Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/70

 

Ц.Мөнх-Одод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2021/0199/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ч.Мядагбадам

              Хохирогч                                      М.Баярсайхан

              Хохирогчийн өмгөөлөгч              А.Мөнхбат

              Шүүгдэгчийн өмгөөлөгч              Л.Оюунсувд, П.Батжаргал

          Нарийн бичгийн дарга                Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолтой, Цэдэндамбын Мөнх-Одод холбогдох, 2118000000052 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ц.Мөнх-Одын өмгөөлөгч Л.Оюунсувд, П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1971 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тоног төхөөрөмжийн засварчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт сувилагч ажилтай байсан, ам бүл 2, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 3-17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, /РД:ТД71062607/, Шарууд овогт Цэдэндамбын Мөнх-Од,

Шүүгдэгч Ц.Мөнх-Од нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 3-176 тоот буюу өөрийн гэртээ хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч М.Жаргалсайханы амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолоор:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Шарууд овогт Цэдэндамбын Мөнх-Одыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Шарууд овогт Цэдэндамбын Мөнх-Одыг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Одод 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Одод оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мөнх-Одын энэ хэрэгт 2021 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 244 /хоёр зуун дөчин дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 11 дугаартай 1 ширхэг хар өнгийн савхин куртикийг хохирогчид,16 дугаартай 2 ширхэг гар утсыг хохирогч, шүүгдэгч нарт буцаан олгож, 9,10,17 дугаартай хураагдсан гар, хурууны мөрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, 1, 2, 3, 5, 5, 6, 7, 8, 11, 12, 13, 14, 15 дугаартай хэрэгт хураагдсан 2 ширхэг заазуур, будаа агшаагчийн доторх сав, галын хайч, дэгээ төмөр, 2 ширхэг 0.5 граммын Хараа архины шил, 2 ширхэг төмөр нарийн утас, 4 ширхэг уяа зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мөнх-Одод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ялыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Мөнх-Одод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Мөнх-Одын өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах гомдолдоо:

... Ц.Мөнх-Од нь хэргийн талаар сэжигтэн, хохирогчоор, яллагдагчаар удаа дараа мэдүүлэг өгдөг ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй гэж заасан.

Хэрэг учрал болох үед шүүгдэгч, амь хохирогч нар хамт архи хувааж уугаад аль аль нь тодорхой хэмжээний согтолттой байхдаа харилцан зодолдож байснаас харахад амь хохирогч нь оюун санаа, бие махбодын хувьд идэвхтэй үйлдэл хийж орчноо мэдэрч “Куртик оёж өгсөнгүй” гэсэн зүйлээр шалтаглаж хэл ам хийж эхнэрээ зодож байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох /Ц.Мөнх-Одын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан/ шүүх эмнэлгийн шинжээчийн 122 дугаартай дүгнэлтээс харагдана.

Тухайн хэрэг болох үед гэрт зөвхөн эхнэр нөхөр хоёр л байсан. Ц.Мөнх-Од нь тухайн цаг хугацаанд болсон үйлдлийг санаж мэдэж яриагүй, нөхрөө нас барсан шалтгааныг сонсож мэдээд таамаглал төсөөллөөр мэдүүлэг өгсөн байх магадлалтай байдаг. Эндээс харахад Ц. Мөнх-Од нь талийгаачийг биеэ хамгаалж чадахгүй байхад нь амь насыг нь хохироосон гэх үйлдэл нь эргэлзээтэй байдаг учраас хэргийг шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн Ц.Мөнх-Од нь өмнө нь нөхөртөө удаа дараа зодуулж байсан байдаг ба тэр ч байтугай нөхөр нь хоолойд нь хутга тулгаж айлгаж байсан, мөн хэрэг гардаг үед ч галын төмрөөр тархи толгойгүй цохиулж байсан учраас дахин тийм нөхцөл байдалд орох вий хэмээн айж, сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас дээрх хэргийг үйлдсэн байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2.д зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү... гэжээ.

