнээс мэдүүлэг авсан бөгөөд С.Тыг зөрчил үйлдсэн талаар огт дурддаггүй, хэлтсийн даргатай холбоотой байдлаар дурдсан байдаг. Бусад байдлаар гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон зүйл байхгүй, өөрийн үзэмжээр ажил албан тушаалаас нь чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 37 болон 39 дахь хэсэгт заасан албан үүргээ биелүүлээгүй. Сахилгын шийтгэл ногдуулах журмын 3 дугаар зүйлийн 3.1 дахь хэсэгт заасан үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж ажлаас халах ёстой. Гэтэл дээрх зохицуулалтуудын яг алийг нь үндэслэж ажлаас халсан нь тодорхойгүй. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дахь хэсэгт заасан албан тушаалаас чөлөөлөх үндэслэл, шаардлага огт байгаагүй, гэтэл ажил олгогчийн өөрийн хэт үзэмжээс шалтгаалан тогтоогдоогүй байгаа үндэслэлүүдээр С.Тыг ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа. Тийм учраас энэ хууль бус захиргааны актыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэгдүгээрт, хариуцагчийн хэлсэн хариу тайлбарт холбогдуулж зарим нэг тайлбарыг хэлье. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дотоод аудитын дүгнэлт хүчин төгөлдөр байгаа тохиолдолд акт хүчингүй болохгүй гэх агуулгаар тайлбар хийсэн. Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах тухай хуулиар нэг захиргааны акт гаргах процесс юм. Үүн дээр хяналт, шалгалтаар гаргах захиргааны акт учраас үүнийг зайлшгүй хүчингүй болгуулах асуудал биш, дүгнэлтийн үндэслэлийг энэ шүүх хуралдаанаар давхар хянаж, шийдвэрлэх нь зүйтэй. Хоёрдугаарт, С.Т нь санд 2019 оноос хойш ажиллаж байгаад түр хугацаагаар Жижиг дунд үйлдвэрийн агентлагт түр томилогдож ажиллаж байгаад шалгалт өгөх асуудлаар чөлөөлөгдсөн байсан. Чөлөөлөгдсөн хугацаандаа мөрдөн байцаагчийн мэдүүлэгт гарын үсэг зурсан талаарх асуудал яригддаг. Тэр нь төрийн алба хааж байх хугацааны асуудал биш. Үүн дээр Я.Э даргын зүгээс гомдол гаргаж, түүнийг нь эрх бүхий байгууллагаас хянаж, ямар нэг байдлаар хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй, өөртөө давуу байдал бий болгосон, төрд учруулсан хохирлын талаар асуудал байхгүй тул С.Тын үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж үзээд хүчингүй болгосон. Энэ нь сүүлд авагдсан прокурорын тогтоолоор тодорхой харагддаг. Тиймээс ажиллаж байх хугацааны талаарх асуудал биш, чөлөөтэй байх үедээ зурсан талаарх асуудал яригдсан.
2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны актыг танилцуулсан, танилцуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дахь заалтыг бичсэн байсан. Гэтэл уг тушаал нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гарсан. Аудитын дүгнэлт, санал нь 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гарсан байна. Тэгэхээр 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр захиргааны актыг танилцуулсныг сонсох ажиллагааг явуулсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.
11. Төлөөлүүлсэн этгээдийн өөрийн байр суурийн талаар тайлбарлая. С.Т нь 2022 оны 02 дугаар сард төрийн албаны тусгай шалгалтдаа тэнцсэн. Гэтэл удирдлагуудын зүгээс холбогдох албан тушаалд нь томилохгүйгээр 5 сарын хугацаанд чирэгдэл учруулсан. Миний болон нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар удирдлага болон албан тушаалтанд тодорхой хэмжээний асуудлууд байгаа. Гэхдээ тухайн асуудал нь энэ хүнийг ажлаас халах үндэслэл болохгүй, хэт субьектив байдлаар хандаж үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж харж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 48 дүгээр зүйлд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлүүд байгаа. Сахилгын шийтгэл ногдуулах 5 үндэслэлүүдээс төрийн албан хаагчид сахилгын төрлийн шийтгэл ногдуулахдаа гаргасан шинж байдал, сахилгын зөрчил хэдэн удаа гаргасан зэргээс шалтгаалж сонгох боломжоо захиргааны байгууллага хэрэгжүүлэх ёстой. “Т” ХХК-г үнэлгээний хорооны хурлаар оруулж үнэлээд оруулахгүй байх эрх нь мэргэжилтэнд байгаа. Үүнийг удирдлагад танилцуулснаа хэлсэн, удирдлагын зүгээс тодорхой хэмжээний асуудал гарсан. Удирдлага өөрөө татгалзсан гэх байдлаар надад тайлбарласан гэх боловч хяналт, шалгалтын хийсэн гэрчийн мэдүүлгээр газар дээр нь очиж үзээгүй байсан гэх агуулгаар тайлбарласан. Тэгэхээр гэрчийн мэдүүлгүүд хоорондоо зөрж байна. Энэ компанийг материалын бүрдүүлбэр хангаагүй учраас газар дээр нь очиж үзэх шаардлага ч байгаагүй мөн үнэлгээний хорооны хурлаар оруулах нөхцөл боломж бүрдээгүй байсан гэх зүйлийг хэлдэг. Бүрдээгүй байсан талаар тайлбар өгсөн бөгөөд үүнийг бүрдсэн, оруулах ёстой байсан гэх байдлаар хариуцагчид ямар үндэслэл, нотолгоо, баримтуудыг цуглуулаагүй байна. Гэрчийн мэдүүлгээс тодорхой байсан дарга нь тухайн материалын бүрдүүлбэр хангуулж оруулаагүй гэдэг зөрчил гаргасан гэж үзээд байгаа. Тэр зөрчилдөө Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.2 дахь хэсэгт зааснаар албан хаагчдад удирдлагаас өгсөн чиглэл болон дарга нь албан хаагчдынхаа хажууд нээлттэй сануулсан болох нь харагдаж байгаа. Тэгэхээр нь энэ миний буруу биш, та бүхэн тооцох арга хэмжээгээ ав би ямар ч буруугүй, зөвшөөрөхгүй гэж хэлсний төлөө зүй бусаар харьцсан гээд гомдол гаргаад явж байгаа. Хэрхэн зүй бусаар харьцсан болох нь албан хаагчдын тайлбараар тогтоогддоггүй. Сахилгын төрөл арга хэмжээг сануулсан гэдэг нь тодорхой. Мөн нэг зөрчилд хоёр сахилгын шийтгэл оногдуулсан үйл баримт харагддаг.
Я.Э дарга хариу тайлбар хэлэхдээ сануулах арга хэмжээ аваагүй гэдгээ хэлсэн. Түүний дагуу хэлтсийн дарга нь хурал дээрээ сануулсан гэж хэлсэн байсан. Тэгэхээр нээлттэй сануулах арга хэмжээг заавал албан бичгээр гаргасан байх шаардлага байхгүй гэж харж байгаа. Үүнийг албан хаагчид хурал дээр нийтэд ил тод гаргасан зөрчилтэй нь холбогдуулж сануулсан. Сануулсан гэдгийг бусад албан хаагчид мэдүүлгээрээ хэлж байгаа, харин ёс зүйн зөрчил гаргасан эсэх нь тогтоогдоогүй байгаа. Захиргааны актын хувьд шүүгчээс тодруулсан тодруулгын хүрээнд тодруулсан. Материал бүрдүүлээгүй, газар дээр нь очиж үзээгүй гэх хоёр зөрчил байгаа бөгөөд материал бүрдүүлээгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхээр үүнийг компьютерт оруулаагүй гэх шалтгаанаар буруутгах нь үндэслэлгүй байна. Үүний тухайд удирдах албан тушаалтны талаарх асуудал яригдах ёстой. Гэтэл шийдвэр гаргахдаа бүх зүйл С.Тын буруу, Н.Э болон холбогдох албан тушаалтнууд ямар ч буруугүй, энэ байдлаар тэгш бус хандаж захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчиж байгаа. Газарт нь очиж үзэх ёстой гэх шаардлагын хүрээнд үнэхээр үзэх шаардлагатай байсан бол яагаад үзүүлээгүй талаар холбогдох дээд шатны байгууллагаас тогтоох шаардлагатай байсан. Заавал бүгдийн очиж үзэх гэсэн шаардлага огт байхгүй, очиж үзэх ёстой нөхцөл байдал нь бүрдсэн бол очиж үзэх ёстой бөгөөд ажлын байрны тодорхойлолтоор тодорхой харагдана. Тэгэхээр төсөл болгон шаардлага хангаагүй, бүрдүүлбэр хангаагүй байхад бүгдийн очиж үзэж эдийн засаг болоод санхүүгийн хэт их зардал гаргах ямар ч шаардлагагүй. Г.Э хэлэхдээ нөгөө тал татгалзсан гээд байдаг, гэтэл нөгөө тал татгалзсан гэх зүйл огт байхгүй. Хяналтын мэргэжилтэн хэлэхдээ Сэлэнгэ аймаг уруу байсан учраас очиж үзээгүй юм шиг байна лээ гэх тайлбарыг хэлсэн. Гэрчүүдийн зөрүүтэй тайлбарууд их байгаа бөгөөд энэ нь огт тогтоогдохгүй байгаа.
12. Илт хууль бус шаардлагын тухайд товчхон тайлбар хэлье. Үүний тухайд туршилтын хугацаа хэрэглэх эрх зүйн үндэслэл байгаагүй, шууд томилох ёстой байсан гэх үндэслэлээр маргаж байгаа. 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтын тухайд миний зүгээс хэрэглэх ёстой байсан хуулийн заалтыг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй байсан хуулийг хэрэглэсэн гэж харж байгаа. Тиймээс туршилтын хугацааг тогтоох зохицуулалтыг хэрэглэх ёсгүй байсан. Яагаад гэхээр тухайн албан тушаалтан нь анх томилогдож байгаа албан тушаалтан биш. Туршлага, боловсрол, мэдлэг дутуугийн асуудал байх ёсгүй гэж харсан. 2018 оноос 2020 оны дунд үе хүртэл С.Т нь тухайн ажлыг хийж байсан, ингэхдээ олон төсөл хөтөлбөрийг шалгаж, үнэлгээг нь гаргаж байсан. Яагаад гэхээр томилсон тушаалыг гаргуулсан бөгөөд хавтаст хэрэгт хавсаргагдсан. Мөн төрийн захиргааны албан тушаалд 2020 оноос эхэлж түр томилогдоод ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа тусгай архивын хэлтэс, зээл төслийн хэлтэс зэрэгт ажиллаад явж байсан. Тэгэхээр тухайн хүнийг төрийн албанд анх орж байгаа хүнтэй адилтгаж туршилтын хугацаа тавьж өгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэх агуулгаар илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Илт хууль бус болсонтой холбоотой үүсэн асуудал, хохирлыг тухайн захиргааны акт гаргасан эрх бүхий албан тушаалтан хариуцна. Илт хууль бус болгосноор нэхэмжлэгчийг дахин хууль ёсны дагуу томилох боломж нь гэж харж байгаа. Тэгэхээр илт хууль бус болохыг тогтоох шаардлагаасаа татгалзлаа. Хохирлын асуудал яригдах юм бол захиргааны байгууллага тэр илт хууль бус болсонтой холбоотой төрд учирсан хохирлыг хариуцах ёстой гэж харсан. Хохирлын асуудал яригдах юм бол захиргааны байгууллага тэр илт хууль бус болсонтой холбоотой төрд учирсан хохирлыг хариуцах ёстой гэж харсан” гэв.
13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “С.Тын нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбараа хэлье. С.Т нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийн газрыг хөгжүүлэх санд төслийн мэргэжилтэн гэх албан тушаалд анх туршилтын хугацаагаар томилогдсон байдаг.
Үүний дараа Засгийн газрын шийдвэр гарч 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн захирлын тушаалаар тухайн үед сан нь төрийн жинхэнэ албан хаагч биш байгаа, төрийн жинхэнэ албан хаагч нарыг түр чөлөөлж, шалгалт өгч тэнцсэн тохиолдолд өөрөө хүсэлт гаргаж чөлөөлнө гэсэн н.Батбаяр гэх хүний гарын үсэгтэй шийдвэр гарсан. Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль гарсантай холбоотой төрийн албаны шалгалтыг явагдаагүй. Томилсон тушаалын 4 дүгээр зүйлд Жижиг, дунд үйлдвэрт шилжин ажиллах хүсэлт гаргасан алба хаагчдыг мэргэжил, ажлын туршлага, бусад шаардлага хангасан албан тушаалд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллахыг зөвшөөрсүгэй гээд дараа нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын түр томилсон тушаалын 4 дүгээр зүйлд 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан, төрийн албаны шалгалтад тэнцсэн алба хаагчийг томилохыг сануулсугай гээд түр томилсон байгаа. Зээлдэгчийн түүх, барьцааны асуудал эрхэлсэн мэргэжилтэн буюу өөр албан тушаалд томилогдсон гэсэн үг юм.
2021 оны 11 дүгээр сард төрийн албаны шалгалт болсон бөгөөд хамгийн өндөр оноог авч чадаагүй учраас 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/92 дугаар тушаалаар С.Тыг албан тушаалаас нь чөлөөлөх гээд төрийн албаны тусгай шалгалтад хамгийн өндөр оноог авч чадаагүй учраас чөлөөлсүгэй гэсэн шийдвэрийг гаргасан. Дараа нь 2022 оны 02 дугаар сард Зээл, төслийн хэлтсийн мэргэжилтэн буюу өөр хэлтэст өөр албан тушаалд зарласан орон тоон дээр тэнцсэн, хамгийн өндөр оноог авсан. Гэхдээ С.Т нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнөөс хойш 10 хоногийн дараа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлдэгч, хоорондоо хамаарал бүхий 5 компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байсан. 3 хоногийн дараа очиж прокурор дээр байгаа хэрэгтэй танилцаж гомдол гаргахгүй гэх хүсэлт өгөөд хэргийг хаалгасан байдаг. Тэгэхээр уг асуудлыг бид итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсоны дараа буюу 2022 оны 01 дүгээр сарын эхээр н.Н гэх хүн томилогдоод шүүхэд очиж материалтай танилцахдаа мэдэж улсыг 10 тэрбум төгрөгөөр хохироосон хэрэг дээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр явж байсан, үүнийг нь хууль, хяналтын байгууллага мэдээгүй байсныг ашиглаж, энэ хэргийг улсад хохиролгүй болгох асуудлын эсрэг шийдвэр гаргасан гэж үзсэн. Тиймээс Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан, өөрөөр хэлбэл, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх үедээ энэ хэрэг гарсан учраас авлига, албан тушаалын хахууль байж болзошгүй учраас шалгаж өгнө үү гэсэн. Шалгах явцдаа шалгалтад тэнцсэн учраас шинээр томилогдсон албан тушаалд нь томилоогүй. Авлигатай тэмцэх газар уруу хүсэлт явуулсан, хүсэлтдээ төрийн албан хаагчийн шаардлагыг хангаж байна уу гэхдээ өмнө нь энэ хэрэгт манайх гомдол гаргасан учраас харгалзаж үзнэ үү гэж хандсан. Улмаар хариу нь ирэхгүй байж байгаад 05 дугаар сард хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх хариу ирсэн. Ингэхдээ иргэн Я.Эы гомдол гэх байдлаар гаргасан байсан, гэтэл иргэн Я.Э гаргаагүй Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын хувиар гаргасан. Улмаар иргэний гомдол биш байгууллагын гомдол гэх байдлаар гаргасан гэж хэлээд одоо хэрэг нь үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байгаа. Гэтэл Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн албаны салбар зөвлөлөөс энэ тогтоогдоогүй байгаа учраас томилох шаардлагатай гэсэн бичиг удаа дараа ирсэн учраас туршилтын хугацаагаар томилсон. Туршилтын хугацаагаар ажиллах хугацаандаа Жижиг, дунд үйлдвэрийн газар, Дэлхийн банкны санхүүжилт, экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлдэг, төсөл сонгон шалгаруулах хорооны хурлыг зохион байгуулж ажилладаг байгаа. Энэ хүрээнд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн хурлаар С.Т нь 10 компанийн материалыг газар дээр нь очиж үзэх, албан тушаалын тодорхойлолт заасны дагуу заавал очиж үзэх үүрэгтэй, гэтэл уг ажилдаа хайхрамжгүй хандсан. Өөрөөр хэлбэл, нэг аж ахуйн нэгж дээр очиж үзээгүй байсан, мөн тухайн өдрийн хурлын үеэр төсөл сонгон шалгаруулах компьютерт тухайн компанийн мэдээллийг файл үүсгэж, аж ахуйн нэгжээр нь өгдөг. Гэтэл хурал эхлэхэд дээрх мэдээлэл нь байхгүй байсан. Улмаар С.Таас асуухад би мартчихсан байна, мэдээгүй гэдэг байдлаар албан үүргээ биелүүлээгүй, хайхрамжгүй хандсан. Дараа нь зээл төслийн хэлтсийн дарга анхааруулж хэлсэн, мөн хурал дээр энэ талаар ярьсан байдаг. Улмаар зээл төслийн хэлтсийн даргаас гомдол ирсэн, уг гомдлыг дотоод аудитын мэргэжилтэнд шилжүүлж шалгаж байтал экспортыг дэмжих төслөөс гомдол ирсэн. Өөрөөр хэлбэл, хоёр байгууллага Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөлд танай байгууллагын ажилтан хайхрамжгүй хандсан учраас компанийн эрх ашиг хөндөгдсөн, үүнийг шалгаж өгнө үү гэсний дагуу шалгаж тогтоохоор дотоод аудитын мэргэжилтэн рүү шилжүүлсэн. Тухайн төсөл сонгон шалгаруулах хорооны гишүүд, экспортыг дэмжих төсөл, холбогдох бүх албан тушаалтан нараас тайлбар авч дүгнэлтээ ирүүлсэн. Алдаа дутагдлын талаар ажилтнуудын хажууд хэлэхэд уурлаж мэтгэлцсэн гэдэг. Дараа нь өөрөө тайлбар өгсөн бөгөөд хэлтсийн даргатайгаа муудалцсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Дотоод аудитын мэргэжилтнээс хэд хэдэн зөрчлийг гаргаж, сахилгын шийтгэл оногдуулах ёстой гэсэн дүгнэлтийг гаргасан учраас сахилгын шийтгэл оногдуулсан.
