| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэгмэдийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 142/2023/02047/И |
| Дугаар | 142/ШШ2024/00309 |
| Огноо | 2024-02-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/00309
2024 02 19 142/ШШ2024/00309
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ****, Х, Х банк ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *** тоотод оршин суух Б Х овогт С М-д холбогдох,
23 389 103.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /цахим/, хариуцагч С.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х, Х банк ХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарын гаргасан тайлбарт: Зээлдэгч Сангидорж овогтой М нь Х, Х банктай 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр № ЗГ/ВСС190815009-2 “Зээлийн гэрээ”-г байгуулан 27,000,000 (хорин долоон сая төгрөг) төгрөгийг сарын 20,40 хувийн хүүтэй, Нэмэгдүүлсэн хүү 4,08 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүй тул талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн банкны зүгээс шүүхийн журмаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байгаа болно. Зээлдэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ний өдрийн байдлаар дараах зээл, зээлийн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: Үндсэн зээл: 19,217,337.79 (арван есөн сая хоёр зуун арван долоон мянга гурван зуун гучин долоон төгрөг далан есөн мөнгө) төгрөг, зээлийн үндсэн хүү: 4,134,908.17 (дөрвөн сая нэг зуун гучин дөрвөн мянга есөн зуун найман төгрөг арван долоон мөнгө) төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 12.857.91 (арван хоёр мянга найман зуун тавин долоон төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг; Шүүхэд нэхэмжлэхтэй холБон гарсан зардал: 24,000.00 (хорин дөрвөн мянга) төгрөг; Нэхэмжлэлийн шаардлага: Талуудын хооронд байгуулагдсан № ЗГ/ВСС190815009-2 тоот “Зээлийн гэрээ” дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбор, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холБон гарсан зардалд нийт 23 389 103.87 (хорин гурван сая гурван зуун наян есөн мянга нэг зуун гурван төгрөг наян долоон мөнгө) төгрөгийг гаргуулж, Х Х банкинд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайрбартаа: Миний бие С.М нь Мэнд-Амар Хны төвд лангуу түрээсэлж ажиллуулж байхдаа ХХБанкнаас зээл авсан. Тухайн үед зээлээ хугацаанд нь найдвартай төлж байсан. Мөн ковид буюу цар тахлын үе таарч бизнес эрхлэгчдийн орлого тааруу болоход ХХБанкны зээлийг хойшлуулж төлөх шийдвэр гарахаар нь би 2 удаа 6 сараар буюу нийт 12 сараар хойшлуулж байсан. Гэтэл зээлээ хойшлуулж байсан. Гэтэл зээлээ хойшлуулсныг зээлийн хүү гэж нийт 7 000 000 төгрөгөөс дээш төгрөгийг би зөвхөн хүүн нь төлсөн байдаг. Энэ үед үндсэн зээлээс ерөөсөө хасагдаагүй байсан. Мөн миний хувьд гэр бүлийн асуудал гарч би лангуугаа ч ажиллуулж чадахгүй байдалтай болж ажилгүй болсон байгаа. Энэ хооронд би ХХБ-д өргөдөлөгч түр хугацаанд хойшлуулж өгөхийг гуйсан. ХХБ-ийг зээлийг хойшлуулж өгсөн. Би эдийн засагчдаа гэр бүлийн маргаанаа шүүхээр шийдүүлэх гэж байгаа гэдгээ үнэнээр нь бичиж өгсөн. Тэр үед эдийн засагч минь таны зээлийн хүүг зогсоосон байгаа тул та боломжоороо төлөөд байгаарай гэсэн. Би ч боломжоороо төлөлт хийж чадах сардаа хийж байсан. Гэтэл өнөөдөр төлсөн зээлийг хүү авсан зээлээс минь өндөр дүн нэхэмжилж байгаад гомдолтой байна. Цар тахлын үед зөвхөн хүүний төлбөр авсан олон сая төгрөгийг үндсэн зээлээс минь хасахыг хүсч байна. Би өрх толгойлсон ээж хамт амьдарч байсан хүндээ бизнес орон байр олсон зүйлээ хулхидуулж өнөөдрийн ийм байдалд хүрсэн. Миний хувьд миний зээлийг хойшлуулсны зээлийн хүү төлсөн бүгдийг үндсэн зээлээс минь хасч өгч, мөн зээлийн хүүг минь зогсоосон гэж хэлсэн. Гэтэл маш өндөр хүүгээр бодож шүүхэд хандсанд гомдолтой байна. ХХБанкны зүгээс миний төлсөн зээлийн графикийг хавсаргаж өгсөн байгаа. Үүнийг харгалзан үзэж миний төлөх зээлийн графикийг хавсаргаж өгсөн байгаа үүнийг харгалзан үзэж миний төлөх зээлийг багасгаж өгч үнэн зөв шийдэж өгч тусална уу. Би зээл авахдаа банкиндаа даатгал төлж байсан. Мөн боломжоороо зээлээ төлөөд явж байсан нь дандаа хүүний төлбөр байсан. Иймд надад маш хүнд тусаж байна гэв.
4. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн төлбөр /хх-ийн 4-5/, итгэмжлэл /хх-ийн 6/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7/, зээл, зээлийн хүүгийн тооцоолол /хх-ийн 8-9/, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн нэхэмжлэл гаргах тухай албан бичиг /хх-ийн 10/, зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 11-13/, зээлийн хүсэлт /хх-ийн 14/, хөдлөх эл хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ /хх-ийн 15-16/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 17/, хөдлөх эл хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэмэлт гэрээ /хх-ийн 18/, зээлийн нэмэлт гэрээ /хх-ийн 19/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /хх-ийн 20/, хөдлөх эл хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны нэмэлт гэрээ /хх-ийн 21/ зэргийг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч “Х, Х банк” ХК нь хариуцагч С.М холБуулан 23 389 103.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэцэг нь: ...“Хариуцагч С.М нь Х, Х банктай 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр № ЗГ/ВСС190815009-2 “Зээлийн гэрээ”-г байгуулан 27,000,000 (хорин долоон сая төгрөг) төгрөгийг сарын 20,40 хувийн хүүтэй, Нэмэгдүүлсэн хүү 4,08 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан. ...Талуудын хооронд байгуулагдсан ЗГ/ВСС190815009-2 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу хариуцагчаас зээл, зээлийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр, мөн шүүхэд нэхэмжлэл гаргахтай холБон гарсан зардалд нийт 23 389 103.87 төгрөг гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлага тодорхойлдог.
3. Хариуцагч С.М нь “Х, Х банк” ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн 23 389 103.87 төгрөгөөс үндсэн зээлийг зөвшөөрч байна хүүг төлөх боломжгүй, зээлийн хүүгээ банкинд хандаж зогсоолгосон. 7 000 000 гаруй төгрөг төлсөн нь зээлээс хасагдаагүй, хүүгийн төлбөрт төлсөн байсан гэж тайлбарладаг.
4. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
5. Зохигчид 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр № ЗГ/ВСС190815009-2 “Зээлийн гэрээ”-г байгуулан уг гэрээгээр хариуцагч С.М нь тус банкнаас 27,000,000 (хорин долоон сая төгрөг) төгрөгийг сарын 20,40 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 4,08 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар зээлж авсан байна.
6. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.
7. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.
8. Зохигчид зээлийн гэрээ байгуулсан ба хариуцагч нь сар бүр төлбөрийг төлөх үүрэгтэй боловч тэрээр үүргээ зохих ёсоор тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй, гэрээний хуваарийг удаа дараа зөрчсөн үйл баримт тогтоогдсон.
9. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч талаас хүүг төлөхгүй байх талаараа үндэслэл бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.
11.Зохигчид хуулийн хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулсан ба Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хуульчилсан тул хариуцагчийг зээлийн гэрээний хүү төлөх үүргээс чөлөөлөх боломжгүй байна.
12. Иймд хариуцагч С.Маас нэхэмжлэгчийн шаардсан нь № ЗГ/ВСС190815009-2 тоот зээлийн гэрээний үүрэгт зээлийн үндсэн төлбөр 19,217,337 төгрөг, зээлийн хүү 4,134,908.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү: 12.857.91 (арван хоёр мянга найман зуун тавин долоон төгрөг ерэн нэгэн мөнгө) төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х, Х банк ХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин нэхэмжлэлийн шаардлагаас шүүхэд нэхэмжлэл гаргахад гаргасан зардал 24.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн нь нотлогдохгүй байна гэж үзэж энэ хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
13. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274,895.51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Маас 274,711 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х, Х банк ХК-д олгох нь хуулинд нийцэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-т зааснаар хариуцагч С.Маас үндсэн төлбөр 19,217,337 төгрөг, зээлийн хүү 4,134,908 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,857 төгрөг нийт 23,352,245 төгрөгийг гаргуулах гаргуулан, нэхэмжлэгч Х, Х банк ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардалагаас 24.000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 274 895.51 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Маас 274711 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х, Х банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоног өнгөрөөгөөд түүнээс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА