| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Отгон Аззаяа |
| Хэргийн индекс | 182/2023/03201/и |
| Дугаар | 182/ШШ2024/00950 |
| Огноо | 2024-03-01 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 182/ШШ2024/00950
| 2024 03 01 | 182/ШШ2024/00950 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н.Э-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Засварын ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд төлсөн 32,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, засвар хийх явцад эвдэлж сүйтгэсэн эд зүйлийг хэвийн байдалд оруулах зардал 43,216,810 төгрөг, нийт 75,216,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,
Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Засварын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Гансүх,
Хариуцагч *******,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ганбаяр,
Гэрч С.Батбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан 75,216,810 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. “Парфюмлюкс” ХХК нь иргэн *******тай 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр засварын ажил гүйцэтгэх 2 тоот гэрээ байгуулсан. Энэхүү гэрээгээр иргэн ******* нь Сүхбаатар дүүргийн 3-р хороо Сөүлийн гудамж 20/2 тоотод байрлах “Lion DIor” худалдааны төвийн В1 давхарт байрлах үйлчилгээний заал руу орох хэсэг, шат, пандус, довжоо, хана, тааз, хаалгыг буулгаж, шинээр арматурчлал хийж бетоноор цутгах, дотор талд гийпсэн хана таазны буулгалтыг хийж, гарсан бүх хог ачиж зайлуулах зэрэг /гэрээний хавсралтанд заагдсан/ ажлыг чанарын өндөр түвшинд баталгаатай хийж гүйцэтгэн хүлээлгэж өгөх, “Парфюмлюкс” ХХК нь гүйцэтгэсэн ажлыг актын дагуу хүлээн авч 49,000,000 төгрөгийг 2 хувааж төлөхөөр тохиролцсон.
Засварын ажил гүйцэтгэх гэрээгээр иргэн ******* нь:
- В1 давхар луу орох шатны төмөр рамтай шилэн дээвэр болон хажуу талын хананы төмөр рам бүхий цонх, шат руу уруудах хэсгийн шилэн хаалга, В1 рүү орох төмөр хаалга зэргийг эвдрэл гэмтэлгүй буулгаж барилгын зүүн талын зайд хурааж байрлуулах,
- Шатны хажуугийн бетон цутгамал пандусыг буулгах,
- Шатны гишгүүрийг буулгах,
- Буулгалт хийж буй хэсгийн болон түүнээс дээш 2 үе хийгдсэн гантиг, плита, дулаалгын шилэн хөвөн болон гантиг чулуу тогтоох зориулалттай угсарсан төмөр карказ зэргийг салгаж буулгах,
- Одоогийн байгаа модон хавтангаар хийгдсэн үүдний хэсгийг бүхэлд нь буулгах,
- Түүн дотор байрлах В1 давхрын 1 цонхны хамгаалалтын бетон цутгамал хийцийг буулгах,
- В1 давхрын дотор талын тааз, даацын багана, дам нурууны үндсэн хийц, цахилгаан монтаж зэрэгт гэмтэл учруулахгүйгээр гипсээр хийгдсэн хэсгийг буулгах, өрөө тусгаарласан гипсэн ханыг буулгах,
- Буулгалтаас гарсан бүх хог хаягдлыг ачиж хогийн цэг рүү хаях,
- Буулгасан хэсэгтээ шинээр хэв хашмал бэлтгэж, хана тааз шатны гишгүүр пандус зэргийг нормын дагуу арматурчилж өндөр маркын бетоноор нягтруулан цутгана,
- Таазны цутгалтыг дотор талаас нь арк хэлбэрээр цутгана,
- Цутгалтын ажлыг эхлэхийн өмнө В1 давхарын хаалганы проёмыг томсгож одоогийн хэмжээнээс өндөр, өргөн хэмжээтэй болгоно. Үүнтэй уялдаад шатны маршийг өөрчлөн тааруулна,