Нэхэмжлэгч талын хэлснээр байгууллагын экспортыг дэмжих төслийн сонгон шалгаруулалтыг 2019 оноос хойш илт тод, нээлттэй, хэн ч үзэх эрхтэй байдаг. Энэ олон нийтэд нээлттэй байгаа асуудалд байгууллагын нэр хүнд, цаашлаад экспортыг дэмжих төсөл, дэлхийн банк зэрэг асуудлууд үүсэж байгаа юм. Дэлхийн банканд энэ төсөл энэ ондоо дуусна гэж хэлсэн. Хэрвээ энэ ондоо амжилттай ажиллавал дараагийн төслийг Жижиг, дунд үйлдвэрийн газартай үргэлжлүүлж ажиллана гэсэн ойлголцолтой байсан. Гэтэл том алдаа гаргаж Жижиг, дунд үйлдвэрлэгч газруудад хохирол учруулж байгаа юм. Энэ асуудлын хүрээнд зээл төслийн хэлтсийн дарга Н.Э, зээл төслийн хэлтсийн мэргэжилтэн н.Г, “Т” ХХК-ийн захирал н.М, зээл төслийн хэлтсийн мэргэжилтэн н.С, С.Т, экспортыг дэмжих төслийн бизнес хөгжлийн зөвлөх н.М******* нараас тайлбар авсан. Үүнээс үндэслэж С.Т нь Монгол Улсын ерөнхий сайд н.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын н.А*******, Төрийн албаны зөвлөлийн дарга н.Б*******, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд н.Б******* нараас сахилга, ёс зүйн асуудалтай байна гэх гомдлыг гаргасан. Үүнийг шийдвэрлэж яамны дотоод аудитын газраас үндэслэлгүй байна гэж шийдвэрлэсэн. Улмаар газрын даргатай уулзаж уучлалт хүсээд албан бичиг бичиг өгсөн.
2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тайлбар гаргах нь миний бие уучлал хүсэж байна дахин ийм алдаа гаргахгүй. Буруугаа хүлээж байна. Өөрийн түргэн зах, хэлтсийн даргын хүн удирдах туршлага дутуу зэргээс шалтгаалан ойлголтын зөрүү гарч маргасан гэж бодож байна. Мөн хэлтсийн даргын ялгаварлан гадуурхаж, дарамт үзүүлдэг байдлаас болж бухимдсан учир маргалдсан. Цаашид эвтэй байж ойлголцож чадна гэж бодож байна гэсэн байдаг.
Мөн 12 дугаар сарын 08-ны өдөр Я.Э танаа гээд зээл төслийн хэлтсийн мэргэжилтэн С.Т би таны талаар гаргасан буруу, зөрүү ойлголт, төрүүлсэн мэдээлэл, гомдол хүргүүлсэн газруудаас уучлалт, залруулга хүргүүлсэн бичиг хүргэсэн учир миний өвчтэй байх хугацаанд гаргасан тушаалыг хүчингүй болгож, намайг үргэлжлүүлэн ажиллуулж өгнө үү. Дахин ёс зүй болон ажлын алдаа гаргахгүй гэж бичиг ирүүлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга н.А******* танаа гэж байгаад Я.Э ажиллаж байна, газрын даргын талаар ажлаас халсан, ажилчдаас авсан мэдээллүүдийг нягталж, шалгалгүй хөнгөн хуумгай хандаж, газрын даргын нэр хүндэд хандаж буруу, зөрүү ойлголт төрүүлэх, мэдээлэл хүргүүлсэн дээ газрын дарга болон та бүхнээс хүсэж байгаа минь хүлээн авна уу. Би өөрөө алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг тодруулах гэж газрын даргад өгсөн бичгийг хэлсэн юм” гэв.
14. Хариуцагч Я.Э шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Төслийн үнэлгээг газар дээр нь хийгээгүй гэдэг нь нотлогдож байгаа. Төслийн үнэлгээний хорооны хурлын бэлтгэл ажлыг хангах ёстой. Гэтэл албан тушаалын тодорхойлолтод байгаа чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хэлтсийн даргаа буруу мэдээллээр хангасан, түүнийг сануулж хэлэхэд ёс бус хандсан бөгөөд аудитын дүгнэлтээр гарсан. Дэлхийн банк, төсөл хэрэгжүүлэгч нэгж, төрийн бус байгууллага, энэхүү хурлыг 2019 оноос жижиг, дунд үйлдвэрийн асуудлаас хойш олон нийтэд уг хурлыг нээлттэй явуулдаг болсон. Цаашлаад Жижиг, дунд үйлдвэрийн газар нь олон байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа бөгөөд гадаадын байгууллагаас мэргэжилтнүүд нь чадваргүй, үүргээ биелүүлдэггүй гэсэн бодолтой байгаа. мөн ахмад ажилтны хувьд бусад ажилчдадаа буруу үлгэр, дуурайлал үзүүлсэн. Хамгийн гол асуудал нь Дэлхий банкны санхүүжилт нь Монгол Улсын үйлдвэрлэгчдэд монгол бараа, бүтээгдэхүүнийг гаргах юм. Гэтэл уг төслийг бид хэрэгжүүлэх явцдаа Монгол Улсын Засгийн газар болон холбогдох байгууллагууд алдаа гаргахгүй байх чиг үүрэгтэй. Тиймээс нэг ажилтнаас болж хүлээсэн үүргээ бид алдаж байгаа. Бидний гарын авлагад зааснаар нэг ч байгууллагыг хууль бусаар хохироохгүй, шударга ажиллана, ямар нэг ялгаварлан гадуурхалт байхгүй гэсэн ойлголцлыг дурддаг. Гэтэл “Т” ХХК-тай холбоотой маргаан үргэлжлээд Жижиг, дунд үйлдвэрийн газарт энэ төсөл хэрэгжихдээ Сангийн яам болон Хөдөө аж ахуйн яамаар явж, дэлхийн банк нь Жижиг, дунд үйлдвэрийн газарт хүсэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, танай сонгон шалгаруулалт ил тод, нээлттэй, бүх хүн үзэх боломжтой байдлаар явдаг юм байна. Энэ оны 12 дугаар сард хүртэл ил тод, нээлттэй байдлаар явуулж өгнө үү гэхээр нь хүлээн зөвшөөрч хоорондоо юу гэж ойлголцсон байдаг вэ гэхээр дараагийн төсөл үргэлжлэхэд Жижиг, дунд үйлдвэрийн газартаа хэрэгжүүлнэ гэж тохиролцоод ажлаа үргэлжлүүлсэн, гэтэл энэ нөхцөл байдлаас болж үл ойлголцол үүссэн. Энэ нь зөвхөн манай асуудал биш цаашлаад экспортоор гаргаж, дэлхийн хэмжээнд яригдах зүйл байсан.