Шүүгдэгч Ц.Мөнх-Одын өмгөөлөгч П.Батжаргал давж заалдах гомдолдоо:

... шүүгдэгч Ц.Мөнх-Одын мөрдөн байцаалтад сэжигтнээр өгсөн мэдүүлгийг үндэслэн “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн" гэж түүнийг буруутгах үндэслэл байхгүй, уг мэдүүлгээс өөр хохирогч биеэ хамгаалж чадахгүй нөхцөл байдалд байсныг мэдсээр байж түүнийг алсан гэх нотлох баримт байхгүй байгаа тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хуулийг буруу хэрэглэсэн байна гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Хохирогчийн хүч хэрэглэсэн хууль бус үйлдлийн эсрэг хийсэн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1-д заасан аргагүй хамгаалалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж алах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа эсэх талаар анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Дээр дурдагдсан шүүгдэгч Ц.Мөнх-Одын сэжигтнээр болон хохирогчоор өгсөн мэдүүлгүүдээс гадна 2021.02.22-ны өдрийн №122 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр "Ц.Мөнх-Одын биед тархи доргилт, зүүн гарын шуу, зүүн бугалга, баруун бугалга, зүүн гуя, баруун гуя, баруун гарын сарвуунд цус хуралтууд тогтоогдлоо... Ц.Мөнх-Одын биед илэрсэн цус хуралтууд нь хэргийн газарт нөхөн үзлэгээр хураан авсан гэх галын төмөр хайч, галын дэгээ төмөр гэх зэргээр үүсгэгдсэн байж болно. Уг гэмтэл нь ... хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна" гэх шинжээчийн дүгнэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, хохирогчийн гэмтлийн тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар амь хохирогч нь куртикний суга оёж өгсөнгүй гэх ялимгүй шалтгаанаар миний үйлчлүүлэгчийг галын хайч, дэгээ төмөр зэргээр харгис хэрцгийгээр хайр найргүй зодож эрүүл мэнд, амь насанд нь аюултайгаар хүч хэрэглэж довтолсон нь хөдөлбөргүй тогтоогдсон. /1-р ХХ-48-51, 2-р ХХ-ийн 20-21 ХХ-27/,

Уг довтолгооны үед Ц.Мөнх-Од нь будаа агшаагчийн доторх төмөр савыг амь хохирогч руу шидсэн нь өөрийгөө хамгаалах үйлдэл байсан. Өөрөөр хэлбэл Ц.Мөнх-Одын довтолгооны эсрэг хариу үйлдэл аргагүй хамгаалалт хийсэн боловч дахин хайчаар зодуулж эхэлснээс хойших үйл явдлыг санахгүй байна гэх мэдүүлэг нь үндэслэлтэй болох нь түүний мэдүүлгүүдийг хооронд нь, мэдүүлгүүдийг бусад нотлох баримттай харьцуулж үзэхэд үнэн болох нь тогтоогдоно. Түүнчлэн Ц.Мөнх-Од нь өглөө босоод гэрээ цэвэрлэж, цайгаа чанаж, буузаа жигнэсэн, дүү ороод ирээрэй гэж гэртээ урьж байснаас үзэхэд талийгаачийг нас барсныг мэдээгүй байсан нь тогтоогдоно. Улмаар түргэн тусламжийн эмч ирж: нас барсныг мэдэх үедээ энд тэнд ухаан алдаж унаад, уйлж, орилж байсан нь гэрч М.Баярсайхан. М.Ганзориг Л.Бадамсүрэн, гэрч Л.Тэгшжаргал /яаралтай тусламжийн эмч/ нарын мэдүүлгээр тогтоогдсон. /1-р ХХ-91-96, 162-163, 184-185,221-225/ Өөрөөр хэлбэл талийгаачийг нас барсныг мэдээгүй үедээ биеэ авч явж байгаа байдал, мэдсэн үедээ байгаа байдал нь тэнгэр газар шиг ялгаатай байгаа нь Ц.Мөнх-Одын "галын хайчаар зодуулж байснаасаа хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө болсон байсан" гэх мэдүүлэг нь үнэн болохыг нотолж байна.

Дээрх үйл баримтаар шүүгдэгч хайч, галын дэгээ төмрөөр зодсон хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас санаа сэтгэлийн гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон үедээ хүний амийг хохироосон буюу Эрүүгийн хуулийг тусгай ангийн 10.2 дугаар зүйл заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх доорх шинжүүд байна. Тухайлбал:

а/ Сэтгэцийн хүчтэй цочрол болон гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт үүссэн байна.

б/ Эдгээр нь хохирогчид галын хайч, дэгээ төмрөөр зодуулж, амь нас нь эрсдэлтэй байдалд орсны улмаас ба агшин зуур хохирогчийн үйлдлийн хариу үйлчлэл болон үүссэн байна.

