Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 1580

 

 

МАГАДЛАЛ

2019.08.28                                                Дугаар 1580                                     Улаанбаатар хот

“П Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр            даргалж, шүүгч Г.Даваадорж, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01805 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “П Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.Ц-д холбогдох,

Гэм хорын хохиролд 5 142 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 21:20 цагт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн баруун урд замд Ниссан ноте маркийн 0843 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Б.Ж-ын ландкруйзер-200 маркийн 0339 УБС улсын дугаартай автомашинтай мөргөлдөж хохирол учруулсан, зам тээврийн осол гаргасан байна. М.Ц нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Г.З-ны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг зэргээр тогтоогдсон байна. Даатгуулагч Б.Ж нь манай даатгалын компанитай 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулсан ба зам тээврийн осол болсноор даатгалын тохиолдол бий болсон. Ийнхүү даатгуулагч Б.Ж-ын нөхөн төлбөр хүссэн өргөдлийн дагуу компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3011804655 дугаар тушаалын дагуу нөхөн төлбөрт тооцож 5 142 000 төгрөгийг төлсөн байдаг. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээний 9.1 дүгээр зүйлд заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Б.Ж-д олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр манай компанид шилжсэн билээ. М.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр манай компанид гаргасан өргөдөлдөө 5 142 000 төгрөгийг 6 сарын хугацаанд cap бүрийн 30-ны өдөр 856 980 төгрөгөөр төлнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн төлөлт хийгээгүй болно. Иймд хариуцагч М.Ц-ээс даатгалын нөхөн төлбөрт төлсөн 5 142 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр П Д-аас гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч миний зүгээс нэхэмжилсэн мөнгөн төлбөрийг график төлөлтөөр сар бүрийн 25-ны өдөрт багтаан 100 000 төгрөгөөр төлөх боломжтой бөгөөд машины хуучин их гэрлийг авах хүсэлтэй байна. Даатгалын компаний зүгээс хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шүүхийн журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Хэргийн 13-т байгаа ослын үзлэгийн тэмдэглэл дээр гэмтлийг урд буфер гэж бичсэн. Энд гэрэл болон крело гэж байхгүй. Хэргийн 20-д үнэлгээний тайлан дээр зүүн урд их гэрэл, зүүн урд крело гэсэн байдаг. Бүдүүвч зургаас харахад Б.Ж-ын машины баруун гар талаас зүүн эргэж мөргөсөн байдаг. Иймд осол Б.Ж-ын машины баруун талд хохирол учруулсан. Иймд зүүн талыг гэмтээсэн байх боломжгүй. Осол 22-нд болсон. Гэтэл үнэлгээ 24-нд хийгдсэн байна. Иймд 2 хоногийн хугацаанд өөр осолд орсон байх боломжтой. Иймд гэрэл, крелог хүлээн зөвшөөрөхгүй. Харин урд буферт учирсан хохирлыг зөвшөөрнө. Энэ нь 75 000 төгрөг гэсэн байдаг. Мөн буферыг засахтай холбоотой зардлыг зөвшөөрнө гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Ц-ээс 338 437.50 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П Д ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4 803 562.50 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 97 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 10 803 төгрөг, Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас 28 төгрөг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолд: Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Т.З-ны 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг зэргээр хариуцагч М.Ц-ийн гэм буруутай үйлдэлийг тогтоосон. Тухайн ослын улмаас эвдэрсэн эд ангийн талаар болон хохирлын үнэлгээний талаар ямар нэгэн гомдол, санал хариуцагч талаас гараагүй. Хэдийгээр “А Б”ХХК-ийн үнэлгээний тайланд зүүн урд гэж бичсэн байх хэдий ч амын цагдаагийн хэлтсийн ослын газарт авсан фото зурагт баруун урд талын их гэрэл хагарсан нь харагдаж байна. Гэтэл энэ нөхцөл байдлын талаар шүүх дүгнэлт хийгээгүй байна. Мөн дээрх үнэлгээг осол болсноос хойш 2 хоногийн дараа гаргасан, үнэлгээ хийхэд хариуцагчийг оролцуулаагүй, үнэлгээний тайланг түүнд танилцуулаагүй байх бөгөөд энэ хугацаанд усад байдлаар нэмж хохирол учирсан байх боломжтой гэх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг нэхэмжлэгчийн төлөөлөгч үгүйсгэж чадаагүй гэсэн дүгнэлтийг хийжээ. Даатгуулагч Б.Ж нөхөн төлбөрийн материалаа бүрдүүлж ирэх үед тус үнэлгээ болон замын цагдаагийн баримтуудтай танилцсан. Хариуцагч М.Ц нь үнэлгээний тайлантай холбоотойгоор ямар нэгэн гомдол санал гаргаагүй бөгөөд үнэлгээгээр тогтоогдсон төлбөрийг 6 сарын хугацаанд сар бүр 856 980 төгрөгөөр төлж барагдуулах тухай өргөдөл гаргаж байсан. Мөн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа тухайн төлбөрийг төлөх талаар маргаагүй бөгөөд сольсон хуучин гэрлийг нь авах хүсэлтэй байна гэсэн тайлбарыг өгч байсан. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдааны явцад амаар гаргасан, ямар ч баримтаар нотлогдоогүй тайлбарыг үндэслэж дээрх дүгнэлтийг хийсэн байна. Үнэхээр тухайн ослоос хойш Б.Ж нь дахин осол гаргаж, тухайн ослоос учирсан хохиролоо нэмж нэхэмжилсэн байна гэж үзсэн бол түүнтэй холбоотой баримтуудыг гаргуулах шаардлагатай байсан бөгөөд тус баримт нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан гэж үзэж байна. “А Б” ХХК-ийн үнэлгээний ажилтанг гэрчээр оролцуулж, мэдүүлэг авахуулах талаар хүсэлтээ шүүхэд илэрхийлсэн боловч хүсэлтийн шатанд гаргаагүй гэж үзэж хүсэлтийг шийдвэрлэхгүй орхисон. Энэ нь хүсэлтийн шатанд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тухайн эд ангиудыг сольж засвар хийлгэсэн талаарх баримтуудыг гаргуулах хүсэлтийг хэрэгт ач холбогдолгүй гэж үзэж, хангахгүй орхисон. Шүүх хурлын явцад гаргасан гэрч оролцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон зэрэг үйлдэлээс нь харж болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “П Д” ХХК нь хариуцагч М.Ц-д холбогдуулан 5 142 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч М.Ц нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 21:20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн баруун урд замд Ниссан ноте маркийн 0843 УНП улсын дугаартай автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Б.Ж-ын эзэмшлийн ландкруйзер-200 маркийн 0339 УБС улсын дугаартай автомашиныг мөргөсөн.