Нэхэмжлэгч талаас хэлж байна, яагаад 2 сард шалгалтад тэнцсэн атлаа 07 дугаар сар хүртэл томилоогүй юм бэ. Өмнө нь 3 хоногийн дараа чөлөөлөгдчихөөд очиж гарын үсэг зурсан. Өөрөөр хэлбэл, гэм буруутай эсэх талаар тогтоогоогүй шалгагдаж байсан. 6.1 дахь хэсэгт албан хаагчийн сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан. Зөрчлийн шинж байдал нь албан хаагчийг цаашид төрийн албанд ажиллуулахааргүй гэж үзсэн бол гэж заасан. Тиймээс эдгээр нь аудитын дүгнэлтээр тогтоогдсон учраас үндэслэлтэй гэж үзсэн. Нэхэмжлэгч талаас хэлтсийн хурал дээр нээлттэй сануулахыг үүрэг болгосон гэж хэлэх шиг боллоо. Би тухайн хурлын талаар огт мэдээгүй. Үнэлгээний хорооны хурал дууссаны дараа хэлтэс дотроо хуралдаж өөрт нь сануулах явцад маргаан үүссэн байсан. Түүнээс биш би субьектив байдлаар хандаж хариуцлага тооцоогүй. Гарын авлагыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Дэлхийн банк баталдаг. Үүн дээр Жижиг, дунд үйлдвэрийн газрын үүргийг зааж өгсөн байдаг. Тус авлагын 36 дугаар хуудаст Жижиг, дунд үйлдвэрийн газар нь нарийвчилсан үнэлгээг энэ байдлаар, энэ удирдамжийн дагуу хийнэ гэж заасан. 34 дүгээр хуудаст Жижиг, дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн нь доор хүснэгтийн дагуу нарийвчилсан үнэлгээг өгнө гээд бүх процессуудыг зааж өгсөн. Тиймээс энэ гарын авлагын дагуу бид бүхэн ажлаа явуулдаг, хэрвээ үүнийг зөрчвөл дэлхийн банк уг төслийг шууд зогсоож, манай үйл ажиллагааг уг ажлаас гаргачихдаг. Мөн яагаад заавал газар дээр нь очиж үзэх шаардлагагүй гэж хэлж байна, тухайн үед та Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн асуудал яаж үүсэж байсан, түүний журмыг боловсруулахад та байсан. Тухайн үед газар дээр нь очиж үзэлгүйгээр цаасан төслийг шалгаруулаад өнөөдрийг хүртэл бид хохироод байгаа. Тэгэхээр нь тухайн төсөл хэрэгжиж байна уу, бодитой байна уу гэдгийг харъя гэж бид тухайн үедээ ярьж байсан. Дэлхийн банкны сонгон шалгаруулалт нь манай сонгон шалгаруулалтын төслийн дагуу явдаг. 2022 оны 02 дугаар сард дэлхийн банк хүсэлт тавихад манай төслөөр явбал болно гэж хүсэлтээ тавиад тэрний дагуу явсан” гэв.
15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс хоёр шаардлага гаргасан. Шаардлагатай холбоотой зарим зүйлсийг дутуу хэлжээ. 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/49 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэмэгдүүлсэн шаардлага гаргасан. Энэ талаар үндэслэлийг тодорхой хэлээгүй учраас Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан илт хууль бус захиргааны актын шинжийг энэ тушаал агуулахгүй байна. Ямар шинжээр дээрх заалтад хамаарна гэж үзсэн нь тодорхойгүй байна. Хууль болон холбогдох журамд зааснаар туршилтын хугацаа хэрэглэсэн нь хууль журамд нийцэж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны Б/76 дугаар тушаалыг нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлахдаа тушаалд заагаагүй үндэслэлүүд бүгд тогтоогдоогүй, нотлогдоогүй гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр энэ хүрээнд хариуцагчаас хариу тайлбараа тодорхой гаргасан. Нэг зүйлийг нэмж хэлэхэд төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмыг баримталж ажилласан, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг шалгах процессыг журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалт, нэгж, албан тушаалтан шалган тогтооно. Энэ журмын дагуу С.Тын гаргасан хоёр гомдол байгаа, тухайн хэлтсийн дарга Н.Э болоод “Т” ХХК-аас гомдол ирснийг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дотоод аудит хариуцсан мэргэжилтэн ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу шалгаж, 10 дугаар сарын 24-ний өдөр дүгнэлтийг гаргасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан.
Ийнхүү дүгнэлттэй холбоотой нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн боловч гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр шүүхээс хүлээж аваагүй байгаа. Тэгэхээр сахилгын шийтгэл ногдуулах талаарх дүгнэлт нь хуулийн хүчин төгөлдөр байгаа гэдгийг хэлэх гэсэн юм. Дүгнэлтийг гаргахдаа холбогдох бүх албан тушаалтан, мэргэжилтнүүдээс журамд заасны дагуу тайлбар авч сахилгын шийтгэл ногдуулах саналыг авсан. Санал болон Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг үндэслэж нэхэмжлэгч С.Тад сахилгын шийтгэл буюу ажлаас халах арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлтэй. Хавтаст хэрэгт зээл, төслийн хэлтсийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт авагдсан байгаа. Түүн дээр зээл, төслийн хэлтсийн мэргэжилтэн ямар ажил хийх талаар харагдана. Дүгнэлтийг гаргахад аудитын мэргэжилтнээс авсан тодруулгын явцад С.Т нь би оруулаагүй байсан. Хэлтсийн даргаас шаардлага тавихад буруугаа хүлээн зөвшөөрч хариуцлага тооц гэдэг байдлаар харьцсан. “Т” ХХК-ийн материалыг төслийн хуралд оруулаагүй гэдгээ бүгдийг нь тайлбараар өгчихсөн. Үүнээс харахад ажлын байрны тодорхойлолтод заасан үүргүүдээ зөрчсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно.
Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг зөрчсөн, хоригдох үйл ажиллагааг хийсэн тохиолдолд зөрчлийн шинж байдлыг харгалзан үзсэний үндсэнд хариуцлага оногдуулна гэж хуульчилсан. С.Тын хувьд ямар нийтлэг үүргийг зөрчсөн бэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6 дахь хэсэгт заасан дээд шатны албан тушаалтны өгсөн үүргийг биелүүлэх үүргээ зөрчсөн. Хурлын өмнөх орой эдгээр материалыг бэлтгээрэй гэдгийг нь би мартчихсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахин биелүүлж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх гэсэн үүргээ мөн зөрчсөн. Ямар байдлаар зөрчсөн гэхээр гаргасан зөрчилтэй холбоотой дэлхийн банк, хамтарч ажиллаж буй байгууллагуудын хувьд хурлын бэлтгэлийг бүрэн хангаагүй. 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсэгт өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 37 дугаар зүйлийн 37.1.12 дахь хэсэгт төрийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр чанартай, хүртээмжтэй, шуурхай, соёлтой хүргэх, төрийн үйлчилгээг хүргэхдээ аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх үүргээ мөн зөрчсөн. “Т” ХХК нь 2 сарын хугацаанд төслөө бэлдсэн байтал С.Т гэх мэргэжилтэн материалыг оруулсангүй гэх мэдээллийг дэлхийн банканд, Жижиг, дунд үйлдвэрийн газарт гаргасан. Тиймээс эдгээр үйл баримтууд зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3 дахь хэсэгт албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй гэж заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байгаа учраас эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэнд С.Тыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцэж байгаа. Тушаалд дурдсан зүйлүүд ямар ч тодорхойгүй, огт тогтоогдоогүй гэж нэхэмжлэгч талаас ярьсан бөгөөд тушаалд болсон бүх үйл баримтыг дурдах боломжгүй учраас агуулгаар нь тусгасан. Гэхдээ холбогдох бүх баримтууд нь урьдчилсан байдлаар бүрдсэн байсан.
