Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 182/ШШ2024/01213

 

 

 

 

 

 

 

 

               2024     03        15

182/ШШ2024/01213

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Т.Ч-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.Н

 

Хариуцагч: Д.Э нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн 157,452,600 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай иргэний  хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч , 

Гэрч , ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч *******, нарт холбогдуулан Бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн 157,452,600 төгрөгийг хариуцагч нараас хувь тэнцүү хэмжээгээр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч ээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Нэхэмжлэгч ******* миний бие нь Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью ямайка” нэртэй баарны дотор тохижилт, хөгжим техник хэрэгсэл, 1 сарын барьцаа төлбөр болох 4,000,000 төгрөг, үлдэгдэл бараа болох хүнс, архи, пиво гэх мэт зүйлс, үйл ажиллагаа явуулах эрхийн хамт тухайн баарыг, 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээгээр ажиллуулж байсан иргэн Ц.Цогт-Эрдэнээс өөрийн эзэмшилд байсан 10-р хороололд байрлах 78м2 3 өрөө орон сууцыг 156,000,000 төгрөгөөр тооцон өгч, 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр худалдан авсан. Ингэхдээ Нью ямайка нэртэй баарны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу хариуцагч *******, түүний эхнэр нартай тус баарыг иргэн Ц.Цогт-Эрдэнээс авч үргэлжлүүлэн түрээслэхээр мөн түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөхөөр тохиролцон үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Улмаар миний бие нь эрүүл мэндийн шалтгаанаар 2017 оны 06 дугаар сарын 10-нд Гонконг, Бээжинд эмчилгээ хийлгэх гэж яваад 2017 оны 08 дугаар сарын 25-нд Монголд буцаж ирсэн. Энэ хугацаанд миний төрсөн дүү болох тус баарны үйл ажиллагааг хариуцан ажиллуулж байсан бөгөөд миний бие нь мөн баарны зохион байгуулагч, ажилтан нартайгаа утсаар холбогдож, холбоотой ажиллаж байсан. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай ажилчдыг 2 өдөр амарч байх үед Нью ямайка баар байрлаж байсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч буюу хариуцагч ******* нь тус баарны хаалганы цоожны голыг дур мэдэн сольсон байсан ба ямар шалтгаанаар ийнхүү хаалганы цоожийг дур мэдэн сольж, үйл ажиллагаа хэвийн явуулах эрхийг хязгаарласан талаар асууж тодруулах гэхэд ******* нь утсаа авахгүй, гэрийн хаягийг нь мэдэхгүй байна гэж манай дүү болон ажилчид надад утсаар мэдэгдсэн. Үүний улмаас миний бие түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан баарны үйл ажиллагааг тэр өдрөөс эхлэн хэвийн явуулах боломжгүй болсон.

Хариуцагч ******* нь 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр буюу 5 хоног хүлээлгэсний дараа баарны хаалгыг онгойлгон өгөхөд манай ажилчид өөрсдийн хувцас, хувийн эд зүйлээ авахдаа баарны үйл ажиллагаа явуулахад хэрэглэгдэж байсан баарны эд хогшил, зурагт, үлдэгдэл бараа болох архи, пиво гэх мэт зүйлсийг байхгүй болсон байгааг манай бааранд зохион байгуулагчаар ажиллаж байсан ажилтан Ц.Энхмандал надад утсаар хэлж мэдэгдсэн.

Улмаар миний төрсөн дүү болох энэ талаар *******аас асууж тодруулах гэж гар утас руу удаа дараалан залгахад утсаа авахгүй, мөн түүний гэрийн хаягийг мэдэхгүй болохоор олж уулзаж чадахгүй байсаар 2017 оны 08 дугаар сарыг хүргэсэн.

Харин миний бие нь 2017 оны 08 дугаар сард Монголд буцан ирээд *******тай уулзахад тухайн баарыг өөр хүнд шинээр түрээсэлсэн, энэ залуучуудаас хагас жилээр нь түрээсийн мөнгө авсан. Бэлнээр 11 сая, Приус маркийн автомашин авчихсан тул 2018 оноос эхлэн түрээсийн төлбөрийг нь чи авчих гэж надад хэлсэн.

Миний зүгээс *******т хандаж намайг байхгүй хооронд авч явсан эд зүйлийн мөнгийг өгчих гэхэд ******* нь нэхэмжилж байгаа эд зүйлийн жагсаалтаа гаргаад өгчих гэхээр нь баар түрээслэн ажиллуулж байгаа Б.Сүхтулга гэх залуутай биечлэн уулзаж эд зүйлээ үзэхэд миний эд зүйлийн зарим хэсэг байсан ба бусад нь байхгүй байсан тул байхгүй байсан эд зүйлийн жагсаалтаа тухайн үедээ гарган өгсөн боловч огт төлбөр төлөөгүй.

Миний бие нь эрүүл мэндийн шалтгаанаар дахин гадаад улсад 2 жил орчим эмчилгээ хийлгэж байгаад 2019 оны 09-р сард Монголд ирэхэд Нью ямайка нэртэй баарыг зарсан, иргэн ******* нь утсаа авахгүй, түүнийг олж уулзаж чадахгүй болсон.