в/ Санаа сэтгэл цочрон давчидсан үедээ боох үйлдлийг хийсэн байна.

г/ Санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үед сэтгэхүйн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, өөрийгөө удирдах, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байсан тул болсон үйл явдлыг санахгүй, хохирогчийг нас барсныг мэдээгүй байсан байна.

Гэтэл анхан шатны шүүх Ц.Мөнх-Одын хохирогчийн амь насыг хохироосон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэмт хэргийн шинжгүй байна гэж хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийсний улмаас эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ц.Мөнх- Одод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж чадаагүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Хүндрүүлэх нөхцөл байдлыг нотлох баримт хавтаст байдаггүй. Гэрийн баруун унинд байсан хувцас хатаадаг уяаг заазуураар тасалж авч хоолойг нь боосон гэж мэдүүлдэг боловч хэргийн газарт үзлэг хийхэд тухайн уяа байх газраа байсан. Хүн боож болох уяаны нэг үзүүр нь түлэгдсэн нөгөө үзүүр нь хурц иртэй зүйлээр тасалсан гэх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгчийн мэдүүлэг зөрүүтэйг харуулж байгаа. Мөн шүүгдэгч 7 цагийн хугацаанд галын хайчаар зодуулж ухаан алдаж хийж байсан зүйлээ огт санахгүй байсан нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогддог. Биеэ хамгаалж чадахгүй байсныг мэдсээр байж хүний амь нас хохироосон гэж зүйлчилсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгчийн өгсөн мэдүүлгээс үзэхэд сэтгэл санаа цочрон давчидсан үедээ тухайн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогддог. Шүүгдэгч нь хийсэн үйлдлээ төсөөллөөр ярьдаг. Шүүгдэгчийн үйлдэл хувьд биеэ хамгаалж үйлдэл хийсэн гэв. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Хэргийн зүйлчлэл тохироогүй. Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний амь насыг хохироосон гэх анхан шатны шүүхийн зүйлчлэл хэргийн бодит байдалтай нийцээгүй. Биеэ хамгаалж чадахгүй байхад хүний амь нас хохироосон нь нотлогдохгүй байх тул хэргийн зүйлчлэлийг өөрчлөх нь зүйтэй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат тайлбартаа:

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв бодитой үнэлэхэд өмгөөлөгч хэргийн оролцогч нар дэмжлэг үзүүлэх ёстой. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй. Гэр бүлийн хүчирхийлэл байнгын шинжтэй үйлдэж байсан гэж дүгнэсэн Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсан гэдгийг Монгол Улсын Дээд шүүхийн тайлбараар тодорхой зааж өгсөн байдаг. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд тодорхой зааж өгсөн. Хоолойны боолт нь амьд байхад үүссэн байх боломжтой гэдгийг шинжээч эмч анхан шатны шүүх хурал дээр оролцож тайлбарласан. Хавтаст хэрэгт шүүгдэгч өөр өөр мэдүүлэг өгсөн байдаг. Өмгөөлөгч нар аль ашигтай мэдүүлгийг ярьж байна. Шүүгдэгч нар анхан шатны шүүх хурал дээр хийсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Хохирогч нь биеэ хамгаалах чадваргүй байсан нь түүний биед хийсэн үзлэг согтуурлын зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Сэтгэл санаа цочрон давчдах гэдэг нь хором зуур болдог зүйл. Талийгаач нь өглөөний 6-8 цагийн хооронд амьсгалын дутагдалд орж нас барсан гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Баярсайхан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүгдэгчид маш их гомдолтой байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Шүүгдэгчийн анхны мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Анхан шатны шүүх хурал дээр шүүгдэгч хохирогчийн амь насыг хохироосон уяаг зааж өгч хэргээ хүлээж байсан. Хохирогч амьсгалын хурц дутагдлын улмаас нас барсан байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хавтаст хэрэгт цугларсан, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;

Шүүгдэгч Ц.Мөнх-Од нь 2021 оны 02 дугаар сарын 12-ны шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн 3-176 тоот буюу өөрийн гэртээ М.Жаргалсайханы биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, тусгайлан бэлтгэсэн оосор уяагаар хоолойг нь боож амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч Ц.Мөнх-Одын “ ...  2021 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн алдад нөхрийн дүү М.Ганзоригтой битүүлэг хийж нэг шил “Хараа” архи хувааж уусан. М.Ганзоригийг гарч явсны дараа нөхөр /талийгаач/ бид хоёр дахин нэг шил архи хувааж уусан.

