Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 128/ШШ2023/0572

 

 

    2023          07           03                                  128/ШШ2023/0572

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар,

Гуравдагч этгээд: “А *******” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас олгосон “А *******” ХХК гэсэн нэрийн баталгаажуулалт, түүний дагуу “А *******” ХХК-ийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” маргаантай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П*******, Б.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэцэгсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “А” ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр “...манай компани 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн байгуулагдсан “А” ХХК нэртэйгээр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэн мэдээллийн системийн үйлчилгээ, зочид буудалд зөвлөх үйлчилгээ, аялал жуулчлал, онлайн зочид буудал захиалгын системийн үйл ажиллагаа эрхлэн явуулж байна.

Бид http://opendata.burtgel.gov.mn сайтад нэвтрэн ороход манай компанийн нэр болон үйл ажиллагааны чиглэлтэй ижил төстэй “А *******” ХХК гэх компани 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэгдсэн байгаа нь монголын болон гадаадын зах зээлд үйл ажиллагаа явуулахад бусдад төөрөгдөл үүсгэхээр нөхцөл байдал үүсгэж буй тул “А *******” ХХК-ийн нэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн гомдлыг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт гаргасан байдаг.

2. Тус гомдлын дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10/6974 дугаар албан бичгээр “...гомдолд дурдсан хуулийн этгээдийн нэр нь Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн хариуг өгчээ.

3. Нэхэмжлэгч “А” ХХК нь дээрх хариуг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас олгосон “А *******” ХХК гэсэн нэрийн баталгаажуулалт, түүний дагуу “А *******” ХХК-ийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан байна.

4. Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.П******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “... Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.“хуулийн этгээдийн нэр” гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг ойлгоно. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3. “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна” хэмээн заасан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ын 3.10. “Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй бөгөөд дараахь тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй”. Үүнд: 3.10.1. “хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол”, 3.10.4. “баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол” гэж заасан.

5. Дээр дурдсан хууль болон журмын заалтуудаас үзвэл, манай компанийн оноосон нэрийн хувьд түрүүлж баталгаажуулалт хийгдсэнээр тухайн компанийн нэрийн хамгаалалт үүсэх бөгөөд тус компанийн оноосон нэртэй бусад компанийн оноосон нэр давхардах буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй. Өөрөөр хэлбэл, анхдагч баталгаажуулалт хийгдсэн нэхэмжлэгч компанид тухайн оноосон нэрийг эрх зүйн хамгаалалт үүснэ. Гэтэл “А *******” ХХК гэх нэрийн баталгаажуулалт нь нэхэмжлэгч компанийн “А” гэх үгээрээ утга агуулга, дуудлагын хувьд давхардсанаас гадна үйл ажиллагааны чиглэлээрээ төстэй байгаа нь бусдыг төөрөгдүүлэхээр нөхцөл байдлыг бий болгож байна. Нэхэмжлэгч компанийн хувьд өөрийн компанийн нэр болон үйл ажиллагааны чиглэлтэй ижил төстэй байгуулагдсан гэдгийг мэдсэн даруй 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж, “А *******” ХХК гэсэн нэрийг хүчингүй болгуулахаар хандсан боловч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10/6974 тоот албан бичгээр “зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй” хэмээн хариу өгсөн.

Мөн нэхэмжлэгч компанийн зүгээс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж “А *******” ХХК гэх нэрийг хэдэн оны, хэдэн сарын, хэдний өдөр, ямар тоот шийдвэрээр олгосон талаар мэдээллийг авахыг хүссэн ч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5/7483 тоот албан бичгээр мэдээлэл гаргаж өгөхөөс татгалзсан.

6. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас олгосон “А *******” ХХК гэх нэрийн баталгаажуулалт, түүний дагуу “А *******” ХХК-ийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гангамөрөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн М.Гантогтох хуулийн этгээдийн оноосон нэр авах хүсэлт Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж, “А *******” ХХК-ийн оноосон нэрийг баталгаажуулан авч 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлийн мэдээллийн санд бүртгэгдсэн байна.