- Таазны цутгалтын үед захиалагчаас өгсөн зааврын дагуу гэрлийн авжур дүүжлэх тусгай зориулалтын төмөр бэхэлгээг үүдний хэсэгт, шатны дунд хэсэгт, шатны төгсгөл буюу орох хаалганы харалдаа таазанд тус тус хийж өгнө. Мөн шатны баруун талын хананд шатны бариулыг байрлуулж бэхлэнэ,
- Цахилгаан болон камерийн холболтын утас монтаж сүвлэх зориулалтын пластмасан хар хоолойг захиалагчтай тохиролцсоны дагуу хананы 2 хажуугаар, таазанд авжур болон нүдэн гэрлүүд байрлахаар, шатны гишгүүр, гадна гэрэлт самбар байрлах хэсэг зэрэгт гэрэл суулгахаар байрлуулна,
- Цахилгаан монтажинд зориулан сүвэлсэн хар хоолойн ажлын гүйцэтгэлийн болон фото зураг гарган өгнө,
- Дээврийн усны хаялгыг 3-4 см уклон гарган налуулж, дээр нь 1 үе чулуутай хар цаас наана. Дээврийн барилгатай харьцсан хэсгийг бороо уснаас хамгаалсан хамгаалалтыг хийж, зориулалтын ус цуглуулж зайлуулах хоолойг байрлуулна,
- Үүдний хэсгийн баруун талын хананд рекламны гэрэлт самбар байруулах проём гаргаж цутгана,
- Үүдний хэсгийн орох хаалганы проёмыг үлдээж цутгах ба хаалганы хэмжээ ирмэгц түүнд тааруулж өрөлт хийж, хаалга ирмэгц хаалгыг суулгах ёстой байсан.
Гэтэл иргэн ******* нь дээр дурдсан ажлуудыг 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэхэд хийж дуусгах байсан ч 30 хувьд хүргэлгүйгээр зугтааж алга болсон. “Парфюмлюкс” ХХК нь гэрээнд зааснаар ажил эхлэхэд 18,483,000 төгрөг, ажлаа дуусгаж хүлээлгэж өгсний дараа үлдэгдэл 30,517,000 төгрөг төлөх ёстой байсан ч иргэн *******гийн зүгээс мөнгө хэрэгтэй байна гэж удаа дараа гуйсныг нь харгалзан үзэж 2023.05.27-ны өдөр бэлнээр 9,483,000 төгрөг, 2023.05.27-ны өдөр дансаар 9,500,000 төгрөг, 2023.06.02-ны өдөр дансаар 15,000,000 төгрөг, 2023.06.11-ний өдөр 7,000,000 төгрөг, 2023.06.19-ний өдөр 5,000,000 төгрөг буюу нийт 45,983,000 төгрөгийг *******д өгсөн. Засварын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа дууссан, нийт хийх ёстой ажлын 30 орчим хувийг гүйцэтгэсэн тул 32,000,000 төгрөгийг *******гаас буцаан гаргуулахаар нэхэмжилж байна.
1.2. Мөн иргэн *******тай гэрээ байгуулахдаа ажил гүйцэтгэх үед барилгын хийц хэлбэр, бусад зүйлсийг эвдэлж хэмхэлж болохгүй талаар санал солилцож тохиролцсон. Тухайлбал засварын ажил гүйцэтгэх 2 тоот гэрээний 1.2-р зүйлийн 1-д “В1 давхар луу орох шатны төмөр рамтай шилэн дээвэр болон хажуу талын хананы төмөр рам бүхий цонх, шат руу уруудах хэсгийн шилэн хаалга, В1 рүү орох төмөр хаалга зэргийг эвдрэл гэмтэлгүй буулгаж барилгын зүүн талын зайд хурааж байрлуулах”, 8-д “В1 давхрын дотор талын тааз, даацын багана, дам нурууны үндсэн хийц, цахилгаан монтаж зэрэгт гэмтэл учруулахгүйгээр гипсээр хийгдсэн хэсгийг буулгах, өрөө тусгаарласан гипсэн ханыг буулгах” гэж заасан. Гэтэл ******* нь ажил гүйцэтгэх явцдаа барилгын хийц хэлбэр, бусад зүйлсийг эвдэж гэмтээсэн, зарим хийсэн ажил нь стандартын дагуу хийгдээгүй бөгөөд чанарын шаардлага хангаагүй буруу хийсэн, тухайн ажлыг засварлаж, дутуу орхисон ажлыг гүйцээж хийлгэхэд 43,216,810 төгрөгийн зардал гарсан.
