Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмэдийн Дагиймаа |
Хэргийн индекс | 142/2023/00476/И |
Дугаар | 142/ШШ2024/00315 |
Огноо | 2024-02-19 |
Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 142/ШШ2024/00315
2024 02 19 142/ШШ2024/00315
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *** ,тоотод оршин суух *** овогт Н.Н- ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: **** байрлах “ЭҮ” ТӨҮГ-т холбогдох,
“Э Ү” ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 33.229.137 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Н нь хариуцагч “Э Ү” ТӨҮГ-т холбогдуулан “Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажилд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин 33.229.137 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч Н.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Н би "Э Ү"ТӨҮГ-т 2020 оны 01-р сараас хойш өнөөдрийг хүртлэх хугацаанд 3 жил тасралтгүй ажиллаж ирсэн. Энэ ажиллах хугацаандаа өөрийн мэргэжлийн зэргээ ахиулсаар ирсэн. Би 2022 оны 11 дүгээр сарын 11-ний орой ажлаасаа буугаад гэртээ машин авсан болохоо тэмдэглээд найзуудтайгаа жаахан ууцгааж байгаад амарцгаасан. Маргааш нь буюу 12-нд амралтын өдөр байсан учир гэртээ амарч байгаад эхнэр хүүхдүүдийн хамт орой 17 цагийн үед гэрийнхээ ард байдаг дэлгүүрт орж хүнсний зүйл аваад гараад машиндаа суух гэтэл энгийн хувцастай 40 эргэм насны хүн ирээд би Булган аймгийн Цагдаагийн газрын ажилтан байна гээд цагдаагийн үнэмлэх харуулаад чи согтуу байна наанаа байж бай гээд цагдаа дуудсанаар замын цагдаа Алтаншагай гэх залуу ирээд миний согтолтын зэргийг шалгаад явах гэхэд нөгөө хүн наад хүнийхээ эрхийг хасахгүй бол чиний ажилтай ярина шүү гээд миний жолооны үнэмлэхний зургийг гар утсаараа аваад явсан. Цагдаа Алтаншагай архи уусан байна шүү гээд 1 дэх өдөр ажил дээр ирээрэй гээд явсан. Би 1 дэх өдөр буюу 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө ажилдаа гараад 16 цаг 30-д ажлаасаа буугаад Замын цагдаа дээр очоод нэг ахмадтай уулз гэхээр нь уулзсан чинь эрхийг чинь нэг жил хаслаа 400.000 төгрөгийн торгууль төл гээд намайг өрөөнөөсөө гаргасан. Гэхдээ би 1 дэх өдөр буюу 2022 оын 11 дүгээр сарын 14-ний өглөө би ажилдаа ирээд ажилд гарахаасаа өмнө “Хүнд машин механизмийн хэсгийн дарга Б.Гт хагас сайн өдөр юу болсон тухайгаа болон өөрийн машин жолоодох эрхээ хасуулах тухайгаа хэлсэн. Тухайн үед Б.Г дарга Цагдаагийн ерөнхий газрын сайт руу орж харснаа чиний машин жолоодох эрхийг хассан тухай тавиагүй байна гээд HYUNDAI НD-270 МАРКИЙН 44-63 ОРО улсын дугаартай хүнд даацын авто машинаараа ажилдаа гар гээд замын хуудас бичиж өгсөн. Би маргааш өглөө нь ажилдаа ирэхдээ Б.Г даргад миний машин жолоодох эрхийг нэг жилийн хугацаатай хассан байна гэж хэлсэн чинь чиний эрхийг хассан тухай байхгүй байсан гээд дахиад замын хуудас бичиж өгсөн тэр өдөр би ажлаа хэвийн хийгээд орой ажлаасаа буусан. Маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө ажилдаа очиход Б.Г дарга машин дээр гаргаагүй бөгөөд чиний эрхийг хассан тухай тавиагүй ч эрх чинь хасагдчихсан байгаа учир чи машин барьж болохгүй гээд гараж дээр цэвэрлэгээ хийлгэж өнжөөсөн. Энэ мэтээр би цэвэрлэгээ хийсээр 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг дуустал ажиллаад “Э Ү” ТӨҮГ-ийн ерөнхий захирал Л.Ёндонгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай тушаалаар ажлаас халагдсан. 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/-ын 123-р зүйлийн 123.4-т: “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэжээ. Би өөрийгөө хариуцсан хэсгийн дарга Б.Гт машин жолоодох эрхээ хасуулсан тухай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө хэлсэн. “Э Ү” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журам, надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Ажлын байрны тодорхойлолт зэргүүдэд зааснаар намайг хариуцсан надад ажил өгдөг албан тушаалтан бол Хүнд машин механизмын хэсгийн дарга Б.Г шүү дээ. Хөдөлмөрийн тухай 2021 оны хуулийн 123-р зүйлийн 4-т зааснаар бол надад хөдөлмөрийн сахилгыг 2022 оны 12 дугаар сарын 14-ний дотор ногдуулах учиртай байтал 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр намайг машин жолоодох эрхээ хасуулсан болохыг мэдсэн атлаа хуулийн дээрх заалтыг зөрчиж надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцаллаа. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийг хүртлэх хугацааг тооцвол 52 хоног болж байгаа юм. Аливаа тушаал шийдвэр хууль зүйн дагуу гарах учиртай билээ. Жич: “Э Ү” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны 02 дугаартай тэмдэглэлийг хавсаргав. Иймд: “Э Ү” ТӨҮГ-ын ерөнхий захирал Л.Ёндонгийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай Н.Н надтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг хүчингүй болгож Н.Н намайг хуучин хийж байсан ажилд маань эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч “Э Ү” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Н.Нын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон үндэслэлийн талаар: Н.Н нь “Э Ү ТӨҮГ”-ын Автотээврийн цехийн Хүнд машин механизмын хэсгийн уурхайн технологийн зориулалттай 7.1 тонноос дээш хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /4 хувийн согтолттой/ хувийн тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу нэг жилийн хугацаагаар хассан байна. Н.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар заасан байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.18 дахь заалтад “Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх /жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх гэх мэт/ нь цуцлагдсан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар, мөн Э Ү ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.14-т “Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх (жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх г.м) нь цуцлагдсан” тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тус тус заасан байна. Иймд Н.Н нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтууд, Автотээврийн цехийн даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20/778, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20/01 дугээр албан бичгүүд, “Э Ү ТӨҮГ”-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.14 дэх заалт, ажилтантай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/20/84 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.3.18 дахь заалт, жолоодох эрх хассан баримт зэргийг үндэслэн тус Үийн газрын Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. 2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаал гарахтай холбогдсон хөөн хэлэлцэх хугацааны талаар: Н нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанаас хойш 11 дүгээр сарын 21-25-ныг дуустал хугацаанд цалингүй чөлөөтэй, 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал эмчид үзүүлсэн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай, 12 дугаар сарын 07-13-ны өдрийг дуустал, мөн 12 дугаар сарын 22-27-ныг дуустал эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн шалтгаанаар эмнэлгийн хуудас авсан байна. Өөрөөр хэлбэл тэрээр зөрчил гаргаснаас хойш ажлаас халах тушаал гарах хүртэл хуанлийн 29 өдөрт нь эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаатай, хувийн чөлөөтэй байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж заасан байх тул сахилгын шийтгэлийг хугацаа хэтрүүлэн ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй болж байна. Мөн Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочийн ажлын байрны тодорхойлолтын 4 дэх хэсэгт ажлын байранд тавигдах шаардлагыг тусгасан байх бөгөөд жолоодох эрхийн С ангилалтай, мэргэшсэн жолооч байхаар тусгасан байдаг. Нэгэнт жолоодох эрхээ хасуулсан хүнийг урьд эрхэлж байсан ажилд нь буюу Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор эгүүлэн ажиллуулах хууль зүйн хувьд ямар ч боломжгүй болно. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэн Н.Нын нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Н.Н тус шүүхэд хандаж Э Ү ТӨҮГ-т хариуцагдах хуучин хийж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг гаргасан. Тухайн үедээ ажилгүй байсан хугацааныхаа нөхөн олговрыг шаардаагүй учир ажилгүй байсан хугацааныхаа нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгаа болно. Нэхэмжлэгч Н.Н 2023-01-05-ны өдөр ажлаасаа халагдсан. Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 10 сар 15 хонож байна. Н.Нын нэг сарын цалин нь 2.658.331 төгрөг үүнийг 10 сар 15 хоногоор тооцвол 2.658.331*10 сар 15 хоног=27.912.475=50 төгрөг болж байна. Иймд: Э Ү ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 27.912.475=50 төгрөг гаргуулан Н.Нт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Иргэн Н.Нын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: 1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах болсон үндэслэлийн талаар: Н.Н нь “Э Ү ТӨҮГ”-ын Автотээврийн цехийн Хүнд машин механизмын хэсгийн уурхайн технологийн зориулалттай 7.1 тонноос дээш хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /4 хувийн согтолттой/ хувийн тээврийн хэрэгсэлээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтын дагуу нэг жилийн хугацаагаар хассан байна. Н.