Улсын бүртгэлд бүртгэлийн байгууллага хуулийн этгээдийн оноосон нэр олгохдоо Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйл мөн Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-ыг тус тус баримтлан иргэн, хуулийн этгээдэд нэрийн баталгаажуулалтад тавигдах шаардлага, хязгаарлалтыг тогтоож хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулдаг. Дээрх хууль, журамд хуулийн этгээдийн оноосон нэрийг үйл ажиллагааны чиглэл заасан үгээр ялгаж олгохгүй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзсэн заалт байхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж

өгнө үү...” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Хуулийн этгээдийн оноосон нэрийг Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”-аар олгож байгаа. Дээрх хууль, журмын хориглох заалтуудад оноосон нэрийг үйл ажиллагааны чиглэлд заасан үгээр олгохгүй, бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй бол олгохгүй гэж заагаагүй. Тэгэхээр нэхэмжлэгчийн гаргаж байгаа хуулийн этгээдийн оноосон нэр баталгаажуулах журмын 3.10.1-д хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол энэ хориглох заалт болно. Энд юу хамаарахыг журамд бичсэн байгаа. Одоо Баян гэж байхад Баян групп, Баян консорциум, Баян холдинг гэхчлэн зохион байгуулалтын хэлбэрийг ялгахыг хориглочихсон. Тэгэхээр хамаарахгүй гэж үзэж байгаа. Тус журмын 3.10.4-д баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авиа дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс үеэр төсөөтэй бол гэж заасан. Энэ бас хориглох заалт. Энэ юуг хэлээд байна вэ гэхээр жишээ болгоод журам дээр орчихсон байгаа. “Баян гео”, “Эко систем” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Баян геологи”, “Экологи систем” гэсэн нэрийг олгох юм бол ижил төсөөтэй гэж үзнэ гэж тайлбарласан байгаа. Тэгэхээр эдгээр холбогдох заалтуудаар энэ бүртгэлийг хүчингүй болгоход татгалзаж, боломжгүй, ижил төсөөтэй гэж үзэхгүй байна...” гэв.

9. Гуравдагч этгээд “А *******” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компани 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “А *******” ХХК /РД:*******/ нэртэйгээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст аж ахуй нэгжээ хуулийн дагуу үүсгэн байгуулсан.

Манай компани бөөний худалдаа, төрөлжсөн бус дэлгүүрийн худалдаа, аялал, сургалт жуулчлал, зочид буудлын үйлчилгээ гэх мэт үйл ажиллагааны чиглэлтэй. Иргэний хуулийн 27 дугаар зүйл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам зөрчсөн гэх үндэслэлгүй. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар нэрийн агуулга өөр байж болох боловч бичилт, хэлбэрээрээ ижил буюу өмнө бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэртэй давхардсан байна гэж үзнэ. “А” гэх үгний утга “Би аялал” гэх утга агуулгатай, “А *******” гэдэг үгний утга нь “Би аяллын зөвлөгч” гэх утга агуулгатай бөгөөд ижил утга санаа илэрхийлсэн зүйл биш бөгөөд “А” гэх үг нь дэлхий дахинд их түгээмэл хэрэглэдэг нэр билээ. Иймд манай компани болох “А *******”, нэхэмжлэл гаргасан компани болох “А” ХХК нь бичилт болон утга агуулга нь өөр байна.

Манай компани аж ахуйн нэгжийн нэрийг хүсэхэд улсын бүртгэлийн мэдээллийн санд давхардаж харагдаагүй, тийм учир улсын бүртгэгчид бүртгэх эрх үүссэн учир бүртгэгдсэн. Хүмүүсийг төөрөгдүүлэх асуудалд орчин үед интернэтээр бүх мэдээллээ авч болох бөгөөд мэдээлэл нээлттэй учир төөрөгдөх асуудал гарахгүй гэж үзэж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч “А” ХХК-д хамаарах үйл баримтын тухайд.

2.1. 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр УБ-01 маягтаар гаргасан “А” ХХК гэсэн нэрийн баталгаажуулалт хийх хүсэлтийн дагуу ******* дугаар хуулийн этгээдийн нэр баталгаажуулалтыг улсын бүртгэгч Ч.Б******* үйлдсэн байна.

2.2. Үүсгэн байгуулагчдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолоор “А” ХХК-ийг уг оноосон нэртэйгээр байгуулж, компанийн дүрмийг нэгдүгээр хавсралтаар баталж, үйл ажиллагааг аялал жуулчлал, онлайн зочид буудал захиалгын систем, зочид буудалд зөвлөх үйлчилгээ, мэдээллийн системийн үйлчилгээний чиглэлээр явуулахаар шийдвэрлэж, гүйцэтгэх захирлаар Б.Золбадралыг томилсон байна.