Нөхөр “...намайг куртикний суга оёод өг. Маргааш шинийн нэгэнд би яаж уранхай сугатай куртик өмсөж явдаг юм.” гэж загнасан. Түүнээс болж бид хоёр маргасан. Дараа нь галын хайчаар намайг зодсон. Тэгэхэд нь би зугтах гэснээ М.Жаргалсайханд “ -Чи миний нүүрнээс бусад газарт зодож, цохиорой.” гэж гуйсан. Нөхөр зодоод болихгүй болохоор нь би өөрийгөө хамгаалж гал дээр ус халаах гээд ус хийж тавьсан 3-4 литрийн багтаамжтай будаа агшаагчийн саваар нүүр лүү нь цохисон.

Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдсэн би гэрийн баруун талд унинд өлгөөтэй байсан хувцас хатаадаг улаан шар өнгийн нарийн олсыг гал зуухны шкафт байсан хар өнгийн бариултай заазуураар тасалж, тасалсан уяагаар гэрийн зүүн талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан нөхөр М.Жаргалсайханы дээр гарч суугаад хоолойг нь олсоор боосон. Миний баримжаагаар 20-30 минут боосон. Тухайн үед М.Жаргалсайхан ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй . Дээшээ хараад орон дээр тасраад унтаж байсан. /2 хх-166 тал/ гэх мэдүүлэг,

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлт / 2 хавтаст хэргийн 52-54/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад бичгийн баримтуудаар нотлогдож байна.

Давж заалдах шатны шүүх хуралдааны үед болон шүүгдэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “... Шүүгдэгч Ц.Мөнх-Од нөхөртөө зодуулж сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон үедээ М.Жаргалсайханы хоолойг боож амь насыг нь хохироосон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлд заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэжээ.

Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь “Өөрт нь хүч хэргэлж, гутаан доромжилж, эрхшээл дарамтад оруулсан тэр цаг хугацаанд гэмт этгээд сэтгэл санааны гэнэтийн цочролд орж сэтгэцийн хувьд хэвийн байдал алдагдсан үедээ нийгэмд аюултай үйлдэл хийж бусдын амь насыг хохироосон байхыг шаарддаг.

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд: 

2021 оны 02 дугаар сарын 11-ний орой 22 цагийн үед шүүгдэгч Ц.Мөнх-Од, нөхөр болох амь хохирсон М.Жаргалсайхан, түүний дүү М.Ганзориг нартай “Хараа” нэртэй архи ууж, М.Ганзориг гэрээс гарч явсны дараа шүүгдэгч Ц.Мөнх-Од, нөхрийн хамт дахин архи уусан болох нь гэрч М.Ганзоригийн мэдүүлэг,

-Хэргийн газраас 2 ширхэг архины шил эд мөрийн баримтаар хураан авсан тухай баримт /1 хавтаст хэргийн 25 тал/ зэргээр шүүгдэгч болон амь хохирсон М.Жаргалсайхан нар гэмт хэрэг гарахын өмнө их хэмжээний архи ууж согтуурсан ба энэ үед "...- куртикний суга уранхай байна. Оёж өг.” гэх шалтгаанаар маргалдаж, зодолдсон болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 12, 122 дугаартай дүгнэлтүүд, хавтас хэрэгт авагдсан фото зургуудаар тогтоогдож байна.

Тухайлбал:

- Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 

“ 1.Талийгаачийн биед гавал тархины битүү гэмтэл, дагзны баруун хэсгийн тархины хатуу

хальсан дээрх цусан хураа, баруун дагз ясны хугарал, зүүн зулай ба 2 тал бөмбөлгийн завсар, баруун дух, суурийн тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины цусархаг няцрал, духны зүүн хэсгийн хуйх нь доорх, баруун чамархайн булчинд цус хуралт, баруун нүдний доод зовхи, доод уруулын салст, хэлний баруун хажуу хэсгийн цус хуралт, баруун хөмсөгний гадна, зүүн хацарт зулгаралт тогтоогдлоо.