Хариуцагч ******* нь миний нэхэмжилж байгаа эд зүйлийг төлчих байх, ярилцаж тохиролцсоноороо 2018 оноос эхлэн түрээсийн төлбөрийг би авах юм байна гэж хүлээсэн боловч ямар ч үр дүнд хүрээгүй тул арга буюу Баянгол дүүрэг цагдаагийн хоёрдугаар хэлтэст иргэн *******т холбогдуулан өргөдөл гаргаж өгсөн.

Улмаар шинжээч, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021 оны 01-р сарын 28- ны өдрийн Хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтээр ******* нь надад 167,452,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон.

Гэвч цагдаагийн байгууллагаас иргэн *******т холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаад Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр 06-ний өдрийн №1547 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолыг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №901 дугаар албан бичгээр Хариу мэдэгдэх хуудсыг миний нэр дээр ирснийг хүлээн авч танилцахад “...Иргэн *******, ******* нарын хооронд иргэд хоорондын гэрээтэй холбоотой маргаан үүссэн, гэмт хэргийн шинжгүй байх тул” Хэрэг бүртгэлтийн 180506011 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан байсан.

Миний бие нь *******тай 2022 онд дахин уулзаж миний эд зүйл, надад учирсан хохирлыг төлөх асуудлаар ярилцахад ******* нь би чамд 10,000,000 төгрөг дансаар чинь шилжүүлье. Надад гомдол санал байхгүй гэсэн бичиг хийгээд өгчих. Чамайг өвчтэй байгааг ойлгож байна. Цаашдаа миний зүгээс боломжоороо төлбөр төлөх болно гэсэн тул би авах ёстой мөнгөнөөсөө тодорхой хэмжээгээр авахын тулд аргагүйн эрхэнд гомдолгүй гэсэн тухай бүхий бичиг хийж өгөөд *******аас 10,000,000 төгрөг авсан.

Харин *******ыг миний төлбөрөөс төлөхийг өнөөдрийг хүртэл хүлээсэн боловч дахин ямар ч төлбөр тооцоо хийгээгүй. Би *******аас энэ талаар асуухаар би дахин төлбөр төлөх шаардлага байхгүй гэдэг тайлбарыг өгч, чи явдаг газраараа явж, хандах газраа ханд гэж хэлсэн.

Миний дараа баар түрээслэн ажиллуулж байсан Б.Сүхтулга нь Нью ямайка нэртэй баарыг түрээслэхээ больж барьцааны 4,000,000 төгрөгөө буцааж авъя гэж *******аас асуухад чамд өгөхгүй, чаддаг юм бол шүүхдээд ав гэсэн тул би аваагүй орхисон гэж цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ тайлбарласан байна. Энэ байдлыг харахад ******* нь надаас гадна бусад хүнээс үндэслэлгүйгээр барьцааны мөнгийг авч ашигласан нь дээрх байдлаас харж дүгнэж байна.

Иймд хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг үндэслэж *******аас 157,452,600 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ нь Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүссэн үүрэг юм гэв.

1.2. Дотор нь эд хөрөнгө байсан гэдэг дээр шинжээч томилогдоод дүгнэлт гарчихсан байна. Хариуцагч *******ын өөрийн өгсөн мэдүүлэг дээр нь дотор нь бараа байсан. Хаях барааг нь хаяад, зарахыг нь зарсан гэж ярьдаг. Тухайн бааранд үйл ажиллагаа явуулж байсан Мөнхбат, Энхмандал, Төрмөнх гэх ажилчдын мэдүүлгээс дотор нь ямар төрлийн бараа байсан нь нотлогддог. Шинжээчийн дүгнэлтээр хэр их бараа байсан нь тогтоогдож, 167,000,000 гэж гарсан. Түүнээс 12,000,000 төгрөг, барьцаа 4,000,000 төгрөг буцааж өгсөн байна. Үлдэгдэл мөнгөө төлөөгүй байна. Иймд нэхэмжилж байгаа мөнгийг гаргуулж өгнө үү гэв.

 

  2. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. *******аас яагаад нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Тухайн эд хөрөнгө нь *******ын өмчлөлийн эд хөрөнгө биш юм. Шинжээчийн дүгнэлт дээр байгаа энэ эд хөрөнгө нь байгаагүй. Тус эд хөрөнгө байсан эсэхийг нотлоогүй. Тус хөрөнгийг ******* зарж, үрсэн талаар шалгаад гэмт хэргийн үндэслэлгүй байна гэж  прокурорын тогтоол гарсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөрөнгийн үнэлгээний төвийн үнэлгээ нь тухайн бааранд энэ эд хөрөнгүүд байсан гэдгийг нотлох баримт биш юм. Нэхэмжлэгч талын гаргасан жагсаалт дээр гаргасан үнэлгээ юм. Түүнээс тухайн бааранд очоод үзэж, хараад байсныг нь үнэлсэн үнэлгээ биш гэдгийг шүүх анхаарч үзээрэй гэж  хүсэж байна. Энэ бааранд хэдэн ширхэг архи, пиво, эвдэрхий хөргөгч зэрэг байсан. Хөрөнгийн үнэлгээ дээр дурдагдсан байгаа бараа материал огтхон ч байгаагүй.