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үйлдэл нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар шууд цуцлахаар тусгайлан заасан ноцтой зөрчил болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /2 ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачлагаар цуцлах талаар заасан байх бөгөөд түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6.3.18 дахь заалтад “Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх /жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх гэх мэт/ нь цуцлагдсан тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргасанд тооцон, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар, мөн Э Ү ТӨҮГ-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.14-т “Ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх (жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх г.м) нь цуцлагдсан” тохиолдолд хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар тус тус заасан байна. Иймд Н.Н нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж үзэн Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалтууд, Автотээврийн цехийн даргын 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20/778, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 20/01 дугээр албан бичгүүд, “Э Ү ТӨҮГ”-ын Хөдөлмөрийн дотоод журмын 8.17.14 дэх заалт, ажилтантай байгуулсан 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/20/84 дугаартай хөдөлмөрийн гэрээний 6.3.18 дахь заалт, жолоодох эрх хассан баримт зэргийг үндэслэн тус Үийн газрын Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгож, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан болно. 2. Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаал гарахтай холбогдсон хөөн хэлэлцэх хугацааны талаар: Н.Н нь хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гаргаснаас хойш 11 дүгээр сарын 21-25-ныг дуустал хугацаанд цалингүй чөлөөтэй, 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 06-ны өдрийг дуустал эмчид үзүүлсэн шалтгаанаар эмнэлгийн магадлагаатай, 12 дугаар сарын 07-13-ны өдрийг дуустал, мөн 12 дугаар сарын 22-27-ныг дуустал эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн шалтгаанаар эмнэлгийн хуудас авсан байна. Өөрөөр хэлбэл тэрээр зөрчил гаргаснаас хойш ажлаас халах тушаал гарах хүртэл хуанлийн 29 өдөрт нь эмнэлгийн хуудас, эмнэлгийн магадлагаатай, хувийн чөлөөтэй байсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж заасан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно” гэж заасан байх тул сахилгын шийтгэлийг хугацаа хэтрүүлэн ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочийн ажлын байрны тодорхойлолтын 4 дэх хэсэгт ажлын байранд тавигдах шаардлагыг тусгасан байх бөгөөд жолоодох эрхийн С ангилалтай, мэргэшсэн жолооч байхаар тусгасан байдаг. Нэгэнт жолоодох эрхээ хасуулсан хүнийг урьд эрхэлж байсан ажилд нь буюу буюу Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор эгүүлэн ажиллуулах хууль зүйн хувьд ямар ч боломжгүй болно. Дээр дурдсанаас гадна Н.Н нь нэхэмжлэлдээ “Э Ү” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг хавсаргасан байх боловч Баян- Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор шийдвэрлүүлсэн гэх нотлох баримт, хорооны шийдвэрийг өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана”, 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэн Н.Нын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэхэмжлэгч Н.Н тус шүүхэд хандаж “Э Ү" ТӨҮГ-т хариуцагдах хуучин хийж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг гаргасан. Тухайн үедээ ажилгүй байсан хугацааныхаа нөхөн олговрыг шаардаагүй учир ажилгүй байсан хугацааныхаа нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа 2023-11-20-ны өдрөөр нэмэгдүүлж байсан боловч хурал хойшлох болон өөр бусад байдлаар явсаар 2 сарын хугацаа өнгөрчээ. Нэхэмжлэгч Н.Н 2023-01-05-ны өдөр ажлаасаа халагдсан. Энэ өдрөөс хойш 2023-11-20-ны өдрийг хүртлэх хугацаанд ажилгүй байсан хугацааг нь 10 сар 15 хоногоор тооцож нэхэмжлэгч Н.Нын нэг сарын цалингийн дундажийг 2.658.331 төгрөгөөр тооцож 27.912.475 төгрөг шаардаж байсан. 2023-11-20-ны өдрөөс 2024-01-20-ны өдрийн хооронд ажилгүй байсан хугацаа нь 2 сар нийт хугацаа 12 сар 15 хоног /2.658.331*12 сар 15 хоног=33.229.137 төгрөг болж байна/. Хоёр сарын хугацааны олговрыг тооцвол 5.316.662 төгрөг болж байгаа учраас энэ олговроо Хөдөлмөрийн тухай хуулийн 127-р зүйлийн 127.1 дэх хэсгийг үндэслэн шаардаж байна. Иймд: "Э Ү" ТӨҮГ-аас ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрт 27.912.475 төгрөг гаргуулахаар шаардаж байсан шаардлагаа 5.316.662 төгрөгөөр нэмэгдүүлж байгаа учир дээрх олговрыг нэхэмжлэгч Н.Нт олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан дараах тайлбарыг хүргүүлж байна. Э Ү ТӨҮГ-ын зүгээс нэхэмжлэгч Н.Нын ажлаас үндэслэлгүй халагдсан болон ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийг нь бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Мөн нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмыг баримтлан тооцоолоход 2,114,850 төгрөг болохыг тодорхойлсон баримтыг өмнө шүүхэд хүргүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
8.Нэхэмжлэгчээс: иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 3/, “Э Ү” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаартай ”Ажилтан Наранцацралын Насанбарын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 4/, “Э Ү” ТӨҮГ-ын 2020 оны 01 дүгээр сарын 14-ний дөрийн 20/19/1064 дугаартай ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 5-8/, Ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 9-10/, “Э Ү” ТӨҮГ-ын хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэл /хх-ийн 11-14/, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэл /хх-ийн 15/, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 153 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 217- 223/, Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 дугаартай “Дүрэм батлах тухай” тогтоолын хуулбар /хх-ийн 225-234/,
9. Хариуцагчаас: “Э Ү” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/662 дугаартай “Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний жишиг загваруудыг шинэчлэн батлах тухай” тушаалын хуулбар, хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн 26-33/, “Э Ү” ТӨҮГ-ын 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 20/20/84 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 34-37/, “Э Ү” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 20/778 дугаартай “Чиглэл хүсэх тухай” албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 38/, Автотээврийн цехийн дарга Я.Дамдиндоржид өгсөн Хүнд машин механизмын хэсгийн дарга Б.Гийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаартай хариу албан бичгийн хуулбар /хх-ийн 39/, “Э Ү” ТӨҮГ-ын Автотээврийн цехийн 263 дугаартай чөлөөний хуудсын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 40/, эмнэлгийн магадлагаа /хх-ийн 41/, хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудас нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 42-43/, Н.Нын 2022 оны 11,12 сар, 2023 оны 01 сард ажиллсан цагийн бүртгэл, цалингийн тооцооны хуудас, Н.Нт холбогдох зөрчлийн хэргийн материалын хуулбар /хх-ийн 46-68/, Н.Нын 2022 оны 11,12 сар, 2023 оны 01 сард ажиллсан цагийн бүртгэл, цалингийн тооцооны хуудас нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 75-141, 176/,
10.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгийн Цагдаагийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 40/05-289 дугаартай албан бичиг, хавсралт /хх-ийн 72-73/, Н.Нт холбогдох зөрчлийн хэргийн материалын хуулбар /хх-ийн 146-157/, Орхон аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 74 дугаартай албан бичиг /хх-ийн 191/ зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна дүгнэв.
2. Нэхэмжлэгч Н.Н нь тус шүүхэд хандаж 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа халагдсан, энэ өдрөөс хойш 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааг нь 10 сар 15 хоногоор тооцож цалин олгосон тушаалын хувьд хуулийн хугацаа өнгөрсөн байхад ажлаас халсан нь үндэслэлгүй 2.658.331 дундаж цалингаа тооцож 12 сар 15 хоногийн цалин нийт 33.229.137 төгрөгийг гаргуулж хуучин ажиллаж байсан “Э Ү” ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
2.2 Нэхэмжлэгч Н.Н нь “...Э Ү ТӨҮГ нь 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар Сахилгын зөрчил ...илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна гэсэн байхад 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр машин механизмын хэсгийн дарга Б.Гт мэдэгдсэн байхад хуулийн хугацаа болох 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дотор шийтгэл ногдуулаагүй байж 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ажлаасаа халагдсан тушаал гаргасан тул ...хуулийн хугацаандаа гаргаагүй шийдвэр...” гэж тайлбарлан “Э Ү” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож “Э Ү” ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин дунджаар 2.658.331 төгрөг гэж үзэж нийт 33.229.137 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлдог.