2.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдахдаа: “А” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 01 дүгээр шийдвэрийн дагуу 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр улсын бүртгэлийн 90******* дугаарт, регистрийн ******* дугаарт бүртгэж, аялал жуулчлал, онлайн зочид буудал захиалгын систем, зочид буудалд зөвлөх үйлчилгээ, мэдээллийн системийн үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэй байхаар 000232270 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас олгосон байна.

3. Гуравдагч этгээд “А *******” ХХК-д хамаарах үйл баримтын тухайд.

3.1. Үүсгэн байгуулагчдын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 01 дүгээр тогтоолоор “А *******” ХХК-ийг уг оноосон нэртэйгээр байгуулж, компанийн дүрмийг хавсралтаар баталж, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, төрөлжсөн бус дэлгүүрийн жижиглэн худалдаа, аялал, сургалт жуулчлал, зочид буудлын үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар, гүйцэтгэх захирлаар М.Гантогтохыг томилж шийдвэрлэсэн.

3.2. УБ-03 маягтаар, “А *******” ХХК-ийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан.

3.3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд тусгагдахдаа: “А *******” ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хурлын 01 дүгээр шийдвэрийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 30-ны өдөр улсын бүртгэлийн 1911071538 дугаарт, регистрийн ******* дугаарт бүртгэж, төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, төрөлжсөн бус дэлгүүрийн жижиглэн худалдаа, аялал, сургалт жуулчлал, зочид буудлын үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэй байхаар 000229286 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон байна.

3.4. 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр “А *******” ХХК-ийг УБ-06 маягтаар хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэх шийдвэрийг Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч А.Долгоржав бүртгэж баталгаажуулсан.

4. Хуулийн этгээд тухайн нэрийг авахаар бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж баталгаажуулах ерөнхий шаардлагыг үзвэл, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. “хуулийн этгээдийн нэр гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг” ойлгохоор, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. “шинээр, эсхүл өөрчлөн байгуулах замаар шинээр байгуулагдах, эсхүл хуулийн этгээдийн нэр өөрчлөх тохиолдолд нэр авах хүсэлтийг хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлага, итгэмжлэлээр эрх олгогдсон бусад этгээд улсын бүртгэлийн байгууллагад нутаг дэвсгэрийн харьяалал харгалзахгүй гаргана”, 13.3. “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, 13.3.1. “кирилл үсгээр илэрхийлэгдсэн”, 13.3.2. “бусад хуулиар хориглоогүй” гэж,

5. Иргэний хуулийн 27 дугаар зүйл, гарчиг нь “Хуулийн этгээдийн нэр”, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1. “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна”, 27.2. “Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна”, 27.3. “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй”, 27.4. “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд ашиглахыг хориглоно”, 27.5. “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ...” гэж хуульчилжээ.

6. Эдгээр хуулийн заалтуудыг маргааны зүйлийн хүрээнд тайлбарлахдаа, хамгийн гол нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7. “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах талаар иргэн, хуулийн этгээд хүсэлт гаргах, түүнд тавигдах шаардлага, хязгаарлалт, нэр баталгаажуулахтай холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам батлах тухай” 339 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан журам /тус журамд Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 245 дугаар тогтоолоор нэмэлт, өөрчлөлт оруулсан/-ын зохицуулалтад анхаарал хандуулахаар байна.

7. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.10. “хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3-т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй байж болохгүй бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй гэж үзэж баталгаажуулахгүй” гэж, 3.10.1. “хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн хуулийн этгээдийн нэрийн өмнө болон хойно зохион байгуулалтын хэлбэрийг тусгасан бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Төмөр” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Төмөр групп”, “Төмөр консерциум”, “Төмөр холдинг”, “Төмөр корпорац гэсэн нэрийг”, 3.10.4. “баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол. Жишээлбэл: хуулийн этгээдийн нэрийн санд “Баян гео”, “Эко систем” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Баян геологи”, “Экологи систем” гэсэн нэрийг” гэж заасан байна. Энэ зохицуулалтыг өөртөө хамаатуулж, “...бид “А” гэсэн нэр анхлан авч улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан..., “А” гэсэн нэрийг эзэмшиж буй этгээдээс өөр этгээд “А” гэсэн нэрийн ард “*******” гэсэн үг нэмж, “А *******” хэмээн нэрийн баталгаажуулалт хийх үндэслэлгүй...” гэж маргасан нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авах боломжгүй.

8. Нөгөөтээгүүр, Хэлний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 170-р хуудас/-д “А”, “А *******” гэх нэр нь энэ бичилтийн хэлбэр, энэ авианы дуудлагаар давхардсан эсэх... гэсэн асуултад шинжээчдийн зүгээс “Хариулт: Тухайн хоёр оноосон нэрийн “А” гэсэн үг нь бичлэг, авианы дуудлагын хувьд давхцаж байна Харин хоёрдугаар нэрд “А” гэдэг үгэн дээр “*******” гэдэг үг нэмж бичсэн бөгөөд уг үгээрээ ялгарч байна” гэжээ. Үүнээс үзэхэд үгийн язгуур дээр залгавар нэмэгдээгүй, харин тусдаа “*******” гэх үг нэмэгдсэн нь журмын заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

9. Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар “хуулийн этгээдийн улсын бүртгэл” нь хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчмыг тодорхойлсон, эдгээрээс 4.1.3 “улсын бүртгэл хараат бус байх”, 4.1.4. “улсын бүртгэл үнэн зөв, бодитой байх”, 4.1.5. “улсын бүртгэлийг нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмуудыг хангуулах нь хариуцагч захиргааны байгууллагын үндсэн чиг үүрэг ба бүрэн эрхийнхээ хүрээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль болон журмын зохицуулалтыг хэрэгжүүлэх нь зүй ёсны бөгөөд хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны тусгай зарчимд нийцнэ гэж шүүхээс дүгнэв.

10. Хэрэгт нотлох баримтаар авагдсан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн улсын бүртгэлийн хувийн хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн үйл баримт тогтоогдохгүй байна.

11. Нэхэмжлэгч “А” ХХК нь Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн А/113 дугаар тушаалаар бараа, үйлчилгээний олон улсын 35, 36, 39, 41, 42, 43  дугаар ангиллаар өөрийн хуулийн этгээдийн нэр дээр “itrip” үг болон чемодан барьсан динозаврын дүрс бүхий үг дүрсний хосолмол барааны тэмдгийг эзэмшдэг, хэл шинжлэлийн шинжээчийн дүгнэлтээр “тухайн хоёр оноосон нэрийн “А” гэсэн үг нь бичлэг, авианы дуудлагын хувьд давхцаж байна” буюу “дуудлага төстэй” гэх үндэслэлийг шүүхээс дүгнэхдээ, маргаан зүйл нь хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулахтай, улмаар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахтай холбоотой маргаан, тэр дундаа уг маргаан бүхий харилцааг дээр дурдсан хууль болон журмаар тодорхой зохицуулсан  байхад маргааны зүйлийн хүрээнээс хэтэрч Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд зааснаар барааны тэмдэг эзэмшигчийн онцгой эрх, түүнийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулсан хуульд хамаатуулж авч үзэхгүй, үг дангаараа хамгаалагдахгүй байна.

Энэ утгаараа, маргаан бүхий “А *******” нэрийн баталгаажуулалт хийлгэх хүсэлт гаргах үндсэн зорилго нь “хуулийн этгээдийн улсын бүртгэл”-ийн асуудлаар хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг нэг талаас хариуцагч авч хэрэгжүүлэх, нөгөө талаас хүсэлт гаргагч /гуравдагч этгээд/ нь үнэн зөв, нотлох баримтад үндэслэн, бүрэн гүйцэд мэдээллээ гаргаж өгөх асуудал байсныг тэмдэглэх нь зүйтэй.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.“шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шүүхийн зардал гэнэ”, 44.3. “дараах зардлыг хэргийн оролцогчдоор нөхөн төлүүлнэ”, 44.3.1.“шинжээчийн зардал”, 47 дугаар зүйлийн 47.1. “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд төлсөн төлбөрийг хэвээр үлдээхээр болон улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.7-д заасныг баримтлан “А” ХХК /РД:*******/-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гаргасан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газраас олгосон “А *******” ХХК гэсэн нэрийн баталгаажуулалт, түүний дагуу “А *******” ХХК-ийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газар бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.3, 47 дугаар зүйлийн 47.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс шинжээчийн зардалд гарсан нийт 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгийг шинжилгээ хийсэн байгууллагын дансанд хэвээр үлдээснийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.БАДАМСҮРЭН