1.3. Иймд *******гаас засварын ажлын гүйцэтгэл гэрээний гүйцэтгэлд төлсөн 32,000,000 төгрөг, ажил хийх явцад эвдэлж хэмхэлсэн зүйлийг хэвийн байдалд оруулах зардалд 43,216,810 төгрөгийг тус тус нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
2.1. ******* би 2023.05.28-ны өдрөөс эхлэн *******-тай Засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Нэхэмжлэгч талын тайлбараас зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний дагуу ажлуудыг хийж байсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шатны гишгүүрийн ажлыг гүйцэтгэж дуусгаж байх үед *******-ийн захирал утсаар холбогдож, хэл амаар доромжилж гэрээ цуцлах талаар хэлсэн. Тэгээд ажлаа зогсоосон. Шалтгааныг тодруулахад удаашралтай байгаа тул ажлын талбай руу оруулахгүй гэсэн. Ингээд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гэрээний ажлыг зогсоосон. Би гэрээний дагуу ажлыг хийж гүйцэтгэсэн. Хажуу талын объектод үйл ажиллагаа явуулж буй хүмүүс ажил зогсоолгодог байсан. Түүнээс шалтгаалж ажил удааширсан. Энэ талаар нэхэмжлэгчид хэлсэн, нэхэмжлэгч мэдэж байгаа. Би ганцхан шатны ажил хийгээгүй үлдээсэн. Бусад ажлыг дуустал нь хийж гүйцэтгэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3. Хариуцагч ******* нь засварын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл хөлс 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
3.1. 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу нийт 18 ажлыг хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу засварын ажлыг гүйцэтгэсний хөлсөнд 49,000,000 төгрөг авахаар тохиролцсон. Засварын ажлыг гүйцэтгэх явцад Парфюмлюкс ХХК-ийн захирал Зоригт ярилцаж ажлын хөлс нэмж 5,000,000 төгрөг төлөхөөр тохиролцож нийт засварын ажлын хөлс 54,000,000 төгрөг болсон. Засварын ажлыг гүйцэтгэх явцад нийт 45,983,000 төгрөгийг ажлын хөлсөндөө авсан. Гэтэл ажил үргэлжилж байх хугацаанд Зоригт нь хэтэрхий удаан хийгээд гэх шалтгааны улмаас таарамжгүй харилцаа үүсч, хийж байсан ажлыг орхисон. ******* би өөрийн бригадын хүмүүстэй ажиллаж засварын ажлыг хийж дуусч байсан бөгөөд шат хийх болон дээврийг хар цаасаар дэвсэх ажлыг хийлгүйгээр орхиж явсан. Шатыг цутгаж хийх, дээврийг хар цаас тавих ажлын хөлс болон материалын зардалд 3,017,000 төгрөг зарцуулагдана. Иймд Засварын ажил гүйцэтгэх гэрээний хөлс болох 54,000,000 төгрөгөөс нийт 45,983,000 төгрөгийг авч үлдэгдэл 8,017,000 төгрөгөөс шатыг цутгаж хийх, дээврийн хар цаасыг дэвсэх ажлын хөлс, материалын зардлыг 3,017,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг “Парфюмлюкс” ХХК-иас гаргуулж өгнө үү.