2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 492.1.1-д заасан үндэслэлээр гаргадаг. Талуудын хооронд хөрөнгө шилжүүлсэн, гэрээ байгуулсан ч хожим хүчин төгөлдөр бус болсон урьдчилсан нөхцөлийг хангасан хэм хэмжээ байдаг. Нэхэмжлэгч тал хөрөнгөө ******* гэдэг хүнээс шаардаад байдаг. ******* бол хариуцагч биш юмаа. Яагаад гэхээр энэ үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь байсан. Тэр хоёр гэр бүлийн харилцаатай. Цогт-Эрдэнэ гэдэг хүнтэй түрээсийн гэрээ байгуулж ажиллаж байсан. Цогт-Эрдэнэ гэдэг хүнтэй гэрээ байгуулж байхад давхар түрээсийн гэрээ байгуулаад түрээсийн тусгай зөвшөөрөл, байрны тохижилт, дотор нь байсан зүйлээр хоорондоо худалдах худалдан авах гэрээ хийсэн байсан. Энэ гэрээг хийхэд ээс зөвшөөрөл аваагүй. тэй дахиж түрээсийн гэрээ байгуулаагүй. Энэ хооронд байр худалдагдах болоод байрны ус алдах үед зохицуулаад өгөөч гэхэд нь 2 удаа ийн өмнөөс уулзсан. Ийм зүйл болсон. Хариуцагч биш гэж үзэж байна. *******аас асуусан. Түрээсийн харилцаанд орж байгаагүй гэсэн. Энэ баарыг түрээсэлдэг байсан. Би түрээслээгүй. ******* гэдэг хүнтэй уулзаж байгаагүй гэдэг.

1.3. Гэрч өөрөө үнэлгээний газраа олоод үнэлгээний материалаа ажилчидтайгаа нийлж байгаад гаргаж өгөөд прокурорын байгууллагад хүсэлт гаргаад үнэлгээ хийсэн гэсэн. Ийм үнэлгээгээр нэхэмжлэл гаргах боломжгүй. Шүүх үүнийг анзаарч үзээрэй гэж хүсэж байна. ******* эхнэрийнхээ гуйлтаар оролцдог. Эрүүгийн хэрэг хаагдсаны дараа тэй ирж уулздаг. ******* эхнэрийнхээ өмнөөс төлбөрийг нь төлсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.  

 

3.Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд:

3.1. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 5/

3.2. Итгэмжлэл /хх 6, 101/

3.3. Бэлэн мөнгөний орлогын баримт /хх 7-8/

3.4. 2018.11.16-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх 9-10/,

3.5. Иргэд хоорондын эд хөрөнгө солилцох гэрээ /хх 11/,

3.6. Эд хогшил, тоног төхөөрөмжийн жагсаалт /хх 12-13/,

3.7. Бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх 14/,

3.6. Иргэн ******* /99118928, 88110040, эхнэр /-аас иргэн Түмэннасан овогтой *******ын нэхэмжилж байгаа эд хөрөнгө үнэ бүхий зүйлсийн жагсаалт 2017.09.03 /хх 15-16/,

3.7. 2018.12.07-ны өдөр аас хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 17-21/,

3.8. 2018.11.21-ний өдөр аас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 22-24/,

3.9. 2020.12.18-ны өдөр *******аас хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 25-27/,

3.10. 2020.04.22-ны өдөр Ц.Цогт-Эрдэнээс гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 28-29/,

3.11. 2020.04.29-ний өдөр *******аас гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 30-32/,

3.12. 2020.04.29-ний өдөр ээс гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 33-35/,

3.13. 2020.12.10-ны өдөр Ц.Энхмандалаас гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 36-37/,

3.14. 2020.12.18-ны өдөр Г.Төрмөнхөөс гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 38-39/,

3.15. 2021.02.01-ний өдөр хохирогч *******, гэрч ******* нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 40-44/,

3.16. 2021.03.21-ний өдөр Б.Сүхтулгаас гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 45-46/

3.17. 2020.05.04-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай мөрдөгчийн санал /хх 47-48/,

3.18. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020.05.13-ны өдрийн 1847 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх 49-50/,

3.19. 2020.05.25-ны өдрийн Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын тогтоол гаргасан гомдол /хх 51-52/,

3.20. ын Хаан банкны дансны хуулга /хх 53-56/,

3.21. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2020.06.08-ны өдрийн 18 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай прокурорын тогтоол /хх 57-58/,

3.22. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021.01.04-ний өдрийн 09 дугаар Нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэрэг бүртгэлтэд буцаах тухай прокурорын тогтоол /хх 59/

3.23. 2021.02.02-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх 60-61/,

3.24. 2021.05.13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх 62-64/,

3.25. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021.01.28-ны өдрийн 039 дүгээр Хөрөнгө үнэлсэн тухай тайлан /хх 65-85/,

3.26. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021.09.06-ны өдрийн 1547 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол /хх 86-88/,

3.27. Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2021.11.24-ний өдрийн 901 дугаар Хариу мэдэгдэх хуудас /хх 89-90/,

3.28. 2021.01.29-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 91/,

3.29. 2021.02.01-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 92/.

4.Хариуцагчаас дараах нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн болно.

4.1. Итгэмжлэл /хх 94/,

4.3. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 106/,

4.4. 2021.08.06-ны өдрийн *******аас ******* руу буцаалт барьцаа гэх утгаар 4,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн баримт /хх 130/,

4.5. 2021.12.31-ний өдрийн Тэмдэглэл /хх 131/,

4.6. *******ын Хаан банкны дансны хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт /хх 132/.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 157,452,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд 2023.09.25-ны өдөр гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023.11.27-ны өдөр хамтран хариуцагчаар ийг татан оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргасныг тус шүүхийн 2023.12.04-ний өдрийн 182/ШЗ2023/15738 дугаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

Шүүхээс хариуцагч ийг шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэсэн хариуцагч хаягтаа оршин суудаггүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг гардуулах ажиллагаа хийгдээгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аас хамтран хариуцагчаар ийг оролцуулахаас татгалзсан, хариуцагчаа тодорхойлох нь нэхэмжлэгчийн туйлын эрх тул шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

 

2. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

 2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* нь миний эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью ямайка” нэртэй баарны дотор тохижилт, хөгжим техник хэрэгсэл, 1 сарын барьцаа төлбөр болох 4,000,000 төгрөг, үлдэгдэл бараа болох хүнс, архи, пиво гэх мэт зүйлс, үйл ажиллагаа явуулах эрх зэргийг хууль бусаар захиран зарцуулж, өмчлөх эрхийг зөрчсөнөөс 157,452,600 төгрөгийн хохирол учруулсан гэж тодорхойлж байна.

 

2.2. Хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч нь байсан. ******* хариуцагч биш, тухайн бааранд шинжээчийн дүгнэлтэд заасан эд хөрөнгүүд байсан гэдэг нь нотлогдоогүй гэж маргаж байна.

 

            3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 1547 дугаар прокурорын тогтоолоор “2018 оны 07 дугаар сард Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нью Ямайка нэртэй баарыг түрээсэлж доторх эд зүйлийг нь худалдан авсан боловч тус объектын эзэн гэх хүн хууль бусаар нэвтрэн орж дотор байсан эд зүйлийг зөвшөөрөлгүй бусдад худалдан борлуулсан” гэх хэрэг бүртгэлтийн 180506011 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг,

 Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр 24-ний өдрийн 901 дугаар Хариу мэдэгдэх хуудсаар тус тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хэрэг бүртгэлтийн 180506011 дугаартай хэргийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шинжгүй үндэслэлээр хаасугай гэж өөрчлөлт оруулсныг мэдэгдэж, учирсан хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэжээ. /хх 86-90/

 

3.2. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй болохыг зохицуулжээ.

 

Дээрх хуулийн зохицуулалт нь бусдын хууль бус эзэмшилд байгаа эд хөрөнгийг, эрх бүхий этгээдэд нь буцаан олгуулах үндсэн зорилготой бөгөөд хэн нэгэн этгээд эд хөрөнгийг эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар захиран зарцуулсан тул хөрөнгө биетээр байхгүй болдог ба уг хөрөнгийн өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болж түүнийг сэргээх боломжгүй болсон нөхцөлд өмчлөгчийн эрхийг зөрчсөний улмаас түүнд учирсан хохирлыг эд хөрөнгийн үнээр нөхөн төлүүлэх үүрэг хүлээлгэх хэлбэрээр дээрх иргэний эрх зүйн хамгаалалтыг бий болгодог.

 

Нэхэмжлэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Б, Т-Б Ард аюушийн өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах Нью Ямайка нэртэй диско баарыг доторх бүх тохижилт, хөгжим техник хэрэгсэл, компанийн тусгай зөвшөөрөл, тухайн өдрийн үлдэгдэл бараа, 1 сарын түрээсийн барьцаа болох 4,000,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, Очир 3 хотхонд байрлах 7 давхрын 3 өрөө 78 м.кв орон сууцаар арилжаалан авсан буюу өмчлөгч болсон болох нь:

- *******, Цогт-Эрдэнэ нарын байгуулсан Иргэд хоорондын эд хөрөнгө солилцох гэрээ, эд хогшил тоног төхөөрөмжийн жагсаалт /хх 11-13/,

 - гэрч ын шүүх хуралдаанд өгсөн “... барьцаа 4,000,000 төгрөг, дотор техник хэрэгсэл, хөгжим, туслах тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг, 14 орчим тооны зурагт, бараа материал, дотор бусад тоног төхөөрөмж, хяналтын камерууд, хяналтын камерын хойно байрлах компьютер, туслах тоног төхөөрөмжүүд, гал тогооны хэрэгслүүд, тохижилтын бусад зүйлсийг Цогт-Эрдэнээс худалдаж авсан ...” гэх,

 2018.11.21-ний өдөр гэрчээр, 2018.12.07-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн “... Би 2017.03.15-ны өдөр өөрийн төрсөн ах болох *******ын хамтаар иргэн Цогт-Эрдэнээс БГД 13 дугаар хороо, 2Б-Т-Б гэсэн хаягтай, Ард аюушийн өргөн чөлөөнд байрлалтай нью ямайка барыг доторх бүх тохижилт хөгжим тээврийн хэрэгсэл компанийн тусгай зөвшөөрөл 1 сарын барьцаа болох 4 сая төгрөгийн хамтаар СХД 1 хороолол Очир 3 хотхонд байрлах 7 давхрын 3 өрөө 78 м.кв байрны төлбөрт бодож авсан ...” гэх мэдүүлэг /хх 18, 23/,

- *******ын 2020.12.18-ны өдөр хохирогчоор мэдүүлсэн “... Миний бие Нью Ямайка барыг 2017.03-р сард Цогт-Эрдэнэ гэж хүнээс худалдаж авахдаа тухайн бааранд байсан эд хогшил болон тусгай зөвшөөрлийг өөрийн эзэмшилд байсан 10-р хороололд байрлах 78 м2 3 өрөө байрыг 156,000,000 төгрөгөөр бодож худалдаж авсан ...” гэх мэдүүлэг /хх 26/,   