Нэг зүйлийг залруулж хэлэхэд сонсох ажиллагаа хийсэн боловч хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулаагүй, процесс явагдаж байгаа гэх байдлаар дурдсан юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 2022 оны Б/49 дугаар тушаалтай холбогдуулж нэг зүйлийг хэлэхэд Төрийн албаны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 дахь хэсэгт төрийн албан хаагчийн нийтлэг эрхийг заасан бөгөөд өөрийн хувийн хэрэгтэй танилцах, нэмэлт өөрчлөлт оруулах эрх нь байсан. Гэтэл С.Т нь хүлээн зөвшөөрч 4 сарын хугацаанд ажилласан талаарх үйл баримт бий тул шүүхээс шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү гэж хүсэж байна.
Өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд хэрэг авагдсан баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн үлдсэн шаардлага болох Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын тушаал 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэх нөхцөл байдал бүрэн тогтоогдож байна гэж үзлээ. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх хэсэгт зааснаар сахилгын шийтгэл оногдуулахдаа ямар журмаар хүлээлгэсэн гэдгийг Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмыг баримталсан. Хариуцагч сая хэллээ, халах шийтгэлийг оногдуулахдаа юуг харгалзаж үзэх вэ гэдэг дээр Зөрчлийн шинж байдал, албан хаагчийг цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол гэж заасныг харгалзаж үзсэн. Өмнө нь яригдсан зүйлүүд энэ энэ үндэслэлүүдтэй холбоотой гэдгийг шүүхээс бас анхаарч үзнэ үү. Өмнө нь өөр хэрэгт гомдолгүй гэж хэлээд харгалзсан барьсан гэдэг асуудал нь ерөнхийдөө яг энэ журмын холбогдох заалттай холбогдож байгаа гэж тайлбартаа хэлж байгаа. Тэгээд товчхон зүйл хэлэхэд сонсгох ажиллагаа дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буруу сонссон уу эсхүл буруу ойлгосон уу сайн мэдэхгүй байна. Энэ дүгнэлт сахилгын шийтгэл оногдуулах тушаалын өмнө дүгнэлт гарсан дүгнэлтийг тусдаа танилцуулах ажиллагаа хийгдсэн баримт нь хэрэгт авагдсан байгаа. Дүгнэлтийг танилцуулж, үндэслээд ийм шийдвэр гарах гэж байгаа шүү төрийн албанаас халах арга хэмжээ авах гэж байна шүү гээд бас нэг мэдэгдэх ажиллагаа хийгдчихсэн. Тэгээд тушаал гарлаа тушаалын араас ийм тушаал байна танилцаарай гээд бас нэг ажиллагаа хийгдчихсэн энэ ажиллагаа нь сонсох ажиллагааг хууль журмын дагуу явагдсан болохыг нотолно гэж үзэж байгаа. Хууль зүйн хувьд сахилгын шийтгэлийг Төрийн албаны тухай хуулийн 48.1.4-д зааснаар гаргахын тулд 1 дүгээрт зөрчлийн шинж байдлыг харах юм байна. Тэгээд анх болон давтан үйлдсэнийг анхаарах юм байна. Дээр нь төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан энэ нийтлэг үүргүүдээ зөрчсөн эсэхийг анхаарах юм байна гэдэг хуулийн урьдчилсан нөхцөл байгаа. Тэгэхээр одоо хариуцагчийн зүгээс болбол зөрчлийн шинж байдлыг нэгдүгээрт анхаарч дараа нь 37 дугаар зүйлд заасан түрүүн дурдсан учраас дахин дурдах шаардлагагүй байх. Энэ нийтлэг үүргүүдээ зөрччихсөн гэдэг нь нотлогдож тогтоогдсон гэдэг үндэслэлээр ажлаас халсан.
Эрүүл мэндийн акттай холбоотой нэг зүйл нэмж хэлэхгүй бол болохгүй байна. Төрийн албаны тухай хуульд ажлын байр хэвээр хадгалах гэдэг зохицуулалт байхгүй байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд яах вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 4.4 дахь хэсэгт төрийн албаны хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг энэ хуулиар зохицуулаагүй Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулна гэсэн. Тэгэхээр Төрийн албаны тухай хуульд ийм ийм тохиолдолд халах арга хэмжээ авч болохгүй гэдэг зохицуулалт нь байхгүй. Энэ Хөдөлмөрийн хууль уруу саяын дурдсан заалтаар шилждэг байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлд ажлын байр хэвээр хадгалагдах гэдэг зохицуулалт байгаа. Мөн хуулийн 60.1.2 дахь хэсэгт донорын үүрэг гүйцэтгэх эсхүл 81.4, 81.5, 81.6-д зааснаас бусад тохиолдолд эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлгийн магадалгаатай байгаа бол ажлын байр хэвээр хадгалагдана буюу энэ хооронд ажлаас халах арга хэмжээ авч болохгүй гэдэг агуулга бүхий зохицуулалттай. Бусад гэдэгт 81.4, 81.5 дахь хэсэгт юу гэж заасан гэхээр хөдөлмөрийн гэрээ болон бусад хуульд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах ийм ноцтой зөрчил гаргасан тохиолдолд эрүүл мэндийн акттай эсэхээс үл хамаарч сахилгын арга хэмжээ авах боломжтой гэдгийг энэ хуульд хуульчилсан байгаа юм. Тэгэхээр энэ талаар үндэслэлээ тайлбарлаж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Тэгш бус хандсан, хяналт тавьсан дарга нь хяналтаа тавиагүй байж С.Тад арга хэмжээ авсан гэх тайлбарыг гаргаж байна. Тэгэхээр бусад албан хаагчид арга хэмжээ авсан эсэх дээр нэхэмжлэлийн шаардлагын агуулгын хүрээнд хамааралгүй. Хэрэгт авагдсан баримтаар хяналт тавих чиг үүрэгтэй хэлтсийн дарга нь өнөөдөр гэрчийн мэдүүлэгч өгсөн. Хэлтсийн даргын хувьд хариуцлагаа хүлээгээд чиг үүргээ хэрэгжүүлээд явж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна, арга хэмжээ авах эсэх нь бас байгууллагын даргын эрх хэмжээнд хамаардаг. Эдгээр нөхцөл байдлыг харгалзаж үзээд С.Тад эдгээр арга хэмжээг авсан талаарх нөхцөл байдлыг шүүхээс анхаарч үзнэ үү. Эцэст нь хэлэхэд С.Тын ажлын байрны тодорхойлолтод хурлыг бэлтгэх, хурлын материалыг бэлтгэх зэрэг чиг үүрэгтэй гэдэг нь тодорхой байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ширхэгчилж заагаагүй учраас С.Т зөрчил гаргаагүй гэж тайлбарлаад байгаа. Гэхдээ ажлын байрны тодорхойлолт зааснаар хийх ёстой ажил нь мөн үү гэвэл мөн. Түүний дагуу бүрэн төгс ажлаа хийчихсэн бол тэр өдрийн хурал ямар ч доголдолгүйгээр цаашаа үргэлжлэх ёстой байсан. Тэгэхээр үүний улмаас ямар үр дагавар үүсээд байгаа вэ гэдгийг Я.Э даргын зүгээс тайлбарласан. Үүн дээр нэмээд хэлэхэд Монгол улсад нэг байгууллагын хурал ч байсан бол нэг өөр олон улстай харьцдаг, хариуцлага өндөртэй байгууллагатай харьцаж байгаа тохиолдолд энэ ажил нь тийм ч хийхэд хэцүү ажил бас биш. Компьютерт оруулаад мэдээллээр хангах л үүргээ биелүүлчихсэн байсан бол өнөөдөр ийм нөхцөлүүд үүсэхгүй байсан юм. Эдгээрээс харахад эцэст нь юу гэж дүгнэж болохоор байна вэ гэвэл нэхэмжлэгч С.Тын хувьд зөрчлийг гаргасан гэдэг нь хангалттай тогтоогдож байна. С.Т нь өөрөө төрийн албан тушаалд тэнцэх хүн мөн үү эсэхэд маш их эргэлзээ төрж байгаа. Яагаад гэхээр авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа асуудал байна, удирдлагатайгаа муудалцсан асуудал байна. Хэрвээ хийгээгүй зүйлийн төлөө загнасан бол уурлах нь зөв гэтэл албаны шаардлага тавихад эсэргүүцдэг, ажлын байрны тодорхойлолтын нэгт байгаа ажлаа хүртэл алдаа дутагдал гаргасан. Тиймээс энэ хүн цаашид төрийн албанд ажиллах хүн мөн үү гэдэг дээр шүүхээс шийдвэр гаргахдаа анхаарч үзнэ үү.
16. Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2.Нэхэмжлэгч нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн “С.Тыг албан тушаалд туршилтын хугацаагаар томилох тухай” Б/49 дүгээр тушаалаар тус газрын Зээл, төслийн хэлтсийн зээл, төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд туршилтын 6 сарын хугацаагаар томилогдон ажиллаж байжээ.
3. Нэхэмжлэгч С.Т нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2. “төрийн захиргааны алба”, 6.2. “...6.1.2-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ”, 12 дугаар зүйлийн 12.1. “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна”, 12.1.6. “хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал” гэж зааснаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтэст Зээл, төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан төрийн албан хаагч байх тул нэхэмжлэлийн зүйл нь Төрийн албаны тухай хуулиар зохицуулагдахаар байна.
4. Нэхэмжлэгч нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох /нэмэгдүүлж гаргасан шаардлага/-оор, тус газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах /нэхэмжлэлийн үндсэн шаардлага/-аар маргасныг шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нарын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгч, нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж, харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын татгалзлыг батлав.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаан дээр “...Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, ийнхүү татгалзсан нь өөр бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, түүнчлэн хуульд харшлаагүй гэж шүүхээс дүгнэж, төлөөлүүлэгчээс итгэмжлэлээр татгалзах эрх олгогдсон байгааг тогтоож, нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосныг тэмдэглэж байна.
6. Маргаан бүхий захиргааны акт болох Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “С.Тад төрийн албанаас халах шийтгэл ногдуулах тухай” Б/76 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5. “хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, халах”, 8.4. “Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана”, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4. “төрийн албанаас халах”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.4.1. “зориуд санаатайгаар зөрчил гаргасан”, 3.4.3. “зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн” 3.4.5. “хэд хэдэн зөрчил гаргасан”, 6 дугаар зүйлийн 6.1. “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна”, Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 54 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албан тушаалд туршилтын хугацаа хэрэглэх болзол журам”-ын 6 дугаар зүйлийн 6.4. “Туршилтаар томилогдсон албан хаагчийг Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр төрийн албанаас хална”, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.2. “Албан хаагч төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэдэд тэгш хандаж, хууль болон түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан заавар, журмыг чанд мөрдөж ажиллах бөгөөд хүнд суртал гаргаж чирэгдэл үүсгэж болохгүй”, 7.10. “Албан хаагч ажиллаж байгаа байгууллага, түүний удирдлага болон үйлчлүүлэгч, олон нийтийн хоорондын харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй аливаа үйлдэл үзүүлэхгүй”, 7.13. “Албан үүргээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг чанд мөрдөж ажиллана” зэрэг хууль болон журмын холбогдох заалтуудыг үндэслэн гарсан ба нэхэмжлэгчийг “албан тушаалдаа хайхрамжгүй хандсан, байгууллагын албан хаагчийн мэдлэг, ур чадвар, хариуцлага, байгууллагын талаарх үнэлэмжийн буруулж, дотоод үйл ажиллагааг доголдуулсан” хэмээн буруутгаж, түүнд төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулж, үүрэгт ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөр дуусгавар болгожээ.
7. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. “...энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ... дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48.1.4. “төрийн албанаас халах”, 48.3. “Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй”, 48.4. “...тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна”, 48.9. “...сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл ... эсхүл шүүхэд гаргаж болно”, 48.10. “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална” зэргээр зохицуулсан.
8. Түүнчлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-аар нарийвчлан зохицуулсан, журмын 2.1.“сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн ... шалгалт явуулах үндэслэл болно”, 2.2. “...2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг ... тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно” гэж зааснаар зээл, төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж байсан С******* Ттай холбоотойгоор, Зээл төслийн хэлтсийн дарга Н.Эөөс 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан өргөдөл, Дэлхийн банкны түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа Экспортыг дэмжих төсөлд хамрагдах төслийн шаардлагыг ханган оролцсон “Т*******” ХХК-ийн өдрийн 2/15 дугаар албан бичгээр 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ирүүлсэн хүсэлтийг тус тус хүлээн авч, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн тогтоол, шийдвэрийн биелэлт, дотоод аудитын мэргэжилтнээс журмын 2.4. “...2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ” гэсний дагуу шалгалт явуулснаар,
8.1. Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийн газраас хамтран хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих төслийн хорооны хурлыг танхимаар зохион байгуулж, цахим сүлжээгээр нийтэд хүргэж байх үед хорооны гишүүдийг шийдвэр гаргахад шаардагдах өөрийн судалсан төслүүдийн мэдээ мэдээллийг компьютерт байршуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй талаар.
- Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зааврын IV дүгээр хэсгийн 4.1 дүгээр заалтад тодорхойлсон Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны хэрэгжүүлэх чиг үүргийн гурав дугаарт зааснаар /ТХ-ийн үнэлгээний хорооны хурлыг танхим болон цахим байдлаар зохион байгуулах/ Түншлэлийн хөтөлбөрийн 2 дахь удаагийн хуралд зориулж үнэлгээний хорооны хурлын гишүүдийн компьютерт аж ахуйн нэгжүүдийн бүх мэдээллийг байршуулаагүй, бэлтгэл хангаагүй,
- Зээл төслийн хэлтсийн дарга Н.Э С.Таас хурлын өмнөх өдрийн орой гишүүдийн компьютерт холбогдох мэдээллийг оруулсан эсэхийг лавлахад оруулсан гэж хэлсэн. Маргааш нь 08:30-д хурал эхлэн С.Тын хариуцан бэлтгэсэн төслүүдийг хэлэлцэхэд холбогдох мэдээллүүдийг бүрэн байршуулаагүй байсан нь хорооны гишүүн н.А*******, Э*******, Ч.Б******* нарын тайлбараар тогтоогдсон,
-С.Тын тайлбараар зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрч, алдаа зөрчлөө ухамсарлаж дахин ийм зөрчил дутагдал гаргахгүй эгсэн. Тухайн зөрчлийг ойлголтын зөрүүгээс шалтгаалсан, мэдээлэл дутуу байсан гэсэн тайлбар үндэслэлгүй,
-Тухайн төслийг цахим хэлбэрээр нийтэд нээлттэй явуулсан, сонгон шалгаруулалтын хурлын үйл ажиллагаагаа Экспортыг дэмжих төсөл болон Хөгжлийн шийдэл ТББ, МҮХАҮТ-ийн төлөөлөл, Жижиг, дунд үйлдвэрийн газар төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулах үед жижиг, дунд үйлдвэрийн газраас хариуцан шалгасан материал С.Тын эс үйлдлээс болж дутуу танилцуулагдсан, гишүүдэд мэдээлэл өгөөгүй, нөхөн бүрдүүлэлт хийсэн нь ажлын хариуцлага сул гэж нийтэд болон дэлхийн банканд ойлгогдож Жижиг, дунд үйлдвэрийн газрын нэр хүнд унасан, цаашлаад экспортыг дэмжих төслийн санхүүжилт зогсох эрсдэл үүссэн байна.