3.2. Нэхэмжлэгч талын шат хийсэн, дээврийн ажил хийсэн гэрээ байгаа. Энэ гэрээтэй харьцуулж үзэхэд 3,017,000 төгрөгийг ажил болсон гэж үзэж байна. Тиймээс үлдэгдэл 5,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн гэрээний доор талд санхүүжилт гэсэн байгаа. Энэ баримт дээр 49,000,000 төгрөг дээр 5,000,000 төгрөг нэмэх гэж бичсэн байгаа. Үүнээс үзэхэд 5,000,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн нь нотлогдож байгаа гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дэмжихгүй байна. Яагаад гэхээр энэ нь нэмэлт баримт гаргаж өгөхгүйгээр хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. 5,000,000 төгрөгөөр ажлын хөлсийг нэмэгдүүлэхээр тохирсон гэж байна. Ийм тохиролцоо хийгээгүй. Шатны цутгалт, дээврийн хар цаас наахаас бусад ажлыг хийж гүйцэтгэсэн гэж байна. Энэ тухай нотлох баримт шинжлэн судлахад батлах ёстой. Манай зүгээс *******гийн дутуу хийсэн ажлуудыг нөхөж гүйцэтгэсэн талаарх бүх баримтаа гаргаж өгсөн байгаа. 5,000,000 төгрөгөөр гэрээний үнийн дүнг нэмэгдүүлсэн бол манайхаас гаргаж өгсөн гэрээн дээр байх ёстой. Энэ тухай нотлох баримт шинжлэн судлахад тогтоогдоно. Тиймээс сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
5.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:
Засварын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой:
5.1. Итгэмжлэл /хх 17/
5.2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 4, 63/
5.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх 5/
5.4. Компанийн дүрмийн хуулбар /хх 6-8/
5.5. Засварын ажил гүйцэтгэх гэрээ /хх 9-10/,
5.6. *******-ийн 2023.05.27-ны өдрийн Кассын зарлагын ордер /хх 11/,
5.7. Хаан банкны 2023.05.27-ны өдрийн шилжүүлгийн баримт /хх 12/,
5.8. Худалдаа хөгжлийн банкны 2023.06.11-ний өдрийн шилжүүлгийн баримт /хх 3-14/,
5.9. Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх 15-16/,
5.10. *******гийн гүйцэтгэсэн ажлын талаарх фото зураг /хх 18-27-21/,
5.11. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.07.28-ны өдрийн 182/ШЗ2023/09427 дугаар шүүгчийн захирамжийн хуулбар /хх 28-29/,
5.12. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.08.07-ны өдрийн 182/ШТ2023/00238 дугаар тогтоолын хуулбар /хх 31/
Стандартын дагуу хийгдээгүй бөгөөд чанарын шаардлага хангаагүй буруу хийсэн, тухайн ажлыг засварлаж, дутуу орхисон ажлыг гүйцээхтэй холбогдон гарсан зардалтай холбоотой:
5.13. *******-ийн 2023.08.06-ны өдрийн Бэлэн мөнгөний зарлагын баримт /хх 64-65/
5.14. 06 тоот гэрээний нэмэлт гэрээ /хх 67/
5.15. Дотор гадна фасадын засвар цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ /хх 68-69/,
5.16. Шатны цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ /хх 70-71/,
5.17. Дээврийн ажил гүйцэтгэх гэрээ /хх 72-74/,
5.18. Фото зургууд /хх 75-105/,
5.19. Барилгын материал авсан санхүүгийн баримтууд /хх 119-172/,
5.20. Голомт банкны гүйлгээ хийгдсэн болон бусад санхүүгийн баримтууд /2-р хх 15-22/.
6.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.
6.1. Итгэмжлэл /хх 39/,
6.2. Хариу тайлбар /хх 40/,
6.3. Зарлагын баримт /хх 213/
6.4. *******гийн Голомт банкны дансны хуулга /хх 214-218/,
6.5. *******гийн Хаан банкны дансны хуулга /хх 219-225/,
6.6. *******гийн Голомт банкны шилжүүлгийн баримт /хх 226-235/,
6.7. Сөрөг нэхэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2-р хх 2-3/
зэрэг болно.
7. Шүүхээс хариуцагч талын хүсэлтээр түүний гаргасан Видео бичлэг бүхий си-ди-д үзлэг хийж бэхжүүлсэн. /хх 175-177/, Гэрчээр Ч.Түмэннаст, О.Отгонжаргал, Г.Насанжаргал, С.Батбаяр нарыг оролцуулж, мэдүүлэг авсан. /хх 193-199, 2-р хх 5-7/
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан төгрөг 75,216,810 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: *******тай 2020.05.28-ны өдөр Засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүргийн 3-р хороо Сөүлийн гудамж 20/2 тоотод байрлах “Lion DIor” худалдааны төвийн В1 давхарт байрлах үйлчилгээний заал руу орох хэсэг, шат, пандус, довжоо, хана, тааз, хаалгыг буулгаж, шинээр арматурчлал хийж бетоноор цутгах, дотор талд гипсэн хана таазны буулгалтыг хийж, гарсан бүх хог ачиж зайлуулах зэрэг гэрээний хавсралтад заагдсан ажлыг хийлгүүлэхээр 49,000,000 төгрөгийн өртөгтэй гэрээ байгуулсан, үүнээс 45,983,000 төгрөгийг өгсөн боловч гэрээт ажлыг 30 хувьтай гүйцэтгээд алга болсон, хийсэн ажлууд нь чанарын шаардлага хангахгүй доголдолтой байсныг аргагүйн эрхэнд өөр этгээдүүдтэй гэрээ байгуулж ажлаа гүйцэтгүүлсэн. Иймд 70 хувийн ажлыг гүйцэтгээгүй тул 32,000,000 төгрөгийг буцаан гаргуулах, дутуу орхисон, чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэсэн ажлыг засварлах, эвдэлж гэмтээсэн зүйлсийг хэвийн байдалд оруулахад гарсан зардал 43,216,810 төгрөг, нийт 75,216,810 төгрөгийг нэхэмжилнэ гэж тайлбарласан.