- Ц.Цогт-Эрдэнийн 2020.04.22-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “... Би 2016 оны 04 дүгээр сард өөрийн танил найз Бороогоос хорооллын эцэст байх Ямайка нэртэй баарыг доторх тохижилтыг нь түрээстэй нь худалдаж авсан тэгээд би тухайн объектийн эзэн гэх ******* гэх залуугийн эхнэр гэх эмэгтэйтэй 3 жилийн түрээсийн гэрээ хийж уг баарандаа би засвар хийж ажиллуулж эхэлсэн. Тэгээд би нэг жил гаран ажиллуулаад 2017 оны 03 дугаар сард ******* гэх хүнд доторх тохижилт түрээсийн гэрээний хамт шилжүүлэн зарсан. Тэгээд *******тай уулзуулж гэрээг нь шинчлүүлж тохижилт доторх эд зүйлтэй нь хүлээлгэн өгч зарсан ...” гэх мэдүүлэг /хх 29/-ээр тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

            Хариуцагч нь *******ын Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Б, Т-Б Ард аюушийн өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах Нью Ямайка нэртэй диско баарыг доторх бүх тохижилт, хөгжим техник хэрэгсэл, компанийн тусгай зөвшөөрөл, тухайн өдрийн үлдэгдэл бараа, 1 сарын түрээсийн барьцаа болох 4,000,000 төгрөгийн хамт худалдан авсан үйл баримтад маргаагүй.

 

            3.3. Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гэдгийг бусдын хөрөнгө гэдгийг мэдсэн атлаа захиран зарцуулах эрх бүхий дээрх этгээдүүдэд мэдэгдэж хэлэлцэн тохирохгүйгээр, мэдэгдсэн боловч зөвшөөрөөгүй байхад эд хөрөнгийг дур мэдэн авсан байхыг, эд хөрөнгийг ашиглах гэдгийг эд хөрөнгийн ашигтай байдлыг хүртэж /үр шим, орлогоор/, хэрэгцээгээ хангахыг, эд хөрөнгийг өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулсан гэдгийг уг хөрөнгийг өөр хөрөнгөтэй холих нийлүүлэх, нэгтгэх замаар эсхүл дахин боловсруулж, шинэчлэн өөрчилснөөр хуучин эд хөрөнгийн анхны шинж бүтцийг алдагдуулан шинэ хөрөнгө бий болгосон, эсхүл ашиглаж, хэрэгцээгээ хангасны үр дүнд хөрөнгийг устгаж, үгүй болгосон гэсэн ойлголт бөгөөд эдгээр тохиолдолд өмнөх хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээх боломжгүй болсон байдаг.

 

            Хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Б, Т-Б Ард аюушийн өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах Нью Ямайка диско баарны доторх тохижилт, хөгжим техник хэрэгсэл, компанийн тусгай зөвшөөрөл, бараа бүтээгдэхүүн зэргийг түүний хүсэл зоригоос гадуур, түүний зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулах, дур мэдэн хаях зэргээр захиран зарцуулж *******ын эрхийг зөрчсөн болох нь:

            - Ц.Цогт-Эрдэнийн 2020.04.22-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “... Намайг зарснаас хойш 3 сарын дараа ******* над руу яриад миний дүү нөгөө баарны чинь хүмүүс хаалганы гол солиод ажиллуулж байсан дүү нарыг бүгдийг нь хөөгөөд гаргасан байна гэж надад хэлэхээр нь би ******* руу залгах гэсэн боловч холбоо барьж чадаагүй. Тэрнээс хойш нэг удаа хэзээ уулзсанаа санахгүй байна. Бороо, ******* түүний эхнэр гэх эмэгтэй, ******* бид хэд уулзахад Ямайка баарны тохижилтын бүх эд хөрөнгийг эд зүйлсийг ******* эхнэрийн хамт авсан байсан тэрийгээ буцааж өгч тавихаар болсон. Тэгээд нөгөө баараа өөр хүмүүст түрээсэлсэн байсан гэсэн. ... Би тухайн үед ******* ахад хүлээлгэж өгөхдөө акт үйлдсэн яг тэр янзараа бүх эд зүйлс нь байх ёстой. Нийт үнэлгээ нь 100 гаран сая төгрөгийн эд зүйл тоног төхөөрөмж байгаа. /Аяга шаазан, виски архи, зурагт, ширээ сандал, буйдан, гэрэл хөгжим, камер, зэрэг эд зүйлс байгаа./ ... ******* нь *******ад баараа түрээсэлчхээд гадагшаа яваад ирэх хооронд нь өөр хүнд давхар түрээслээд доторх эд зүйлс тохижилтын өнгөтэй өөдтэй бүхнийг нь гаргасан байсан ...” гэх мэдүүлэг, /хх 29/

            - *******ын 2020.04.29-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “... энэ үед Мөнхбат гэх залуу эхнэрийн хамт ажиллуулж байсан. Тэгж байгаад түрээсийн төлбөрөө өгөлгүй гэнэт алга болсон. Тэд нарыг ирэхгүй байхаар нь түрээсэлсэн баарандаа орж үзэхэд ус алдсан, жоомтой болчихсон, цахилгааны төлбөр гэхэд 700,000 төгрөг болсон байсан. Намайг ороход 300 ам долларын архи байсныг дүү ээр заруулж, мөнгөөр нь цахилгааны өр төлбөрийн мөнгийг нь төлсөн. Түрээсэлсэн бааранд нь сандал ширээ, архи пивоны шил, хөлдөөгч 1 ширхэг, хөгжмийн эвдэрхий хэрэгслүүд байсан. Би Мөнхбатын түрээсэлсэн байрыг цэвэрлээд зарахаар зар тавьсан ...” гэх мэдүүлэг /хх 32/,

            - ийн 2020.04.29-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “... Мөнхбат гэх залуугийн түрээсэлж байсан байранд дундаа жижиг ширээтэй буйдан 3 ширхэг, босоо сандал 4 ширхэг, ширээ 4 ширхэг, хөгжмийн дуу өсгөгч 1 ширхэг, эвдэрхий хөлдөөгч 1 ширхэг зэрэг эд зүйл байсан. ... Түрээсийн байранд байсан эд зүйлийг гаргаж хаясан ...” гэх мэдүүлэг /хх 35/,

            - Ц.Энхмандалын 2020.12.10-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “... 2017.06.09-ны өдөр үйлчлүүлэгч байхгүй байсан болохоор өдөр бар хариуцсан захирал *******тай мессеж бичиж 2 өдөр амрахаар болсон. 2017.06.11-ний өдөр ажил дээрээ очиход гадна талын хаалга сольсон байсан учир хуучин түлхүүр таарахгүй байсан. ... *******тай холбогдож баараас өөрийнхөө хувцсаа авах гэсэн юм гэхэд одоо завгүй байна, хөдөө байна гэсэн хариу хэлсэн. Тэгээд би 3-4 удаа холбогдсоны бараас хувцсаа авахаар болсон. Ороход бааранд байсан архи, виски, пиво болон хэрэгсэл, зурагт, арын өрөөнд байсан компьютер, чулуун тавцантай байсан 2 буйдан, хөргөгч, хөлдөөгч зэрэг зүйл байхгүй байсан. ... миний санаж байгаагаар 20 нэр төрлийн 90 орчим виски, 30 орчим  мөн пиво байсан. Эд хөгшил гэвэл LCD зурагт 14 ширхэг, хөлдөөгч 2 ширхэг, чулуун тавцантай ширээ 2 ширхэг, модон ширээ 5 ширхэг, DJ хэрэгсэл тоноглогдсон, өсгөгч, арын өрөөнд байсан баарны камер хянасан компьютер, сандал байсан ...” гэх мэдүүлэг /хх 37/,

            - Г.Төрмөнхийн 2020.12.18-ны өдөр гэрчээр мэдүүлсэн “... миний бие 2017 онд Ямайка бааранд DJ-гээр ажиллаж байсан. 06.09-ний өдөр үйлчлүүлэгч байхгүй байсан болохоор тухай өдөр захирал *******аас 2 өдөр амарч болно гэсэн. ... миний санаж байгаагаар эд хогшил гэвэл 6 билүү 7 ширхэг буйдан 16 ширхэг ширээ,   LCD зурагт 14 ширхэг, хөлдөөгч 2 ширхэг, хөргөгч 3 ширхэг, хэрэгсэл бүрэн тоноглогдсон, өсгөгч, утаа гаргагч хэрэгсэл, арын өрөөнд байсан камер хянасан компьютер байсан. ... 2017 оны 06-р сарын эхээр баранд бараа татсан ...” гэх мэдүүлэг /хх 39/,

            - Гэрч *******ын хохирогч *******тай 21.02.01-ний өдөр нүүрэлдэж өгсөн “...  түрээсэлсэн хүн нь Мөнхбат болон ******* байсныг циркийн баруун талд байрлах Клуб гэх нэртэй бааранд Цогт-Эрдэнэ, Мөнхбат, Чинба, бид 5 уулзаж мэдсэн. Түүнээс хойш *******тай холбоо барьдаг байсан. Гэнэт ******* баараа хаагаад алга болсон. Дүү нь гэх Мөнхбат гэх залуу утсаа авахаа больсон. Нэг баар луу очиход цайны газарт нь буюу 1 давхарт ус алдсан байхаар нь хаалгыг нь онгойлгож орсон. Сантехникийн асуудлыг нь янзлаад хэсэг хугацаанд тухайн бааранд байсан эд зүйлийг хөдөлгөхгүй байж байгаад дотор нь байсан архи болон пивыг 300,000 төгрөгөөр худалдсан. ... 2018 оны 02-р сарын 20-ны дотор тухайн талбайг сулла гэсэн болохоор бааран доторх эд хогшлыг гаргаж хаясан. Тухайн эд хогшил хуучирсан болохоор авах зүйл байхгүй байсан. ... Паарнаас ус алдсан болохоор хаалгыг нь эвдэлж орж цоожны голыг сольсон. ... тийм жагсаал өгсөн тухайн үед цаасыг аваад хаясан. ... Чулуун ширээ хагархай, 2 ширхэг 6 ширхэг буйдан хуучирсан, сандал ширээ харанхуй өрөөнд монитор, 300,000 төгрөг, архи, DJ хэрэгсэл, гэрлэн чимэглэл байсан. Эдгээр нь ажиллахгүй байсан болохоор гаргаж хаясан ...” гэх мэдүүлэг /хх 42-43/,

            - Б.Сүхтулгын 2021.03.21-ний өдөр гэрчээр мэдүүлсэн “... 2017 оны 8-р сард Баянгол дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нью Ямайка гэх нэртэй баарыг түрээслэхээр баарны эзэн ******* гэх хүнтэй танилцаж тухайн үедээ түрээсийн мөнгө болох 16,000,000 төгрөгөөр 3 сар түрээслэхээр болсон. Гэхдээ бэлэн 10,000,000 төгрөг, Приус-10 маркийн машиныг 6,000,000 төгрөгөөр тооцон өгсөн. Сарын түрээс 4,000,000 төгрөг 3 сарын түрээс 1 сарын барьцааг өгсөн. Тэгээд үйл ажиллагаа явуулж байхад ... ******* гэх залуу ирснээ та нар тохижилтоо худалдан ав эсвэл тохижилтоо түрээсэл гэхээр нь өгөөгүй *******тай холбогдон асуухад ийм зүйл байхгүй ******* гэх хүн ямар нэгэн мөнгө болон эд хогшлыг өгөх ёсгүй өгсөн байвал чамаас би нэхэмжилнэ гэхээр нь өгөөгүй ... Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Архи пиво гэхээр зүйл байгаагүй. Буйдан /арьсан/ 3 ширхэг, том ширээ /чулуун тавцантай/ 6 ш, индукцин пилетка 1 ш, DJ2000 хөгжим 2 гартай 1 ш, Dj2000 stereo power amplifier 1 ш, цагаан чулуун ширээ босоо 24 ш, мөлхөө буйдан арьсан 3 ш, өдрийн гэрэл 14 ш, паран гэрэл 2 ш, лазер гэрэл 6 ш, утааны аппарат 1 ш, бөмбөрцөг урт 4ш, бөмбөрцөг бөөрөнхий том 3ш, аваарын гэрэл 5 ш, гэрлийн удирдлага disko240 1 ш, чадлын өсгөгч QA3100, Q3120 4ш, DBX driverack чадал хянагч 1ш, shud DSP-D5 wireless receiver-1, цахилгаан хяналтын шит 1ш, QSC RMX 5050. 500 Watt power Amp-1ш, disco 240 1ш, Yamah MG156 CX пульв 1ш, галын хор 8 ш, spot 250 250W led ligth 2ш, Sjirit pioneer 4 ш, Citronic cx5008 15 inch passive speaker, 500w-8ш, led stage ligthdisco dj-10ш, led hear light disko party 26 ш, гал тогооны тавилга 1ш, хогийн сав 8 ш, босоо шээлтүүр эрэгтэй 1ш, суултуур 3ш, угаалтуур 2 ш, толь 2ш, гар хатаагч 2ш, шингэн савангийн хайрцаг 2ш, лэд гэрэл 11ш, гэрэл бүрхүүлтэй 5 ш, гласс өлгүүр 1ш, камер 10ш, гэрэд коридор 1 ш, ханын зөөлөвч дуу намасгагч толь 1ш, дарсны бакал  /жижиг, том/ 120ш, пиво бакал 50 ш эдгээр бол байсан. Бусад нь байгаагүй ...” гэх мэдүүлэг /хх 46/,

            - гэрч ын шүүх хуралдаанд өгсөн “... Манай ажилчид 2 хоног амарчих уу гэж хүсэлт тавьсан. Тэгээд хоёр өдөр амраад баарны үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх гэсэн боловч үүдийг нь түгжээд голыг нь сольчихсон байсан. 5 хоногийн дараа ажиллуулж байсан хүүхдүүд нь орох гээд *******тай холбогдоод дуудсан. Дотор нь байсан ихэнх зүйлүүд нь алга болсон байсан. Буйдан, бараа бүтээгдэхүүн, сүүлийн татан авалтын бараа бүтээгдэхүүн гээд бүх материалууд алга болсон байсан … Бид нар ирээд *******тай ардын эрхийн үүдэнд уулзсан. Тэгээд бааранд очиход аль хэзээний түрээсэлчихсэн байсан. Бүтэн жилээр нь түрээсийг нь авчихсан байсан. Тэгээд яаж төлбөр тооцоогоо барагдуулах вэ гэдэг зүйл ярьсан. 12 сарыг дуусгаад ирэх оны 01 сараас танайх түрээсгүйгээр үйл ажиллагаа явуулаа. Би танайхаас юмыг чинь аваад үрсэн учраас ирэх жилээс та хэд бүтэн жилийн хугацаанд түрээсгүй үйл ажиллагаа явуул гэдэг санал тавьсан. Тэгсэн боловч нөгөө хүмүүсээ дахиж хөөж гаргаад дахиж өөр хүмүүс ажиллуулаад нөгөө хүмүүсээ давхар залилсан байсан. Түүний дараа хоосон байрыг та хэд авах юмаа аваад гар гэж хэлсэн … буцааж авсан зүйл байхгүй …” гэх мэдүүлэг,

- гэрч ийн шүүх хуралдаанд өгсөн “… 3 жилийн өмнө ******* гэдэг хүн залгаад энэ архийг чи авах уу гэсэн. 2 давхар объект байсан.  Цагаан архи, виски гэх зэрэг архи байсан. Тухайн үедээ 30 орчим шилтэй архи авч байсан.  1,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед зах зээлийн ханшнаас жаахан буулгаад авч байсан …” гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон нотлох баримтуудыг талууд аль аль нь няцаан үгүйсгээгүй бөгөөд шүүх нотлох баримт нэг бүрийг бодитойгоор шинжлэн судалж, хооронд нь харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлээр үнэлж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн болно.

