Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Т.Маралмаа,

Улсын яллагч Э.Болор, 

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С.М-д холбогдох эрүүгийн 1720000480027 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эмэгтэй, дээд боловсролтой, эрчим хүчний инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй Т овогт С.М,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.М нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын авто замын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 21 кг бод малын өлөн гэдсийг 38-70 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч С.М мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би заримдаа хүний машинаар хил хооронд хүн, ачаа тээвэрлэдэг юм. БНХАУ-ын Эрээн хотод адууны өлөн гэдэс зарж борлуулахаар Улаанбаатар хотоос хатаасан адууны өлөн гэдсийг 1 кг бүрийг нь 500 төгрөгөөр бодож нийт 21 кг адууны өлөн гэдэс авчруулж 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Мандахсүрэн эгчийн 3870 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн машиныг нь хил гарчихаад ирье гэж гуйж авсан. Ингээд адууны өлөн гэдсээ 2 тусд нь боогоод машины копуданд хийж авто замын шалган нэвтрүүлэх цэгийн гаалийн шалгалтын хэсэг дээр ирэхэд гаалийн байцаагч машинд үзлэг хийж урд копутаа сөх гэсэн. Ингээд нуусан байсан адууны өлөн гэдсийг юу болох талаар асуухад нь адууны өлөн гэдэс гэж хэлсэн. Тэгэхэд гаалийн байцаагч машиныг саатуулсан. Гэмт хэрэг үйлдснээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 50-51/,

- Гэрч Б.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаалийн улсын байцаагч М.М зөрчил илэрлээ гэсэн дуудлагаар авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын гарах талд хүрч очиход УАЗ-469 маркийн 38-70 ДГО улсын дугаартай машиныг иргэн С.М жолоодож гарах гэж байгаад саатуулагдсан байсан бөгөөд М.М-н хэлснээр машины копутанд бараа нууж гарах гэж байна гэж мэдэгдсэн. Ингээд тухайн машинд нарийвчлан үзлэг хийхээр гүнзгийрүүлсэн үзлэгийн байранд саатуулж машинд үзлэг хийх гэхэд жолооч С.М нь зугтаад явчихсан. 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр С.М нь хүрч ирээд шалгуулъя, миний буруу байна гэсэн. Ингээд машинд үзлэг хийхэд машины копутнаас 2 хэсэг цэнхэр өнгөтэй боодолтой зүйл гарч ирсэн. С.М-с юу болох талаар асуухад малын өлөн гэдэс гэж хэлсэн. Дээрх 2 хэсэг зүйлийг жинлэж үзэхэд нэг нь 10.4 кг, нэг нь 10.6 кг нийт 21 кг байсан. Машинаас өөр зүйл илрээгүй. Боодолтой зүйлсийг задалж үзэхэд үйлдвэрийн аргаар боловсруулсан гэж үзэхээр бод малын 32 ширхэг боодолтой өлөн гэдэс /давслаад тосолсон/ байсан. Энэ асуудлыг шалгуулахаар материалыг бүрдүүлж прокурорын байгууллагад шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,

-Гэрч М.М-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үед авто замын шалган нэвтрүүлэх боомтын суудлын авто машины гарах хэсэг дээр хяналт, шалгалт хийж байх явцад 15 цаг 00 минутын орчим 38-70 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.М нь жолоодож шалгалтын цэг дээр ирсэн. Түүнээс хориглосон, хязгаарласан бараа тээвэрлэж байгаа эсэхийг асуухад байхгүй гэсэн. Ингээд тухайн машиныг эрсдэлтэй гэж үзэж машинд нарийвчилсан шалгалтыг хийхэд машины урд копутанд 2 боодолтой зүйлийг нуусан байсан. Доторх эд зүйлийг задалж үзэхэд адууны давсалсан өлөн гэдэс байсан. Энэ нь Улсын хилээр нэвтрүүлэхийг хязгаарласан барааны жагсаалтанд ордог тул машиныг саатуулж, зөрчлийн байцаагч Б.Б-н хамт хойшлуулшгүй ажиллагаа явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/, 