1.2. Хариуцагч засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 90 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн, хажуу талд байрлах объектод үйл ажиллагаа явуулж буй хүмүүс ажил зогсоолгодог байснаас шалтгаалж ажил удааширсан. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
2.1. Нэхэмжлэгч хариуцагч *******тай 2023 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3-р хороо Сөүлийн гудамж 20/2 тоотод байрлах “Lion DIor” худалдааны төвийн В1 давхарт байрлах үйлчилгээний заал руу орох хэсэг, шат, пандус, довжоо, хана, тааз, хаалгыг буулгаж, шинээр арматурчлал хийж бетоноор цутгах, дотор талд гипсэн хана таазны буулгалтыг хийж, гарсан бүх хог ачиж зайлуулах зэрэг гэрээний хавсралтад заагдсан ажлыг хийж гүйцэтгэх, ажлын хөлс 49,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь Засварын ажил гүйцэтгэх гэрээ, төлбөр төлсөн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Гэрээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 8 хоног байна.
Шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.
Гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолтой бол нэхэмжлэгч шаардах эрхтэй.
2.2. Зохигчдын байгуулсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт “гэрээнд заасан хугацааны дотор, чанарын өндөр түвшинд ажлыг гүйцэтгэж захиалагч талд аливаа доголдолгүйгээр хүлээлгэн өгнө”, мөн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1-д “гэрээний үйлчлэх хугацаа 2023.05.28-ны өдрөөс 2023.06.05-ны өдөр хүртэл нийт 8 хоног байна” гэж тухайлан зааж, гэрээний 4.1-т “ажил эхлэхэд 18,483,000 төгрөгийг, ажил дуусгаж хүлээлгэн өгсний дараа ажлыг 3 хоногт үлдэгдэл 30,517,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байна.
Ажлын хөлсний урьдчилгаанд нэхэмжлэгч ******* *******д 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 18,983,000 төгрөг, мөн оны 6 дугаар сарын 02-ны өдөр 15,000,000 төгрөг, 6 дугаар сарын 11-ний өдөр 7,000,000 төгрөг, 6 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 45,986,000 төгрөгийг бэлнээр болон банкны шилжүүлгээр төлсөн болох нь *******-ийн кассын зарлагын ордер, Худалдаа хөгжлийн банк ХХК, Хаан банк ХХК-ийн шилжүүлгийн маягт зэргээр нотлогдон тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй. /хх 11-16/
2.3. Нэхэмжлэгчид хөлс төлснөөр шаардах эрх нь бий болж, хариуцагч ажлын үр дүнг хүлээлгэн өгч хөлсөө бүрэн авах үүрэгтэй бөгөөд Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгч гүйцэтгэх ёстой байна.
