Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00159

 

 

 

 

 

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00159

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Элбэгзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Хүсэлт гаргагч: Л овогт Д.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэл

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч нь хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

- Д.М миний бие 1974 онд төрсөн. Бага насандаа цэцэрлэг сургуулиар хүмүүжсэн. Би өөрийн нөхөр болох Д.Д-тай 1993 онд анх танилцаж, хайр сэтгэлтэй болж улмаар 1994 онд айл гэр болж хуримаа хийж хамтран амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд охин Д.Т 1996 онд, хүү Д.Т 1998 онд тус тус төрсөн. Гэтэл миний нөхөр 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр зүрхний өвчний улмаас нас барсан. Д.Д бид хоёр албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй юм. Иймээс манай малын А данс нөхрийн нэр дээр байдаг. Гэрлэлтээ батлуулаагүйн улмаас малын А данс надад хамааралгүй болоод байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болсон боловч гэрлэлтээ бүртгүүлээгүйн улмаас 1994 оноос 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэл Д.Д агсантай хамтын амьдралтай байсан болохоор хүсэлт гаргаж байна. Иймд охин Д.Т, хүү Д.Т-ын төрсний гэрчилгээ болон бусад нотлох баримтуудыг үндэслэн намайг Д.Д агсантай А аймгийн  Ц суманд 1994 оноос 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагчаас:

- Д.М-ын Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

- А аймгийн Ц сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн ... тоот тодорхойлолт,

- Д.Д-ын ....................... дугаартай Нас барсны гэрчилгээ-ний хуулбар,

- Д.Т-ийн Төрсний бүртгэлийн лавлагаа,

- Д.Т-ын ......... дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,

- Хүн ам, орон сууцны  1989, 2000 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........... тоот, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  ................. тоот лавлагаанууд зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

           

            3. Хүсэлт гаргагч Д.М-ын хүсэлтээр Д.Б, Б.Э нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

-  Хүн ам, орон сууцны  2000, 2010 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ........... тоот, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн .............. тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- А аймгийн Ц сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ..... тоот тодорхойлолт,

- Д.Д-ын .................... дугаартай 2022, 2023, 2024 оны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Шүүх хүсэлт гаргагч Д.М-ыг Д.Д-тай 1994 оноос 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний Д.Д-тай хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

-  Д.М-ын Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

- А аймгийн Ц сумын Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн Д овогтой Д нь ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байсан. Эхнэр болох Д овогтой М-тай 1994 онд гэр бүл болж 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хамт амьдарч байсан нь үнэн болно гэсэн ........... тоот тодорхойлолт,

- М овогт Д.Д, ............... өдөр төрсөн, нас барсан газар- А аймгийн Ц сум, нас барсан огноо-2024-02-13, нас барсны бүртгэлд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ......... дугаарт бүртгэв гэсэн ............ дугаартай Нас барсны гэрчилгээ-ний хуулбар,

- Эцгийн нэр Д.Д, эхийн нэр Д.М гэсэн 1996 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн Д.Т-гийн Төрсний бүртгэлийн лавлагаа,

- Эцгийн нэр Д.Д, эхийн нэр Д.М гэсэн 1998 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн Д.Т-ын 52 дугаартай Төрсний гэрчилгээ-ний хуулбар,

- Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын ........... дугаар хуудсанд “А аймгийн Ц сумын О багийн хөдөө оршин суух, Д.Д, тэргүүлэгч өөрөө, 1968 оны 11 сард төрсөн, 31 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Д.М, эхнэр, 1974 оны 02 сард төрсөн, 25 настай, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин, Д.Т, охин, 1996 оны 04 сард төрсөн, 3 настай, эмэгтэй, Д.Т, хүү, 1998 оны 06 дугаар сард төрсөн, 1 настай, эрэгтэй” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн .......... тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

 

- Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын ............ дугаар хуудсанд “Архангай аймгийн Ц сумын О багийн А /ц/-д оршин суугч өрхийн тэргүүн М ургийн овогтой Д.Д, 1968 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, малчин, эхнэр Л ургийн овогтой Д.М, 1974 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн, 36 настай, малчин, охин М ургийн овогтой Д.Т, 1996 оны 04 сарын 20-ны өдөр төрсөн, 14 настай, хүү М ургийн овогтой Д.Т, 1998 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн, 12 настай” гэж бүртгэгдсэн Үндэсний төв архивын 2024 оны 03 сарын 20-ны өдрийн .............. тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

 