8.2. Зөрчил дутагдал гаргасан талаар хэлтсийн хурал дээр сануулахад арга хэмжээгээ ав гэж хэлж, алдаагаа ухамсарлахгүй хэлтсийн даргатайгаа удаа дараа ёс зүйгүй харьцсан, хэл амаар доромжилсон талаар.
-Хурлын дараа тус алдаа зөрчилд хариуцлага тооцно гэж хэлтсийн хурал дээр холбогдох мэргэжилтнүүдийн дэргэд С.Тад сануулахад арга хэмжээгээ ав гэж удаа дараа хэлж алдаагаа ухамсарлаагүй, хэлтсийн мэргэжилтнүүдийг гарсны дараа ямар ч алдаагаа ухамсарлах үг, үйлдэл хийгээгүй. Харин ч үл тоосон үйлдлийг хэлтсийн хурал дээр үзүүлж, хурлын дараа болон тэрнээс хойш хэд хэдэн удаа ийм байдалтай харьцсан, доромжилсон. Намайг авлигал авдаг, төсөл бариад гүйдэг, би чиний ямар ямар төсөл, хэнд олгосон зээлийг мэдэж байгаа. Чам шиг бацааныг анх удаа харж байна. Чамайг ёстой дэвсэлнэ зэргээр зүй бус харьцах зэргээр хэл амаар доромжилж ёс зүйгүй харьцсан тухай Зээл, төслийн хэлтсийн дарга Н.Эийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тайлбараар тогтоох боломжгүй боловч С.Таас авсан тайлбарт зан харьцаандаа анхаарч ажиллахаар дүгнэлт хийж байна, өөрийн түргэн зангаас шалтгаалан маргалдсан гэж дурдсан, хэлтсийн мэргэжилтнүүдээс авсан тайлбарт хэлтсийн даргын тавьсан шаардлагыг нэг их таатай хүлээж аваагүй С.Т хурлын дараа даргын өрөөнд үлдэж маргалдсан байж магадгүй гэсэн нь С.Т хэлтсийн дарга Н.Этэй харилцахдаа ёс зүйн доголдол, зөрчил гаргасан гэж дүгнэсэн.
8.3. Экспортыг дэмжих төсөлд хамрагдах төслийн материал бүрдүүлж өгсөн “Таван хан хайрхан” ХХК-ийн үйл ажиллагаанд нарийвчилсан судалгаа, газар дээр нь бодит үзлэгийг хийгээгүй, тус компанийн удирдлага байрлах ажлын байранд очиж компанийн удирдлагатай төслийн талаар уулзаж ярилцан, шаардлага хангахгүй, төслөө сайжруулах, экспортод гаргах бүтээгдэхүүнийг нийлүүлэх гадаад дахь компанийн гэрээ байхгүй үндэслэлээр дүгнэлт гаргаж төслийн хуралд оруулаагүй, төслийн материал бүрдүүлж өгсөн “Таван хан хайрхан” ХХК-д амаар шийдвэр танилцуулсан талаар.
-Түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа Экспортыг дэмжих төслийн нарийвчилсан судалгааны үзлэг, дүгнэлтийг бодит байдалтай танилцаж төсөл хэрэгжиж буй байршилд очиж дүгнэлт гаргах ажил үүргийн хуваарь ажлын байрны тодорхойлолтод туссан, ажлын байрны тодорхойлолтыг С.Т бүрэн судалсан талаар тайлбар өгсөн,
- С.Т өөрийн хариуцан судалсан “Таван хан хайрхан” ХХК-ийн удирдлагад холбогдох журам зааварт тусгагдаагүй байдлаар төсөлд тэнцэхгүй талаар тайлбар өгсөн, албан бичгээр мэдэгдээгүй, төслийн иж бүрдэлд шаардаагүй гэрээ материал байхгүй шалтгаанаар сонгон шалгаруулалтаас хасагдах үндэслэл болно гэж тус компанийн удирдлагад тайлбарлаж, өөрийн дур зоргоор хасаж компанид цаг хугацааны болон алдагдсан боломжийн хохирол учруулсан нь “Таван хан хайрхан” ХХК-ийн 2022 оны 10 сарын 18-ны өдрийн тайлбар, Экспортыг дэмжих төслийн хуралд орсон компаниудыг жагсаалт, С.Тын өөрийн тайлбараар тогтоогдсон,
- “Таван хан хайрхан” ХХК-ийн удирдлагаас авагдсан нэмэлт тодруулгад Экспортыг дэмжих төсөл болон Жижиг, дунд үйлдвэрийн газарт гаргасан хүсэлтийн дагуу тус газрын дотоод аудитад хүсэлттэй холбоотой тайлбар ярилцлага өгсний дараа танай компанийн хүсэлтийн дагуу дотоод аудитаас шалгаж байгаа талаар С.Т нь утсаар мэдэгдэж төслийн нарийвчилсан үзлэгийг хийхээр уулзаж байх үедээ төсөлд тэнцэхгүй, төслөө сайжруулж, дахиж оруулахаар тохиролцсон тухайгаа ирж тайлбарлах шаардлагатай байна гэж дуудаж, бодит үзлэг хийгээгүй байдлаа төсөлд тэнцэхгүй, төслөө сайжруулж, дахиж оруулахаар тохиролцсон гэх байдлаар төслийн нарийвчилсан үзлэгийг хийгээгүй шалтгаанаа тайлбарлуулах оролдлого хийж шалгалтын явцад нөлөөлөхөөр ёс зүйгүй үйлдэл гаргасан,
- Түншлэлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх зааврын 7 дугаар зүйлийн 7.2.2 дахь заалтын дагуу Жижиг, дунд үйлдвэрийн газрын зээлийн мэргэжилтэн нь нарийвчилсан үйл ажиллагааны онооны хүснэгтийн дагуу өргөдөл гаргагчийн нарийвчилсан үйл ажиллагаанд оноо өгч, Жижиг, дунд үйлдвэрийн газрын үнэлгээний дүгнэлтийг бэлтгэнэ, хэрэв дундаж оноо 70 хувиас доош байвал Жижиг, дунд үйлдвэрийн газар өргөдөл гаргагч тус бүрд бичгээр албан ёсны тайлбар хүргүүлж, Төслийн хэрэгжүүлэгч нэгжид мэдэгдэнэ гэсэн чиг үүргийг хэрэгжүүлээгүй.
9. Зэргээр нэхэмжлэгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйлдлийг тогтоож, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.5.2. “сахилгын шийтгэл ногдуулах тухай” дүгнэлтийг шалгагчийн зүгээс Газрын даргад танилцуулсан байна.
10. Ингэхдээ журмын 2.6-д зааснаар нэхэмжлэгчид буюу зээл, төсөл хариуцсан мэргэжилтний албан тушаалд туршилтын хугацаагаар томилогдон ажиллаж буй С******* Тад сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэх дүгнэлтийг 2022 оны 10 дугаар сарын 24-ий өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 10 дугаарын өрөөнд байрлах Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, Зохицуулалтын хэлтсийн тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод аудитын асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Б******* танилцуулсан, тэрээр “хэт нэг талыг барьсан, буруутгах зорилго агуулсан тул хүлээн зөвшөөрөхгүй, холбогдох дараагийн газарт хандахаа мэдэгдэж” гарын үсгээ зурсан, харин журмын 2.7-д зааснаар нэмэлт шалгалт хийлгэхээр хүсэлт гаргаагүй байна.
11. Төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, уг зөрчил нь ноцтой зөрчил мөн эсэхийг нягтлахын тулд “шалгалт” явуулдаг байх бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын дагуу нэхэмжлэгч С.Тын ажиллаж байсан Жижиг, дунд үйлдвэрийн газрын дотоод аудитын нэгжээс нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчилд шалгалт явуулсан, түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээ /37.1.6, 37.1.7, 37.1.8, 37.1.13, 37.1.15/ зөрчсөн нь гэрчүүдийн мэдүүлэг болон дээр дурдсан байдлаар нотлогдож, түүнд сахилгын хариуцлага хүлээлгэсэн үйл баримт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хариуцагчид холбогдох хууль тогтоомжоор харьяа албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой тухайлбал, сахилгын арга хэмжээ авах, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхийг олгосон, энэ бүрэн эрхийнхээ хүрээнд сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ.