Хариуцагч ******* нь гэрээний харилцаанд хугацаа хожимдуулсан, ажлаа бүрэн хийгээгүй, гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг чанарын шаардлагад нийцээгүй буюу доголдолтой байсан болох нь нэхэмжлэгчээс гаргасан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. ******* гэрээгээр тохиролцсон ажлаа хийгээгүй дутуу орхиж явснаас шалтгаалан бид ажлаа үргэлжлүүлэн явуулах үүднээс в1 давхар руу орох шатыг модоор түр шат хийж бэхлэв. Ажлын хөлс 300,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн Г.Батбилэг, гэх баримт болон 300,000 төгрөгийг төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт. /64-65/
2. 2023 оны 6-р сарын 20-оос 2023 оны 06 дугаар сарын 21-нд шилжих шөнө дээврийн цутгалтын ажил хийхдээ барилгын хананд бэхэлгээтэй байсан 2 ш эйр кондишны сэнсний хөл тулгуур, сэнсний доод хэсгийг бетон дотор оруулж цутгаснаас сэнсний ажиллагаа доголдож, нэмэлт үйлчилгээ хийх шаардлагатай болсон байна. Үүнээс шалтгаалж 2ш сэнсийг цэвэрлэж, холболтуудыг нь шинэчилж байрлалыг нь өөрчлөн дээшлүүлэх ажлыг нийт 985,000 төгрөгт хийж гүйцэтгэв. Күүл мастер ХХК-н ажилтан 2023.08.12-ны өдөр гэх баримт болон сэнсийг бетонд оруулсан фото зураг /хх 66, 75, 77, 94-95/
3. Барилгын угсралт, цутгалт, засварын ажил хийхээр 2023.05.28-ны өдөр гэрээ хийж цутгалтын ажлыг хийхдээ иргэн ******* нь гэрээгээр тохиролцсон ажлаа дутуу хийж дээврийн цутгалтыг хийхдээ удаа дараа өөрчилж салхивчны ажилд хүндрэл учруулсны улмаас 500,000 төгрөгийн нэмэлт ажлыг Сод бадрал ХХК-иар гүйцэтгүүлэхээр байгуулсан гэрээ. /хх 67/,
4. Барилгын угсралт, цутгалт, засварын ажил хийхээр 2023 оны 05-р сарын 28-ны өдөр гэрээ хийж цутгалтын ажлыг хийхдээ иргэн Н. ******* нь гэрээгээр тохиролцсон ажлаа дутуу хийсэн, цутгасан хана нь цүлхийсэн, сэнсэрсэн, бетоны нягтруулалт хийгээгүйгээс бетон нь зай завсартай чанаргүй хийгдсэн, ханын бетоныг 2 хувааж 10 хоногийн (эхний цутгалтыг 6 сарын 11-12-д шилжих шөнө, 2 дахийг нь 6-р сарын 22-23 нд шилжих шөнө ) зайтай цутгалт хийснээр хананд завсар үүсч түүгээр борооны ус нэвчиж дотор тал норж чийгтсэн. Шал, шатны цутгалтыг огт хийгээгүйгээс цутгасан хананы доод ирмэг сул шороонд дээр тогтож нурах эрсдэл үүссэн, дотор хаалганы проёмыг хэмжээнээс илүү гарган нурааж суурийн блок тасалдаж суурийн даацын дам нуруу ил гарсан, дотор талын хажуу ханыг бэхэлж цутгалтыг огт хийгээгүй орхисон зэргээс шалтгаалан байгуулсан 8,000,000 төгрөгийн хөлс бүхий Дотор гадна фасадны засвар, цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ.
5. Мөн шалтгааны улмаас байгуулсан 3,000,000 төгрөгийн хөлс бүхий Шатны цутгалтын ажил гүйцэтгэх гэрээ.
6. Мөн шалтгааны улмаас байгуулсан 4,500,000 төгрөгийн хөлс бүхий Дээврийн ажил гүйцэтгэх гэрээ.
7. Мөн шалтгааны улмаас байгуулсан 2,000,000 төгрөгийн хөлс бүхий Сантехникийн ажил гүйцэтгэх нэмэлт гэрээ.
8. Цутгалт, шал, ханын цутгалт, буулгалтын ажилтай холбоотой фото зургууд /хх 68-74 75-87, 89-93, 99-100, 102-105/.
Нэхэмжлэгч, хариуцагчийн гүйцэтгээгүй болон чанаргүй гүйцэтгэсэн ажлыг дээрх гэрээнүүдийн дагуу бусдаар гүйцэтгүүлсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүйн зэрэгцээ шатны цутгалтын ажлын гэрээ, дээврийн ажлын гэрээтэй харьцуулсны үндсэн дээр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон гэх тайлбарыг харгалзан шүүх дээрх баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн болно.
