Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 00299

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

 

Улсын яллагч Л.Оюунтуяа

Хохирогч Д.Гансүх

Шүүгдэгч Э.Даваахүү

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Даваахүүд холбогдох эрүүгийн 1725001930101 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Булган аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 7, эцэг, эх, дүү нарын хамт  .... аймгийн ..... сумын 3 дугаар багт оршин суух, хэрэг хариуцах чадвартай,Э.Д, 

 

Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Г-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

 Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Э.Д-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай найз охин Номинчулуун 19 цагийн орчим хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн. Гудамжаар явж байсан чинь гудамжинд танихгүй эрэгтэй хүн гар утсаар яриад сууж байсан. Тэр залууг хараад Номинчулуун намайг зодсон хүн мөн байна гэхээр нь би тэр хүний нуруу руу нь нэг удаа өшиглөсөн. Номинчулуунаас энэ хүн мөн юм уу? гэж асуухад мөн гэхээр нь нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Хохирогчид 150.000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Г-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Эмчилгээний зардалд 150.000 төгрөг авсан. Гомдолгүй гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ө.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Бид нарыг юм яриад сууж байсан чинь Д-ийн найз охин гэж эмэгтэй согтуу орж ирээд хүнд зодуулсан гэж хэлсэн. Гэтэл Д зодсон хүнийг нь олъё гээд Д, Э, Уу эгч, Д-ийн найз охин бид нар Б ахын гэрээс гарсан. Урд талынх нь гудамжийг тойроод гарсан чинь нэг эрэгтэй хүн утсаар яриад сууж байсан. Д-ийн найз охин тэр эрэгтэй хүнийг заагаад энэ хүн намайг дагаад байсан, энэ хүн зодсон гэж хэлсэн. Тэгсэн Д машинаас буугаад нөгөө утсаар ярьж байсан ах дээр очоод нүүр рүү нь нэг удаа, нуруу руу нь нэг удаа өшиглөсөн. Д-г салгасан чинь зодуулсан ах та нар андуураад байгаа юм биш үү гээд байсан гэсэн мэдүүлэг /хх 23-24 ху/,

 

Гэрч Б.Эийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хэрэг болсон гэх өдрийн орой Баянцагаан баг ПДУ-д найзыгаа гэрт нь хүргэж өгчихөөд орой 20 цагийн орчим М ахын гэрт очсон чинь Д, Уу эгч, Б ах нар танихгүй ахын хамт байсан. Тэр танихгүй ахыг хүнтэй андуурч зодсон гээд яриа болоод байсан. Хэсэг хугацааны дараа цагдаа нар Д аваад явсан гэсэн мэдүүлэг /хх 26 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 733 дугаартай:

1. Д.Г биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, баруун буглаганд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтлүүд нь хатуу зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Нэг цаг хугацаанд буюу 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүссэн байхыг үгүйсгэхгүй.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.  Тархи доргилт нь гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Зүүн нүдний зовхи баруун буглаганд цус хуралт нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ямар хохирол учирсан тухай дүгнэлт гаргах талаар Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс шийдвэр гараагүй байгаа болно.

4. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 28 ху/,

-Э.Д-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 41-45 ху/

   -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 38 ху/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

            Шүүгдэгч Э.Д нь 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Яргуйт багийн нутаг дэвсгэрт иргэн Д.Г-г зодож биед нь тархи доргилт   бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Д.Г-ийн “...нүүр хэсэг рүү цохиод би доошоо хараад сууж байсан чинь миний толгой руу өшиглөсөн” гэх мэдүүлэг/хх 14 ху/, гэрч Ө.Б /хх 23-24 ху/, Б.Э /хх 26 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед хөнгөн  гэмтэл үүссэнийг тогтоосон 733 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна

                     Шүүгдэгч Э.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

            Хохирогч Д.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт “Эмчилгээний зардалд 150.000 төгрөг авсан, гомдолгүй” гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:     

1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Э.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Э.Д-д оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

  7.  Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