Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 1552

 

МАГАДЛАЛ

2019.08.23                                                Дугаар 1552

С.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Мөнхзул, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01853 дугаар шийдвэртэй, С.Н-ийн нэхэмжлэлтэй, “С П-д бизнес эрхлэгчид Ц төв гишүүддээ үйлчилдэг” ТББ-д холбогдох С П-д бизнес эрхлэгчид Ц төв гишүүддээ үйлчилдэг” ТББ нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.2-д заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, гэрээгээр хүлээсэн үүрэг болох Ерөнхий инженер албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7 592 842 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: С.Н, түүний өмгөөлөгч Ө.Э

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, түүний өмгөөлөгч Ц.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

            Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие С Пхудалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг ТББ-д хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулж тус ТББ-ын захирлын 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдрөөс ерөнхий инженерийн албан тушаалд томилогдож, цахилгааны инженер, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн инженерийн албан үүргийг давхар хариуцан ажиллаж байсан. С П худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг ТББ нь С П худалдаа үйлчилгээний төвд талбай өмчлөн эзэмшиж худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдийн өөрсдийн үүсгэн байгуулж тус төвийнхөө ашиглалт, үйлчилгээг эрхлэн гүйцэтгэдэг байгууллага юм. 2018 оны 11 дүгээр сараас С П үйлчилгээний төвд талбай өмчлөн эзэмшиж бизнес эрхлэгчид хооронд үл ойлголцол үүсч С П худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-ын гүйцэтгэх захирал З.М-г ажлаас чөлөөлж өөр гүйцэтгэх захирал томилох асуудал яригдаж эхэлсэн. З.М ажлаа өгөхгүй гэсний улмаас С П үйлчилгээний төвд талбай өмчлөн эзэмшиж бизнес эрхлэгчид С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ гэсэн нэр бүхий шинэ төрийн бус байгууллага үүсгэн байгуулсан. Улмаар шинэ гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллагаараа үйл ажиллагаа явуулж эхлэх болсон тул өмнөх төрийн бус байгууллагын бүх эрх, үүрэг эд хөрөнгийг шилжүүлэн авахаар тохиролцсон. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр С Пхудалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо гишүүддээ үйлчилдэг ТББ болон шинэ төрийн бус байгууллага болох С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв гишүүддээ үйлчилдэг ТББ-ууд “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх” гэрээ байгуулсан. Тус гэрээний 3.2-д “Байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй учир А талын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан албан хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй” гэж зааснаар С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв гишүүддээ үйлчилдэг ТББ нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээг өөрийн нэрээр шинэчлэн байгуулж үргэлжлүүлэн хэвийн ажиллуулах үүргийг хүлээсэн. Тус гэрээний хавсралтаар шилжүүлэн авч байгаа 21 ажилтныг хүлээн авсан тухай акт үйлдэж хоёр ТББ-ын удирдлага гарын үсэг зурсан байдаг.

Миний бие өмнө нь С П үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-тай 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ бол тодорхой хугацаагүй гэрээ байгуулсан, хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж байсан. Тухайн төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй, ажилчдын үүрэг өөрчлөгдөөгүй. “Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ”-ний зорилго хэсэгт шилжүүлэн өгөх байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, өмчлөгчид, харилцагч байгууллагын өмнө хүлээх үүрэг хариуцлага зэргийг шилжүүлж өгсөн байдаг. Ингээд илүү тодотгохоор тус гэрээний 3.2-т “ажилтан албан хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллах үүрэгтэй” гэж заагаад, гэрээний хавсралтаар 21 ажилтны нийгмийн даатгалын дэвтрийг өгсөн байдаг. Хуучин ТББ-ын захирал “7 хоногийн дараа Нийгмийн даатгалын байгууллагатай очиж уулзсан. Ажилчдын өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөргүй болж шинэ ТББ-д эрх үүргийг шилжүүлсэн. Хэн шилжүүлэх ажиллагааг явуулах вэ гэдэг зөвлөмжийг авахад тухайн нийгмийн даатгалын байцаагч нь ажилчдаа ажлаас нь чөлөөлөөд, чөлөөлсөн тухай албан бичгээ нийгмийн даатгалын байгууллагад ирүүлснээр нийгмийн даатгалын байгууллагатай тооцоо дуусна гэж хэлсэн” гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл С П-д бизнес эрхлэгчид цэлмэг төв ГҮТББ нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн ТУЗ-ын даргын 19/01 тоот мэдэгдлээр ажилд авах боломжгүй гэсэн хариу өгч хөдөлмөрийн гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ биелүүлээгүй. Үргэлжлүүлэн ажиллуулна гэдэг шинээр ажилд авах тухай ойлголт биш, туршилтын хугацаа тогтоох шаардлагагүй байсан. Үүнээс үзэхэд хөдөлмөрийн гэрээний нөхцөл өөрчлөгдөхгүй, зөвхөн хуулийн этгээдийн нэрийг өөрчлөх байсан. Тус гэрээ хоёр байгууллагын хооронд байгуулагдсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг шууд зөрчсөн тул Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасны дагуу тус гэрээний үүрэгтэй холбоотой зөрчлийг шаардах эрхтэй гэж үзэж байна. Миний бие 2019 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ерөнхий инженерийн ажил эрхэлж байсан бөгөөд урьдчилгаа цалин авах болоход 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд цалинг өгнө гэсэн. Ингэхээр нь 3 сарын хугацаа дуусмагц халагдах юм байна гэж бодоод зөвшөөрөөгүй. Гүйцэтгэх захирал Ч.Э ТУЗ-ын шийдвэрийн дагуу ажиллаж байсан гэх боловч өөрөө өөр хүмүүс авчираад ажиллуулж байсан. 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдолд цалингийн зээлтэй, байрны зээл авах гэхээр банк зөвшөөрөхгүй байна гэдгийг хэлж байсан. ТУЗ-ийн гишүүдэд энэ талаар 2 удаа өмнөх ТББ шиг хугацаа заагаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах хүсэлт гаргаж байсан. Гэтэл гүйцэтгэх захирал Ч.Э нь бусад ажилчдыг өмнөх захирал ажлаас чинь халсан учир 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуул, хэрэв зөвшөөрөхгүй бол хална гэсэн шахалт үзүүлж, тэднээр хүсэлтийг бичүүлж авсан байсан.

Өмнөх ТББ-ын тушаалыг 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр мэдсэн. Энэ ТББ нь үүрэгт ажлаас чөлөөлсөн болохоос ажлаас халаагүй, энэ тушаалын талаар гомдол гаргаж байгаагүй. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй болохыг зааж өгсөн. Зохих ёсоор гэдэг нь гэрээнд заасан агуулгаар, шударгаар гэдэг нь нийтлэг хэм хэмжээ. Тэгэхээр гэрээний 3.2 дах заалтыг шударгаар, зохих ёсоор гүйцэтгэсэн бол ийм асуудал гарахгүй байсан. Өөрсдийн дотоод журамд нийцүүлэн ажилд авна гэдэг тайлбар гаргаж байгааг үндэслэлгүй гэж байна, хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээсээ зугтсан гэх агуулгатай гэж үзэж байна. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар энэ гэрээ байгуулагдсан даруй З.М нь ажилчдыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан даруй Цэлмэг төв ТББ нь ажилчдыг ажилд авсан тушаал гаргах байсан, гэрээгээр хугацааг тодорхой заагаагүй хэдий ч заавал биелүүлэх үүрэгтэй, үүний цаана хөдөлмөрийн харилцаа байгаа учир ямар нэгэн нийгмийн даатгалын шимтгэл, цалингийн асуудал, гуравдагч этгээдийн эрх ашиг зөрчигдөх байдал үүсгэхгүй байхаар хугацааг тодорхойлох ёстой. Үүнээс үзэхэд 12 сарын сүүлч гэхэд энэ үүргийг биелүүлсэн байх ёстой байсан. С.Нгийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар тооцоход сард 1 535 956 төгрөгийн цалин авдаг байсан нь харагдана. С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн бол С.Н нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 5 сарын 28-ны өдрийг хүртэлх 4 сар 28 хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгээд үүний дагуу цалин хөлс 7 592 842 төгрөг авч, эдийн засгийн хувьд алдагдалд орохгүй байсан. Мөн цалин хөлстэй уялдаад нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын сангийн эргэн төлөлтөд тасалдал үүсэхгүй, ийнхүү цалин хөлс аваагүй нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирол буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлсэн бол зайлшгүй олох ёстой байсан орлого хохиролд тооцогдоно гэж үзсэн. Үүнтэй уялдан хариуцагчаас олох ёстой орлого, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах шаардлага гаргах эрхтэй юм. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т иргэний эрхийг хамгаалах аргыг заасан.

Иймд С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.2-т заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгож тус үүргийн биелүүлж миний биетэй ерөнхий инженер албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүрэг зөрчсөний улмаас миний биед учирсан хохирол болох дундаж цалин 1 535 956 төгрөг бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх 4 сар 28 хоногийн хугацааны цалин болох 7 592 842 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-ын төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн бус байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дах хэсэгт зааснаас үзэхэд нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээ байгуулсан С П худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь татан буугдаагүй юм. Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар эд хөрөнгийг ижил төстэй төрийн бус байгууллагад шилжүүлэх хуулийн зохицуулалт байгаа болохоос харин иргэн, ажилчин шилжүүлэх хуулийн зохицуулалт байхгүй. Үүнээс хамааран С П худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ болон хариуцагч С П-дбизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-ийн хооронд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.2 дах заалт хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх ёстой. С Пхудалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагатай “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-г байгуулахаас өмнө тус байгууллага нь хөдөлмөрийн гэрээтэй ажилчиддаа бүгдийг нь ажлаас чөлөөлж, тушаал гаргасан учир нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ажилчин биш болно.

Гэтэл Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3 дугаар зүйлийн 3.2-д С Пхудалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-ийн хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг манай байгууллагад байсан. Харин хөдөлмөрийн гэрээ нь дуусгавар болж ажлаас чөлөөлөгдсөн С.Н нь манай байгууллагаас биш өөрийн ажиллаж байсан төрийн бус байгууллагад холбогдуулан нэхэмжлэл гаргах нь зүйд нийцэхээр байна. С П худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-тай 2018 оны 12 дугаар  сарын 10-ны өдөр “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-г байгуулах үед манай байгууллага нь бүтэц, зохион байгуулалт, орон тоо, холбогдох дүрэм журмаа батлаагүй байсан, шинэ ТББ нь бүтэц, орон тоо, дотоод журмыг 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан.

Өмнөх ТББ нь “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-гээр түүний эрх, үүрэг бүхэлд нь шилжүүлсэн, тийм болохоор ажилчдыг шууд үргэлжлүүлэн ажиллуулах харилцаа байх ёстой гэдэг агуулгатай гэж ойлгож байна. Гэтэл хууль зүйн хувьд тийм боломжгүй. Өөрөөр хэлбэл, шинэ ТББ нь 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шинээр байгуулагдан, улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ, тамга тэмдгээ авсан. Гэрээнээс харахад ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Үлдэх 19 ажилчдын хувьд шинээр байгуулагдсан ТББ-ын хөдөлмөрийн дотоод журам, гүйцэтгэх захирлын тавьсан саналыг хүлээж аваад, 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бөгөөд одоо уг хугацаатай гэрээний хугацаа дуусаад хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулсан байна. Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний 3.2-д заасны дагуу манай байгууллага өмнөх төрийн бус байгууллагаас чөлөөлөгдсөн ажилчин С.Нд туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан, тэрээр уг саналыг хүлээж аваагүй, хугацаагүй байхыг шаардсанаар бидний хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй юм. Хөдөлмөрийн гэрээг 2 талын хүсэл зоригийг үндэслэн байгуулдаг тул байгууллагын дотоод журмыг зөрчин хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй тул талууд тохиролцоонд хүрээгүй болно.

Нэхэмжлэгч тал гэрээний үүрэгтэй холбоотойгоор 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх тухай гэрээний 3.2 дах хэсэгт заасан үүргээ зөрчсөн гэдгийг зөвшөөрөхгүй. Бид гэрээний үүргээ хангалттай биелүүлж, өөрийн дотоод журамд заасны дагуу 3 сарын хугацаатай туршилтын гэрээгээр ажилд авна гэхэд нэхэмжлэгч өөрөө зөвшөөрөөгүйг үүргээ биелүүлээгүй гэж үзэж болохгүй. Хөдөлмөрийн гэрээ бол ажил олгогч, ажилтны хүсэл зоригийн харилцан илэрхийлэл бөгөөд ийнхүү тохиролцсон тохиолдолд гэрээ байгуулагдах ёстой. Гэтэл талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл болох хугацаан дээр харилцан тохироогүй учир хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй нь талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүйг харуулж байна.

Тиймээс гэрээний үүргийг зөрчөөгүй гэж үзэж байгаа учир үүрэг зөрчсөний улмаас цалин болон нийгмийн даатгалын шимтгэл, цалинг хохирол гээд, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар шаардах эрхгүй байна. Нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт бол зөвхөн хөдөлмөрийн харилцаатай байсан этгээдүүдийн хооронд үүсдэг бөгөөд шаардах эрх үүсдэг. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Н-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С П-дбизнес эрхлэгчид Цэлмэг төв гишүүддээ үйлчилдэг ТББ-д холбогдох 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.2-д заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, гэрээгээр хүлээсэн үүрэг болох Ерөнхий инженер албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7 592 842 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч С.Н-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч С.Н-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206 640 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

          Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир давж заалдах гомдолдоо: Талуудын хооронд шууд хөдөлмөрийн харилцаатай холбоотой үүрэг үүсээгүй боловч өмнө дурдсан хоёр ГҮТББ-ын хооронд байгуулсан “Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ”-гээс үүдсэн үүрэг үүссэн болно.Тус гэрээнээс ажилтан С.Н-д хамааралтай бөгөөд түүний хөдөлмөрлөх эрхийг хангаж, ажлын байрыг хадгалан үлдэж, хөдөлмөрийн нөхцөл өөрчлөгдөхгүйгээр цаашид үргэлжлүүлэн ажиллах боломжийг баталгаажуулсан заалт нь тус гэрээний 3.2 дах заалтаар хариуцагчид үүрэг үүссэн. С.Н-г тус заалтын хүрээнд хамаарч хамгаалагдаж байгаа этгээд гэдгийг нь тус гэрээний хавсралт 1-р баталгаажуулсан С П үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-аас С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв” ГҮТББ-д шилжүүлэн өгсөн ажилчдын жагсаалтын 4-д С.Н-н нэрийг дурдаж түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ, тушаал зэргийг хамт хүлээлгэн өгч хоёр төрийн бус байгууллагын тэргүүн гарын үсэг зурж баталгаажуулсан. Тус гэрээний 3.2 дах заалт түүний хавсралтын хамт С.Н-д ашигтай гэрээ буюу Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасан гуравдагч этгээдэд ашигтай хэлцэл мөн юм. Иймд тус заалтад зааснаар тус үүргийг үүрэг гүйцэтгүүлэгч эсхүл гуравдагч этгээдийн хэн аль нь шаардах эрхтэй. Энэхүү эрхийнхээ хүрээнд гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үр ашгийг хүртэж буй гуравдагч этгээд тийнхүү үр ашгийг өөрт үүсгэх үүднээс үүргийн гүйцэтгэлийн шаардаж байгаа болно.

Шүүхийн шийдвэрт гүйцэтгэх захирал Д.Энхцэцэг нь өөрийн байгууллагын ТУЗ-аас өгсөн эрх мэдлийн хүрээнд, тус байгууллагын дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж, 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсан хэмээн хариуцагч талд ашиггай үйл баримтыг дурджээ. Нэхэмжлэгчээс С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв” ГҮТББ-тэй холбогдуулан маргаж байгаа болохоос түүний гүйцэтгэх захиралтай бус юм. Мөн тус ТББ нь бүхэлдээ 2018 оны 12 дугаар сарын 10-ны “Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ"-гээр хүлээсэн үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулах бөгөөд үүний хүрээнд ТУЗ-ын шийдвэр, холбогдох дотоод дүрэм журам, гүйцэтгэх захирлын үйл ажиллагаа нэгэн адил хамаарна. Бусдын өмнө хүлээсэн үүргийг дотоодоо баталсан дүрэм журам, шийдвэрээр хүчинп/й болгох, мөрдөхгүй байх, орхигдуулах боломжгүй юм. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5 дах хэсэгт заасны дагуу тус гэрээнд үүргийн ерөнхий үндэслэл нэгэн адил хамаарна. Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу “Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй тул С П-д үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан албан хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар тус гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллах гэдэгт ямар нэгэн цаг хугацааны шалгуур, өмнөх хөдөлмөрийн гэрээнээс өөр нөхцөл тогтоохгүй байх агуулга тодорхойлогдож байна. 2016 оноос хойш тасралтгүй ажиллаж ирсэн хүнд дээр гэрээний дагуу хөдөлмөрийн шинэ төрийн бус байгууллагын нэрээ шинэчлэн байгуулахдаа 3 сарын туршилтын хугацаатай хөдөлмөрийн гэрээ санал болгосон явдал нь үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй юм.

Үйл баримтад бодит үнэн зөв дүгнэлт хийгээгүй тухайд: Үүргийг шилжүүлэн өгсөн С П худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ татан буугдсан эсэх нь үүрэг хүлээн авсан “С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв” ГҮТББ-ыг гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгэхээс татгалзах үндэслэл болохгүй. Гэрээний үгийн шууд утгыг анхаарна гэхдээ “хөдөлмөрийн гэрээтэй ажилтанууд" гэх үгийн шууд утгыг анхаарч 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн С П худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо" ГҮТББ-ын захирлын тушаалаар нэр бүхий 23 ажилтантай байгуулсан ажлаас чөлөөлсөн тушаалыг үйл баримт болгон үнэлж 2 ТББ-ын гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон тул 3.2-т хамаарахгүй гэх агуулгаар хэт өрөөсгөл дүгнэлт хийжээ. Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ байгуулах үед хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр байсан бөгөөд тус гэрээний 3.2-ын үйлчлэлд С.Н хамаарах болохыг дараах үйл баримтаас тодорхой харж болно. Үүнд: “С П худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ын захирлын ажлаас нэр бүхий 23 ажилтанг чөлөөлсөн тухай тушаалын үндэслэх хэсэгт “С П худалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ нь эрх, үүргээ “С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв” ГҮТББ-д шилжүүлсэн тул хэмээн дурдсан, Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний хасвралт 1-р баталсан “С ПҮТХЭХХ” ГҮТББ-аас “С П-дбизнес эрхлэгчид Цэлмэг төв” ГҮТББ-д шилжүүлэн өгсөн ажилчдын жагсаалтад С.Нгийн нэр 4 дугаарт байгаа, “С Пхудалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ын захирал З.М шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “С Пхудалдааны төвд худалдаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-ын захирлын ажлаас чөлөөлөх тушаал нь хоёр ТББ-ын хооронд байгуулсан ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээг хэрэгжүүлэх болон Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэстэй шимтгэл төлөгчийн харилцааг дуусгах зорилгоор тус хэлтсээс өгсөн зааварчилгааны дагуу дээрх гэрээ байгуулагдсанаас хойш даруй 7 хоногийн дараа тус тушаалыг гаргасан болохыг гэрчилсэн. Гэрээгээр хүлээсэн ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан үргэлжлүүлэн ажиллуулах үүргийг үүрэг хүлээгч биелүүлэх эсэх нь өмнөх ажил олгогчид хамааралгүй тул тус үүргийн гүйцэтгэлийг тус гэрээний аль ч тал шаардахгүй.

Иймд тус гэрээгээр “С П үйлчилгээний төвд бизнес эрхлэгч Цэлмэг төв” ГҮТББ-ын хүлээсэн өөрт ашигтай үүргийн гүйцэтгэлийг шаардах эрх С.Н-д байгаа болно. Тус үүргийг үүрэг гүйцэтгэгч хугацаанд нь зохих ёсоор шударгаар биелүүлээгүйн улмаас өөрт үүссэн хохирол буюу үүргээ гүйцэтгэсэн бол зайлшгүй орох ёстой байсан орлого болох цалин, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалын бичилт зэргийг мөн адил шаардах эрхтэй. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч С.Н нь С П-д бизнес эрхлэгчид Ц төв гишүүддээ үйлчилдэг” ТББ-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.2-д заасан үүргээ зөрчсөн болохыг тогтоолгох, гэрээгээр хүлээсэн үүрэг болох Ерөнхий инженер албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 7 592 842 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэргийн баримтаас үзвэл С П үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-тай 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх” нэртэй гэрээ байгуулж, тус байгууллагын эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгийг С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТТБ-д шилжүүлэн өгчээ. /хх60-61/

Түүнчлэн эрх шилжүүлэгч тал болох С П үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 01 дугаартай тушаал гарган, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр нэр бүхий 21 ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, улмаар ажилчдын нэрс, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн гэрээ зэргийг жагсаалтаар Цэлмэг төв ГҮТББ-д хүлээлгэн өгсөн болох нь хэргийн 62, 206-207 дахь талд авагдсан бичгийн баримтуудаар нотлогдож байна.

С.Н-н хувьд С П үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-д 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс хойш хөдөлмөрийн гэрээ байгуулан ашиглалтын инженерийн албан тушаалд ажилласан ба улмаар “Цэлмэг төв” ГҮТББ-аас ажилчидтай туршилтын 3 сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах санал тавьсныг С.Н эс зөвшөөрсний улмаас тэдгээрийн хооронд маргаан үүсч, шүүхэд хандсан байна. /хх18-21/

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг тодорхойлохдоо Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч мөн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсгийг буруу тайлбарласны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч С.Н нь “Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ”-ний 3.2 дахь заалтыг шаардах эрхийн үндэслэлээ болгосон. Гэрээний уг заалтаар хариуцагч тал “байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөөгүй учир эрхээ шилжүүлэн өгсөн байгууллагын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг” хүлээсэн байна. /хх-60/

Дээрх заалтыг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбарлавал хариуцагч нь С П үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-д ажиллаж байсан ажилчидтай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, өмнөх нөхцлөөр үргэлжлүүлэн ажиллуулах үүрэг хүлээсэн гэж үзнэ. Мөн тус гэрээ нь гуравдагч этгээдэд ашигтай гэрээ байх тул нэхэмжлэгч С.Н нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

“С П-д бизнес эрхлэгчид цэлмэг төл ГҮТББ-ын бүтцэд инженер техникийн албанд ерөнхий инженерийн 1 орон тоог баталсан /хх209/ ба уг албан тушаал нь нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаалаас өөр ажил үүрэг гүйцэтгэдэг талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

            Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч талд гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх буюу нэхэмжлэгч С.Нг өмнө эрхэлж байсан албан тушаалд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулахыг даалгах нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол буюу 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хугацаанд олох ёстой орлогод 6 362 792 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгахыг шаардаж буй нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцэж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2019/01853 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Н-тай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан ерөнхий инженерийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч С П-д бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д даалгаж, хариуцагчаас гэм хор учирсан хохиролд 6 362 792 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Н-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 1 230 050 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 116 754.67 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 206 640 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ИЧИНХОРЛОО

    ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                             М.НАРАНЦЭЦЭГ