2.3 Хариуцагч “Э Ү” ТӨҮГ нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч татгалздаг бөгөөд татгалзлын үндэслэлээ “...Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байх бөгөөд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж заасан байна. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно” гэж заасан байх тул сахилгын шийтгэлийг хугацаа хэтрүүлэн ногдуулсан гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочийн ажлын байрны тодорхойлолтын 4 дэх хэсэгт ажлын байранд тавигдах шаардлагыг тусгасан байх бөгөөд жолоодох эрхийн С ангилалтай, мэргэшсэн жолооч байхаар тусгасан байдаг. Нэгэнт жолоодох эрхээ хасуулсан хүнийг урьд эрхэлж байсан ажилд нь буюу Уурхайн технологийн зориулалттай хүнд даацын автомашины жолоочоор эгүүлэн ажиллуулах хууль зүйн хувьд ямар ч боломжгүй болно. Дээр дурдсанаас гадна Н.Н нь нэхэмжлэлдээ “Э Ү” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын шийдвэрийг хавсаргасан байх боловч Баян-Өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор шийдвэрлүүлсэн гэх нотлох баримт, хорооны шийдвэрийг өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд ирүүлээгүй байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6-д “Энэ хуулийн 154.5-д заасан хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч аль нэг тал хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандана”, 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх хуульд заасан журмыг зөрчсөн байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасныг үндэслэн Н.Нын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй...” гэж тайлбарладаг.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Н.Ныг “Э Ү” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар “Э Ү” ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-т зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэн “Э Ү” ТӨҮГ-ын Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргаж, Маргаан таслах комиссын хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 02 дугаартай тэмдэглэлээр гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шийдвэрлэжээ.
Ажил олгогч, ажилтан нарын хооронд байгуулагдсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан ноцтой зөрчил буюу “Э Ү” ТӨҮГ-ын ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний 6.3.18-т заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлд “ажил үүргээ гүйцэтгэхэд шаардагдах аливаа тусгай зөвшөөрөл, эрх, жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх” цуцлагдсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-т хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтны буруутай үйлдэл эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан.
Аливаа ажил үүргийг гүйцэтгэхэд шаардагдах тусгай зөвшөөрөл, эрх, жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэх” цуцлагдсан бол тус ажил үүргийг гүйцэтгэх боломжгүй болдог.
Нэхэмжлэгчийн хувьд “Э Ү” ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажил үүргийг гүйцэтгэдэг нь ажлын байрны тодорхойлолтоор тусгай эрх буюу авто машин, хүнд машин механизм жолоодох эрх шаардагдаж байна.
Гэтэл нэхэмжлэгч Н.Н нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зөрчил үйлдэж жолоодох эрхээ хасуулсан байна.
Үүний дагуу Хүнд машин механизмийн хэсгийн дарга Б.Г 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 33 дугаарт хүсэлт гаргасныг Авто тээврийн цехийн дарга Я.Дамдиндорж хүлээн авч улмаар 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 20/778 дугаарт чиглэл хүсэх тухай албан бичгийг “Э Ү” ТӨҮГ илгээсний дагуу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаарт тушаалаар нэхэмжлэгч Н.Ныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “....ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь эмнэлгийн магадлагаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж тус тус заасны дагуу Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т “Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр тоолно” гэж заасан байх тул сахилгын шийтгэлийг хугацаа хэтрүүлэн ногдуулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Дээрх бүгдээс дүгнэхэд нэхэмжлэгч Н.Ныг “Э Ү” ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажил үүргээс чөлөөлсөн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/08 дугаарт “Э Ү” ТӨҮГ-ын тушаал нь үндэслэлтэй байна.
Иймд “Э Ү” ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох, 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин дунджаар 2.658.331 төгрөг гэж үзэж нийт 33.229.137 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нь “Э Ү” ТӨҮГ-т холбогдох “Э Ү ТӨҮГ-ын Авто тээврийн хэлтэст Хүнд машин механизмын жолоочийн ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд 33.229.137 төгрөг гаргуулах тухай ” Н.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Н.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА