Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2021/ДШМ/73

 

*******т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, Д.Буянжаргал, шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

              Прокурор                                      Ц.Цэен-Ойдов

              Яллагдагчийн өмгөөлөгч             П.Батжаргал

          Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дугаар шүүгчийн захирамжтай *******гийн *******т холбогдох, 2118000000264 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа бизнес эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5-р баг, 20/2-р байрны 38 тоотод оршин суудаг, урьд:

-2007 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.5.д зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнссэн,

-2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145-р зүйлийн 145.1.т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай ******* ургийн овгийн *******гийн *******. /******* регистрийн дугаартай/

Дархан-Уул аймгийн Прокуророос яллагдагч *******ыг 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар баг Октябрь 1-3 тоотод иргэн *******той маргалдаж зодож зүүн доод эрүү ясны сэртэнгийн хугарал, баруун зүүн бугалгад цус хуралт, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 674 дугаар шүүгчийн захирамжаар мөрдөгч шинжилгээ хийлгэх тогтоолдоо шинжилгээний объектыг дурдаагүй, шинжээч нь дүгнэлт гаргахдаа объектод заагдаагүй “зүүн доод эрүү ясны сэртэнгийн хугарал” гэсэн оноштой өвчтөний карт болон хохирогч *******ы биед үзлэг хийж дүгнэлт гаргасан нь буруу, өвчтөний түүх, рентген зураг, хэрэг учралын үед яаралтай түргэн тусламжийн хуудас, хохирлын баримт зэрэг нь хэрэгт авагдаагүй нь шинжээчийн дүгнэлтийг магадлах боломжгүй, дээрх гэмтэл учирсан нь эргэлзээтэй, мөн шинжээч томилсон тогтоолтой хохирогч *******ыг танилцуулаагүй нь түүний эрхийг зөрчсөн тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнээд Дархан-Уул аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2118000000264 дугаартай 1 хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийдвэрийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор бичсэн эсэргүүцэлдээ:

... Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5.д шинжилгээг тал бүрээс бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.8.д ...өөрийн биеэр ирж үзлэг хийнэ... гэж тус тус заасан байна. Хүний биед хийх шинжилгээг биеэр очиж үзүүлээгүй тохиолдолд холбогдох материалыг тогтоолын хамт шинжээч эмчид өгч дүгнэлтийг гаргуулдаг. Харин шинжлүүлэгч биеэрээ үзүүлсэн тохиолдолд дагалдах материалыг тогтоолд заавал дурдах шаардлага байхгүй. Өвчтөний карт дээр онош нь тодорхой бичигдсэн эрүү ясны хугаралтай, *******д байсан рентген зураг болон үйлчлүүлэгч өөрийн биеэр ирж үзүүлж дүгнэлтийг гаргасан байна.

Хүний биед /амьд хүн/ гэмтлийн зэрэг тогтоож байгаа тохиолдолд амьд хүн өөрөө шинжилгээний объект юм. Амьд хүнд гэмтэл тогтоолгох зорилгоор эмнэлгийн бичиг баримтыг нэмэлтээр дүгнэлтэд тусгаж өгдөг.

Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ төрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2.т зааснаар шүүх, прокурор дахин шинжилгээ хийлгэхээр даалгаж болно.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2.т заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

Хавтаст хэргийн 41 дүгээр талд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг хохирогч *******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа, ******* нараар гарын үсэг зуруулж танилцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх саналтай... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Цэен-Ойдов дүгнэлтдээ:

Хэргийг хянан шийдвэрлэх аль ч үед нотлох баримтыг шаардаж авах эрх нь бүрэн нээлттэй байгаа. Хэрэгт дахин нэмэлт мөрдөн байцаалт явуулах шаардлагагүй. Яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг тухай бүр шийдвэрлэж байсан. Иймд Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч П.Батжаргал тайлбартаа:

Цагаатгах болох яллах талын баримтыг эргэлзээгүй тогтоох ёстой. Тэрхүү боломжийг прокурор бүрэн хангалттай хийгээгүй. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, магадлалд дахин хийх шаардлагатай ажиллагаануудыг хийлгэхээр дурдаж тусгаж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хүлээн аваад шинжилгээ хийлгэх тогтоолд шинжилгээний объектыг заагаагүй, шинжээч дүгнэлт гаргахдаа объектод заагдаагүй “зүүн доод эрүү ясны сэртэнгийн хугарал” гэсэн оноштой өвчтөний карт болон хохирогч *******ы биед үзлэг хийж дүгнэлт гаргасан нь буруу, өвчтөний түүх, рентген зураг, хэрэг учралын үед яаралтай түргэн тусламжийн хуудас, хохирлын баримт зэрэг нь хэрэгт авагдаагүйгээс шинжээчийн дүгнэлтийг магадлах боломжгүй, хохирогчид дээрх гэмтэл учирсан нь эргэлзээтэй, шинжээч томилсон тогтоолыг хохирогч *******д танилцуулаагүй гэж хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр яллагдагч *******т холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хохирогч ******* нь *******т зодуулсны улмаас түүний биед зүүн доод эрүү ясны сэртэнгийн хугарал, баруун зүүн бугалгад цус хуралт, зүүн шуу, сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирч, мөрдөгчийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу шинжлүүлэгч ******* өөрийн биеэр өвчтөний карт дээр тодорхой бичигдсэн оноштой картаа авч очин шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчөөгүй, өвчтөн биеэрээ үзүүлсэн тохиолдолд заавал тогтоолд “өвчтөн өөрийн биеэр очих” гэж тусгах байсан гэсэн нь ач холбогдолгүй, харин ч шинжлүүлэгч нь өөрийн биеэр үзүүлсэн тохиолдолд дүгнэлт эргэлзээтэй биш, үндэслэлтэй гарах магадлалтай юм.

Шинжээч өвчтөн *******ы биед үзлэг хийж, өвчтөний картан дээр бичигдсэн онош зэргийг үндэслэн дүгнэлт гаргаснаа дүгнэлтдээ тодорхой бичсэн байна.

Хэрэв шүүх шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2.т зааснаар дахин шинжилгээ хийлгэхээр өөр шинжээчид даалгах эрхтэй., эсхүл дүгнэлт гаргасан шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжтой.

Мөн хэргийн 41 дүгээр талд 2021 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолыг *******, хохирогч *******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарт танилцуулж гарын үсэг зуруулсан нь нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйл 27.2 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхгүй.

Иймд хэргийг шийдвэрлэхэд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй, мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцүүлж явуулсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.т заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу *******т холбогдох хэргийг анхан шатны шүүх дахин хэлэлцэхдээ прокуророос хэргийг шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлтийн агуулгын хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэлээ. 

Прокурорын бичсэн эсэргүүцэл үндэслэлтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 674 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Б.МАНЛАЙБААТАР

                                                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 ШҮҮГЧ                         Ц.АМАРЖАРГАЛ