12. Тодруулбал, хэрэгт нотлох баримтаар авагдсан, албан тушаалын тодорхойлолтод албан тушаалын зорилгыг “жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн төслийн иж бүрдлийг шалгах, холбогдох хууль журмын хүрээнд үнэлгээ хийх, төслийг газар дээр нь үзэж нарийвчилсан судалгаа хийх, дүгнэлт гаргах, зэлийн эргэн төлөлтийг хариуцаж төлүүлэх, төслийн хэрэгжилтэд хяналт тавих хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг хэлтсийн даргын өмнө хариуцна” гээд албан тушаалын нэгдүгээр зорилтын хүрээнд “жижиг, дунд үйлдвэр эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс ирсэн төслийг судлах, судалгаа шинжилгээ хийж Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралд оруулах” чиг үүрэгтэй, энэ утгаараа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13. “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах” нь төрийн албан хаагчийн хүлээх нийтлэг үүрэг байна.
12.1. Түүнчлэн Засгийн газраас Дэлхийн банкны Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хөнгөлөлттэй зээлээр уул уурхайн бус салбарт үйл ажиллагаа явуулдаг монголын аж ахуйн нэгж, кластеруудад өрсөлдөх чадвараа сайжруулж, экспортын шинэ зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрлэлийн яамны дэргэд Экспортыг дэмжих төслийн Түншлэлийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн, уг хөтөлбөр нь экспортын баримжаатай болон импортыг орлох жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн экспортын хөгжлийн төлөвлөгөө, чадавх, зах зээлд нэвтрэх, бизнесийн үйл ажиллагааг бэхжүүлэх, бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлэгчидтэй стратегийн түншлэл, хөрөнгө оруулалт хийх замаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмждэг байх ба Жижиг, дунд үйлдвэрийн газар нь үйл ажиллагаанд техник эдийн засгийн үнэлгээ хийх, экспортын боломж, үйл ажиллагааны техник эдийн засгийн үнэлгээг нэгтгэх, Түншлэлийн хөтөлбөрийн үнэлгээний хорооны хуралд танилцуулагдах өргөдлийг батлах, өргөдөл гаргагчийн бизнес, үйл ажиллагаатай холбоотой өмчийн болон нууц мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх арга хэмжээ авах, Түншлэлийн хөтөлбөрийн үнэлгээний хорооны уулзалтыг зохион байгуулах зэрэг чиг үүрэг хэрэгжүүлэг байна.
12.2. “Таван хан хайрхан” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2/15 дугаар албан бичгээр, “манай аж ахуйн нэгжийн бодит нөхцөл байдалтай танилцаагүй үнэлгээ өгөөгүй тул бодит байдалтай танилцан, үйл ажиллагаа дээр үнэлгээ хийлгэхийг хүсэж байна. Зохих үнэлгээ хийгээгүй гэж үзэж байгаа учир өмнөх хуралд орох ёстой боломжийг дахин сэргээж үнэлгээг дахин хийж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх”-аар Экспортын дэмжих төсөлд хүсэлт гаргаснаар,
12.3. Экспортыг дэмжих төслийн 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 22/190 дугаар албан бичгээр: “Төсөл хэрэгжүүлэх нэгжид “Таван хан хайрхан”ХХК-ны зүгээс Жижиг, дунд үйлдвэрийн газар нь тус компанийн үйл ажиллагаатай танилцаж холбогдох журмын дагуу үйл ажиллагаанд үнэлгээ хийлгүйгээр Үнэлгээний хорооны хуралд тус компанийн хүсэлтийг хэлэлцэлгүй буцаасан гомдол ирүүлсэн тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгөх”-ийг Жижиг, дунд үйлдвэрлэлийн газрын даргаас хүссэн байдаг.
12.4. Дээрхээс үзвэл, албан тушаалын тодорхойлолтод заасан албаны чиг үүргээ хэрэгжүүлэх нь хамгийн гол үүрэг бөгөөд үүнийг нэхэмжлэгч биелүүлээгүй, түүний Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5 дахь заалтуудыг дурдаж би зөрчил гаргаагүй, албаны үүрэгтээ хайнга хандаж, байгууллагын нэр хүндэд халдаж байгаагүй гэсэн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.1. “... эрх бүхий албан тушаалтан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 3.1.1. “энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах, 3.3. “сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үзнэ”, 3.3.3. “албан хаагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүрэг болон түүний үйлдэл, эс үйлдэхүйн хоорондын хамаарал”, 3.3.4. “бусад албан хаагч болон нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөлөл”, “гаргасан зөрчилдөө дүгнэлт хийж ухамсарласан байдал”, 3.4. “сахилгын шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдалд дор дурдсан тохиолдол хамаарна”, 3.4.3 “зөрчил нь байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагаа, нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлсэн”, 3.6. “эрх бүхий албан тушаалтан албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа тушаал гаргана”, 3.7. “тушаалыг сахилгын шийтгэл хүлээсэн албан хаагчид танилцуулна”, 3.10. “сахилгын нэг зөрчилд нэг төрлийн шийтгэл ногдуулах ба сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулж болохгүй”, 6.1. “...зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар маргаан бүхий тушаалыг гаргахдаа хууль зөрчөөгүй, хариуцагч хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн байна.
13. Энэхүү маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон шалтгаан, үндэслэлийг “...албан тушаалдаа хайхрамжгүй хандаж өөрийн гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгээгүй, байгууллагын албан хаагчдын мэдлэг, ур чадвар, хариуцлага, байгууллагын талаарх үнэлэмжийг унагааж, нийгэм болон бусад байгууллага, ажилчдад сөрөг үр дагавруудыг үүсгэсэн, байгууллагын дотоод үйл ажиллагааг доголдуулан, гадаад харилцагч байгууллага Экспортыг Дэмжих төсөл, төслийн хорооны гишүүдэд байгууллагын нэр хүндийн талаарх үнэлэмжийг унагаах сөрөг нөлөө үзүүлсэн энэ үйлдэлд арга хэмжээ авах, ажлаа сайжруулах шаардлага тавьсан нэгжийн даргатай зүй бусаар харилцаж бусад албан хаагчдад сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл гаргасан, “Таван хан хайрхан” ХХК-ийн хүч хөдөлмөр, хөрөнгө, цаг хугацаа, ирээдүйн боломжийг алдагдуулсан хохирлыг учруулсан хэд хэдэн зөрчил гаргасан нь дотоод аудитын дүгнэлтээр тогтоогдсон...” хэмээн 2022 оны 11 сарын 14-ний өдрийн сонсох ажиллагааны мэдэгдлээр мэдэгдсэнийг нэхэмжлэгч нь “хүлээн зөвшөөрөхгүй” тэмдэглэгээ хийсэн, улмаар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 02 дугаартай захиргааны акт мэдэгдэх хуудсаар маргаан бүхий захиргааны актыг мэдэгдсэн байна. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хувьд сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа түүнийг оролцуулаагүй, саналыг сонсоогүй, мөн маргаан бүхий захиргааны актыг гардуулаагүй үйл баримт тогтоогдохгүй байна.
14. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 259 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн “Жижиг, дунд үйлдвэрийн газрын Хууль, тусгай активын хэлтсийн мэргэжилтэн С.Т нь Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн Б-92 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн атлаа 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 73 дугаартай "Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" тогтоолтой танилцсан, энэ талаар тус байгууллагын холбогдох албан тушаалтнуудад мэдэгдээгүй үйл баримт нотлогдож байх боловч, энэ үйлдлийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан бусдад давуу байдал үүссэн, хохирол, хор уршиг учирсан гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийн субъектийн шаардлагыг хангахгүй, гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хаасан байх ба энэ үйл баримт нь маргаан бүхий захиргааны актыг гарахад шууд нөлөөлөөгүй, энэ үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулаагүй байсныг дурдах нь зүйтэй.
15. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэл гаргагчаас мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.
1. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, 48.10-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Таас Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргад холбогдуулан гаргасан “Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “С.Тад төрийн албанаас халах шийтгэл ногдуулах тухай” Б/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1,109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн Б/49 дүгээр тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН