Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00297

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Эрдэнэцэцэг даргалж

Улсын яллагч Т.Ганзориг

Хохирогч Б.Б

Шүүгдэгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э холбогдох эрүүгийн 1725001540091 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт  тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай,  Э. Э, 

 

Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лофт баарны гадна талд Б.Б-г зодож биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Э.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Энэ хүнийг өшиглөснөөс гэмтэл үүссэн гэж бодож байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаар нотлогдвол төлнө гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Цаашид гарах эмчилгээний зардал 1 000 000 төгрөг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хамаатаны дүү Батзориг манайд ирээд бид нартай байж байгаад орой Лофт бааранд орохоор явсан. Тэгээд А, М, Г, Э, Б бид 6 хамт Лофт бааранд орж сууж байгаад би тасраад гадаа машинд унтсан байсан. Шөнө 3 цагийн орчим манай дүү Б ирээд ахаа танай найз намайг зодсон гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 23 ху/,

 

Гэрч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн зодоон дээр Б гэх залуу хүнд зодуулж байсан. Тэгээд би очоод Э-ийг цааш нь болгосон хажуугаар А орж ирээд Б зодох гээд очихоор нь би салгаад цааш нь түлхсэн. Дахиад Э орж ирээд нүүрэн тус газарт нь өшиглөсөн. Тэгээд бүгдийг нь салгаад Б-г эмнэлэгт хүргэж өгөөд явсан гэсэн мэдүүлэг /хх 24 ху/,

 

Гэрч Б.Г мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Тухайн үед би очоод салгах гэсэн чинь Б-г намайг нэг удаа цохихоор нь би буцаагаад нэг удаа алгадсан. Тэгээд манай найз бид 2 Sugar бааранд ороод би ганцаараа буцаад ирсэн чинь Б, Э нар хоорондоо барьцалдаад байж байсан. М гэх залуу тэр хоёрыг салгаад баарны гадна байсан чулууны хажууд сууж байсан. Эрдэнэтөр очоод нүүрэн тус газарт нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн гэсэн мэдүүлэг /хх 27 ху/,

 

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 703 дугаартай:

1. Б.Б биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн хацарт язарсан шарх, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүсчээ.

2. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.

4. тархи доргилт, хамрын ясны хугарал нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.

5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй,

6. Дээрх гэмтэлүүд нь 2017 оны 08 дугаар сарын 07-нд үүссэн байж болно гэсэн дүгнэлт /хх 20 ху/,

 

-Э.Эрдэнэтөрийг яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 01-05 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 37 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Э.Э нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум Хүрэн булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Лофт баарны гадна талд Б.Б-г зодож биед нь тархи доргилт, хамрын ясны хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч Б.Бн “...Э хажуугаар орж ирээд нүүрэн тус газар олон удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 16ху/, гэрч О.О /хх 23 ху/, Д.М/хх 24 ху/, Б.Г /хх 27 ху/ нарын мэдүүлгүүд, хохирогчийн биед тархи доргилт, хамрын ясны хугарал, зүүн хацарт язарсан шарх, зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэнийг тогтоосон 703 дугаартай шинжээчийн дүгнэлт, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

                     Шүүгдэгч Э.Э-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1.д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож түүнд торгох ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Хохирогч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид гарах эмчилгээний зардал 1 000 000 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлж байх  боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

           Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Э.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.т зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч Э.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

  7. Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

 

 8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.ЭРДЭНЭЦЭЦЭГ.