Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ДШМ/02

 

 

 

 

 

 

 

 

2021 оны 12 сарын 22 өдөр                   2021/ДШМ/02                                   Хэрлэн сум

 

С-т холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

226/2021/00002/Э

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Я.Алтаннавч даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд нээлттэйгээр,

Прокурор Т.Баярмаа /цахимаар/,

Шүүгдэгч С- /цахимаар/, түүний өмгөөлөгч Г.Анхбаяр /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2139000000217 дугаартай 1 хавтас 135 хуудас бүхий хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сүхбаатар аймгийн Бүрэнцогт суманд 1981 онд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 3, ял шийтгэлгүй, Д овогт Л-н С- нь

2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн “Зүүн жаргалантын энгэр” гэх газар Т-ийн малыг маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох малаас 1 тооны ухаа халзан соёолон эр үхрийг завшиж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч Д овогт Л-н С-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-аас 1.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т-т олгохоор шийдвэрлэжээ.

 Шүүгдэгч С- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхээс намайг Т-ийн нэг тооны үхрийг зарсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан.

Тухайн үед би Т-ээс 09 сараас 01 сар хүртэлх хугацааны мал харсан хөлс буюу цалингаа авч чадаагүй байсан. Хөл нь хугараад үхэх гэж байгаа үхрийг нь хөлсийг нь цалин дээрээсээ суутгуулна гэж бодоод хүнсэндээ хэрэглэсэн.Тэр үед эхнэрийн бие муудаад эмнэлэгт хэвтчихсэн, би 150 тооны үхэр, 30 тооны адуу хараад 2 нас, 4 настай охидуудтайгаа гурвуулханаа байсан. Манайх хоол хүнсгүй болчхоод охид маань өлсөөд хэцүү байсан болохоор үхрийг нь хүнсэндээ хэрэглэсэн. Би өөрийгөө буруу юм хийж байна гэж бодоогүй. Одоо маш их харамсаж байна. Би айлд хөлсөөр мал харж гэр бүлээ тэжээдэг учир анхан шатны шүүхээс надад оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял хүндээр тусч байна. Иймд миний ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж надад тэнцэн харгалзах ял оногдуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: С- нь Т-ийн малыг хөлсөөр хардаг байсан. Т- нь С-ын цалин хөлсийг цаг тухайд нь өгөөгүй нь гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн шалтгаан болсон.

С- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан, өмнө нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, эхнэр хүүхдийн хамт айлын мал харж амьдардаг тул нийтэд тустай ажлыг хийх боломжгүй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар С-т оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тэнсэн харгалзах ялаар сольж өгнө үү” гэв.

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баярмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгч С-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг  завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, С-аас 1.200.000 төгрөг гаргуулж Т-т оногдуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт С- нь хохирол төлбөрөө төлөөгүй байсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг мөрдөн байцаалтаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С- нь 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн “Зүүн жаргалантын энгэр” гэх газар Т-ийн малыг маллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох малаас 1 тооны ухаа халзан соёолон эр үхрийг завшиж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/,

Хохирогч Т-ийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх 3/, 

Хохирогч Т-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 сард Өмнөдэлгэр сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн жаргалантын энгэр” гэх газраас 1 тооны ухаа халзан соёолон эр үхэр хулгайд алдсан. Тухайн үед манай малыг С- гэх залуу харж байсан. С-аас асуухад “би аваагүй, хүнд өгөөгүй“ гээд байсан. Сүүлд уулзахад “би таны үхрийг авсан, цайруулж өгнө” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх 8-9, 13-14/, 

Гэрч М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Т гэх хүнээр дэлгүүрээс 270.000 орчим төгрөгийн хүнсний зүйл авчруулаад Т-ийн үхрээс 1 тооны ухаа халзан соёолон эр үхрийг ажиллаад өгөөд явуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх 22-24/,   

Гэрч Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын сүүлээр Өмнөдэлгэр суманд гэртээ байхад С- 20 цагийн орчимд утсаар залгаад “Т-ээс цалингийнхаа оронд үхэр авсан, чи ирэхдээ хоол хүнсний зүйл аваад ир, эхнэр бие нь өвдөөд сумын төвд байгаа” гээд гурил, будаа, тамхи, чихэр зэрэг нийт 200.000 гаруй төгрөгийн зүйл захиж авчруулсан. ...С- “...үхрийнхээ мөнгөнөөсөө машин зассан мөнгөө аваад зөрүү мөнгийг нь манай эхнэрт өгөөрэй” гэж хэлээд үхрээ надад ачуулаад сумын төв рүү явуулсан...” гэх мэдүүлэг /хх 27-28/,  

Гэрч С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С-т манай малыг зарж борлуулах захиран зарцуулах эрх байхгүй...” гэх мэдүүлэг /хх 31-32/,   

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ийн 2021 оны  07 дугаар сарын 23-ны өдрийн 13 дугаартай “...1 тооны соёолон эр үхрийн зах зээлийн үнэлгээ 1.200.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 51-56/,

Яллагдагч С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Т-ийнд сарын 900.000 төгрөгийн хөлсөөр мал малладаг байсан. ...Тэдний 1 үхрийнх нь хөл нь хугараад өвс ч идэхгүй ус ч уухгүй байхаар нь үхүүлж байснаас ажиллаад зарчихъя, Т- дараа нь цалин дээрээс мөнгийг нь суутгаад авчихна биз гэж бодоод ажилласан. Үхрээ зараад 800.000 төгрөгийг өрөндөө өгөөд, үлдсэн 200.000 төгрөгийг эхнэртээ өгсөн...” гэх мэдүүлэг /хх 78-80/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч С-ын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч С-т оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн  хувийн байдалд тохирсон байна.

            Хохирлын мөнгө 1.200.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул гомдолгүй гэсэн хохирогч Т-ийн хохирол төлөгдсөн тухай баримтыг шүүгдэгч С- давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаар гаргаж өгсөн  тул  гэмт хэргийн улмаас учруулсан хохирол бүрэн төлөгдсөн гэж үзлээ.

С- нь тухайн гэмт хэргийг 2019 оны 01 дүгээр сард үйлдсэн ба Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-д зааснаар түүний үйлдэл Өршөөл үзүүлэх тухай хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж тус тус хуульчилжээ. 

            С-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрөлд хамаарахгүй байна.  

Иймд шүүгдэгч С- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зүйл заалтад хамаарч байх тул анхан шатны шүүхээс С-т оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/205 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-т оногдуулсан 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй” гэсэн заалт нэмж,

- Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч С- нь хохирогч Т-т 1.200.000 төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Я.АЛТАННАВЧ

 

                                ШҮҮГЧИД                                           Б.ДЭНСМАА

 

                                                                                              Г.БОЛОРМАА

 

 

17.4