Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2024/00396

 

2024             03               01                                  142/ШШ2024/00396

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: **** тоотод байрлах “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** тоотод оршин суух, **** овогт Э.А-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 4 443 814.37 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, Д.Нямдаваа, хариуцагч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Халиун нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч Э.Ад холбогдуулан зээлийн төлбөрт 4 443 814.37 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 2. Нэхэмжлэгч “А” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа... “А” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээд бөгөөд манай компаниас иргэн Э.Ань 2022 оны 06 сарын 29-ний өдөр 4,250,000.00 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргаж, үүний дагуу бидний зүгээс зээлийн хорооны хурлаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу 1190130101000553 тоот "Зээлийн болон барьцааны гэрээ”-нүүдийг байгуулсан сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч 1190130101000553 тоот “Зээлийн гэрээ”-ний хүрээнд 1 ширхэг “ Iphone promax 128GВ гар утсыг, гэр ахуйн бараа, эд хогшлыг барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах “барьцааны гэрээ”-г хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлнэ гэх боловч бодитоор биелүүлэх талаар санал санаачлага огт гаргахгүй өнөөдрийг хүртэл 480 /2024.01.09-ний өдрийн байдлаар/ хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар нь биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч “Ант Пей” ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж байна. Зээлийн гэрээгээр талууд харилцан тохиролцохдоо зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заагдсан төлбөрийг хугацаанд нь төлөх, мөн зээл олгогчийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүргийг хүлээсэн боловч удаа дараа зөрчиж байгаа учир хуулиар олгогдсон эрх ашиг сонирхлоо хамгаауулахаар шүүхэд ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Иймд зээлдэгчээс үндсэн зээлийн үлдэгдэл 3,835,986.51 /гурван сая найман зуун гучин таван мянга есөн зуун наян зургаан төгрөг тавин нэгэн мөнгө/ төгрөг, үндсэн хүүний өр 463,827.58 /дөрвөн зуун жаран гурван мянга найман зуун хорин до.поон төгрөг тавин найман мөнгө/ төгрөг, хүүгийн торгууль 144,000.28 /нэг зуун дөчин дөрвөн мянга хорин найман мөнгө /нийт 4,443,814.37 төгрөг /дөрвөн сая дөрвөн зуун дөчин гурван мянга найман зуун арван дөрвөн төгрөг гучин долоон мөнгө/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэж тайлбарласан.

 3.Хариуцагч Э.Ашүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Э.Ань 2022 оны 06 дугаар сард “А” ХХК-аас зээлээр iphone 13 promax утсыг худалдаж авсан. 4,7 сая төгрөгөөр тухай үед 500 000 төгрөгийг төлсөн. Мөн сар бүр 247 000 төгрөгийг 2 жилийн хугацаанд төлөх байснаас 2 жилийн хугацаанд төлөх байснаас 2 сарын төлөлтийг хийсэн. Мөн 2023 он сарыг нь санахгүй байна. 1 500 000 төгрөгийг төлсөн. Өнгөрсөн 8,9 дүгээр сард бүтэн хаах гэж байсан боловч миний бие мэс засалд орж эмнэлэгт эмчилгээ хийлгэсний улмаас төлбөрийг барагдуулж чадаагүй. Би тухайн үед яаран сайн судлалгүй ажлын газар дээр ирсэн худалдааны утас авсан. Ихэвчлэн бусад утасны борлуулалтыг хүүгүй зээлээр төлдөгийг мэдээд өндөр хүүтэй авснаа мэдсэн. Тус байгууллагад хүүн дээр харж үзэх санал гаргасан ч хүлээж аваагүй. Мөн тус компаниас нэхэмжилсэн мөнгөн дүнгүүд зөрүүтэй улмаас эргэлзэж эхэлсэн. Бас миний бие 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 1 900 000 төгрөгийг шилжүүлсэн. Нийт 3 900 000 төгрөг, дээрээс нь 2 сарын хүү 494 000 төгрөгийг нийт төлсөн. Иймд  нэхэмжилсэн дүнг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 4. Нэхэмжлэгчээс итгэмжлэл /хх-ийн 3/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 4/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 5/, зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 6-9/, Э.Ариун-Эрдэнийн хүсэлт нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10/, 4 250 000 төгрөг шилжүүлсэн талаарх баримт /хх-ийн 11/, зээлийн дансны хуулга /хх-ийн 12-13/

5. Хариуцагчаас: мессежний хуулбар /хх-ийн 23-24/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Нэхэмжлэгч дараах байдлаар шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... 1190130101000553 тоот "Зээлийн болон барьцааны гэрээ”-нүүдийг байгуулсан сарын 3 хувийн хүүтэй, жилийн 36 хувь 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч 1190130101000553 тоот “Зээлийн гэрээ”-ний хүрээнд 1 ширхэг “ Iphone promax 128GВ гар утсыг, гэр ахуйн бараа, эд хогшлыг барьцаалан үүргийн гүйцэтгэлийг хангуулах “барьцааны гэрээ”-г хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлнэ гэх боловч бодитоор биелүүлэх талаар санал санаачлага огт гаргахгүй өнөөдрийг хүртэл 480 /2024.01.09-ний өдрийн байдлаар/ хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нар нь биелүүлэхгүй байна. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1. 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-т тус тус заасны дагуу зээлдүүлэгч “Ант Пей” ХХК нь дээрх төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас шаардах эрхтэй... гэж тайлбарласан.

Хариуцагч Э.Ань шүүх хуралдаан хүртлэх хугацаанд 3.900.000 төгрөгийг төлж барагдуулсан одоо үлдэх үндсэн төлбөрийг төлнө...хүү төлөхгүй гэдэг.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч “А” ХХК-тай 2022 оны 06 сарын 29-ний өдөр 1190130101000553 дугаартай зээлийн гэрээ байгуулсан байна. Тэрээр зээл төлөх хуваарийг 2022 оны 06 сарын 29-ний өдрөөс 2024 оны  06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд төлөх үүрэгтэй байсан ба хувиарыг зөрчиж, зээлийн төлбөр төлөөгүй болох нь дансны хуулгаар тогтоогдож байна.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг нэхэмжлэгч өөрөө, харин нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө тус тус нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд талууд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлж улмаар мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар хэргийн үйл баримтыг нотлох замаар мэтгэлцэх учиртай. 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Иргэний хэрэг үүссэнээс хойш нэхэмжлэгч болон хариуцагчийг энэ эрхээр нь хангасан байдаг.

    4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр эрх бүхий хуулийн этгээд нь зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан гэрээний харилцаа үүсчээ.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

5. Иймд хариуцагч Э.Аэс 2543814 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 051.02 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Аэс улсын тэмдэгтийн хураамж 55651 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг баримтлан хариуцагч Э.Аэс 2 543 814 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86 051.02 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Аэс улсын тэмдэгтийн хураамж 55 651 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ДАГИЙМАА