 

3.4. Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.2-т “Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заажээ.

 

Нэхэмжлэгчийн өөрт учирсан бодит хохирлоо Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021.01.28-ны өдрийн 039 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайланд зааснаар 167,452,600 төгрөг гэж тодорхойлж байгааг буруутгах үндэслэлгүй байна.

 

Учир нь нэхэмжлэгч ******* нь Баянгол дүүргийн 13 дугаар хороо, 3 дугаар хороолол, 2Б, Т-Б Ард аюушийн өргөн чөлөө нутаг дэвсгэрт байрлах Нью Ямайка нэртэй диско баарыг доторх бүх тохижилт, хөгжим техник хэрэгсэл, компанийн тусгай зөвшөөрөл, тухайн өдрийн үлдэгдэл бараа, 1 сарын түрээсийн барьцаа болох 4,000,000 төгрөгийг Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, Очир 3 хотхонд байрлах 7 давхрын 3 өрөө 78 м.кв орон сууцаар буюу 156,000,000 төгрөгөөр худалдан авсан байна.

Улмаар тус баарыг 2017 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл ажиллуулсан, 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс ******* нь Нью Ямайка баарны хаалганы голыг сольсноор нэхэмжлэгч ******* өөрийн эд хөрөнгөө захиран зарцуулах, өөрийн эзэмшилдээ авах боломжгүй болсон байна.

 

Нэхэмжлэгч *******ын 156,000,000 төгрөгөөр худалдан авсан эд хөрөнгийн үнэ 3 сарын хугацаанд үнэгүйдэх, хэрэгцээгүй болсон, аливаа хэлбэрээр байхгүй болсон  гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Харин хариуцагч ******* Нью Ямайка баарыг баарны үйл ажиллагаа явуулах зорилгоор 2017.08  дугаар сард Б.Сүхтулгад түрээслүүлсэн, Б.Сүхтулга нь баарыг түрээслэх үед тоног төхөөрөмж, тохижилт, эд хөрөнгө байсан талаар мэдүүлснээс үзэхэд тэрээр *******ын зөвшөөрөлгүйгээр дур мэдэн түрээслүүлж эд хөрөнгийн ашигтай байдлыг хүртсэн байна.

 

Улмаар 2018 оны 02 дугаар сард тус баар байрлаж буй үл хөдлөх хөрөнгөө худалдан борлуулсан, ингэхдээ *******ад түүний эд хөрөнгийг буцаан өгөөгүй, *******ын эд хөрөнгө үгүй болсон байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч *******ын хууль бус үйлдлийн улмаас нэхэмжлэгч ******* нь өөрийн эд хөрөнгөө алдсан байх бөгөөд нэгэнт байхгүй болсон эд хөрөнгийг анх худалдан авахдаа үйлдсэн эд хөрөнгийн жагсаалт, эд хөрөнгийн фото зураг, ажилчдаас авсан мэдээлэл зэрэгт тулгуурлан тоо ширхэгийг гаргаж, хөрөнгийн үнэлгээг гаргасныг буруутгах үндэслэлгүй байна.  

 

Иймд Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2021.01.28-ны өдрийн 039 дугаар Хөрөнгийн үнэлгээний тайланг шүүх үнэн бодитой гэж үнэлж дүгнэн 167,452,600 төгрөгөөс *******ын буцаан төлсөн 16,000,000 төгрөг /4,000,000 барьцаа буцаалт, 12,000,000 баар төхөөрөмж буцаалт хх-н 130, 132/-ийг хасч тооцон 151,452,600 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөгийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь ******* хариуцагч биш, нэхэмжлэгч *******тай тухайн баарыг түрээслүүлэх талаар аливаа хэлбэрээр харилцаанд ороогүй, эхнэрийнхээ гуйлтаар оролцдог, 16,0000,000 төгрөгийг эхнэрийнхээ өмнөөс төлсөн, үл  хөдлөх хөрөнгийн өмчлөгч биш, шинжээчийн дүгнэлтэд заасан эд хөрөнгө байсан болох нь тогтоогдоогүй, хөрөнгийг ******* зарж үрсэн эсэхийг эрүүгийн журмаар шалгаад гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хаасан, ******* захиран зарцуулсан нь тогтоогдоогүй гэж маргасан.

 

Хариуцагчийн энэхүү тайлбар хавтаст хэрэгт авагдсан *******аас ******* руу баар төхөөрөмж буцаалт гэх утгаар 12,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, буцаалт барьцаа гэх утгаар 4,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн баримт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр өгсөн *******ын өөрийн мэдүүлэг, түүний эхнэр болох ийн гэрчээр өгсөн мэдүүлэг, гэрч , нарын мэдүүлэг болон дээр дурсан бусад гэрчүүдийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

 

Нөгөөтээгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т “Зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ”, мөн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй”, хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д “зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэй гэсэн заалтын дагуу хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй болно.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 915,213 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 151,452,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 945,213 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 915,213 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай.

 

 3. Нэхэмжлэгч нь хариуцагч ээс татгалзсан болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            О.АЗЗАЯА