- Иргэний нэхэмжлэгч Н.М-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр С.М нь миний 38-70 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийг гуйж аваад БНХАУ-ын Эрээн хот руу явчихаад ирнэ гэсэн юм. Надад хууль бусаар эд зүйл авч явах гэж байгаа талаар тэр хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29/,

- Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтэнд:

  1. Мэдрэхүйн шинжилгээгээр 21 кг хатаасан гэдэс нь муудаж гэмтсэн зүйлгүй, өөрийн өвөрмөц үнэртэй, гогцоо тус бүрээр нь даавуунд боосон байна.
  2. Мэдрэхүйн үзлэгээр хатааж боловсруулсан адууны гэдэс болох нь танигдаж байна.
  3. Тухайн адууны гэдсийг хатааж анхан шатны боловсруулалт хийсэн, гэмтэж муудаагүй байгаа тул дахин боловсруулалт хийн ашиглах боломжтой.
  4. Уг бүтээгдэхүүнийг дахин боловсруулалт хийн ашиглах боломжтой гэсэн дүгнэлт /хх-ийн 38/,

- Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 58 дугаартай дүгнэлт /хх-ийн 41/,

- С.М-ы иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 52-53/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/,

- Бараа тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 10-11/,

- Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 47/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.М нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хил буюу Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хязгаарласан бараа болох 21 кг адууны хатаасан гэдсийг 38-70 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн копутанд нууж хууль бусаар нэвтрүүлсэн нь гаалийн үзлэг шалгалтаар илэрсэн үйл баримт болсон байна.

Шүүгдэгч С.М нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын хилээр хязгаарласан бараа болох 21 кг адууны хатаасан гэдсийг 38-70 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийн копутанд нууж хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Б.Б-н “...2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр гаалийн улсын байцаагч М.М зөрчил илэрлээ гэсэн дуудлагаар авто замын шалган нэвтрүүлэх цогцолборын гарах талд хүрч очиход УАЗ-469 маркийн 38-70 ДГО улсын дугаартай машиныг иргэн С.М жолоодож гарах гэж байгаад саатуулагдсан байсан ... машинд үзлэг хийхэд машины копутнаас 2 хэсэг цэнхэр өнгөтэй боодолтой зүйл гарч ирсэн. С.М-с юу болох талаар асуухад малын өлөн гэдэс гэж хэлсэн. Дээрх 2 хэсэг зүйлийг жинлэж үзэхэд нэг нь 10.4 кг, нэг нь 10.6 кг нийт 21 кг байсан. Машинаас өөр зүйл илрээгүй...” гэсэн, гэрч М.М-ы “...Би тухайн үед авто замын шалган нэвтрүүлэх боомтын суудлын авто машины гарах хэсэг дээр хяналт, шалгалт хийж байх явцад 15 цаг 00 минутын орчим 38-70 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг С.М нь жолоодож шалгалтын цэг дээр ирсэн ... машинд нарийвчилсан шалгалтыг хийхэд машины урд копутанд 2 боодолтой зүйлийг нуусан байсан...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч С.М дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 кг бод малын өлөн гэдэс нь шинжээчийн дүгнэлтээр ашиглагдах боломжтой гэсэн байх тул улсын орлогод оруулахаар Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.М-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 38-70 ДГА улсын дугаартай УАЗ-469 маркийн тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Н.М-н өмчлөлийнх тул битүүмжлэлийг хүчингүй болгож, Н.М-д олгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт С.М-г хууль заасны дагуу хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т овогт С.М-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.М-д оногдуулсан 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.М нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч С.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 21 кг адууны өлөн гэдсийг улсын орлого болгохоор Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлсүгэй.

7. Хэрэгт 38-70 ДГА улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэнийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг өмчлөгч Н.М-д  буцаан олгосугай

8.  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

9. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ    Б.НАРМАНДАХ