- А аймгийн Ц сумын О багийн Засаг даргын 2024 оны 04 сарын 02-ны өдрийн Тус багийн иргэн Д овогтой М, Д овогтой Д нарт холбогдох 1994 оноос 2021 он хүртэлх хугацаанд өрхийн бүртгэлд бүртгэлтэй байсан 2021 оноос 2024 он хүртэлх хүн амын өрхийн бүртгэлийг хүргүүлэв. гэсэн ....... тоот тодорхойлолт,

 

- Өрхийн тэргүүлэгч Д.Д-ын нэрээр бүртгэгдсэн 2022 оны “Д.Д өрхийн тэргүүлэгч, 1968 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн, эхнэр Д.М, 1974 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн, Д.Т 1998 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн, Д.Т 1996 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн, Т.Б” гэж, 2023 оны Д.Д өрхийн тэргүүлэгч, 1968 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн, эхнэр Д.М, 1974 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн, Д.Т 1998 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн, Д.Т 1996 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн, С.С, Т.Б гэж, 2024 оны  “Д.Д өрхийн тэргүүлэгч, 1968 оны 11 сарын 07-ны өдөр төрсөн, эхнэр Д.М, 1974 оны 02 сарын 10-ны өдөр төрсөн, Д.Т 1998 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн, Д.Т 1996 оны 04 сарын 24-ний өдөр төрсөн, Т.Б” гэж, бүртгэгдсэн .................. дугаартай Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр зэрэг баримтууд,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

Гэрч Д.Б-ийн: “Би Д.Д-ын төрсөн дүү юм. Би Д.М, Д.Д нарын хэдэн онд гэр бүл болсон оныг нь санахгүй байна. Гэр бүл болсноосоо хойш 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл А аймгийн Ц сумын О багийн Х гэх газраар нутаглаж хувийн малаа маллан амьдарч байсан. Д.М, Д.Д нар 2 хүүхэдтэй. Том охин Д.Т 1996 онд, бага хүү Д.Т 1998 онд тус тус төрсөн. Хүүхдүүд нь ааваараа овоглодог. Д.М, Д.Д нар гэр бүл болохоосоо өмнө өөр хүмүүстэй гэр бүл болж байгаагүй. Д.М, Д.Д нарын гэрлэлтээ бүртгүүлсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Д.Д ах 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр өвчний улмаас нас барсан. ...” гэх,

Гэрч Б.Э-ын: “Би Д.М-ын холын хамаатан юм. Д.М, Д.Д нар 1994 онд гэр бүл болсон. Хуримаа 1994 онд А аймгийн Ц сумын О багийн Х гэх газарт хийж байсан. 1994 онд гэр бүл болсноосоо хойш 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл А аймгийн Ц сумын О багийн Х гэх газраар нутаглаж хувийн малаа маллан хамт амьдарч байсан. Д.М, Д.Д нар хоёр хүүхэдтэй. Том охин Д.Т /О гэж дууддаг/ 1996 онд, бага хүү Д.Т 1998 онд тус тус төрсөн. Д.М, Д.Д нар нь гэр бүл болохоосоо өмнө өөр хүмүүстэй гэр бүл болж байгаагүй. Хүүхдүүд нь ааваараа овоглодог. Д.М, Д.Д нар гэрлэлтээ бүртгүүлээгүй. Яагаад гэрлэлтээ бүртгүүлээгүй талаар нь сайн мэдэхгүй байна. ... Д.Д нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр өвчний улмаас нас барсан. Д.М, Д.Д нар 1994 оноос 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл А аймгийн Ц сумын О багт тасралтгүй хамт амьдарч байсан. Би Д.М-тай холын хамаатан мөн нэг айлын бэрүүд болохоор Д.М, Д.Д нарын хамт амьдарч байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр Д.М-ын Д.Д-тай хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.

2. Хүсэлт гаргагч Д.М нь Д.Д-тай 1994 онд гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч 1996 оны 04 сарын 24-ний өдөр охин Д Т, 1998 оны 06 сарын 03-ны өдөр төрсөн хүү Д Т нарыг төрүүлэн ам бүл 4-үүлээ хамт амьдарч байсан нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

3. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Хүн ам, орон сууцны  1989, 2000 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ........... тоот, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн  .............. тоот лавлагаанууд нь хүсэлт гаргагчийн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, мөн нотлох баримтын шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

            4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Л овогт Д.М-ыг М овогт Д.Д-тай 1994 оноос 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ЭЛБЭГЗАЯА