Хариуцагч М.Ц Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4 “жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө, Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ гэсэн заалтыг зөрчсөнөөс дээрх тээврийн хэрэгсэлд 5 142 000 төгрөгийн хохирол учруулсан нь Чингэлтэй дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Г.З2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудас, 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдлын тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, фото зураг зэргээр тогтоогджээ.

Даатгуулагч Б.Ж нь нэхэмжлэгч “П Д” ХХК-тай 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээ байгуулсан байх ба гэрээнд заасан хугацааны дотор даатгалын тохиолдол бий болсон байна.

Даатгуулагч Б.Ж-ын хүсэлтээр нэхэмжлэгч нь 5 142 000 төгрөгийг нөхөн төлбөрт тооцож төлсөн зэрэг үйл баримт тогтоогдсон талаар талууд маргаагүй.

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалын гэрээний 9.1 дүгээр зүйлд заасны дагуу даатгуулагчийн шаардах эрх Б.Жд олгосон нөхөн төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэгч компанид шилжинэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбарт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй, нэхэмжлэлийн заримыг хангасан нь буруу байна. Тодруулбал, үнэлгээ хийхдээ хариуцагчийг оролцуулаагүй, үнэлгээг түүнд танилцуулаагүй гэж дүгнэсэн нь хэргийн 10 дахь талд авагдсан үнэлгээний тайлангийн баримтаар үгүйсгэгдсэн гэж үзнэ.

Хөрөнгө, даатгалын үнэлгээний “А Б” ХХК-иас гаргасан автомашин, техникийн үнэлгээний тайлан нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр огноологдсон, хариуцагч М.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Б.Жын эзэмшлийн автомашинд учирсан хохирол 5 142 000 төгрөгийг 6 сарын хугацаанд, сар бүр 856 980 төгрөгөөр төлж дуусгахаар нэхэмжлэгчид хүсэлт гаргасан байх тул үнэлгээний тайлантай танилцуулаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.

Иймд хариуцагчаас 5 142 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан хэмжээнээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцон шийдвэрийн 2 дахь заалдтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Түүнчлэн шүүх тухайн маргааныг шийвэрлэхэд холбогдох Иргэний хуулийн зохицуулалтыг оновчтой зөв хэрэглээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон хариуцагчаас гаргуулах мөнгөн дүнгийн хэмжээнд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/01805 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч М.Цгээс 5 142 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П Д” ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т “...10 803...” гэснийг “...97 222...” гэж тус тус өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгийн хураамж 97 250 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХТӨР

                                     ШҮҮГЧИД                                                    Г.ДАВААДОРЖ

                                                                                                         М.НАРАНЦЭЦЭГ