2.4. Түүнчлэн хариуцагч ******* нь гэрээнд заасан хугацаанд буюу 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хооронд ажлыг хийж гүйцэтгээгүй, дутуу гүйцэтгэсэн, ажлын үр дүнгээ хүлээлгэн өгөөгүй болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан “... гэрээний дагуу ажлуудыг хийж байсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр шатны гишгүүрийн ажлыг гүйцэтгэж дуусгаж байх үед *******-ийн захирал утсаар холбогдож, хэл амаар доромжилж гэрээ цуцлах талаар хэлсэн. Тэгээд ажлаа зогсоосон ... Өглөө намайг багажаа авахад нягтлан Хишигдолгор, ерөнхий менежер Энхчимэг хоёр байсан. Би өөрийнхөө багажийг аваад явлаа. Захирал чинь намайг ингэлээ гэж хэлсэн. Үүнээс хойш над руу мессеж бичсэн байсан. Тэр үед би хөдөө байсан. Би 7 сарын 20-ны өдөр очно гэж хэлсэн. 8 дугаар сарын 01-ний өдөр Хишигдолгор луу залгахад утсаа аваагүй ... Хажуу талын объектод үйл ажиллагаа явуулж буй хүмүүс ажил зогсоолгодог байсан. Түүнээс шалтгаалж ажил удааширсан” гэх тайлбар, гэрч С.Батбаярын шүүх хуралдаанд өгсөн “... 8 хоногийн дотор хийх боломжтой байсан, хажуу талын газруудаас болоод ажил зогсдог байсан ...” гэх мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
2.5. Мөн хавтаст хэрэгт хэргийн 122-172, 2-р хавтаст хэргийн 15-22 дугаар хуудсанд авагдсан санхүүгийн баримт бичгээр хариуцагч ******* гэрээнд заасан ажлаа бүрэн хийгээгүй, гүйцэтгэсэн ажлын зарим хэсэг чанарын шаардлагад нийцээгүй буюу доголдолтой байсныг улмаас нэхэмжлэгч нь 23,931,810 төгрөгийн эд материалын зардал гаргасан болох нь нотлогдон тогтоогдож байна.
2.6. Харин хариуцагч ажлын үр дүнгээ хүлээлгэн өгсөн, ажлын үр дүн доголдолгүй байсан гэдгээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх үндэслэлээ өөрөө нотлож, нотлох баримтыг цуглуулж, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй, нотлоогүй, үүргээ биелүүлээгүй нь баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч нь хариу тайлбар, татгалзлаа нотлох үүднээс банкны дансны хуулга, гүйлгээний баримтыг гаргаж өгсөн, видео бичлэг болон ажил гүйцэтгэх үеийн фото зурагт үзлэг хийлгэх, Ч.Түмэннаст, О.Отгонжаргал, Г.Насанжаргал, С.Батбаяр нараас гэрчийн мэдүүлэг авахуулах зэрэг хүсэлт гаргаж, шүүх хуульд заасан журмын дагуу бэхжүүлсэн хэдий ч дансны гүйлгээний баримт, үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, гэрч нарын мэдүүлгээр хариуцагч ******* нь Засварын ажил гүйцэтгэх гэрээний 2.1-д заасан “ гэрээнд заасан хугацааны дотор, чанарын өндөр түвшинд ажлыг гүйцэтгэж, захиалагч талд аливаа доголдолгүйгээр хүлээлгэн өгнө” гэх,
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх...”, 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасан “гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх;” 350.1.6-д заасан “захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх;” үүргээ бүрэн биелүүлсэн гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй байна.
2.7. Дээрх нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийн дутуу орхисон, чанарын шаардлага хангаагүй гүйцэтгэсэн ажлыг засварлах, эвдэлж гэмтээсэн зүйлсийг хэвийн байдалд оруулахад бусдаар 19,285,000 төгрөгийн хөлсөөр ажил гүйцэтгүүлсэн, 23,931,810 төгрөгийн материалын зардал, нийт 43,216,810 төгрөгийн зардал гаргасан болох нь тогтоогдож байна.
2.8. Харин нэхэмжлэгчийн хариуцагч ******* 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр засварын ажил гүйцэтгэх 2 тоот гэрээт ажлын 30 хувийг хийж гүйцэтгэсэн гэх тайлбар, хариуцагчийн тус гэрээт ажлын 90 хувийг хийж гүйцэтгэсэн, гэрээний нийт төлбөр 54,000,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбар хавтаст хэрэгт авагдсан баримтаар тус тус нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймээс шүүх талуудын хооронд байгуулсан 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдөр засварын ажил гүйцэтгэх 2 тоот гэрээг үндэслэж, гэрээнд заасан ажлын нийт үнэлгээ 49,000,000 төгрөг байна гэж үзлээ.
2.9. Нэхэмжлэгчээс дээрх ажлыг хийж гүйцэтгүүлэхэд хариуцагч *******д 45,983,000 төгрөг, бусад этгээдүүдэд 19,285,000 төгрөгийн хөлс, материалын зардалд 23,931,810 төгрөг,нийт 89,199,810 төгрөгийг зарцуулсан байна.
Үүнээс *******гийн гүйцэтгэсэн ажлаас 13,983,000 төгрөгийг зөвшөөрч нэхэмжлээгүй. Харин 45,983,000 төгрөгөөс 32,000,000 төгрөгийн буцаан гаргуулахаар нэхэмжилсэн.
Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч байгууллагад 49,000,000 төгрөгийн ажлын гүйцэтгэл бүхэлдээ шилжсэн байх тул нэхэмжлэлийн шаардлага 75,216,810 төгрөгөөс 49,000,000 төгрөгийг хасаж, 26,216,810 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иймээс Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7 дахь хэсэгт заасанчлан гүйцэтгэгч ажлын үр дүнгийн доголдлыг арилгахад шаардагдах зардлыг хариуцах үүрэгтэй, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасанчлан доголдлыг арилгуулахаар тогтоосон хугацаанд ажил гүйцэтгэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй бол захиалагч уг доголдлыг арилгаж, түүнтэй холбогдсон зардлаа нөхөн төлүүлэх эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас хохиролд 26,216,810 төгрөгийг хангаж, 49,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч хуульд заасан шаардлага гаргах хугацааг хэтрүүлээгүй байна гэж үзлээ.
3. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:
3.1. Хариуцагч ******* нь 5,000,000 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Засварын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлаас шатыг цутгаж хийх, дээврийг хар цаас тавих ажлыг хийгээгүй, энэ ажлын хөлс болон материалын зардалд 3,017,000 төгрөг зарцуулагдана. Бусад ажлыг хийж гүйцэтгэсэн тул Засварын ажил гүйцэтгэх гэрээний хөлс болох 54,000,000 төгрөгөөс авсан 45,983,000 төгрөгийг хасч, үлдэгдэл 8,017,000 төгрөгөөс шатыг цутгаж хийх, дээврийн хар цаасыг дэвсэх ажлын хөлс, материалын зардлыг 3,017,000 төгрөгөөр тооцож, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг “Парфюмлюкс” ХХК-иас гаргуулна гэж тодорхойлсон.
3.2. Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 5,000,000 төгрөгөөр ажлын хөлсийг нэмэгдүүлээгүй. Шатны цутгалт, дээврийн хар цаас наахаас бусад ажлыг хийж гүйцэтгээгүйгээс гадна бусад ажлыг ч дутуу хийсэн гэж маргасан.
4. Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг ханган шийдвэрлэхдээ хариуцагч хариу тайлбар татгалзлаа нотлоогүй гэж дүгнэсэн бөгөөд энэ нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагад мөн хамаарна.
Хариуцагчаас үндсэн нэхэмжлэлийг үгүйсгэх үндэслэлээ гэрээт ажлыг 90 хувьтай гүйцэтгэсэн, гэрээний нийт үнийн дүнг 54,000,000 төгрөг байхаар тохиролцсон гэж сөрөг нэхэмжлэлийн үндэслэлтэй ижил агуулгаар тайлбарласан бөгөөд хариуцагч нь 50,983,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэж хүлээлгэн өгсөн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэл нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Шүүхээс үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 692,050 төгрөг (2023.08.09-нд 367,950 төгрөг, 2023.11.10-нд 324,100 төгрөг)-ийг, хариуцагчийн 2024.02.09-ний өдөр төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 289,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 73 дугаар зүйлийн 73.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 26,216,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 49,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
хариуцагч *******гийн гаргасан 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 692,050 төгрөгийг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 289,035 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.АЗЗАЯА