2. М.Жаргалсайханы биед илэрсэн гавал тархины битүү гэмтэл, дагзны баруун

хэсгийн тархины хатуу хальсан дээрх цусан хураа, баруун дагз ясны хугарал, зүүн зулай ба 2 тал бөмбөлгийн завсар, баруун дух, суурийн тархины аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины цусархаг няцрал, духны зүүн хэсгийн хуйх нь доорх, баруун чамархайн булчинд цус хуралтын гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэсэн нь талийгаач болон шүүгдэгч нар харилцан зодолдох явцад талийгаач дээрх гэмтлийг авсан байхаар байна.” гэх дүгнэлт,

Түүнчлэн шүүгдэгч Ц.Мөнх-Одыг сэжигтнээр тооцож авсан “ ... гэрийн зүүн талын орон дээр М.Жаргалсайхан дээшээ хараад тасраад унтаж байсан. М.Жаргалсайханы дээр гарч суугаад хоолойг нь олсоор боосон. Миний баримжаагаар 20-30 минут боосон. Тухайн үед Жаргалсайхан ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. /2 хх-166 тал/ гэх мэдүүлэг,

Шинжээч эмч Туяаг “...2021 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагийн алдад хэргийн газрын үзлэгийн явцад талийгаач М.Жаргалсайханы цогцост үзлэг хийхэд ... хүүрийн хөшилт болон хүүрийн толбо сул илэрсэн нүдний салст болон бэлэг эрхтний төмсгийн гадна хальс бага зэрэг хатсан байсан. Тухайн байдлаас үзэхэд Жаргалсайхан 2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөөний 06-07 цагийн алдад нас барсан гэж үзэж  байгаа болно.” гэх мэдүүлэг,

мөн “... Аливаа хүн гавал тархины гэмтэл авсан даруйд биеэ хамгаалж эсэргүүцэх хөдөлгөөн хийж болно. Харин ийм гэмтэл авсан хүн цаашид хугацаа өнгөрөх тусам  үйлдэл буюу биеэ хамгаалах бусдыг эсэргүүцэх зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийх нь багасдаг. Тухайн хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд тархины битүү гэмтэл авсан бол өөрийгөө хамгаалан бусадтай тэмцэлдэх зэрэг идэвхтэй хөдөлгөөн хийх боломжийг улам багасгадаг.” гэх мэдүүлгүүд,

Хохирогч М. Баярсайханы   “... 2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг 30 минутын үед Мөнх-Од над руу утсаар ярьсан. Би гэрээсээ гарч ахындаа ирэхэд түргэн тусламжийн машин надтай зэрэгцэн ирсэн. Түргэн тусламжийн эмчээс өмнө би ахын гэрт гүйж ороход ах монгол гэрийн зүүн талын орон дээр дээшээ харсан, хөнжил нөмөргөсөн байдалтай хэвтэж байсан. Би ахын баруун гарын бугуйг барьж үзэхэд бүлээн байсан.” / 1 хавтаст хэргийн 92 тал / гэх мэдүүлэг,

Түүнээс гадна шүүгдэгч нь М.Жаргалсайханы хүзүүг боож амь насыг нь хохироох үеийн бүх үйл явдлаа нэг бүрчлэн санаж байсан нь түүний “... гэрийн баруун талд унинд өлгөөтэй байсан хувцас хатаадаг улаан шар өнгийн нарийн олсыг гал зуухны шкафт байсан хар өнгийн бариултай заазуураар тасалж, тасалсан уяагаар гэрийн зүүн талын орон дээр дээшээ хараад хэвтэж байсан нөхөр М.Жаргалсайханы дээр гарч суугаад хоолойг нь олсоор боосон. Миний баримжаагаар 20-30 минут боосон.” гэх мэдүүлэг болон хэрэгт нотлох баримтаар авагдсан бусад баримтуудад үндэслэн

шүүгдэгч, амь хохирогч М.Жаргалсайхантай маргалдаж зодолдсоноос хойш 2-3 цагийн дараа буюу 2021 оны 02 дугаар сарын 12-ны өглөөний 7 цагийн үед “Хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй” байх үед нь хоолойг нь боож амь насыг нь хохироосон,

Ийнхүү бусдын амь насыг хохироохын өмнө урьдаас уяа, олс бэлтгэж 20-30 минутын турш амь хохирогчийн хоолойг боосон байдал нь “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Мөнх-Одод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан нийтлэг үндэслэл, журмыг удирдлага болгож 12 жил хорих ял шийтгэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн санаатай хэлбэрт тохирсон, шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч нараас давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Мөнх-Одын өмгөөлөгч Л.Оюунсувд, П.Батжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ

                                             ШҮҮГЧ                       Б.МАНЛАЙБААТАР

                                                   ШҮҮГЧИД                       Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                      Б.ЭРДЭНЭХИШИГ