Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 2021/ДШМ/72

 

О.Мэндбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, Г.Давааренчин, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Аймгийн прокурорын газрын

                      ерөнхий прокурорын орлогч       Д.Батмөнх

Яллагдагч                                     О.Мэндбаяр

Яллагдагчийн өмгөөлөгч             Б.Нандин-Эрдэнэ

                 Нарийн бичгийн дарга                  Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 633 дугаар шүүгчийн захирамжтай, Одсүрэнгийн Мэндбаярт холбогдох, 1918000530121 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум 14-р баг 2-р хороолол 49-810 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Сартуул овогт Одсүрэнгийн Мэндбаяр /РД:ПЭ90021312/

Яллагдагч О.Мэндбаяр нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн улсын эрхийн бүртгэгчээр ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ласти интернэшнл” ХХК болон Д.Отгонсүрэн нарт давуу байдал бий болгож, О.Батпүрэвт 59840000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол, мөн “Ласти интернэшнл” ХХК болон П.Өлзийсайхан нарт давуу байдал бий болгож, Д.Болормаад 59241600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 633 дугаар шүүгчийн захирамжаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Одсүрэнгийн Мэндбаярт холбогдох 1918000530121 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол О.Мэндбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

            Прокурор эсэргүүцэлдээ:

            Яллагдагч О.Мэндбаярыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн мэдээллийн санд Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол Ласти Интернэйшнл ХХК-ийн Улсын бүртгэлийн хувийн хэргээс 10А байрны 11 тоот, 42 тоот орон сууцууд нь Доржийн Болормаа болон Отгонсүрэнгийн Батпүрэв нарын барьцаанд бүртгэлтэй байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж “Ласти Интернэйшнл” ХХК болон Д.Отгонсүрэн, Өлзийсайхан нарт давуу байдал бий болгосон гэж буруутгасан.

     Өөрөөр хэлбэл орон сууц худалдсан төлбөр нь Д.Болормаа, О.Батпүрэв нарын дансанд биш А.Лхагвасүрэнгийн дансанд орсон байгаа нь бусдад давуу байдал бий болгосон гэж үзэж байна.

            Харин О.Мэндбаяр дээрх орон сууцны гэрчилгээг өөрөө сонгон авч гэрчилгээнүүдийг бүртгэж олгосон эсэх талаар яллах дүгнэлтэд дурдаагүй, энэ талаар буруутгаагүй бөгөөд 18 байрны гэрчилгээг Цэндсүрэн, О.Мэндбаяр, В.Гантуяа нар зургаа зургаагаар нь хувааж авч бичсэн эсэхийг тодруулах нь хэрэгт ямар ч ач холбогдолгүй, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

            Иймд анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 633 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Д.Батмөнх дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн захирамжид заасан үндэслэлүүдийг дахиж шалгаж тогтоох шаардлагагүй. Яллагдагч О.Мэндбаяр нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа бусдад давуу байдал олгосон нь хэргийг шалгаж тогтоох явцад хангалттай тогтоогдсон. Тухайн үед Улсын бүртгэлийн хэлтсийн ахлахаар ажиллаж байсан Ш.Цэндсүрэн гэдэг хүнийг гэрчээр асууж тодруулсан. Тухайн үед мөрдөж байсан хууль тогтоомжийг огт биелүүлээгүй нь тухайн гэмт хэргийг шинжийг агуулж байна. Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ тайлбартаа:

Анхан шатны шүүхийн захирамж хууль зүйн үндэслэл бүхий гарсан. Хэргийн бодит байдлыг тогтоохын хуульд заасан бүх баримтыг тогтоогоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Яллагдагчийг ямар учир шалтгаантайгаар бусдад давуу байдал олгосон гэдгийг шалгаж тогтоогоогүй.  Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч О.Мэндбаяр тайлбартаа:

Өмгөөлөгчийнхөө гаргасан тайлбар саналыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2021/ШЗ/633 дугаартай захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй эсэхийг давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Яллагдагч О.Мэндбаяр Дархан-уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаандаа иргэн Д.Болормаа, О.Батпүрэв нарын барьцаанд бүртгэлтэй байсан Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хороолол 10А байрны 11, 42 тоот орон сууцуудыг “Ласти Интернэйшнл” ХХК болон Д.Отгонсүрэн, Өлзийсайхан нарын нэр дээр бүртгэн тэдэнд давуу байдал бий болгосон эсэхийг анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэмжээний дотор шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Өөрөөр хэлбэл:

Тухайн үед Дархан-уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгө эрхийн бүртгэлийн улсын эрхийн бүртгэгчээр ажиллаж байсан В.Гантуяагийн ажлын ачааллаас шалтгаалж 18 ш орон сууц бүртгэх материалыг бусад улсын бүртгэгч нар хувааж авч бүртгэхдээ Дархан-уул аймгийн 11-р хороо 13-р хороололд баригдаж буй 50 хувийн гүйцэтгэлтэй 10А байрын 11, 42 тоот орон сууцны  гэрчилгээг яллагдагч О.Мэндбаяр өөрийн санаачилгаар авч бүртгэсэн эсэх талаар гэрч Ш.Цэндсүрэн, М.Хувь заяа,Б.Хишигээ нарын мэдүүлгүүд /3 хавтас хэргийн 106,109,111,114 талууд, 4 хавтаст хэргийн 219тал/, дээрх байруудыг улсын бүртгэлд бүртгүүлснээр Ласти Интернэйшнл ХХК, захирлаар ажиллаж байсан А.Лхагвасүрэн болон нэр бүхий бусад иргэдэд ямар давуу байдал үүссэн талаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийж шийдвэр гаргах бүрэн боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнээс гадна гэрчээр байцаалт авах шаардлагатай гэж үзсэн иргэн А.Лхагвасүрэн 2018 онд, иргэн В.Гантуяа 2019 онд Монгол улсын хилээр гарч явсан тул эдгээр иргэдээс байцаалт авах боломжгүй болсон тул гэм буруугийн талаарх дүгнэлтийг бусад баримтуудыг судлан үзсэний үндсэн дээр дүгнэлт хийх боломжтой.

Яллагдагч О.Мэндбаярт холбогдох хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна.

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээний хүрээнд нотлох баримтуудыг үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил тогтоогдоогүй гэж үзээд

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 633 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч О.Мэндбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            3. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ц.АМАРЖАРГАЛ

                                                               ШҮҮГЧ                             Г.ДАВААРЕНЧИН

                                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.МАНЛАЙБААТАР